| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0380/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/807 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/807
2024 07 04 2024/ШЦТ/807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
улсын өмгөөлөгч: Г.Э
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.03.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, ах, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00-р баг 0 гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 00 дугаар хороо Гэмтлийн эмнэлэгийн хойд талд байрлах хавчиг гудамжинд 2 давхар шар өнгийн нийтийн байрны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Тогоруутан овогт Бийн Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн караокегоор үйлчлүүлж байсан иргэн Э.Сын гар утас, авто машины түлхүүрийг авч Э.Сын жолоодож яваад тавьсан М.Гын өмчлөлийн 35-73 УНЧ улсын дугаартай автомашиныг нууцаар авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/
- Хохирогч М.Гын: "Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барилгын туслах ажилтан болох Сод ажлын журмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажилладаг ажилчдыг ажилд нь авчрах зорилгоор Сод унуулдаг юмаа. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгын туслах ажилтан С нь ажлын бус цагаар караоке орж үл таних хүнтэй танилцаж. нөгөө үл таних эмэгтэй нь зөвшөөрөлгүй машин унаж явсан байсан. 3-4 жил тус автомашиныг барьж байгаа юмаа. Би ажилчдаа зөөлгөхийн тулд унаж хэрэглүүлдэг юм" гэх мэдүүлэг /хх-17/,
- Хохирогч Р.Сын: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн караокены урд 0000-УНЧ улсын дугаартай улаан өнгийн ажлын машинтайгаа 19-20 цагийн орчимд очиж зогсоолд зам дээр машинаа цоожлон үлдээгээд Хэрлэн караокед орж дуулж пиво ууж сууж байсан юм. Тэгээд тухайн нийтийн караокед үл таних хар ноосон малгайтай, цэнхэр шар канттай цамцтай, цагаан өмдтэй, хар гуталтай эмэгтэйтэй танилцаж хамт явж байсан хэдэн хүнтэй цугтаа нэг ширээнд суусан юм. Тэгээд би тухайн хүмүүстэй ууж байгаад үл таних хар ноосон малгайтай цэнхэр шар канттай цамцтай, цагаан өмдтэй, хар гуталтай эмэгтэйтэй юм ярьж байгаад би ширээн дээр автомашиныхаа түлхүүр, гар утсыг тавьсан байсан. Тэр үед тэр эмэгтэй “тамхи татчихаад ирье” гэж хэлээд шууд гараад явсан.Тэгээд би нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир их согтсон байсан. Ингээд би нэг сэрээд хартал тэр эмэгтэй байхгүй, ширээн дээр байсан гар утас, болон машины түлхүүр байхгүй байхаар нь пабаас гарч харахад зогсоол дээрээс машин маань алга болсон байсан. Миний гар утас болон Г ахын машины түлхүүрийг би ширээн дээр тавьчихсан байсан бөгөөд энэ үед тэр эмэгтэй авсан байсан. Би тэр эмэгтэйд гар утас болон түлхүүрээ хадгалуулахаар өгсөн асуудал огт байхгүй ” гэх мэдүүлэг /хх-72-75/,
- Гэрч Х.А “Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр 1-р хорооллын арын замаар алхаж явж байхад нэг эмэгтэй намайг дуудсан. Тэр эмэгтэй .завтай бол миний машиныг бариад өгөөч. гээд бид хоёр танилцсан. Би улаан өнгийн жижиг суудлын автомашиныг унаад .хаашаа явах юм бэ” гэж асуухад “100 айл” гэж хэлээд хөдлөөд Баянбүрдийн тойрог уруудах замд гар өргөсөн 2 хүн байсан ба Б “аваад хүргээд өгчих” гэж хэлээд авч явсан ба тухайн 2 хүн Сансарын eмарт орно гээд явсан. Тэгээд явж байсан чинь Сансарын колонкын эргэлтэн дээр замын цагдаа зогсоогоод “хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байна” гэж автомашиныг ачуулаад явч явсан. Тэгээд тухайн цагдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаатай утсаар ярьж хулгайн тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл авсан ба надад машинаа унуулсан Б гэх эмэгтэй нь тухайн улаан өнгийн автомашиныг хүнээс зөвшөөрөлгүй авч явсан талаар цагдаад үнэнээ хэлсэн юм. Тухайн улаан өнгийн автомашины түлхүүр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нь Бд байсан болохоор би өөрийнх нь машин гэж бодож унаж зорчсон юм” гэх мэдүүлэг /хх-24-25/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1049 дугаартай “Daihatsu Boon luminas /2009 онд үйлдвэрлэсэн 2018.12.18-ны өдөр Монголд орж ирсэн улаан өнгөтэй эвдрэл гэмтэл байхгүй/ 1 ширхэг нийт хохирлын дүн 8 сая төгрөг” гэх дүгнэлт /хх-28-29/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц88 дугаартай ” хар өнгийн нугастай /Хятад улсад үйлдвэрлэгдсэн марк, загвар тодорхойгүй/ гар утас 1 ширхэг 85000 төгрөг” гэх дүгнэлт /хх-77-79/,
- Дайхацу Бүүн Люминас маркийн 35-73 УНЧ улсын дугаартай автомашинд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийж, эзэмшигч М.Гд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хар арьсан гэртэй автомашины түлхүүр, хар өнгийн гар утас зэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Бгаас хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хар арьсан гэртэй автомашины түлхүүр, хар өнгийн гар утас зэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр М.Гд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36/,
- Шүүгдэгч *******гийн сэжигтнээр өгсөн: “2023 оны 11 дүгээр 30-ны өдөр гэртээ уйдаад байхаар нь Хархорин захын хойд талын Хэрлэн нийтийн караокед очиж үйлчлүүлсэн юм. Тухайн караокед үл таних хөгшин ах “ганцаараа явж байна” гээд бид 2 танилцаж, хамт ууж суусан ба жижиг, ширээ багатай, нийтийн караоке учир нэг ширээнд олон танихгүй эмэгтэйчүүдтэй хамт сууцгаасан юм. Тэгээд тухайн үл таних ах бид хоёр 0.75 литрийн архи авч уугаад нилээн муудсан юм. Тухайн ах гар утсаа гаргаж ирж ярьж байгаад гар утас болон автомашины түлхүүрийг ширээн дээр тавихад би аваад өмднийхөө карманд хийсэн юм. Тэгээд удалгүй “тамхи татчихаад ирье” гэж хэлээд гарч найз болох Энхболдыг 86...... дугаарын этсээр залгаж дуудсан юм. Тэгээд найз маань хүрээд ирэхээр би тухайн үл таних ахын машин дээр Энхболдыг аваачиж “Манай ахын машин байгаа юм. Би архи уусан учир машин барьж чадахгүй. Чи бариад явчих” гэж хэлээд бид хоёр Саппорогийн урд байрлах дэн буудалд орж хоносон юм. Маргааш өглөө нь 11 цагийн үед гараад найз Энхболд маань “ажилтай” гээд автомашиныг маань унаад Хархорингийн хойт талын том зогсоол дээр хүргэж ирээд яваад өгсөн ба би машинд ганцаараа сууж үлдсэн юм. Тэгээд байж байтал найз болох Анх-Эрдэнэ таарсан ба би автомашинд суулгаад “манай ахын машин би барьж чадахгүй байна” гэж хэлээд 3, 4 дүгээр хороолол, цаашаа Бөмбөгөр орчихоод Сансарын тойрог дээр очоод цагдаа зогсоосон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн караокегоор үйлчлүүлж байсан иргэн Э.Сын гар утас, авто машины түлхүүрийг авч Э.Сын жолоодож яваад тавьсан М.Гын өмчлөлийн 35-73 УНЧ улсын дугаартай автомашиныг нууцаар авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хохирогч, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, өөрийнх нь хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар эзэмшигч Э.Сыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байгааг далимдуулан гар утас, автомашины түлхүүрийг нууцаар авч гаран улмаар 00-00 УНЧ улсын дугаартай автомашиныг баарны гадна зогсоолоос бусдаар жолоодуулан авч явсан үйлдэл нь түүнд ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явснаар төгссөнд тооцох тул автомашин болон гар утсыг бүрэн бүтэн эгүүлэн өгсөн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Р.Сод мөнгөн дүнгээр 85000 төгрөгийн хохирол, М.Гд 8 сая төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Ц-1049 дугаартай, Ц-88 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд болох ******* нь хуульд заасан арга, журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Р.С, М.Г нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөхийг *******гаас шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна маш их гэмшиж байна. машины түлхүүрийг болон гар утсыг байцаагчид өгсөн байгаа” гэж /хх-57/, хохирогч Р.Сын “надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Машин олдсоны маргааш нь миний гар утсыг надад бүтэн хүлээлгэж өгсөн” гэж /хх-73/, хохирогч М.Гын “би тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /хх-65/ тус тус мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол тухайн эд хөрөнгийг биетээр нь хүлээлгэж өгснөөр арилсан, ******* нь бусдад төлбөргүй байна.
3/ Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-48/
Шүүгдэгч ******* нь хохирогч нарын эд зүйлийг биет байдлаар буцаан өгч хохирогч нарыг гомдолгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “Нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон *******гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэж, түүний цагдан хоригдсон 29 хоногийг түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож хасч, биечлэн 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тогоруутан овогт Бийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 29 /хорин есөн/ хоногийг түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож хасч, биечлэн 488 /дөрвөн зуун наян найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *******д оногдуулсан 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч *******гаас хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч М.Г нь Дайхацу Бүүн Люминас маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хохирогч Р.С нь I15 про гэх бичиглэлтэй гар утсаа тус тус биетээр буцаан авсан, хохирогч нар нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ