| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0004/Э |
| Дугаар | 941 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.|Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 941
2020 7 28 2020/ДШМ/941
Б.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Ц,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/638 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.От холбогдох эрүүгийн 2003002500159 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ямаатынхан овгийн Б.О, 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хилчин” хотхоны зүүн замд Ч.Тын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 43-05 УБН улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Згийн эрүүл мэндэд хүнд тус тус хохирол учруулж, М.Мгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ямаатынхан овогт Б.Оыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 1078191 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө-д 5.556.000 төгрөг, хохирогч Э.Зд 442.000 төгрөг, хохирогч Е.Жт 65.000 төгрөг, У.А-д 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн баруун түгээх төвд 798.120 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.О-д 531.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонтөгсөд 600.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 5.552.400 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Отгонтөгсөд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө, хохирогч Э.З, Е.Ж, У.А нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О нь цагдаагийн байгууллагад шалгагдах үеэсээ л өөрийн холбогдсон хэргийн хор уршгийг ухамсарлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй. Харин түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Тухайлбал, шүүхээс "хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн боловч шөнө оройн цагаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй буюу ямар хэмжээний хурдтай явснаа ч мэдэхээргүй хэмжээнд анхаарал болгоомжгүй байдлаар тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, улмаар тус тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигчдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирч, хүний амь нас хохирсон, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй байдал зэргийг харгалзсан хэмээн хүндрүүлэх шинжтэйгээр дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамрагдах ба мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэх боломжтой байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс харахад шүүгдэгч нь бусдад учруулсан бодит хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Хүний амь нас хохирсон хор уршгийг нөхөн төлөх боломжгүй хэдий ч уг нөхцөл байдлын улмаас улбаалан үүдэн гарах хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигт байдлыг дээд зэргээр ухамсарлан ойлгон гэмшиж байгаагийн илрэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, өөрийн бүхий л боломжоороо хохирол, хор уршгийг барагдуулж буй идэвхитэй үйлдлүүд, нөгөө талаас хохирогч нарын гомдол саналгүй байдал зэрэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дүгнэгдсэн ба дээрх нөхцөл байдлууд нь түүнд оногдуулсан ялыг тэнсэх боломжтой болохыг харуулж байна. Өмгөөлөгчийн хувьд тэнсэх гэдэг нь эрүүгийн ялын хэрэгжилтийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа бөгөөд Б.От оногдуулсан хорих ялыг тэнссэнээр түүнд ашигтай гэхээс гадна хохирогч нарт цаашид гарах хор уршгийг нөхөн төлөх бодит боломж бүрдэх ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.От оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчүүлэгч Б.О нь өөрийн холбогдсон хэргийг зүйлчилсэн зүйлчлэлтэй ял сонсгож, яллагдагчаар татсан үеэс ямар нэгэн байдлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нь хавтас хэрэгт авагдсан яллагдагчаар татсан тогтоол болон яллагдагчаар өмгөөлөгч байлцуулан өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Энэ байр суурь давж заалдах шатны шүүхийн шатанд ч хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлээрээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон байгууллага, иргэний эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугаа хэрэг бүртгэлтийн үеэс хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн байдлаар маргаж мэтгэлцээгүй болох нь гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Б.О гэр бүлийн гишүүдийн хамт ирж албан ёсоор уучлалт гуйсан, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжуудаар тогтоогдож байдаг. Хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа энэ байр суурь нь давж заалдах шатны шүүхийн шатанд ч хэвээр байгааг илэрхийлж байна. Шүүгдэгч Б.О нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өсөхжаргалд 5.556.000 төгрөгийг баримтын хүрээнд төлж барагдуулсан, хохирогч Э.Зд түүний нэхэмжилсэн 442.000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч Е.Жалгасаас нэхэмжилсэн 35000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч У.Алтантөгсөөс нэхэмжилсэн 264.860 төгрөгийг бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзулаас нэхэмжилсэн 798.120 төгрөгийг бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Очгэрэлээс нэхэмжилсэн 531.000 төгрөгийг бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Отгонтөгсөөс нэхэмжилсэн 6.152.400 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг барагдуулж, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.О нь 23 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд өмнө ял шийтгэл болон эрх зүйн бусад зөрчилд холбогдож байгаагүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж энэ байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан шууд зардлыг хохирогчид нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба түүний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг бодож ойлгосон. Миний ухаангүй үйлдлээс болж хүмүүс хохирсонд харамсаж байна. Би энэ талаар найз нөхдөдөө сануулж, эх орондоо хэрэгтэй хүн болж амьдармаар байна. Би залуу насандаа амьдралдаа хар толбо үлдээсэндээ харамсаж байна. Би илүү хичээж амьдармаар байна. Эх орон надаар дутаж, залуучуудаар дутаж байна. Би гарч өөрөө хөдөлмөрлөж, нийгэмдээ хэрэгтэй хүн болмоор байна. Иймд миний ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед прокуророос шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял, 4 жил 6 сарын хорих ялын санал гаргасан. Шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн. Гэвч энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, мөн үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хурдаа тохируулж яваагүй байдал зэрэг шалтгаалсан бөгөөд хор уршиг арилаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, хохирогч Е.Ж, Э.З, У.Алтантөгс нарт цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хилчин” хотхоны зүүн замд Ч.Тын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 43-05 УБН улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Згийн эрүүл мэндэд хүнд тус тус хохирол учруулж, М.Мгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө-ын “...2020 оны 3 дугаар сарын 16-ны орой миний охин Мөрөнтуяа нь гэртээ надтай хамт байж байхад найз Анужин нь гар утсаар нь дуудахад манай охин “ээжээ би гарчихаад ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Гэтэл оройны 21 цагийн орчим Гэмтлийн эмнэлгээс хамт явсан гэх нэг охин над руу яриад “таны охин Мөрөнтуяа осолд орсон, гэмтлийн эмнэлэг дээр муу байна, яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би шууд Гэмтлийн эмнэлэг дээр очиход миний охин Мөрөнтуяа нас барсан байсан. Бид нарын хувьд охиноо алдсандаа гомдолтой байна. Би буяны ажлын зардлын 5.455.630 төгрөгийн баримтыг өгсөн байгаа. Үүнийг жолооч Б.О төлсөн. Гэхдээ энэ хэргээс болж манай нөхөр сэтгэл санаа нь хямарч өвдсөн. Цаашид уг асуудалтайгаар холбоотой хохирол нэхэмжлэх шаардлагатай бол нэхэмжилнэ. ...” /1хх 28-29, 2хх 23-24/,
насанд хүрээгүй хохирогч Э.Згийн “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед намайг гэртээ байхад манай найз Б.О өөрийнхөө саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинтай талийгаач Мөрөнтуяа, Анужин нарын хамт ирсэн. Жалгаасыг авах үед Жалгаас нэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд Анужинг Ханын материалын тэнд гэрийнх нь гадаа буулгаад Жалгаасын найз эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэр хооронд Жалгаас бид 2 гар утсаараа тоглоод явж байсан. Нэг мэдэхэд сууж явсан машин осолдоод би манаралтын байдалтай болсон. Тухайн үед осолдсоны дараа миний хөл сандалд хавчуулагдсан онцгой байдлын хүмүүс ирж намайг гаргасан. Надаас өмнө Б.О, талийгаач Мөрөнтуяа, Жалгаас болон түүний найз эмэгтэй нарыг машинаас гаргасан байсан. Намайг хамгийн сүүлд машинаас гаргаад эмнэлэг рүү авч явсан. Талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр, Б.О машинаа бариад, би зүүн талын хойд суудал дээр, Жалгаас хойд талын дунд суудал дээр, баруун хойд талын суудал дээр Жалгаасын найз эмэгтэй сууж явцгаасан. Хагалгаанд орсон зардал болох 360.000 төгрөгийг Б.О төлсөн байгаа. Би өөрөөсөө 300 орчим мянган төгрөгийн зардлыг гаргасан байгаа. ...Би өнөөдөр 18 насанд хүрч байгаа. ...Надад гомдол санал байхгүй. Би баримтаар 81.450 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 69-70, 2хх 25-26/,
хохирогч Е.Жын “...Б.О Анужин, талийгаач Мөрөнтуяа, Золбоо нарын хамт манайд ирсэн. Тэгээд Алтантөгс бид хоёрыг суулгаад хөдөлсөн. Хилчин хотхоны урд Анужинг гэрийнх нь гадаа, хилчин хотхоны ойролцоо нэг гудамжинд буулгаад, Алтантөгсийг Баянхошууны тойрог дээр буулгах гээд хөдөлсөн. Тухайн үед Б.О жолоогоо бариад талийгаач Мөрөнтуяа урд, би хойд талын голын суудал дээр, миний баруун талд Алтантөгс, миний зүүн талд Золбоо нар суусан байсан. Тэгээд Золбоо бид хоёр гар утсаараа тоглоод явж байсан. Гэтэл гэнэт машин юм мөргөөд осол гарсан. Тэгээд би машин дотор байж байтал Алтантөгс намайг машинаас гаргатал замын хажуугийн гэрлийн шон, айлын блокон хашааг мөргөсөн байсан. Золбоо хойд суудал дээрээ хөл нь хавчуулагдсан гарч чадахгүй байсан. Урд жолоочийн суудал дээр байсан Б.Оыг Алтантөгс бид 2 татаж гаргасан. Харин хажууд нь байсан талийгаач Мөрөнтуяа ухаан алдсан, гэхдээ амьсгалсан байдалтай сонин дуугараад байсан. Баримтаар 35000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 74-75, 2хх 27-28/,
хохирогч У.А-йн “... Б.О өөрийнхөө машиныг бариад хажууд нь талийгаач эмэгтэй суугаад буцаад Жалгаас бид хоёрыг хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгээд замдаа буюу Хилчин хотхон өнгөрөөд явж байгаад гэнэт шон мөргөсөн. Осол гарсны дараа би өөрөө машинаас буугаад найз Жалгаасыг татаад машинаас гаргасан. Дараа нь Жалгаас бид хоёр жолооч залууг машинаас татаж гаргасан. Тэр үед урд айлын хүн гарч ирээд түргэн болон цагдаад дуудлага өгөөд байсан. Хилчин хотхон өнгөрөөд явж байгаад л гэнэт машин дайвалзаад л шууд шон мөргөсөн. Нүдний хавдар буугаагүй байгаа, хавдар нь буухаар тархиа бариулна. Надад санал гомдол байхгүй, гэхдээ өөрөөсөө гаргасан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” /1хх 80-81/,
гэрч Д.Ө /1хх 122/, иргэний нэхэмжлэгч М. 1хх 88-89, 2хх 31-32/, иргэний нэхэмжлэгч Г.О /1хх 98-99, 2хх 29-30/, иргэний нэхэмжлэгч Б.О /2хх 20-21/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 713 дугаартай /1хх 129-141/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3722 дугаартай /1хх 145-146/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3730 дугаартай /1хх 150-151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3732 дугаартай /1хх 156-157/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээчийн 214 дугаартай /1хх 193-194/ дүгнэлтүүд,
2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-5, 7-8, 9-14/, Цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтлийн 006/20 дугаартай акт, гэмтэлд нөхөн төлбөр тооцсон 06 дугаартай акт /1хх 92-93/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 103-110/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 208-209/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Оын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Б, Б.Ц нарын гаргасан “...Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан шууд зардлыг хохирогч нарт нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба түүний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Алтантөгсийн эрүүл мэндэд хөнгөн, Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Згийн эрүүл мэндэд хүнд тус тус хохирол учруулсан, М.Мгийн амь нас хохирсон байх тул түүнд оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ