Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0066

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хишигбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэрээр: ”Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.2.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 11 дүгээр зүйлийн 11.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхтүвшингийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо: ““Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” НҮТББ нь анх шүүхэд гаргасан “...хепатитын вирусыг эмчлэх удирдамжид орсон эмийг эмийн жагсаалтад хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн 80-аас багагүй хувийг хариуцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “... эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг даалгах” нэхэмжлэл болгосон.

Хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд “элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн Даатгалын сангаас олгохгүй гэж маргаагүй бөгөөд харин эмийн үнийн хөнгөлөлтийг хэмжээг тогтоох нь Нийгмийн”даатгалын үндэсний зөвлөл буюу захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал тул хувь хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шууд 40 хувиас багагүй байхаар тогтоох боломжгүй гэж маргасан. Энэ нь дараах хууль зүйн үндэслэлтэй болно

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас ... төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв; байгууЛлагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан. Энэ заалтаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд жагсаасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд, эрүүл мэндийн даатгалын сангаас хэр хэмжээний төлбөрийг хэдэн хувиар тогтоох эрхийг олгосон.

Ингэж төлбөрийн хэмжээг тогтоохдоо нийгмийн даатгал, санхүү, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тооцоо, судалгаанд үндэслэсэн саналын дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тогтоодог;

Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг хариуцуулах” гэж ерөнхий байдлаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл эмийн үнийн хөнгөлөлтийг 40 хувиас багагүй байхаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд санал оруулахыг даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн даатгал, санхүү, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус даалгах нэхэмжлэл гаргаагүй.

Гэтэл шүүхээс эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгасан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь шүүхийн шийдвэрт дурдагдсан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн даатгал, санхүү, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зөвхөн саналаа л Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд оруулах эрхтэй. Харин эмийн үнийн хөнгөлөлтийг тогтоох шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл л гаргах хуулийн зохицуулалттай байна

Нэгэнт эмийн үнийн: хөнгөлөлтийг тогтоох шийдвэрийг гаргах үүрэг хуулиар хүлээгээгүй Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

2. Шүүхээс “эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт тогтоохыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгасан” нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан, хууль зүйн үндэслэлгүй, тооцоо судалгаанд тулгуурлаагүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамаарах 11 төрлийн тусламж, үйлчилгээ”-г хуульчилсан. Эдгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийг тогтоохдоо эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмж, хэрэгцээ шаардлага зэрэг олон хүчин зүйлсийг үндэслэн шийдвэрлэдэг.

Эмийн үнийн хөнгөлөлт тогтоох асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд ажлын хэсгийн саналаар элэгний хепатит вирусын зарим үнэтэй эмийн хувьд эмийн үнийн 40 хувиас багагүй байхаар тогтоох боломжгүй, эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа даахгүй болохоор байна. Мөн эмийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг эмийн үнийн тодорхой хувиар тогтоох нь хөнгөлөлтийг хэрэгжүүлэх нөөц бололцоо, чадавх бүрдээгүй зэргээс шалтгаалж, хөнгөлөлтийг тодорхой.мөнгөн дүнгээр тогтоодог.

3. Иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг хувь хэмжээг тооцоо, судалгаагүйгээр тогтоох буруу жишгийг тогтоож, эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах эрсдэлийг үүсгэж, биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэрийг бүхэлд.нь хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас анх нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Нийгмийн даатгалын үндэслэлд зөвлөлд холбогдуулан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хепатит вирусыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, удирдамж зөвлөмжийг удиртгал болгон Эрүүл мэндийн сайдын тушаалаар хепатит вирусын эмчилгээний удирдамжид орж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бүх эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 80 хувиас багагүй хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх, бүх шатлалын эмнэлгийн анхан шатны үзлэгт өндөгний цусаар түргэн тест ашиглан хепатитын вирусыг илрүүлэх оношлогоог хийж хэвшүүлэх арга хэмжээг авч, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх” хепатит В вирусын вакциныг 15 жилийн давтамжтайгаар бүрэн тунгаар хийх, тус вирусын дархлаатай эсэхийг тодорхойлох шинжилгээг лаборатори бүр цусны шинжилгээ бүртээ заавал хийдэг үзүүлэлт болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн, улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх”[1] гэж тодорхойлж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мэргэжлийн холбоод болон зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэрийн хүрээнд зохицуулагдах ажлууд орсон тул хөндлөнгөөс шүүх захирамж, шийдвэр захиргааны акт гаргаж тус асуудлыг албадан гүйцэтгүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар

1. Бүх шатны эмнэлгийн анхан шатны үзлэгт өндөгний цусаар түргэн тест ашиглан хепатитын вирусын халдварыг илрүүлэх оношлогоог хийж хэвшүүлж, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг даалгах,

2. Хепатитын В вирусын вакциныг 15 жилийн давтамжтайгаар бүрэн тунгаар нь хийх, тус вирусийн дархлаатай эсэхийг тодорхойлох шинжилгээг лаборатори бүр цусны шинжилгээ бүртээ заавал хийдэг үзүүлэлт болгон хэвшүүлж, зардлыг холбогдох хуулиудад нийцүүлэн улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг даалгах,

3. Хепатитын вирусын үзлэг, оношилгоо, эмчилгээг хийх тусгай зөвшөөрөлтэй эмч нарт эрүүл мэндийн даатгалын сангийн эмийн үнийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангаас эм авах жор бичих зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[2],

мөн Монгол Улсын төсвийн тодотголоор Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулж нэхэмжлэлийн эхний шаардлага буюу “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон хепатитын вирусыг эмчлэх удирдамжид орсон бүх эмийг Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн 80-аас багагүй хувийг нь хариуцах” гэсэн эхний шаардлагыг бусад шаардлагуудаас нь тусгаарлах хүсэлт гаргасан[3],

 мөн шаардлагаа “1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон хепатитын вирусыг эмчлэх удирдамжид орсон бүх эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн 80-аас багагүй хувийг нь хариуцах,

2. Хепатитын вирусыг оношлох, эмчлэх үед хийгддэг тус вирусын ачааллыг тоолох тоон шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах,

3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг Эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр бүлэг, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад нийцүүлэх,

4. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын 8.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх” гэж өөрчилсөн[4]

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж,

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад нийцүүлэх, Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын 8.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх” шаардлагуудаас татгалзсан[5],

улмаар нэхэмжлэлийн шаардлагаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусыг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тус тус даалгах” гэж тодруулсан[6] бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаар Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг оролцуулж тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хепатит вирусын халдвар авч, элэгний хавдар, хатуурал зэрэг элэгний хүнд өвчтэй болсон олон даатгуулагч, иргэдийн хепатит вирусын эмчилгээний нэр бүхий эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох эмийн жагсаалтад оруулж, элэгний хүнд өвчний улмаас нас барагсдын тоог 90 хувиас дээш хэмжээгээр бууруулах” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдуулж юуны түрүүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан асуудлыг тодруулах шаардлагатай байжээ.

Юуны түрүүнд нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгуулах, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, акт гаргахыг даалгахын аль нь болохыг тогтоож, түүнтэйгээ холбогдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тэрхүү зөрчигдсөн эрхээ шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, хэрхэн сэргээлгэх гэж байгааг тодруулах байжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А85 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтад нэмэлтээр орох эмийн жагсаалтын 6.6.3 Вирусын эсрэг бусад бэлдмэл хэсгийн 10-д Ледипасвир 90 гр+Софосбувир 400 гр буюу Харвони эмийг оруулсан боловч “зарим шаардлагатай эмийг оруулаагүй”, түүнчлэн захиргааны байгууллагын гаргасан тухайн шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар дурдсан зэрэг нь нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын гаргасан шийдвэр буюу захиргааны актыг зөвшөөрөхгүй байгаа агуулгатай /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/ байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа эс үйлдэхүйтэй холбоотой буюу даалгах /мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/ агуулгаар гаргасан нь ойлгомжгүй байна.

Энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын шийдвэр гарсан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан буюу эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулж болох эсэхэд дүгнэлт өгөх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хүрээнд тодруулахаар байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчээс элэгний хүнд өвчний улмаас нас барагсдын тоог 90 хувиас дээш хэмжээгээр бууруулахаар нийтийн эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргасан гэж байгаатай холбогдуулан шүүх нэхэмжлэл гаргах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан, нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах боломж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэлснээр нээгдсэн боловч тодорхой шаардлага хангасан төрийн бус байгууллага энэ төрлийн нэхэмжлэл гаргаж болохоор заасныг анхаарах шаардлагатай байжээ.

Үүнтэй холбогдуулж шүүх тухайн маргаан бүхий асуудал нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд тухайн нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дүрэм, холбогдох бичиг баримтыг нотлох баримтаар гаргуулах байжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны дараа шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлага тус бүр аль байгууллагад ямар байдлаар хамаарах эсэхийг тодорхой болгож, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, даалгах шаардлага нь үүнтэй хэрхэн холбогдож байгааг зайлшгүй тогтоож, хариуцагчийг зөв татан оролцуулах ёстой.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай /2015 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 /Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно/-т эмийн үнийн хөнгөлөлтийг тогтоох шийдвэрийг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоохоор заасан зэрэгтэй холбогдуулж нэхэмжлэгчээс аль шаардлагыг хэрхэн гаргасныг тодруулах байжээ.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх эдгээр ажиллагааг хийгээгүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                   ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал

[2] 1 дэх хавтаст  хэргийн 130 дахь тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 143 дахь тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал

[5] 2 дахь хавтаст хэргийн 217 дахь тал

[6] 2 дахь хавтаст хэргийн 256 дахь тал