Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/375

 

 

 2024            05           21                                    2024/ШЦТ/375                                

                      

                                                                                                       

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар үзйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Т.Д-д холбогдох эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Болормаа, хохирогч Д.Ө, Д.Д, Ц.З /цахимаар/, Ж.Б /цахимаар/, “Дамно” ХХК-ийн шинжээч, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл, гэрч Л.Н, шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Б.Мөнхтөр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Д нь үргэлжилсэн үйлдлээр, бусдын орон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж, бусдад  нийт 34.200.000 /гучин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн эд хохирол учруулсан буюу Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэхь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Д-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Маргаж байгаа 4 хэрэг эрүү дээр үлдсэн байсан. Миний 14 хэрэг шалгагдаж байхад энэ 4 хэргийг шалгаагүй байсан, 5 өдөр надад байцаагч нөгөө 4 хэрэг ирсэн та нэг дэх өдөр ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Би наад 4 хэргээ маш нарийн шалгах хэрэгтэй гэж хэлсэн, байцаагч хагас өдөр залгаад та бүтэн сайн өдөр хүрээд ир, таны бүх хэргийг прокурор 1 дэх өдөр аваад ир гэж хэлсэн. Прокурорт  4 үйлдэл дээр маргаж байгаа гэж хүсэлт гаргаагүй.

Байцаагчийг заавал шалгана гэж бодож байсан. Өмгөөлөгчийг прокурорын шатнаас авсан. Өмгөөлөгчдөө энэ талаар хэлээгүй. 2020 онд зээлтэй байсан. Надад мөнгөний хэрэг гараад байсан учраас авсан. Би мал малладаг. Мал хулгайлсан нь миний буруу. Би хээлтэй мал хулгайлаагүй.

Хохирогч нар хээлтэй мал хулгайлсан гэж яриад байна, би хулгайлаагүй. Гэдэс дотрыг нь аваад явдаг. Миний хийж байгаа үйлдэл буруу. Би өмнө нь ял шийтгүүлээд  гарч ирээд хулгай хийдэггүй байсан. Би Н. гэх хүнд мах өгсөн. Би тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Би махаа машин дээр ачиж явсан. Мөрдөгч нар надад маргаж байсан 4 үйлдлийн хэрэг хүлээлгэсэн. Мөрдөгчөөс мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй, зүгээр газар дээр нь очоод ирсэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Ж.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын сүүлээр манайх шөнө үхэр дээрээ хонодог байсан. Би өглөө гэртээ ирээд, буцаад очих хооронд буюу 10-12 цагийн хооронд авсан байсан. Өлзийтийн зүүн талын жалгад авч очоод төхөөрсөн байсан. Манай номхон бүдүүн үнээ байсан. Тэгээд цагдаад хэлсэн, цагдаа газар дээр нь ирж шинжилгээ хийлгэсэн.

Дараа нь Хан-Уул дүүргийн байцаагчаас “танай үхрийг төхөөрсөн эзнийг олсон” гэж хэлсэн. Та шүүх хуралд оролцоорой гэж хэлсэн. Манай үнээ сүүний чиглэлийн үхэр байсан. Манайх үхрээ алдахын өмнө жил 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай үхрээ өдөрт 2 удаа  саадаг байсан. Нэг саалтаар 8-10 литр сүү гардаг байсан. Өдөртөө нийт 20 литр сүү авдаг байсан. Одоо 2.500.000 төгрөг нэхэмжилж байна.

Гомдол саналын хувьд хохирол төлбөрийг барагдуулаад өгсөн тохиолдолд гомдол саналгүй. Адуу 25, тэмээ 12, хонь 132, ямаа 310 тоолуулсан. Зүс, эм, арьс ширээр нь таньсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд манайх түр оршин суудаг байсан. Тухайн үхэр манай өөрийн эзэмшлийн эд хөрөнгө. Үүлэр угсааны гэрчилгээ байхгүй. Манайх үхрээ Дамбасамба ахын нэр дээр тоолуулсан. Жилийн эцсийн мал тооллогоо хх аймгийн хх сумын хх дугаар багт тоолуулсан. хх аймаг руу 2023 оны 08 сард нүүсэн.. 2022 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малаа тоолуулсан. Хоёр тусдаа малаа тоолуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Ч.З-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүүхдийнхээ төгсөлтийн баярт очоод, тухайн өдөр оройтож ирсэн учраас үхрээ бүртгэж чадаагүй. Маргааш нь үхрээ бүртгэсэн миний нэг үхэр огт байхгүй байсан. Бүтэн сайн өдөр манай улаан худгийн хажууд үхэр нядалсан байна гэж сонссон. Хятад хар тарлан үхэр байсан. Энэ үхэрт зохиомол үр хээлтүүлээд батлаад 60 хоногтой болсон гэж хэлээд, үхрээ гаргаж аваад хашаандаа авч ирээд 2 хоноод хулгайд алдсан. Би бүтэн сайнд цагдаад дуудлага өгсөн. Энэ үхрийн тугал нь 2 дугаар эрлийз гарах байсан бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тугалах байсан. Нэг удаадаа саахад 20 литр сүү гардаг. “хх” ХХК-д сүүгээ нийлүүлдэг бөгөөд энэ талаар баримт байгаа.

Би өөрийнхөө үхрийг өндөр ашиг шимтэй үхэр байсан, үнээгээ хамгийн багадаа 3.500.000 төгрөгөөр үнэлж, хохирлыг арилгуулах хүсэлтэй байна. Би үхрээ 3.500.000 төгрөгөөр үнэлнэ. Шинжээч 1.500.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн олох ёстой байсан орлогоо нэмж нэхэмжилмээр байна. Манайх малаа Хан-Уул дүүргийн хх дугаар хороонд тоолуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч Д.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2022 оны 05 сарын 06-07-нд шилжих шөнө залуу нэг тулгалсан, улаан тарлан үхрээ алдсан. Манайх үхрээ сувай гэж бодож байсан чинь хээлтэй байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Цагдаагийн газраас танай үхрийг алсан хүнийг олсон гэж хэлсэн. Одоо 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Одоо хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Шүүдэгч уучлалт гуйгаагүй, би энэ хүнийг танихгүй. Малаа хх дугаар хороондоо тоолуулсан. 2.000.000 төгрөгийг үнэлгээгээр тогтоосон.” гэсэн мэдүүлэг,

 

5. Хохирогч Д.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Манай үхэр залуу улаан зүсмийн үхэр байсан. Алсан газар нь цагдаа нар ирж үзлэг хийсэн. Гэрээс 400-500 метрийн зайд авч очоод  толгой, ширийг нь шуудайд хийж орхиод, махыг нь аваад явсан байсан. Маргааш нь хайгаад олоогүй. Би жалганд очоод үхэр байна уу үзээд ир гээд хүүхэд явуулсан чинь, жалганд цэнхэр уяаг нь орхисон байна. Хүүхэд манай үхэр мөн байна гээд ирсэн.

Цагдаа нар ирж үзээд, үзлэг хийж, камерын бичлэгийг шалгаад шүүгдэгчийг олсон байсан. Би үхрийн үнэлгээг цагдаад 1.500.000 төгрөг гээд хэлсэн чинь эхнэртээ буруу хэлсэн гээд загнуулсан, эхнэр одоо үхэр 1.500.000 төгрөг байна гэж байхгүй  гэж уурласан. Гэхдээ би анх 1.500.000 төгрөг гээд хэлсэн учраас энэ мөнгөө л нэхэмжилнэ. Хохирол төлбөрөө аваагүй байгаа. Үнэлгээгээ хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй. Шүдлэн үхэр гэж 2-3 насны үхрийг хэлнэ. 2 настай үхэр хээлтэнэ.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шинжээч Ц.Түвшинцэнгэлээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор 2017 оны Зөрчлийн тухай хуультай холбоотой сүүлийн 18 жилийн хугацаанд шүүх дээр хүчингүй болсон дүгнэлт байхгүй. 2022, 2023 онууд болон 2024 онд зарлагдсан тендерүүдэд сонгогдож ажил үйлчилгээ үзүүлж явдаг. Хууль хяналтын байгууллагаас шинжээч томилох тогтоол гардаж авсан даруйдаа шинжилгээний объекттой танилцах боломжтой бол танилцана, шинжилгээний объекттой танилцах боломжгүй тохиолдолд мөрдөгчөөс ирүүлсэн шинжээч томилуулах тогтоолын шинжилгээний объектын тодорхойлолтод үндэслэж зах зээлийн үнэ цэнийг үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу 3 нөхцөлөөр тулгалт хийдэг.

Нийтэд нээлттэй арилжааны аргыг олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалж дээр ямар зах зээлийн үнэ ханш санал болгож байна вэ гэхээр мал амьтны тухайн сар болгоны үнэ үнэлгээтэй тулгалт хийж, нягталж шалгаж байж шинжээчийн дүгнэлт хийдэг. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 онд шинжээч томилуулах дүгнэлтийн талаар асуусан. хх дугаартай дүгнэлтийг 2023 оны хх дугаар сарын хх-ны өдөр шинжээч томилох тогтоолыг “Дамно” ХХК-д гардуулж өгсөн.

Хөрөнгийн тодорхойлолт нь Мон биллиард үүлдрийн цагаан алаг зүстэй, 3 насны эр шүдлэн үхрийн үнэ цэнийг тогтоож ирүүлнэ үү гэж даалгасан байна. Эзэмшигч нь өөрөө 5.0 сая төгрөгөөр үнэлсэн гэж ирүүлсэн. Бидний зүгээс Мон биллиард үүлдрийн тухайн насны үхэр, үнэлэгдэж байгаа газар зүйн байршил зэрэгт тулгуурлаж олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас үнэ ханшийн мэдээлэл авсан байдаг.

Уг үнэ ханшийг мэдээллийн сан баазтай тохируулга хийж үзэхэд зөрүү байхгүй байсан тул 3.500.000 төгрөгөөр тооцож шинжээчийн дүгнэлтийг даалгасан хугацаанд хүргүүлж ажилласан байна.

Мөн 528 дугаартай дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн дэслэгч Жигмэддоржоос 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр шинжээч томилуулах тогтоолыг хүлээж авсан. Тогтоолын тодорхойлох хэсэгт Мон Биллиард үүлдрийн улаан алаг дөнжин насны эм хусран, нэг удаа тугалсан, энэ жил хусран гэж бичсэн байна. Үнэлгээг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тогтоох гэж заасан байна. Эзэмшигч нь 4.0 сая төгрөгөөр үнэлсэн гэж ирүүлсэн.

Бид мал амьтныг олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас авч, шинжээчийн дүгнэлтэд дурдаж өгсөн, Шинжээчийн дүгнэлтээр 3.500.000 төгрөгөөр үнэлж, шинжээчийн дүгнэлтийг даалгасан хугацаанд нь хүргүүлж ажилласан байна.

Мөн 989 дугаартай дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Манлайбаясгалан мөрдөн байцаагчаас шинжээч томилох тухай тогтоол ирүүлсэн байна. Тогтоолд хар тарлан, нас бие гүйцсэн үнээ, 3 тугалсан,  2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үнэлгээг тогтоох гэж заасан байна. Эзэмшигч нь үхрээ 2.500.000 төгрөгөөр үнэлсэн гэжээ.

Бид тогтоолд заасны дагуу шинжээчийн дүгнэлт 2.500.000 төгрөгөөр тогтоогдсон байна. Яагаад мэдээллийн сан гэдэг асуудлын талаар дурдсан бэ гэхээр нээлттэй эх сурвалжаас авсан үнэ ханшийн мэдээллийг, үнэ ханшийн баазтай тулгалт хийж шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

Хөрөнгийн үнэлгээг 2 төрлөөр хийдэг. 1-рт өмчийн эзний захиалгаар, 2-рт эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ ажил үйлчилгээ нь төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээтэй холбоотой асуудал. Шинжээч томилуулах тухай тогтоол дээр хөрөнгийн байдалтай биечлэн танилцах боломж хязгаарлагдмал гэдэг талаар шинжээчийн дүгнэлт болгон дээр бичсэн байгаа.

Тогтоолд заасан тодорхойлолтыг тогтоол ирүүлсэн хууль хяналтын байгууллага бүрэн  хариуцна гэсэн нөхцөлтэйгөөр явдаг учраас бид Мон биллиард мөн үү, үгүй юу гэдэг дээр нэмэлт баримт нэхэмжлэх шаардлагагүйгээр дүгнэлтээ гаргасан. Энэ хөрөнгө нь устаад үгүй болсон хөрөнгө учраас энэ талаар үнэлгээний олон улсын стандартад зааснаар гажилтыг заавал бичиж оруулах ёстой гэж заасны дагуу бичдэг. Тухайн жилд 1000 гаруй дүгнэлт гаргуулдаг учраас заавал нотлох баримт шаардаад байхгүй, тодорхойлолтод зааснаар дүгнэлт гаргаж болно. Зах зээлийн дундаж үнийг тогтоож байгаа учраас үүлдрийн үхэрт нарийн шаардлага тавигдахгүй.” гэсэн мэдүлэг

 

7. Гэрч Л.Н-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Би Д-ыг 2022 оны 09 сараас таньдаг болсон, түүнээс өмнө таньдаггүй байсан. Би 8-9 удаа мах авсан байх, мах авах болгондоо гарал үүслийн бичиг асуудаг байсан. Д. бичиг баримт нь 22 дээр байгаа гэдэг байсан. Нэг удаа надад махны код хэлж байсан. Би одоо мартсан байна. Би 2007 оноос 2016 он хүртэл мах зарсан түүнээс хойш биеийн байдал тааруу болоод, мах зарахаа больсон байсан. Би Д-аас гэртээ мах авсан, авсан махаа хятадуудад өгдөг байсан. Би 1кг махан дээр 300 төгрөг нэмж зардаг байсан. Нэг үхрийн махнаас 40.000-50.000 төгрөг олдог байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Д. мах авч ирэх үедээ ганцаараа ирдэг байсан. Тухайн махыг хаанаас авсан талаараа надад хэлээгүй. Хөдөө яваад ирсэн гэдэг байсан. Мөнгөө бэлэн өгдөг байсан. Эд зүйл худалдаж авахдаа бэлэн мөнгөөр харьцдаг. Д-аас 1 кг махыг 7000-8000 төгрөгөөр авдаг байсан. Гэмт хэргийн замаар орж ирсэн мах шиг сэжиг төрж байгаагүй. Би нэг удаа махаа зах руу оруулаад өгчих гэж хэлсэн чинь зах олон хүнтэй гэж байсан. Д. махаа авч ирэх үедээ танд урьдчилан хэлж байгаагүй. Мах ямар үнэтэй байна гэж асуудаг байсан. Би шүүгдэгчээс 8-9 удаа мах авсан. Махыг хараад том жижиг, эр эм гэдэг нь мэдэгдэхгүй. Мах өгсөн талаар баримтжуулж авдаггүй. Би 2023 оны 06 сараас хойш мах авахаа больсон. 2022 оны 09 сараас мах авч эхэлсэн. Өмнө нь би 2007 оноос 2016 он хүртэл мах зарсан түүнээс хойш биеийн байдал тааруу болоод, хэсэг хугацаанд мах зарахаа больсон байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 1-р хавтас 131 дэх тал, хэргийн 2-р хавтас 12,  70, 117, 168 дахь тал, хэргийн 3-р хавтас 15, 57, 137, 183, 224 дэх тал, хэргийн 4-р хавтас 22, 70,    дахь тал),

 

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 32-36 дахь тал),

 

3. Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаартай лавлагаа /машинаар/ хххх улсын дугаартай “Хьюндай Соната-5” маркийн автомашины эзэмшигч С.Г (хэргийн 1-р хавтас 21-23 дахь тал),

 

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 24-25, 28-31 дэх тал),

 

5. Гэрч А.Т-ийн хх дугаартай дансанд 250,000 төгрөг орсон талаарх дансны хуулга (хэргийн 1-р хавтас 83 дахь тал),

 

6. ”Скайтел” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хх  дугаартай албан бичиг “хх дугаар эзэмшигч А.Т

хх дугаар эзэмшигч Ж.С

хх дугаар нь хэрэглээ хийгээгүй байна.” гэсэн албан бичгийн хариу (хэргийн 1-р хавтас 85-107, 118 дахь тал),

 

7. Худалдаа Хөгжлийн Банкны 2023 оны 07 дугаар сарын хх дугаартай албан бичиг “...А.Т нь хх тоот дансыг эзэмшдэг бөгөөд дансны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна. бусад нэр дурдаагүй иргэд нь тус банканд ямар нэгэн данс эзэмшдэггүй болно.” гэсэн албан бичгийн хариу (хэргийн 1-р хавтас 109-111 дэх тал),

 

8. Төрийн банкны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хх дугаартай  “...А.Т хх, хх тоот данс тус тус эзэмшдэг.” гэсэн албан бичгийн хариу (хэргийн 1-р хавтас 112-116 дахь тал),

 

9. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №хх дугаартай:

“Hyundai Sonata EF” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2023 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 6.250.000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 1-р хавтас 65-69 дэх тал),

 

10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №хх дугаартай:

“Солонгос улсад 1998 онд үйлдвэрлэгдсэн, 2005 оны 12-р сард МУ-д орж ирсэн, Toyota Hyundai Sonata 5 /бензин, автомат/ маркийн автомашин нь 2024 оны 01 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хэргийн 4-р хавтас 196 дахь тал),

 

11. Хохирогч Д.Д-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

11.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 15 дахь тал),

 

11.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 17-20 дахь тал),

 

11.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх-р хороо х-р хэсэг хх тоотод оршин суудаг хаяганд амьдраад хх жил болж байна. Манайх 70 гаруй үхэртэй бөгөөд 2023 оны 05 сарын 16-ны орой 21 цагийн орчимд өөрийн үхэрнүүлээ бүртгэх үед манай үхэр бүрэн байсан. Манай үхэрнүүд зарим нь хашааны гадаа хоносон бөгөөд маргааш өглөө нь бэлчээртээ гараад явёихсан байсан. Өнөөдөр 16 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас манай үхэр нядлагдсан талаар надад утсаар мэдэгдэхээр нь явж оичх үед манай улаан халзан үхэр манай гэрээс 200-300 орчим метрийн зайд ертөнцийн зүгээр баруун хойд зүгт эзэнгүй блокон хашаанд манай үхэрийг нядалчихсан байсан. Улаан халзан зүсмийн 5 настай үнээ байсан. Би алдсан үхрээ 3 сая төгрөгөөр үнэлж байна. надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 44 дэх тал),

 

11.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 53 дахь тал),

 

11.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - улаан халзан 5 настай үнээ, зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 1-р хавтас 55-56 дахь тал),

12. Хохирогч Ц.Ж-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

12.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 1-р хавтас 131 дэх тал),

 

12.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 132-135 дахь тал),

 

12.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ж-ийн хохирогчоор өгсөн:

“…Би Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх тоотод эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. 2023 оны 05 дугаар сарын 27-ны орой үхрээ хураан бүртгэж, тэжээлийг нь өгөөд орой 21 цагийн үед гаргасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед үхрээ хураахад манай үхэр дотроос шүдлэн үхэр /эм/ улаан халзан зүсмийн, монгол үхэр алга болсон байсан. "Цагаан эрэг" гэдэг газарт манай шүдлэн үхрийн толгой, арьс шир, сэвстэй гүзээ нь байж байсан. Би өөрийн үхрийг зүсээр нь болон толгойг нь хараад таньж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай үхэр нь улаан зүсмийн, монгол үйлдвэрийн /эм/ шүдлэн үхэр ээмэг, тамга байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 138 дахь тал),

 

12.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 147 дахь тал),

 

12.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – Монгол шүдлэн эм, зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 1-р хавтас 149-150 дахь тал),

 

13. Хохирогч Д.Ө-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

13.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 176 дахь тал),

 

13.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 177-179 дэх тал),

 

13.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ө-ийн хохирогчоор өгсөн:

“…Би Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх тоотод мал маллаж оршин суудаг юм. 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэж санагдаж амралтын өдөр буюу хагас сайн өдөр байсан 22:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн үхрүүдийг хотлуулж, хурааж бүртгэсэн юм. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын сарын 07-ны өглөө 07:00 цагийн орчимд гарч үхрээ шалгаж үзэхэд Алтай үүлдрийн, улаан алаг зүсмийн шүдлэн гунж алга болсон байсан. Ойр орчмын бэлчээрт нь хайж үзэхэд олдоогүй. Гэтэл Хан-Уул дүүргийн хх дүгээр хорооны нутаг дэвсгэрт хх баруун урд талын жалганд манай үхрийг нядалсан байдалтай, шир болон толгой шийр нь шуудайтай байсан. Би өөрийн үхрийг хүзүүвч буюу цэнхэр өнгийн уяагаар нь таньсан... Манай үхэр улаан алаг зүсмийн, Алтай үүлдрийн шүдлэн гунж байсан. Манай үхэр ямар нэгэн им тамга байхгүй. Харин тооллогод ороод чихэндээ номер тоо бүхий ээмэгтэй байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 182 дахь тал),

 

13.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 187 дахь тал),

 

13.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №хх дугаартай:

Улаан халзан халзан зүсмийн шүдлэн эм үхэр нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 189-190 дэх тал),

 

14. Хохирогч Ч.З-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

14.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 220-223 дахь тал),

 

14.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.З-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх дугаар хэсэг хх тоотод аав ээж болон хх хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоо хувиараа мал маллах үйл ажиллагаа явуулдаг. Миний эзэмшлийн 63 тооны үхэр байдаг юм. Харин өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 29-ны 16 цагийн орчимд гадуур бэлчиж байсан үхрүүд маань хашаандаа буцаж ирэх үед миний 6 настай хар тарлан зүсмийн сувай эм эргэж ирээгүй учраас би хайгаад хүн амьтан аваад яваагүй байгаа гэж бодоод шууд хашаанаасаа гараад бэлчээрт гаргасан газрын ойр орчмоор болон өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орчимд хайсан боловч олдоогүй шөнө болсон юм. Тэгээд нэгэнт оройтсон учраас маргааш Өглөө эрт хайя гэж бодоод унтаж амарсан юм. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд намайг гэртээ манай гудамжинд байдаг О. гэх нэртэй ах миний хх гэх дугаар руу хх гэх дугаараас залгаад "З. үхрээ бэлчээр гаргаад явж байсан чинь голын эрэг орчимд буюу улаан худгийн хажууд үхэр шулчихсан байна" тарлан зүстэй харагдаж байна танай үхэр юм биш үү чи үхрээ олсон юм уу гэхээр нь олоогүй гэдгээ хэлчхээд шууд тухайн газар нь очоод үзэхэд манай бэлчээр дээрээсээ ирээгүй үхэр мөн байсан бөгөөд шулагдаад нядлагдсан байсан учраас би шууд цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний бэлчээр дээрээсээ ирээгүй байж байгаад шулагдаад нядлагдсан байдалтай олдсон үхэр нь 6 настай хар тарлан зүстэй баруун чих нь доороосоо хөндлөн, зүүн чих нь цуулбар эмтэй байсан. Мөн тухайн өдөр үхэр сувай үхэр байсан бөгөөд ирэх жилийн 1 сард тугалах ёстой байсан. Миний 6 настай хар тарлан үхэр гурван удаа тугалсан үнээ байгаа.

Би үнээгээ 3.500.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь тус үхрийг би 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохиомол хээлдүүлгийн техник хүн хөлсөлж байгаад үрлүүлсэн. Тухайн үхэрнээс гарах тугал нь 75 хувьтай сайн тугал бөгөөд тус байдлаар дүгнээд би 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. надад сэжиглэж байгаа хүн одоогоор байхгүй байна. гэхдээ манай гэрийн ойр орчимд амьдардаг өөрсдөө мал малладаг хүмүүс байж магадгүй гэж сэжиглэж байна. тухайн хүний ард мах худалдаж авда ченж буюу дамлан наймаа хийдэг хүмүүс байдаг байж магадгүй гэж хардаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 226 дахь тал),

 

14.3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 232 дахь тал),

 

14.4. Мал, тэжээвэр амьтад, ХУД-ийн 2021 оны тооллого (хэргийн 1-р хавтас 233 дахь тал),

 

14.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Хар тарлан зүстэй 6 настай сувай байсан гэх, шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 сарын 21-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 235-236 дахь тал),

 

15. Хохирогч Б.М-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

15.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 13 дахь тал),

 

15.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 1-р хавтас 14-19 дэх тал),

 

15.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 06 сарын 25-ны өглөө би үхрээ сааж байхад хажуу хүүхэд М. надад ирээд танай бухыг Г. ахын адуу хашдаг хашаанд нядлаад алсан байна гэхээр би очиж үзэхэд хашааны хаалга онгорхой хашаанд нь машин мөр, мөн хашааны буланд (эрийн гэдэс сэвс зэрэг байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай үхэр "Мон биллеярд" гэх үүлдрийн цагаан алаг зүстэй, шүдлэн үхэр байсан. Би үхрээ 2023 оны 06 сарын 24-ний өдөр 21 цагийн үед бэлчээр дээрээс нь хурааж ирээд хашааны гадна авчирсан. Би өөрийн үхэрийг 2023 оны 04 сард найрамдал гэх газраас хүнтэй ярилцаж байгаад нийт 5 үхэрийн хамт 10 сая төгрөгөөр бодож авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 22 дахь тал),

 

15.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 31-32 дахь тал),

 

15.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Мон биллеярд үүлдрийн цагаан алаг зүстэй 3 настай шүдлэн шууд харьцуулалтын аргаар 2023 оны 06 сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 2-р хавтас 34-35 дахь тал),

 

16. Хохирогч Н.У-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

16.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 71 дэх тал),

 

16.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 2-р хавтас 72-74 дэх тал),

 

16.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.У-ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 06 сарын 21-ний өглөө би эхнэрийн хамт өглөөний 04 цаг 40 минутын үед босоод гэрээсээ гараад 22 тооны үхэрийг эхнэрийн хамт 08 цаг өнгөрч байхад хашааны гадна эхнэрийн хамт цэвэрлэгээ хийж байхад, таньдаг хүн Г. ирээд надад манай адууны хашааны цаана үхэр шулсан байна гэж хэлэхээр нь би дугуйгаа унаж очоод тухайн үхэр үхсэн гэх газарт очоод харсан чинь, үхрийн гэдэс дотор, мөн урд хөл нь цагаан шийр зэрэг байхаар нь би буцаад гэрийнхээ гадаа ирээд эхнэр Б-т болсон зүйлийн талаар хэлээд, тэгээд шууд цааш яваад үхрийнхээ бэлчээрлэж байсан хэсэгт очоод би толгой болгоноор нь тоолсон чинь, улаан алаг дөнжин настай эм үхэр байхгүй байхаар нь өөрийн гар утсаараа цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгчхөөд шууд буцаад үхэр нядалсан гэх газарт очоод тэр хавиар хайсан чинь цаадхан талд нь модны доор хэсэгт толгой, мөн арьсыг нь эвхээд тавьчихсан байсан. Тэгээд би хүлээж зогсож байхад цагдаа нар ирсэн. Манай үхэр "Мон биллеярд" гэх үүлдрийн улаан алаг, нэг хөл нь цагаан өнгийн байсан.

Би 2023 оны 06 сарын 20-ны өдөр бол хараагүй харин эхнэр маань бол харсан гэж надад сүүлд хэлж байсан. Манайх үхрүүдээ хашаандаа оруулдаггүй, орой болохоор өөрсдөө ирээд гэрийнхээ ойролцоо хашааны хажуу талын хэсэгт бөөнөөрөө ирээд хэвтсэн байдаг. Би өөрийн үхэрийг 4.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 77 дахь тал),

 

16.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 83 дахь тал),

 

16.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Мон биллеярд үүлдрийн улаан алаг дөнжин насны эм 1 удаа тугалсан  хусран үхэр, шууд харьцуулалтын аргаар 2023 оны 06 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 2-р хавтас 85-87 дахь тал),

 

17. Хохирогч О.И-ийн  малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

17.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 2-р хавтас 117 дахь тал),

 

17.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 2-р хавтас 118-120 дахь тал),

 

17.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.И-ийн хохирогчоор өгсөн:

“...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд би өөрийн 60 тооны үхрүүдийг Хан-Уул дүүргийн хх дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Карьер гэх нэртэй газар руу бэлчээрт гаргасан. Улмаар тухайн өдрийн орой 18 цагийн орчимд үхрүүд маань бэлчээрээс буцаж ирэхэд манай буган халиун зүстэй 4 настай, бух дутаж ирээгүй учраас хайгуул хийж эхэлсэн.

Улмаар олдохгүй 2 хоносон бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдэх санаатай байж байтал гаднаас манай гэрт 60 орчим настай, бусдын малыг маллаж амьдардаг буюу Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт малчин хийдэг Б. гэх нэртэй эрэгтэй хүн орж ирээд танай бух хх ногоон талбайн дотор хэсэгт шулуулчихсан байна гэж хэлэхээр нь би гайхаад юу гэнээ, манай бух мөн юм уу яаж таньж байгаа юм бэ гэж асуухад танай бухыг танихгүй хэн байдаг юм бэ гэж хэлчхээд гараад яваад өгсөн. Улмаар би тухайн газар нь очиж үзэхэд манай бэлчээрээс ирээгүй бух мөн байсан бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэдгийг нь тухайн үед мэдсэн. Тухайн үхэр нь манай үхэр сүргийн бух буюу эцэг мал байсан учраас би одоо 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. миний нядлагдсан гэх үхрийн баруун талын чих нь цуулбар харин зүүн чих хөдлөн им тэмдэгтэй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн орчимд ажилладаг, мөн явдаг хүмүүсийг сэжиглэж шалгуулах хүсэлтэй байна. би хяналтын камер байдаг эсэх талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 123 дахь тал),

 

17.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 133 дахь тал),

 

17.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - 4 настай эр, буган халиун зүстэй эцэг мал шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 сарын 21-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.650.000 /нэг сая зургаа зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 2-р хавтас 135-136 дахь тал),

 

18. Хохирогч Ж.Б-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

18.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 170 дахь тал),

 

18.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 2-р хавтас 171-174 дэх тал),

 

18.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхөр хх хүүхдийн хамтаар мал маллаж оршин суудаг юм. Манайх мал тооллогоор 40 тооны эр тоолуулсан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан- Уул дүүргийн хх дүгээр хороо хх гэх газар байрлах өвөлжөөндөө 00:00 цагийн орчимд үхрээ хураасан. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 07:30 цагийн орчимд очиж шалгахад хүрэн зүсмийн, хар тарлан үүлдрийн нас бие гүйцсэн хээлтэй үнээ алга болсон байсан. Тэгээд эрэл хайлт хийж явахад Хан-Уул дүүргийн 21  дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бат бэх зуурмагийн үүлдрийн урд талд жалганд манай үнээний арьс шир, гэдэс дотор, толгой нь олдсон. Манай өвөлжөөнд хэвтэрт байсан үнээ жалганд нядлагдсан байдалтай олдсон. Би өөрийн үхрийг өвөлжөөнд нь өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчимд хураасан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 07:30 цагийн орчимд шалгаж үзэхэд алга болсон байсан. Миний алга болсон үхэр буруу чих нь урд ухас имтэй, тамга байхгүй, 3 удаа тугалсан, нас бие гүйцсэн үнээ байсан. Би өөрийн үхрийн шир болон, толгой имээр нь таниж байна. хар тарлан үүлдрийн хүрэн зүсмийн хээлтэй үнээ байсан. Би өөрийн үхээг 2.500.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 177 дахь тал),

 

18.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 186 дахь тал),

 

18.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Хар тарлан үүлдрийн нас бие гүйцсэн үнээ шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 2-р хавтас 188-189 дэх тал),

 

19. Хохирогч Ц.Д-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

19.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 217 дахь тал),

 

19.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 2-р хавтас 218-220 дахь тал),

 

19.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх-р хэсгийн хх тоотод эхнэр болон хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Би 54 тооны үхэртэй бөгөөд өөрөө малладаг юм. 2023 05 дугаар сарын 23-ны өглөө 05 цагийн орчим гэрээсээ гартал хажуу талын айлын хашааны дэргэд гэдэс дотрыг нь гаргасан юм байхаар нь очиж харахад манай үхрийг нядлаад махыг нь авч яваад гэдэс дотор болон толгой шийр арьсыг хашааны мухарт тавьсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Цагаан ягаан зүсмийн 4-с 5 настай, үнээ байсан.. Ээмэгтэй, хүзүүвчтэй, эмтэй үхэр байсан өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цагт гэрийн хашааны гадна талд үхэрнүүддээ тэжээл өгөөд би гэр лүгээ орсон, тухайн үед алдагдсан гэх үхэр хашааны гадаа байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 222 дахь тал),

 

19.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 2-р хавтас 229 дэх тал),

 

19.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Ягаан зүсмийн үнээ 4 настай шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 сарын 24-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 2-р хавтас 231-234 дэх тал),

 

20. Хохирогч Б.А-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

20.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 16 дахь тал),

 

20.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 3-р хавтас 17-19 дэх тал),

 

20.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх тоотод эхнэр хх хүүхдийн хамт амьдардаг. Мөн хувиараа мал маллах, худалдаа хийх зэрэг ажил хийдэг юм. Тус өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд миний эзэмшлийн 22 тооны үхрүүдийг аав болох Ц.Б нь Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлчээрт байхад хураагаад Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх нутаг дэвсгэрт оруулчхаад гэртээ буцаж хүрч ирсэн байсан. Улмаар үхрүүд маань тус өдрийн орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх тоотын гадна ирсэн байсан бөгөөд тухайн сүрэг дотор бэлчээд явж байсан миний эзэмшлийн 7 настай, бор халзан зүсмийн, сувай бүдүүн үнээ ирээгүй байсныг анзаарсан бөгөөд тухайн шөнөдөө ирэх байх гэж бодсон боловч маргааш өглөө нь бусад үхрүүдээ бэлчээрт гаргах гэхэд ирээгүй байсан. Улмаар тухайн үхрийг 2022 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн хх, хх, хх дүгээр хороодын нутаг дэвсгэрээс хайгаад олоогүй юм. Харин өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд өөрийн аав болох Ц.Б-ийн хамтаар Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх мэдүүлэгт тусгуулсан үхрээ хайж яваад шулуулсан байдалтай байхыг нь олоод шууд Цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 22 дахь тал),

 

20.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 30 дахь тал),

 

20.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дугаар сарын 09-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - 7 настай үнээ шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 сарын 01-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 31-32  дахь тал),

 

21. Хохирогч П.Х-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

21.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 58 дахь тал),

 

21.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 3-р хавтас 59-61 дэх тал),

 

21.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Х-ний хохирогчоор өгсөн:

“...Миний 8 тооны үхрийг У. гэх эмэгтэй хашаандаа малладаг юм. Өнөөдөр өглөө манай 1 тооны үхэр нядлагдсан байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай арын дутуу баригдсан хашаанд миний эзэмшлийн алаг халзан үхрийг нядлаад арьс, толгойг нь үлдээгээд явсан байна. би үнэлж мэдэхгүй байна. зах зээлийн үнээр үнэлнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 64 дэх тал),

 

21.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 73 дахь тал),

 

21.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Шар халзан зүсмийн шүдлэн эр шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 сарын 29-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 76-77 дахь тал),

 

22. Хохирогч З.Э-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

22.1. З.Э-ын бичгээр гаргасан өргөдөл (хэргийн 3-р хавтас 101 дэх тал),

 

22.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 3-р хавтас 102-104 дэх тал),

 

22.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх-р хороо хх хэсэг хх тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг юм. Манайх тус хаягт амьдраад хх жил болж байгаа бөгөөд тус хугацаанд үхэр маллаж амьдарч байгаа юм. Одоогоор манайх 17 тооны үхэртэй юм. 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой өөрийн үхрүүдээ авч ирж саасан ба хашааны гадаа гаргасан. Манай үхрүүд хашааны гадаа хонодог юм. Маргааш өглөө нь 05 цагт үхрээ саах гээд гартал манай үхрүүд байхгүй болчихсон байсан юм. Тэгээд би ойр хавьд хайж явж байгаад сувай үнээнүүдээ олсон юм. Тэгээд дахин цааш үргэлжлүүлэн хайж явж байгаад өглөө 09 цагийн орчимд "Боржигоны бор тал" гэх нэртэй карьерийн хажуу талаас нядалсан байдалтай олдсон. Ягаан буурал зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн үнээ байсан. Ямар нэгэн им тамга байхгүй. Би алдсан үхэрээ 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 107 дахь тал),

 

22.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 113 дахь тал),

 

22.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр - Ягаан халзан, тугалтай шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 сарын 31-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн,  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 115-116 дахь тал),

 

23. Хохирогч Д.С-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

23.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 138 дахь тал),

 

23.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 3-р хавтас 139-143, 147 дахь тал),

 

23.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ын хохирогчоор өгсөн:

“...Манайх гучаад тооны адуу, гучаад тооны үхэртэй 2001 оноос хойш Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд амьдарч байна. 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд ажилтай байж байгаад гэртээ ирэхэд манай үхрийн тал нь байгаагүй бөгөөд би өглөө эрт босоод дутуу үхэр рүүгээ явахад ертөнцийн зүгээр манай гэрээс хойд талаас олж авчрахад нэг нь дутуу байсан юм. Тэгээд хойноос нь явахад Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, хх урд хх талд уулын энгэрийн жалганд нядлагдсан байдалтай арьсыг нь эвхээд тавьчихсан, гэдэс нь арьсны хойно 10-аад метр газарт, 4 шийрийг нь тараагаад шидчихсэн, толгойг нь урагшаа жалга руу шидчихсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Миний эзэмшлийн нядлагдсан үнээ нь ирэх жил 1 сард тугалах ёстой байсан хээлтэй үнээ бөгөөд сүүний чиглэлээр тэжээдэг байсан. Ойролцоогоор 200 кг мах гарахаар байсан гэж бодоход 1 кг нь 10,000 төгрөгөөр үнэлэхэд 2,000,000 төгрөг болж байна.

Тэгэхээр 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. надад сэжиглэж байгаа хүн одоогийн байдлаар байхгүй байна. 2001 оноос хойш Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх хороололд мал маллаж амьдарч байхаас хойш огт хулгайд алдагдаж байгаагүй, мөн нядлагдсан байдалтай олдож байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 151 дэх тал),

 

23.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 158 дахь тал),

 

23.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – ойролцоогоор 200 кг махтай, сүүний чиглэлээр тэжээдэг байсан, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 160-161 дэх тал),

 

24. Хохирогч В.Г-ын малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

24.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 184 дэх тал),

 

24.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 3-р хавтас 185-188 дахь тал),

 

24.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Г-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх хотхоны хажуу талаас үхэр хураан гэртээ буюу Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо, хх  тоотод аваачсан юм. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө үхрээ бэлчээрт гаргасан. Тэр цагаас хойш хөдөө яваад үхрээ хурааж чадахгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 07:00 цагийн орчимд үхэр хураах гэж иртэл миний үхэр дотроос хүрэн халзан зүсмийн хязаалан эр үхэр алга болсон байсан. Тэгээд хайж байтал Хан-Уул дүүргийн хх-р хороо хх хотхоны замын ар талд жалганд нядалсан байсан. Толгой болон үхрийн ширийг нь жалганд үлдээсэн байсан. Би өөрийн үхрийг шир болон толгойгоор нь таньж байна. “Сэлэнгэ аймгийн казак цагаан толгой” үүлдрийн хязаалан эр үхэр байсан. Миний үхэр улаан халзан зүсмийн, 2 цавь сүүл цагаан, ямар нэгэн им тамга байхгүй. Би өөрийн үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд алдагдсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 191-192 дахь тал),

 

24.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 198 дахь тал),

 

24.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – хязаалан эр, казах халзан үүлдрийн, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 204-205 дахь тал),

 

25. Хохирогч А.П-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

25.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 226 дахь тал),

 

25.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 3-р хавтас 227-232 дахь тал),

 

25.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.П-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх тоотод эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг. Хувиараа мал аж ахуй эрхэлдэг. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө үхрээ бэлчээрт гаргаад орой 18 цаг өнгөрч байхад үхрээ хураахад 1 хар алга үхэр дутуу байсан. Орой харанхуй болж байсан болохоор хайгаад олоогүй. Тэгээд өнөөдөр өглөө үхрээ бэлчээрт нь гаргачхаад дутуу байсан нэг үхрээ хайгаад явж байхад Хан-Уул дүүргийн хх дугаар хороо Зээлийн байрны урд байрлах “Карьер”-ийн шороо орчим шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд манай алга болсон үхрийн толгой, шир, шийр, байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний нядлагдсан үхэр нь хар алга зүсмийн 4 настай хязаалан эр үхэр байсан. Тухайн үхрээ одоо би 1,800,000 төгрөгөөр үнэлж байна... Миний бодлоор манай үхрийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нядалсан байж магадгүй гэж бодож байна. Хамгийн сүүлд 25-ны орой хураахад байхгүй байсан. Эр үхэр болохоор салж ганцаараа яваад байдаггүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 235 дахь тал),

 

25.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 241 дэх тал),

 

25.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – хар алаг зүсмийн 4 настай хязаалан эр, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 3-р хавтас 244-245 дахь тал),

 

26. Хохирогч С.О-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

26.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 24 дэх тал),

 

26.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 4-р хавтас 25-28 дахь тал),

 

26.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.О-ийн хохирогчоор өгсөн:

“...Манай гэр бүлийн дунд 12 тооны үхэр тэжээдэг буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны орой хх дугаар цэргийн ангийн хажуу талын тал газарт манай үхрүүд үлдсэн бөгөөд 23 цагийн үед хх гэх манай хажуу айлын хүн манай болон өөрсдийн үхрээ тоолоод үзэхэд байж байсан гэсэн. Өнөөдөр 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед манай дүү үзэхээр очсон бөгөөд намайг үзэх гэж очиход хээлтэй бор зүсмийн үхрийн арьс шир, дотор гэдсийг нь гаргаж орхисон, толгойг нь тастаад хаячихсан байдалтай байсан.

Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би тухайн нядлуулсан үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 2 дахь удаагаа тугалах гэж байсан залуу 3 настай үхэр байсан юм. Манай үхрийн зүүн талын чихэн дээр эм байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 33 дахь тал),

 

26.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 40 дэх тал),

 

26.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – 3 настай, бор зүсмийн /эм/, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 сарын 21-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 4-р хавтас 43-44 дэх тал),

 

27. Хохирогч Л.О малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

27.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 71 дэх тал),

 

27.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 4-р хавтас 72-75 дахь тал),

 

27.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.О-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан- Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр хх гэх газар амьдардаг бөгөөд орой 20 цагийн үед үхрүүдээ ойртуулаад хашааны гадаа үлдээсэн. Шөнө 00 цагийн үед гарч харахад бүгд хэвтсэн байсан. Өглөө 08 цагийн орчим манай хажуу айлын хүн болох Х. гэх хүн баруун жалганд 1 үхэр нядлагдсан байна гэхээр нь очоод үзэхэд манай 4 настай улаан алаг үнээ нядлагдсан байдалтай олсон тул Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би хонинд явдаг туслах малчин Г-г яваад үзээд ир гэхэд очиж үзээд манай үхэр мөн байна гэж хэлсэн. Манай нядлагдсан үхэр нь улаан алаг зүсмийн 4 настай үнээ байсан. Би нядлагдсан үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоос 4-5 хоногийн өмнө байх манай үхэр нядлагдсан газрын ойролцоо нэг жижиг тээврийн хэрэгсэл зогсож байсан. Нэлээд бүрэнхий болж байсан болохоор би сайн харж чадаагүй цагаан саарал өнгийн машин байсан байх дотор нь 2 хүн утсаа оролдоод сууж байх шиг байсан. Нэлээд хуучин цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан ба жижиг багаж нь тусдаа тээврийн хэрэгсэл байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 78 дахь тал),

 

27.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 93 дэх тал),

 

27.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – 4 настай үнээ, улаан алаг зүсмийн, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 24-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 4-р хавтас 88-89 дэх тал),

 

28. Хохирогч С.Д-ийн малыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

28.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 4-р хавтас 115 дахь тал),

 

28.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд, илтгэх хуудас (хэргийн 4-р хавтас 116-120 дахь тал),

 

28.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Д-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт үхрийн фермер ажиллуулдаг. Манайх 80 гаран тооны үхэртэй. Би 2022 оны 09-р сарын 17-ны орой өөрийн үхэрнүүдээ цуглуулж туугаад гэрийнхээ хашааны гадна цуглуулсан. Эргэж гарч ирж харалгүй болгосон. Өглөө бэлчээрт гарах үед нь ойролцоох айлууд мал нядалсан байна гээд цуглаад байхаар нь яваад очтол миний хар алаг зүсмийн 5 настай соёолон үхрийн арьс шир, толшой зэрэг нь байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би өөрийн үхрээ хоёр сая гаран төгрөг болох байх гэж бодож байна. мэргэжлийн үнэлгээний компаниаар үнэлүүлнэ.   саадаг үнээнүүд нь өдөр 15-16 цагийн хооронд хүрч ирээд саалгуулчихдаг юм. Тэгэхээр нь саравчиндаа хашаад хонуулдаг. Эр үхрүүд нь 10 гаран тооны үхрүүд байдаг. Тэдгээр үхрүүд нь орой 19 цагийн үед ирчихсэн байсан. Тэгэхээр нь бүртгээд хашааны гадаа хашсан бүх үхрүүдээ тоолоход тоо бүрэн байсан.

Маргааш нь өглөө нь манайхаас зүүн урд талд байдаг хонхор дотор үхэр нядлагдсан байна гэж хүн хэлэхээр нь очоод үзтэл манай хар алаг зүсмийн соёолон насны /6 настай/ 1 тооны үхрийг нядалсан, гэдэс дотрын гаргаад тавьчихсан, арьс ширийг нь эвхээд 4 шийрийг нь сэвснийх нь хажууд тавьчихсан, толгойг нь эврээр нь газар зоогоод дээш харуулаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 122 дахь тал),

 

28.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 4-р хавтас 128 дахь тал),

 

28.5.  Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №хх дугаартай:

Үхэр – соёолон 6 настай, шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн, хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 4-р хавтас 136-137 дахь тал),

29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Н-ийн гэрчээр өгсөн:

“…Би Хүчит шонхор зах дээр 2000-2009 он хүртэл адууны мах зардаг байсан. 2009-2015 он хүртэл Нарантуул 2 зах дээр адууны мах зарж байгаад биеийн байдал муудаад больсон. Түүнээс хойш гэртээ сууж байгаа. ... 2022 оны 09 дүгээр сараас санагдаж байна, Д. гэх залуу миний утас руу залгаад та мах авах уу гэхээр нь би юуны мах вэ гэж асуухад үхрийн мах гэсэн. Би хариуд нь үзье гэж хэлсэн. Тухайн залуу түүнээс хойш саарал өнгийн суудлын авто машинтай буюу Соната-3 эсвэл 5 загварын тээврийн хэрэглэлтэй ирж мах өгдөг байсан. Эхэн үедээ дугаар нь "хх" гэсэн сери дугаартай байсан бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Одоо бол машиныхаа дугаарыг өөрчилсөн байсан. Мах авч ирж өгөхдөө ганцаараа ирдэг байсан. Машиных нь хойд талын суудал байхгүй тэрэндээ махаа хийгээд ирдэг байсан. Махны бичиг баримтыг асуухад 22-ын товчоон дээр хураагаад авчихдаг юм гэж хэлсэн. Д. өөрөө надад хэлэхдээ махны ченж гэж хэлсэн, хулгайн мах гэж огт хэлж байгаагүй.

1. 2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Д. гэх залуу өөрийн унаж ирдэг саарал өнгийн Соната загварын тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. Тухайн машин арын суудалгүй машиндаа 1 тооны үхрийн мах ачиж ирсэн. Мах нь арьс шир, толгойгүй дан мах ирсэн. Би өөрийн амбаарт байх жин дээр тавихад 150 кг болсон. 1 кг махыг 7,000 төгрөгөөр бодож 1 сая 50,000 төгрөг болсон. Бэлнээр 800,000 төгрөг өгсөн. Маргааш нь 250,000 төгрөгийг Д-ын эхнэр Т-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, дугаарыг нь санахгүй байна. Худалдаж авсан махыг өөрийн хашаанд байх амбаарт хийсэн. Махыг маргааш нь огт танихгүй хүн зарын дагуу холбогдож ямар нэгэн ашиг харалгүй худалдсан.

2. 2023 оны 06 дугаар сарын 21-ний шөнө санагдаж байна шөнө 03 цагийн үед байх Д. гэх залуу ганцаараа өөрийн саарал өнгийн Соната загварын тээврийн хэрэгсэлтэй арын суудал дээр арьс шир, толгойгүй 1 тооны үхрийн мах ачиж ирээд хашаанд байх манай амбаарт буулгасан. Тухайн махыг жингээр үзэхэд 160 орчим кг болсон байх. Тухайн махны 1кг махыг 8,000 төгрөгөөр худалдаж авсан ба мөнгийг нь тухайн үед нь бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн ба 100,000 төгрөгийг өөрийнхөө хх гэсэн данс руу хийлгэж авсан юм. Маргааш нь огт танихгүй хүн зарын дагуу холбогдож ямар нэгэн ашиг харалгүй худалдсан.

3. 2023 оны 05 сарын сүүлээр байх өөрийнхөө саарал өнгийн машинтайгаа үүрээр ирсэн бөгөөд өмнө нь надтай огт утсаар холбогдолгүй байж байгаад манай хашааны хаалгыг цохиод гэнэт хүрээд ирсэн юм. Тухайн ганцаараа байсан бөгөөд нэг тооны үхэр хийчихсэн ирсэн юм. Тухайн үед яг хэдэн кг болсныг нь санахгүй байна би бэлнээр нь мөнгийг нь өгөөд явуулсан юм. Худалдан авсан үхрээ бол зар тавиад танихгүй хүнд худалдан борлуулсан юм.

4. Мөн үүнээс хэд хоногийн өмнө нь буюу 2023 оны 05 дугаар сарын сүүлээр байсан мөн адил үүрээр өөрийнхөө машинтай ганцаараа ирээд 1 тооны үхэр өгсөн тухайн үед хэдэн кг жинтэй үхэр байсан талаар нь сайн санахгүй байна. Мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан юм. Худалдан авсан үхрээ бол зар тавьж худалдан борлуулчихсан юм. Ер нь Д. гэх залуу надаас байнга бэлнээр л мөнгөө авдаг бөгөөд өөрийгөө хөдөөгөөр явуулын ченж хийдэг гарал үүслийн бичгийг нь бол 22 товчоон дээр хураалгаад ороод ирдэг юм гэж хэлж байсан юм.

5. Мөн үүнээс өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын дундуур байх бас өөрийн машинтай ганцаараа ирээд нэг тооны үхэр өгсөн хэдэн кг болсныг нь санахгүй байна бэлнээр нь мөнгийг нь өгөөд явуулсан юм. Худалдан авсан үхрээ зар тавиад цааш нь танихгүй хүнд худалдан борлуулсан юм.

6. Мөн 2023 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна өөрийнхөө саарал машинтай ирээд нэг тооны үхэр авч ирж өгсөн бөгөөд хэдэн кг болсныг нь сайн санахгүй байна надаас мөнгөө бэлнээр авч явсан хэдэн төгрөг болсныг бас сайн санахгүй байна.

7. Мөн 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна нэг тооны үхэр өөрийнхөө саарал өнгийн машинтай ирээд өгсөн ба тухайн үедээ манайд байдаг жин байдаг түүгээр килограммлаад мөнгийг нь бэлнээр өгөөд явуулж байсан юм. Яг хэдэн төгрөг болсон талаар сайн санахгүй байна.

8. Үүнээс хэд хоногийн өмнө буюу 2023 оны 04 сарын сүлээр санагдаж байна өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй ирээд нэг тооны үхэр өгсөн яг хэдэн кг хэдэн төгрөг бэлнээр өгснөө бол санахгүй байна. Худалдан авсан үхрээ зарын дагуу холбогдсон хүнд зарчихсан юм.

2023 онд нийт миний санаж байгаагаар 8 удаа надад үхэр авч ирж зарсан бөгөөд ирэх үедээ байнга өөрийнхөө саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй ирдэг юм. Үхэр худалдан борлуулсан мөнгөө байнга бэлнээр нь авдаг бөгөөд 2 удаагийн тохиолдолд нь үлдэгдэл мөнгө буюу 250.000 төгрөг, 590.000 төгрөгийг өөрийнхөө эхнэрийнхээ дансаар авч байсан одоо дансыг санахгүй байна. 1 тохиолдолд буюу 100.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч байсан юм.

9. 2022 онд надаа нийт 3 удаа үхэр авч ирж байсан бөгөөд анх 2022 оны 09 сарын дундуур санагдаж байна нэг тооны үхэр авч ирээд мөнгийг нь бэлнээр аваад явсан. Тухайн үед өөрийнхөө саарал машинтай явж байсан хэдэн төгрөг хэдэн кг болсныг нь би сайн санахгүй байна. Тухайн үедээ тэр үхрийг жижиглээд зарчихсан юм.

10. Мөн 2022 оны 09 сарын сүүлээр санагдаж байна мөн адил өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй 1 тооны үхэр авч ирсэн юм. Тухайн үед хэдэн кг хэдэн төгрөг болсныг санахгүй байна мөнгийг нь бэлнээр нь өгөөд явуулсан юм.

11. 2022 оны 11 сард санагдаж байна мөн адил өөрийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Д. ирээд 1 тооны үхэр өгсөн хэдэн кг хэдэн төгрөг болсон талаар нь би сайн санахгүй байна. Худалдан авсан үхрээ тухайн үед нь зарж борлуулсан юм.

Би урьд өмнө нь Д. гэх хүнийг танихгүй, анх 2022 оны 09 дүгээр сард санагдаж байна, миний утас руу хх байхаа тэр дугаараас залгаж байсан санагдаж байна тэгээд надад анх мах худалдан авах уу гэж санал болгож би тэр хүнтэй танилцсан юм. Гэхдээ надад өөрийнхөө тухай ярихдаа би явуулын ченж хийж хөдөө орон нутгаас мах авч ирж худалдан борлуулдаг гэж хэлж байсан юм. Мөн Эмээлт захад мөн мах нийлүүлдэг гэж ярьж байсан юм. Миний утасны дугаарыг хаанаас авсныг би сайн мэдэхгүй байна. Урьд өмнө надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс авсан юм болов уу гэж бодсон юм. Хамгийн анх надад мах өгөх үедээ утсаар ярьж манайхыг заалгаж ирж байсан. Үүнээс хойш огт утсаар ярилгүй манай гадаа ирээд хаалга цохидог болсон байсан. Д. гэх хүн өөрийнхөө саарал өнгийн суудлын автомашинд арын зорчих суудлын хэсэгт махаа ачаад ихэвчлэн үүрээр ирдэг байсан.” (хэргийн 1-р хавтас 46-48, 144-146, 230-231 дахь тал, хэргийн 2-р хавтас 27-30, 129-130, 182-185, 227-228  дахь тал),

 

Мөн гэрчийн дахин  өгсөн:

“...Би Хүчин шонхор зах дотор хятадууд аль эсвэл гуанзны их хэмжээгээр мах авах гэж ирсэн хүмүүст зарчихдаг байсан. Т.Д-аас худалдан авсан нэг үхэр дээр 30.000-60.000 төгрөг нэмж зардаг байсан. Авч ирсэн үхэрнүүд нь ихэвчлэн туранхай, мах багатай үхэр байсан тул хүмүүс голж шилээд байдаг байсан. Надад ямар нэгэн сэжиг төрөөгүй байнга л ганцаараа ирдэг байсан. Махаа их цэвэрхэн хийгээд гарал үүслийн бичгээ товчоон дээр хураалгасан гэж ярьдаг байсан болохоор би сэжиглээгүй. Надад мах зарах үедээ мөнгөө бэлнээр авна шүү л гэж хэлдэг байсан. Би зах дээр жинлүүлээд бэлнээр нь мөнгөө авчихдаг байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 163, 204, 210, 248 дахь тал, хэргийн 2-р хавтас 49, 102, 145, 198, 247 дахь тал),

 

30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г-ын гэрчээр өгсөн:

“ ...Би 2014 онд өөрийн хэл муутай найзаасаа хх улсын дугаартай авто машиныг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлж байсан. 2022 оны 11 дүгээр сард зар байршуулж байгаад зарсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна 40 орчим настай эрэгтэй хүн ирээд үзэж байгаад аваад явсан. 1,800,000 төгрөгөөр зарна гэсэн боловч 1,500,000 төгрөгөөр зарсан. Нэрээ шилжүүлэх гэтэл яахын бэ гэх хэлээд огт шилжүүлэхгүй байсан..." гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 81 дэх тал),

 

31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Т-ийн гэрчээр өгсөн:

“...Би Т.Д гэх хүнтэй хамт амьдраад 6 жил болж байна... Т.Д эмээлтийн махны зах дээр ажилладаг гэж надад хэлсэн. Ямар зүйл хийдэг талаар мэдэхгүй байна. Бид анх танилцаж байхад надад хэлэхдээ айлын мал харж байсан, тухайн айл нь хөлсөө өгөхгүй болохоор нь айлын малыг нядлаад авсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаад шалгагдаж байсан...1 хүүтэй гэж надад хэлж байсан... Т.Д... гэртээ хонохгүй байх, оройтож эсвэл үүрээр гэртээ ирэх үе... байсан, миний санаж байгаагаар сардаа 1-2 удаа гэртээ хонохгүй байдаг, ямар учиртай талаар асуухад ажилтай гэж хэлдэг байсан... Өөр хүний данснаас мөнгө орж байсан байх ажлын хөлс орж ирнэ гэж хэлдэг байсан.Өөр хүний данснаас мөнгө орж байсан байх, ажлын хөлс орж ирнэ гэж хэлдэг байсан... “ гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 49 дэх тал),

 

32. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э-ын гэрчээр өгсөн:

“...Би тухайн өдрүүдэд гэртээ байсан. Тухаыйн үед шөнийн 12 цагийн үед гарч худгаа асаах үед манай гэрийн хойд жалганд нэг цагаан юм харагдсан. Жалга руу ойртоход үхэр мөөрсөн. Тэгэхээр нь би айлын үхэр үлдсэн юм болов уу гэж бодоод буцаад шууд гэр лүүгээ орчихсон. Өөр ямар нэгэн зүйл харагдаагүй. Тэгээд өглөө гэрээсээ гараад 10 цагийн үед манай худгийн хажууд хашаа барьж байсан нэг хүн энд нэг үхэр нухсан юм шиг байна гэхээр нь би харсан чинь манай хажуу айлын үхэр байсан. Шөнө гарах үед машин харагдаагүй. Миний хол, ойрын хараа муу -2 тохиргоотой нүдний шил зүүдэг, тухайн үед би шилгүй байсан. Машин харагдаагүй. Манай хажуугаар машин тасралтгүй явдаг тэр болгоныг анзаараад байдаггүй. Би гэрээсээ гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өнөөдрийн үхрээ алдсан айл жилийн өмнө нэг үхрээ алдаж байсан, өөр алдсан айл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 82 дахь тал),

 

33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-ны гэрчээр өгсөн:

“...2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ХУД-ийн хх дугаар хороо хх дүгээр хэсэгт байх ногоон талбай дээр өглөө 8 цагт ирсэн. Ногооны талбай дээр байсан хогийг шатаагаад хамт ажилдаг Б. гэх ирэхгүй байхаар нь би шувууны хх-р хэсэг рүү очиж, миний танил ах М. талбайд амьдардаг. Тэндээс Б-г аваад ногооны талбай дээр ирээд ажилаа хийж байтал Б. “наашаа хүрээд ир энд үхэр нядлаад махыг нь аваад явчихсан байна гэхээр нь очоод хартал толгой, шийр, арьс, гэдэс доторхыг нь гаргаад хаячихсан байсан. Хажуу талд нь цус болсон хэсэг байсан.

Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ ногооны талбай минийх биш. Маам гэх залуугаас газрыг нь түрээсэлсэн. Би ногоонй талбай дээр сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны мягмар гарагт 10 цагийн орчим ирээд Б-ийн хамт талбайн пилопко хуулж байгаад орой 19 цаг 30 минутын үед Б. бид хоёр явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 125 дахь тал),

 

34. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Би хувиараа хүү Б.А-ын 22 тооны үхрийг малладаг юм. Тус өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би хүү Б.А-ын 22 тооныг үхрийг Хан-Уул дүүргийн 12 нутаг дэвсгэрт бэлчээд явж байхад нь хх дүгээр хороо хх дэвсгэр рүү туугаад оруулсан юм. Тухайн үед цаг 17 цаг болж байсан бөгөөд хх нутаг дэвсгэр рүү оруулчхаад өөрсдийн 18-19 цагийн орчимд гэрийнхээ гадна буюу хх тоот хашааны хажууд хүрээд ирсэн байдаг юм. Улмаар тус өдрийн орчимд бусад үхрүүд ирсэн бөгөөд бор халзан зүсмийн 7 настай, сувай эм ганцаараа ирээгүй болохоор нь оройдоо ирэх байх гэж бодоод хоносон. Тэгээд маргааш нь ирэхгүй болохоор нь Хан-Уул дүүргийн хх, хх, хх дүгээр хороодын нутаг дэвсгэрээр хүү Б.А-ын хамт эрж хайж байгаад өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороо Биогийн хогийн цэгээс зүүн урагш 500 орчим зайд байрлах жалганд шулуулсан байдалтай байхыг нь олоод цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн үед үхэрнүүдээ бүртгэхэд алдагдаж шулагдсан гэх үхэр байсан. Надад шууд сэжиглэж байгаа хүн байхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 24 дэх тал),

 

35. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.У-ийн гэрчээр өгсөн:

“...Манайх 3 саалийн үхэр, 1 шүдлэн, 1 гунж гэсэн нийт 5 үхэр малладаг бөгөөд өчигдөр буюу 2022 оны 09 сарын 28-ны өдрийн орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р хэсэг 1205 тоотын гадна бэлчээрэсээ ирсэн байсан. Орой 20 цагийн үед би гэрээс гарч харахад үхэрнүүд гэрийн гадна байсан ба 22 цагийн орчимд манай дүү Г. манай гэр лүү ирж байхад үхэрнүүд маань гэрийн гадаа хэвтэж байсан гэж хэлсэн. Маргааш өдөр нь буюу 2022 оны 09 сарын 29-ний өглөө 08 цагийн үед үхрээ саах гээд гэрээс гарахад шүдлэн байхгүй байхаар нь хашаанаас машинтай гарч хайхад байгаагүй. 10 цагийн орчимд адуугаа туугаад явж байсан мотоциклотай залуу адуунуудаа гэрээс холгүй эзэнгүй хашаа руу оруулхад үхэр нядалчихсан байхаар нь хажуу айлын 2 хөгшинд хэлсэн байна. тэр айлын хүмүүс манайд ирээд энэ талаар хэлээд яваад очтол манай үхэр байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. П.Х. гэх хүний гар халзан зүсмийн эр шүдлэн үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гэхдээ манай үхэрнүүдийг мэддэг хүн л манай үхрийг нядалсан байх гэж бодож байна. манай эр шүдлэн үхэр им тамга байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 66-67 дахь тал), 

 

36. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ын гэрчээр өгсөн:

“...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 24- ний өглөө 08 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх-ийн баруун дэнжээс ус авах гээд явж байтал төмөр замын нүхэн гарцаас 100 орчим метр зайд хойно эргийн гол хэсэгт хэрээ шавааралдаад байхаар нь гайхаад дөхөөд хартал үхрийн арьс, гэдэс дотор, шийр зэрэг зүйлс харагдахаар үхрийн эзэн О. ах руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь тэдний малчин руу залгаж мэдэгдсэн. О. ах гэрийнхээ гадаа явж байхаар нь дуудаад хэлсэн. Удалгүй малчин ирхээр нь ах яваад өгсөн. Манай энэ хавиаар 3-4 айл үхэр малладаг. Тэр дундуу О. ах их олон үхэр малладаг. Нөгөө айлуудын дугаарыг нь мэдэхгүй тул мэддэгээрээ О. ах руу эхэлж залгасан. Би яг сайн ойртож очиэ хараагүй, холоос харахад улаан халзан зүсмийн үхэр харагдсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 4-р хавтас 82-83 дахь тал),

 

37. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Д-ын гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын сүүлээр орой 17 цагийн үед 2023 оны 01 дүгээр сард хүнээс худалдаж авсан хххх улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр хх гэх газраас хойш хороолол гэх газар очсон. Орой 22 цагийн орчим үхэртэй айлыг хараад машинаа тухайн айлаас хол байрлуулчихаад явган алхаж очоод хашааны гадна байсан 1 тооны үхэрийг барьж аваад ойролцоо байх блокон хашаанд нядалсан. Нядалж дуусаад машин руугаа очоод буцаж ирээд махаа ачаад төв замаар явсаар байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Дэнжийн 1000 дээр очиж мах өгдөг Н. гэх эгчийн хашаанд очиж амбаарт нь буулгасан. Мөнгийг бэлнээр өгсөн. Хэдэн төгрөг авсан талаар сахагүй байна. би 2023 оны 01 дүгээр сард хүнээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан хх улсын дуугартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 52, 142, 186, 228 дахь тал, хэргийн 2-р хавтас 24, 82, 132, 179,  225 дахь тал, хэргийн 3-р хавтас 26, 69, 109, 154, 193, 237 дахь тал, хэргийн 4-р хавтас 36, 80, 124 дэх тал),

 

38.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Д-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оноос хойш шүтээнээ залж бөө болсон. Би хүн үзэж хардаггүй зүгээр уул ус аргадаж явдаг. Төв аймгийн Борнуур суманд 2022 оноос эхлэн хашаа түрээслэж ногоо тариалж байгаа үүнээс өөр ямар нэгэн ажил эрхэлдэггүй. Манай гэр бүлийн хүн оёдолчин мэргэжилтэй бөгөөд одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Би урьд өмнө нь 5 удаа ял шийтгэл эдэлж байсан. Надад одоогоор өр зээл санхүүгийн асуудал байхгүй. Би 2023 оны 05 сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд өөрийн худалдаж авса хххх улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад хаана ямар үхэртэй айл байгааг ажиглаж байгаад орой 23 цагийн орчимд харанхуй болохоор нэг үхэртэй айлыг харж нүдлээд машинаа хол аваачиж тавиад бцаж алхаж нөгөө айлын гаднаас нэг үхэр хөтөлж авч яваад ойролцоо байсан эзэнгүй жалганд оруулж нядлаад машины ард талын хэсэгт махыг нь ачиж хийсэн.

Би тухайн газраас шууд төв зам руу ороод Дэнжийн мянгад байдаг Н. гэх эгчийн гэр лүү нь очиж бэлнээр 800.000 төгөргөөр тохирч зарсан. Өмнө нь мөн адил Соната-5 маркийн хх гэсэн сертэй /одоо дугаарыг нь мартсан байна/ тээврийн хэрэгсэл ашигладаг байж байгаад 2022 оны 09 сард мотор нь цохиод задаргаанд 300.000 төгрөгөөр зарчихсан. Мөн хэрэг үйлдсэн газраа сайн дураараа зааж өгсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гарсан. Би Н. гэх хүнтэй 10 жилийн өмнөөс хх зах дээр мах зардаг байхад нь танилцаж байсан. Тухайн үед мах аваачиж өгч танилцсан. Би мах аваачиж өгөх үедээ шууд гэрт нь явж очоод гарал үүслийн бичгийг нь товчоон дээр үзүүлээд ирсэн гэж хэлээд өгчихдөг байсан. Утасны дугаарыг нь мэднэ гэхдээ урьдчилж ярьсан зүйл байхгүй. Би авчирсан махаа Төв аймгаас авч ирлээ гэж хэлдэг байсан.тухайн үед бөөний үнэ нь тийм хямд ханштай байсан тул зарсан. Намайг төв аймгаас гарал үүслийн бичигтэй мах зарж байна гэж боддог байсан тул хулгайн мах гэж мэддэггүй байсан.

Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шувуун фабрикаас улаан зүсмийн үхэр аваад гудамжнаас нь холдуулж байгаад нядалсан. Тухайн үед Соната-5 маркийн хх улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан. Махаа машиндаа ачаад хот руу Дэнжийн мянгын махны ченжед аваачиж өгсөн. Тэр ченж нь Н. гэдэг би гуйсаар байгаад 1 сая төгрөгөөр худалдсан. Би мөнгөө бэлнээр нь аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би уг гэмт хэргийг ганцаараа хийсэн. Би 2022 оны 12 дугаар сард Г. гэдэг хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед бидний хооронд ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй. хх Соната-5 тээврийн хэрэгсэл нь Г-ын нэр дээр хэвээрээ байгаа.

Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байсан. Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Шувуун фабрикийн орчим бэлчээрт байсан хэдэн үхэрнээс нэгийг нь сүргээс нь тасалж авч яваад Эмээлтийн явуулын ченж нөрт махаа өгөөд явсан. Хэдэн төгрөгөөр худалдсан гэхдээ санахгүй байна. би тухайн тээврийн хэрэгслийн 2022 оны 05 сард үл таних хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Яг хэд гэсэн дугаар байсныг нь санахгүй байна. тухайн машин маань одоо надад байхгүй мотор нь цохиод задаргаанд 300.000 төгрөгөөр тооцоод зарчихсан.

Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой өөрийн эзэмшлийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Био комбинатын хогийн цэгийн орчимд бэлчиж байсан хэдэн үхэрнээс нэгийг нь сүргээс нь тасалж аваад жалганд оруулаад нядалсан. Толгой шийрийг нь үлдээгээд махаа зөөж машиндаа ачаад авч явсан. Махыг нь эмээлтийн махны ченжүүдэд бэлэн мөнгөөр өгсөн. Тухайн хэргийг үйлдэх үедээ 2022 оны 05 сард үл таних хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслээ ашигласан. Уг хэргийг би ганцаараа үйлдсэн.

Тухайн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-аас 31-ийг шилжих орой 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувууны хашаатай айлуудын гадуур явж байгаад хэсэг үхэрнүүд харсан. Өөрийнхөө машиныг хол байрлуулж байгаад явган алхаж очоод нэгийг барьж авч тууж яваад Боржигоны бор тал гэх газарт байдаг карерын шорооны дунд аваачиж нядалсан. Тэндээ нядалсан газартаа машинаа авч ирээд махаа ачаад аваад явсан. Махаа ачих үедээ толгой шийрийг нь үлдээсэн. Толгойг нь нядалсан газраасаа 10 орчим метр зайд холдуулж орхисон. Тэгээд махаа Эмээлт рүү ачиж яваад явуулын ченжид аваачиж өгсөн ба махныхаа тооцоог бэлнээр авч байсан. Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж байсан гэдгээ санахгүй байна. 2022 оны 05 сард үл таних хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслээ ашигласан. Мөн уг хэргийг би ганцаараа үйлдсэн.

Би 2022 оны 09 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх гэх газарт дугаарыг нь сайн санахгүй байгаа Соната-5 тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Шөнө нэг айлын хашааны гадна хэдэн үхэр байсныг олж хараад машинаа жоохон зайдуухан байрлуулж байгаад буцаж алхаж ирээд нэг хараад машинаа жоохон зайдуухан байрлуулж байгаад буцаж алхаж ирээд нэг хар алаг зүсмийн үхрийг нь аваад зүүн урд талд нь байсан хонхор газарт нь аваачиж нядалсан. Машиндаа махыг нь ачаад толгой шийрийг нь үлдээгээд явсан ба махаа авч яваад урьд нь таньдаг байсан Н. гэдэг эгчийнхээ хашаанд аваачиж буулгасан. Н. эгчид ямар нэгэн асуудалгүй бичиг баримттай мах шүү гэж хэлээд өгсөн. Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж байснаа санахгүй байна.

Би 2022 оны 09 сарын 28-аас 29-ийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн эзэмшлийн Саарал өнгийн Соната5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад харуй бүрий болох үед айлын хашааны гадна хэвтэж байсан үхэрнүүдийг олж хараад гэгээ тасархыг хүлээж шөнө болонгуут нь машинаа холгүй байруулж байгаад харуй бүрий болох үед айлын хашааны гадна хэвтэж байсан арав орчим үхэрнүүдээс нэгийг нь сүргээс нь тасалж тууж байгаад арынх нь дутуу баригдсан блокон хашаанд оруулж Дэнжийн мянга руу Н. гэдэг ченжид зарсан. Тэр үед махаа хэдэн төгрөгөөр тооцож өгч байснаа санахгүй байна.

Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн хх-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад бэлчээрт байсан хэсэг үхрийг олж харсан. Явж очоод цагаан толгойтой 1 тооны үхрийг олж харсан. Явж очоод цагаан толгойтой 1 тооны үхрийг барьж аваад тэр хавийн нам дор газарт аваачиж нядлаад толгой шийрийг нь үлдээгээд махыг нь машиндаа ачаад Эмээлтэд явуулын ченжид худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсан гэдгээ санахгүй байна. тэр үед унаж явсан машин нь Соната-5 машинтай ганцаараа явж байсан.

Би 2022 оны 10 дугаар сарын 17-оос 18-ныг шилжих шөнө Хан-Уул дүүргийн хх-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Булгийн эх гэх газарт байрлах өвөлжөөнд хэдэн үхэр байхыг олж хараад машинаа холхон байрлуулаад шөнө болмогц нэг үхрийг нь сүргээс нь тасалж аваад Бат бэх зуурмагийн үйлдвэрийн урд талын жалганд аваачиж нядалсан. Машинаа ойртуулж махаа ачаад Эмээлтийн манхы ченжид зарсан тэр үедээ бэлнээр тооцоогоо хийж байсан. Хэдэн төгрөгөөр худалдсанаа санахгүй байна.

Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой Цагаан эрэг гэх газарт дугаарыг нь сайн санахгүй байгаа Соната-5 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Шөнө нэг айлын хашааны гадна хэдэн үхэр байсныг олж хараад машинаа жоохон зайдуухан байрлуулж байгаад буцаж алхаж ирээд нэг тооны үхрийг нь аваад баруун хойд талд нь байдаг нэг жалганд нь аваачиж нядалсан. Машиндаа махыг нь ачаад толгой шийрийг нь үлдээгээд явсан ба махаа авч яваад эмэээлтийн тэнд нэг явуулын ченжид өгөөд мөнгөө бэлнээр нь авсан хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ сайн санахгүй байна. тухайн үед ашигласан тээврийн хэрэгсэл нь одоо надад байхгүй. Мотор нь цохиод 300.000 төгрөгөөр задаргаанд өгч зарсан.

Би тухайн хэрэг болох үе буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад хэдэн хэр бэлчиж байхаар нь бор халзан зүсмийн нэг тооны үхрийг барьж аваад хх хогийн цэгийн зүүн урд талын жалганд аваачиж нядлаад махыг нь машиндаа ачиж авч яваад хх руу Н. эгч рүү аваачиж өгсөн. Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж байснаа санахгүй байна.

Би 2023 оны 04 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад бэлчээрт байсан хэсэг үхрийг олж харсан. Тэгээд бэлчээрээс нь холгүй зайд машинаа байрлуулж байгаад бэлчээрийн үхэр рүү алхаж очоод сүргээс нь хар халиун зүсмийн нэг тооны бухыг салгаж тууж яваад Хан-Уул дүүргийн хх-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Карерын замын баруун урд талд байрлах ногооны талбайн хажууд аваачиж дутуу баригдсан блокон хашаанд нядалсан. Машинаа ойртуулж ирээд махаа ачаад аваад явсан. Махыг нь хх дээр мах зардаг Н. гэдэг танил эгчид аваачиж өгсөн. Тухайн үед Наранцэцэг эгч надаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг нь сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 125, 159-161 168,  202-203, 210, 245-246 дахь тал, хэргийн 2-р хавтас 3,46-47, 54, 56-59, 99-100, 107, 147-149, 156, 200-201, 208, 244-246 дахь тал, хэргийн 3-р хавтас 3, 28-29, 44, 71-72, 88, 111-112, 123, 156-157, 170, 196-197, 212, 239-240 дэх тал, хэргийн 4-р хавтас 8, 38-39, 58, 85, 102, 126-127, 144 дэх тал) болон шүүгдэгч Т.Д-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 4-р хавтас 149 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ххх дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 4-р хавтас 155-156), хх дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хэргийн 4-р хавтас 160-161 дэх тал), хх дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 162-166 дахь тал), хх дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 167-169 дэх тал), хх дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 170-176 дахь тал), өрхийн мэдээлэл (хэргийн 4-р хавтас 178 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хэргийн 180-184 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 4-р хавтас 187 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) (хэргийн 4-р хавтас 188 дахь тал), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 4-р хавтас 189 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 4-р хавтас 190 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 4-р хавтсас, 191 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд шалгах ажилагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байгдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:  

  

Хэргийн шүүгдэгч Т.Д нь: 

1. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай “Хьюндай Соната” маркийн автомашиныг ашиглаж, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 6 дугаар хэсэг 36-2 тоот хашааны гаднаас иргэн Д.Д-ийн улаан зүсмийн 5 настай 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол,

2. 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр хх гэх газраас иргэн Ц.Ж-ийн улаан халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,

3. 2023 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх тоо хашааны гаднаас иргэн Д.Ө-ийн улаан алаг зүсмийн, Алтай үүлдрийн 1 тооны шүдпэн үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

4. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан иргэн Ч.З-ын 6 настай хар тарлан зүсмийн 1 тооны сувай үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,

5. 2023 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын Бурхантын 1-10-145 тоот хашааны гаднаас иргэн Б.М-ын эд хөрөнгө оолох "Мон биллеярд" үүлдрийн, цагаан алаг зүсмийн 1 тооны шүдлэн үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

6. 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх гэх газар орчмоос иргэн Н.У-ын улаан алаг зүсмийн, дөнжин настай, 1 тооны эм үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

7. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо нутаг дэвсгэрт орших хх гэх газрын орчмоос иргэн О.И-ийн буган халиун зүсмийн, 4 настай 1 тооны бухыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,

8. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн, улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо хх гэх газраас иргэн Ж.Б-ын хүрэн зүсмийн хар тарлан үүлдрийн нас гүйцсэн 1 тооны үнээг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

9. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ххххх улсын дугаартай "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх дугаар хэсгийн хх тоот хашааны гаднаас иргэн Ц.Д-ийн цагаан ягаан зүсмийн, дөрвөн настай, нэг тооны үнээг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол,

10. 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн Б.А-ын 1 тооны, бор халзан, 7 настай сувай бүдүүн үнээг бэлчээрээс нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

11. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн, улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх дугаар хэсэг хх тоот хашааны гаднаас иргэн П.Х-ийн 1 тооны эр шүдпэн үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

12. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн, улсын дугаар нь тодорхойгүй "Хьюндай Соната" маркийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх хэсэг хашааны гаднаас иргэн З.Э-ын 1 тооны нас гүйцсэн үнээг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

13. 2022 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, Морингийн давааны орчмоос иргэн Д.С-ын улаан халзан зүсмийн, 6 настай 1 тооны үхрийг хулгайлж, 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,

14. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн, улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дүгээр хорооны нутаг дзвсгэрээс иргэн В.Г-ын хүрэн халзан зүсмийн, хязаалан 1 тооны эр үхрийг хулгайлсан, хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан”,

15. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшпийн, улсын дугаар нь тодорхойгүй "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн А.П-ийн 1 тооны 4 настай, хязаалан эр үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

16. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний хооронд өөрийн эзэмшлийн улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн С.О-ийн 3 настай, хээлтэй, бор зүсмийн 1 тооны үнээг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

17. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хх гэх газрын хх тоот хашааны гаднаас иргэн Л.О-ийн улаан зүсмийн, 4 настай 1 тооны үнээг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол,

18. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн, улсын дугаар нь тодорхойгүй, "Хьюндай Соната" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх тоот хашааны гаднаас иргэн С.Д-ийн хар алаг зүсмийн, соёолон насны /6 настай/ 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт тодорхой давтамжтай 18 удаагийн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, нэр бүхий хохирогч 18 иргэдэд нийт 34.200.000 /гучин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Д нь машин механизм ашиглан бусдын өмчлөлд байгаа олон тооны буюу 18 үхрийг хувьдаа ашиг олох шунахай сэдэлт зорилгоор,  бусдын амь бие эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн эзэмшлээс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авч, улмаар үхрийг нядалж, махлаж заран ашиг олох байдлаар өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, бусад этгээдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулж буй үр дагаврыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж,  өөрийн үйлдлээ төгсгөж буй нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулсан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хүний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэрэг мөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Д-ын дээрх үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тхирсон, хуулийн үндэслэл байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Д-ыг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Хэргийн шүүгдэгч Т.Д нь хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргаагүй хэдий тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хохирогчоор тогоогдсон нэр бүхий зарим иргэд болох Ж.Б, Б.А, Ч.З, В.Г гэх иргэдийн малыг хулгайлаагүй, мөн хэргийн зарим хохирогч иргэдийн малын үнэлгээг хэт өндөр тогтоосон хэмээн маргасан хэдий ч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, үнэлгээний тайлан дүгнэлт зэргийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотлогоог шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй болно.     

 

Шүүгдэгч Т.Д-ын мал хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 18 хохирогч иргэдэд 34.200.000 /гучин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн талаар хэрэгт баримтгүй байна.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.

 

Хэргийн нэр бүхий хохирогч иргэдийн хулгайд алдагдсан малын зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн үнэ цэнийг гэмт хэрэг гарсан үеийн байдлаар тус тус үнэлж тогтоосон, хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан эрх бүхий Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт баримтууд хэрэгт авагдсан ба үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр хохирогч тус бүрд учирсан хохирлын хэмжээг тодорхойлж тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж дүгнэн, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтэд заасан үнэлгээний дүнгээр хохирогч тус бүрд  учирсан хохирлыг хэмжээг тооцож, гэм буруутай этгээд болох шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцож, шүүгдэгч Т.Д-аас нийт 34.200.000 /гучин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч  

1. Д.Д 2.000.000 /хоёр сая/ төгрөг,

2. Ц.Ж 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг,

3. Д.Ө 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,

4. Ч.З 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг,

5. Б.М 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

6. Н.У 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

7. О.И 1.650.000 /нэг сая зургаа зуун тавин мянга/ төгрөг,

8. Ж.Б 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг,

9. Ц.Д 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг,

10. Б.А 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг,

11. П.Х 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

12. З.Э 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,

13. Д.С 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг,

14. В.Г 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,

15. А.П 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг,

16. С.О 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,

17. Л.О 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг,

18. С.Д 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгчийн   гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн /уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь сэлбэгээр задал бусдад задал зарсан гэх/ нь үнэлгээгээр тогтогдсон дүн 1.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогд оруулах хөрөнгө орлого хураан албадлагын арга хэмжээ авч, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан, хэрэгт битүүмжлэгдэж тээврийн хэрэгсэл түр саатуулах 14-р хашаанд хадгалагдаж байгаа, 6.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Хьюндай Соната маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.   

 

Хэргийн шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 4-р хавтас 149 дэх тал), хх дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 4-р хавтас 155-156), хх дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хэргийн 4-р хавтас 160-161 дэх тал), хх дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 162-166 дахь тал), 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 167-169 дэх тал), хх дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 170-176 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хэргийн 180-184 дэх тал) зэрэг баримттай байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгч Т.Д-ын урьд гэмт хэрэг үйлдэж, хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүх, шүүгдэгч Т.Д-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул

- эрүүгийн  хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,

- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл хэмжээний дотор Т.Д-д 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн хх дугаартай захирамжаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу Т.Д нь 2024 оны 04 сарын 18-ны өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2024 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 33 /гучин гурав/ хоног цагдан хоригдсон байх тул “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг Сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. хх овогт Т-ын Д-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар Т.Д-д 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Д-д оногдуулсан  03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Т.Д-аас 34.200.000 /гучин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэр бүхий 18 хохирогч иргэдэд шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Д-ын цагдан хоригдсон нийт 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Т.Д-аас гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдэж тээврийн хэрэгсэл түр саатуулах 14-р хашаанд хадгалагдаж байгаа, 6.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Хьюндай Соната маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD 2 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт Т.Д-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД