Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0452/З/ |
Дугаар | 424 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 424
“МT” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бо, Д.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0668 дугаар магадлалтай, “МT” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6, 46.1.7-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “МT” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцын 760.546.700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “Гэрээ байгуулах тухай” албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газар “А” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21, 22” гэрээ зэрэг захиргааны актуудын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0668 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн зарласан “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760.456.700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “МT” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 дугаар албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон “А” ХХК-тай байгуулсан “эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-21” гэрээ зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдал анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдохгүй байна...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч “МT” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 онд зарласан эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцож “хамгийн сайн” гэж үнэлэгдэн багц-21 буюу “давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн”-ийг нийлүүлэх эрхтэй болж Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай” 1 жилийн хугацаатай гэрээг байгуулсан боловч Нийслэлийн эрүүл мэндийн газар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж “МT” ХХК-ийн нийлүүлж буй багц-21 буюу “давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн”-ийг худалдан авах тухай тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг дахин давхардуулан зарлах захиалгыг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлснээр “МT” ХХК нь өөрийн нийлүүлж буй “давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн”-ээ гэрээний хугацаандаа нийлүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд ноцтой зөрчиж байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүх тендер сонгон шалгаруулалтаар НХААГ-2017/0003-21 дугаартай 760.456.700 төгрөгийн үнэ бүхий “давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн” гэх нэр бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 21 дүгээр багцад “А” ХХК “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас түүнтэй 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч “МT” ХХК-ийн 2016 оны тендер сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх, боломжгүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан Наркологийн эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 27, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/250, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 53, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаар албан бичгүүдэд “МT” ХХК-ийн нийлүүлж буй шингэн учир дутагдалтай, цаашид анхаарах шаардлагатай” гэж дурдсан байдал...”, “...нөгөөтэйгүүр хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...МТ” ХХК-ийн нийлүүлж буй шингэн доголдолтой байсан учраас гэрээг цуцалж, 2017 онд нийлүүлэх этгээдийн сонгон шалгаруулах захиалгыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн...” гэж дурдсанаас үзвэл 2016 оны тендер шалгаруулалтын дагуу байгуулсан гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, гэрээг зохих журмын дагуу цуцалсан эсэх талаар маргаантай байна. Үүнээс дүгнэвэл “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 онд нийлүүлэх этгээдийг тендер сонгон шалгаруулсан шийдвэрүүдийн улмаас зөрчигдөөгүй...” хэмээн тус тус дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “МT” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь давж заалдах шатны шүүх “МT” ХХК нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай байгуулсан “эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай” гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, нийлүүлсэн бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаж байгаа талаар дүгнэлт гаргах эрхтэй байгууллага биш атал “МT” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Нийслэлийн эрүүл мэндийн газраас дахин тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах саналыг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн нь зөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч “МТ” ХХК-тай байгуулсан “эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай” гэрээгээ өнөөдрийг хүртэл цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0668 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд үнэлэгдсэн нотлох баримтуудыг маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж үнэлээгүй, хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “МT” ХХК нь Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зарласан НХААГ-17/0003 дугаар тендерийн “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн”-ий 21 дүгээр багцын сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа: 1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийн жагсаалтын 19 дэх буюу багц 21-ийн “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ий нийлүүлэгч “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон “А” компанийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийн НХААГ-17/003-20, 21, 22 дугаар гэрээний багц 21-ийн 679 973 502 төгрөгт холбогдох хэсэг”-ийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулж /тодорхой болгосон/ бичгээр илэрхийлсэн, анхан шатны шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжсэн болох нь тус хуралдааны тэмдэглэлээр нотлогджээ.
Нэхэмжлэгчийн гаргасан “маргаан бүхий багц 21-д холбогдох тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд шүүх захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчийн тайлбарыг авч, холбогдох нотлох баримтыг цуцлуулснаар тухайн тендер шалгаруулалтад “А” ХХК шалгарч, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмж гарсан, гэрээ байгуулсан зэрэг баримтууд илэрхий болсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхой болгож нэхэмжилсэн байхад үүнийг давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байна” гэж өөр агуулгаар буруу дүгнэсэн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан” уг нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байхад тогтоогдохгүй байна гэж зөрүүтэй дүгнэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага”-д “гэрээ байгуулах зөвлөмж”, “байгуулагдсан гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлага багтсан гэж үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “...“тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”ойлгохоор тодорхойлсонд нийцүүлж, зөв тайлбарласан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “МT” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зарласан НХААГ-16/0141/-21 дугаартай “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерийн Багц-21-ийн “Давс, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн” нийлүүлэх тендер шалгаруулалтад шалгарч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд нийт 607 883 100 төгрөгийн үнэ бүхий “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын гаргасан хуваарийн дагуу эмнэлгүүдийн захиалгын дагуу нийлүүлэх гэрээг Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр байгаа үйл баримт тогтоогджээ.
Гэтэл дээрх гэрээ хэрэгжиж байх хугацаанд хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгчийн нийлүүлж буй “шингэн”-тэй нэг төрлийн болох “шингэн”-ийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар худалдан авах захиалгыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлснээр уг тендер зарлагдаж, тендер шалгаруулалт явагдсан ба шалгарсан оролцогч “А” ХХК-тай гэрээ байгуулснаар тус компани нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн 22 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд 679 973 502 төгрөгийн үнэ бүхий “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн”-ийг нийлүүлэхээр болсон нь 2016 онд явагдсан ижил нөхцөл, шаардлага бүхий адил төрлийн “шингэн” /бараа/-ий тендер шалгаруулалтын ажиллагааг үгүйсгэсэн, улмаар уг тендерт ялагчаар шалгарч, “нийлүүлэлт”-ийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн хувьд гэрээнийх нь хэрэгжилт хангагдахгүйд хүрэх сөрөг үр дагавар үүсгэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн” нийлүүлэгч сонгох тендер шалгаруулалт явуулах шийдвэр, тендер шалгаруулалтын үр дүнд нэг төрлийн “бараа”-г өөр этгээдэд зэрэгцүүлэн нийлүүлэх эрх олгосон нь нэхэмжлэгч “МT” ХХК-ийн гэрээний дагуух “нийлүүлэлт” зогсох байдалд хүргэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, 2016 оны тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд тухайн “бараа”-ны нийлүүлэлт явагдаж, эмнэлгүүд хангагдаж байхад ижил нэр төрлийн “бараа”-г төсвийн хөрөнгөөр худалдаж авахаар тендер шалгаруулалтыг дахин зарлаж явуулсан нь худалдан авах ажиллагаанд баримтлах үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй, өмнөх тендерийн гүйцэтгэлд хяналт тавих, худалдан авах барааг үр ашигтай төлөвлөх, гэрээний хэрэгжилтийг хангах талаарх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн эрх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсны зэрэгцээ хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын хооронд байгуулагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-16/0141-21” гэрээ цуцлагдаагүй байхад уг баримтыг үнэлээгүй, “...гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, гэрээг зохих журмын дагуу цуцалсан эсэх талаар маргаантай, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэх зэрэг маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар буруу дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх гаргасан шийдвэрийнхээ удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт тусгаагүй атлаа “Тогтоох” хэсэгт “Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “гэрээ байгуулах тухай” албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.
Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0668 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0621 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтаас “Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “гэрээ байгуулах тухай” албан бичиг” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ