Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 78

 

Ц.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 758 дугаар магадлалтай, 201701000061 дүгээр эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.М-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгт байхдаа 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 758 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.М гаргасан гомдолдоо: Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Миний бие ам бүл 4, өндөр настай эх, хөхүүл, нярай 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү нярай 10 сартай бөгөөд бөөрний архаг дутагдалтай учраас 11 сард эмчилгээнд явах ёстой байсан боловч хэргийн асуудал бүрэн шийдэгдээгүйн улмаас эмчилгээ нь хойшлогдсон. Би хэрэгт холбогдохын өмнө хүүхдээ төрүүлж Монгол руу буцахаар болж, өөрийн сониуч зангаасаа болж хар тамхи гэх зүйлийг нэг удаа хэрэглэж үзсэн. Өөрийн санамсар болгоомжгүй, хайнга байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Надад хар тамхийг зарах, борлуулах зорилго огт байгаагүй. Хар тамхины талаар хуулийн мэдлэг муутайгаасаа болж хэрэгт холбогдсон. Би хоригдож байх хугацаандаа хар тамхины хор хөнөөл нь нийгэмд ямар муу уршигтайг маш сайн ойлгож ухаарсан. Миний бие хэргийг шалгаж байх явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Өөрийн гэм буруутай байдлаа маш сайн ухамсарлаж ойлгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр прокурорын өгсөн ялыг хүлээн зөвшөөрч шүүх хурлыг хийлгэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Миний ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хамруулж, хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ц.М-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгт байхдаа НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аяллын онгоцоор Улаанбаатар хотод ирэхдээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь Хилийн шалгах нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн авч явсан хүүхдийн тэрэгний суудал завсар нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай” гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг дараах үндэслэлээр буруу гэж үзэв. 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэргийн талаар шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтын талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсан байна.

Шүүгдэгч Ц.М нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-55/ прокурорт гаргасны дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот тогтоол /хх-57/ гаргаж, түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял шийтгэх дүгнэлтийг шүүхэд гаргах тухайгаа танилцуулж, шүүгдэгч Ц.М нь уг ялыг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан баримт /хх-65/ хавтаст хэрэгт авагджээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж дүгнэн шүүгдэгч Ц.М-д прокурорын санал болгосон ялыг оногдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хийсэн “Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлүүд хангагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол хуульд нийцээгүй” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.М-д холбогдох хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 544 дугаартай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцжээ.        

Шүүгдэгч Ц.М нь гэм буруугийн талаар маргаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулах хуралдааныг тусад нь зарлан хуралдуулах шаардлагагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах асуудлыг шүүх бүрэлдэхүүн хамтатган нэг удаагийн хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс “Шүүгдэгчийн гэм буруу, ял оногдуулах асуудлыг нэг удаа зөвлөлдөн шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.

-Мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд шүүгдэгч Ц.М-ын бага насны хүүхдэд асран хамгаалагч томилуулах талаар сонирхогч этгээдээс хүсэлт, гомдол гараагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “…хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй… хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.”, мөн хуулийн 25.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 25.9 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.”, мөн хуулийн 25.10 дахь хэсэг “Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэв.

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг устгах, эсхүл зохих байгууллагад шилжүүлэх асуудлыг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 758 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 758 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.М-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.       

 

                                                   ДАРГАЛАГЧ,                                               Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН