Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Батзаяаг суулцуулан, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Галшар сумын Соёлын төвд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-нийн Ад холбогдох эрүүгийн 201723010003 дугаартай хэргийг 2017 оны 03-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977-...-....-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....багт оршин суух хаягтай, одоо аймгийн төв ... тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .. хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД: ..., Б овогт Б-нийн А.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Шүүгдэгч Б.А нь  2016-11-25-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг “Хорголын бор” гэх газраас өөрийн эзэмшлийн “Чансаа” маркийн ......... ХЭЗ улсын дугаартай мотоциклийг ашиглан хохирогч Б.О-ын 2 тооны адууг хулгайлж 1.450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Агаас мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-11-25-ны өдөр Ж-ы гэрийн гаднаас өөрийн эзэмшлийн шар өнгийн “Чансаа” маркийн ......... ХЭЗ улсын дугаартай мотоцикльтой адуу татаж ирэхээр явсан. Тэр өдөр адуу татаж ирээд уналганы морь солих ёстой байсан. Адуунд явж байтал Галшар сумын 4-р багийн нутаг Хорголын бор гэх газарт Ц.Ж- ахын адууны хажууд манай нутгийн Б-ын хүрэн зээрд азаргатай адуу хамт байсан. Б-ын адууг хөөж Ц.Ж- ахын гэрийн гадаа тууж ирээд, хонины хашаанд хашиж байгаад зээрд зүсмийн хязаалан насны морь, буурал зүсмийн шүдлэн үрээг барьж авсан. Ц.Б-ын 7 тооны адууг нь хашаанаас гаргаад зүүн урагш нь хөөгөөд явуулчихсан. Ц.Ж- юун адуу юм бэ гэж асуухаар нь миний өөрийн адуу, би хүнээс авсан байсан юм. Харин олдохгүй байсан юм, тэгсэн айлын адуунд явж байна, алга болох гээд байгаа юм чинь хоёулаа идшиндээ идье гээд зээрд зүсмийн хязаалан насны морь, буурал зүсмийн шүдлэн үрээ хоёрыг Ж- ахын гэрийн гадаа боож алаад ажилласан. Бид хоёр адууны махаа нэг нэгэнгүй жижиглэж идшиндээ хэрэглэсэн. Адууны хоёр толгой, 8 шийрийг нь тэдний гэрээс зүүн урд зүгт хаясан. Би аймгийн төв рүү гэр рүүгээ явахдаа Галшар сумын харьяат С.Д-ийн машинд өөрийнхөө идшиндээ гэж авсан адууны махаа ачаад явсан. С.Д-ад махаа ачихдаа ах нь идэшний махаа аваад явж байна гэж хэлсэн. Хулгайн мах гэж хэлээгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв. 

    Хохирогч Б.О-аас мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би аймгийн төвд амьдардаг. Манай адуу Галшар сумын Баянбадрах багийн нутаг Хүсрэг гэх газар байдаг. 2016 оны 6-р сард миний хүрэн зээрд морь, буурал зүсмийн үрээ хоёр Галшар сумын харъяат Б- гэдэг залуугийн адуунд нийлсэн байсан. Тухайн үед захиад орхисон авах гэхээр манай хүүхдийн бие өвдөөд эмнэлгээр явсан байсан учраас авч чадаагүй байсан. 2016-12-22-ны өдөр авах гээд очсон чинь миний хоёр морь байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм гэжээ. /xx-20-22 тал/

    Гэрч Ц.Саас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би аймгийн төвд хоёр хүүхэдтэйгээ байдаг. Манай нөхөр Б.А хөдөө явж манай ээжийнд очиж мал хардаг. Манай ээжийнх .................. сүүж гэх газар байдаг. 2016-12-24-ний өдөр манай нөхөр Б.А хөдөөнөөс гэртээ идшээ идсэн гээд адууны махтай ирсэн. Манай нөхөр идэшний махаа 3 том тампуунд жижиглээд хийгээд ирсэн байсан гэжээ /хх-26 тал/

Гэрч С.Д-аас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-12-20-ны дотор аймгийн төв явах ажилтай байсан юм. Б.А ах аймгийн төв явмаар байна гэж хэлж байсан болохоор аймгийн төв явахдаа Б.А ахынд очиж аймгийн төв рүү авч явах юмыг нь ачсан. Миний машинд 4 тампуутай мах ачсан. Нэг тампуутай зүйл нь сүү байсан. Аймагт ирээд Хийдийн сууринд гэртээ буусан гэжээ /хх-27-28 тал/

Гэрч Ц.Ж-аас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Манай хүргэн Б.А 2016-10-20-ны үед манай ээжийн гэрт мал хариулахаар ирсэн. 2016-11-25-ны өдөр Б.А өөрийнхөө мотоцикльтой манай адууг хураагаад ирье гээд явсан. Манай адууг хурааж ирээд уналганы морь солино гэж ярьсан, адуу хурааж ирэхдээ Б-ын адууг хөөж ирээд манай хонины хашаанд хашиж байгаад, зээрд зүсмийн хязаалан насны морь, буурал зүсмийн шүдлэн үрээг барьж аваад,  үлдсэн 7 тооны адууг нь хашаанаас гаргаад зүүн урагш нь хөөгөөд явуулсан. Б.Агийн барьж авсан 2 адууг “юун адуу юм бэ, ямар учиртай юм бэ” гэсэн чинь “миний өөрийн адуу” би хүнээс авсан байсан. Олдохгүй байж байгаад сая оллоо, айлын адуунд явж байна гэсэн. Хоёулаа алдсанаас хэрэглэе гэж хэлсэн. Би Б.Агийн хүнээс авсан адуу юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Б.А бид хоёр барьж авсан зээрд зүсмийн хязаалан морь, буурал зүсмийн шүдлэн үрээ хоёрыг манай гэрийн гадаа амыг нь цоровдож байгаад боож алаад ажилласан. А бид хоёр ажилласан хоёр адууны махаа жижиглэж идшиндээ хэрэглэхээр болгосон гэжээ. /xx-31 тал/

Шүүгдэгч Б.А нь 2016-11-25-ны өдөр Хэнтий аймгийн............ багийн нутаг “Хорголын бор” гэх газраас өөрийн эзэмшлийн “Чансаа” маркийн ......... ХЭЗ улсын дугаартай мотоциклийг ашиглан хохирогч Б.О-ын 2 тооны адууг хулгайлж 1.450.000 төгрөгний хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.О-т хохирол төлбөрөө төлсөн болох нь хавтаст хэргийн “57,115 хуудсанд” авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А нь анх удщаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулах, гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан ......... ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгохоор тогтов.

Шүүгдэгч Б.Агийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 294-298 301 зүйлүүдийг

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-нийн Аг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б овогт Б-нийн Аг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар, арав хоног/-ийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “Чансаа” маркийн ......... ХЭЗ улсын дугаартай шар өнгийн мотоциклийг улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10 дахь хэсэгт зааснаар 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.           

           6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА