| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 135/2023/02088/И |
| Дугаар | 001/ХТ2024/00227 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/00227
“ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2024/00051 дүгээр магадлалтай,
“ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Б.Г-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“ГБ” ХК нь Б.Г-т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Г-с 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ГБ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2024/00051 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-с 20,015,223.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "ГБ" ХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 258,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол нотлох баримт болох зээлийн гэрээнд огт дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримталсан нь үндэслэл муутай болжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасан зохицуулалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч болон Ш.Б, Б.Г нарын байгуулсан 2018.12.12-ны өдрийн гэрээнд зөвхөн Ш.Б-н цалинг барьцаалсан байна.
4.2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөвхөн цалин барьцаалсан үндсэн зээлдэгч Ш.Б-д хамааралтай гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх мөн хуулийг хэрэглэхдээ гарын үсэг зурсан тул Б.Г-т хамааралтай гэж үзэн өөрөөр тайлбарласан. Хамтран зээлдэгч Б.Г-н хувьд зээл олгох болон буцаан төлөх чадвартай эсэхэд судалгаа дүгнэлт огт хийгээгүй. Түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байдал нь Б.Г-н гарын үсгээс огт өөр байгаа нь ажиглагддаг. Б.Г нь зээл авахдаа ямар эрх эдэлж, үүрэг хүлээснээ мэдэхгүй байгаагаас гадна хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хэлцэл хийх бүрэн чадамжгүй хүн гэдэг нь гаднах биеийн хэлэмжээрээ ч харагддаг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01105 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцээд, гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “ГБ” ХК хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,015,233.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...2018.12.12-ны өдөр Ш.Б, хамтран зээлдэгч Б.Г нар нь 15,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан, ...хамтран амьдрагч Б.Г өөрийн хүсэлтээр хамтран зээлдэгчээр оролцож, гэрээ байгуулсан. Ш.Б нь 2021.09.12-ны өдөр нас барсан бөгөөд зээлийн төлөлт хийгдээгүй учир хамтран зээлдэгч үүргийг хариуцах ёстой...” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Банк хамтран зээлдэгчийг шалгуур үзүүлэлтээр судалж, шийдвэрлэх ёстой. Миний хүү Б.Г нь 2011 оноос сахарын дутагдал өвчнөөр оношлогдож, яваандаа тархины хатингиршилтай болж ой санамж муу, мартамхай болсон, 2010 онд төрсөн өргөмөл охинтой байсан боловч амьжиргааны түвшин доогуур гэж үзэн охиныг асрамжийн газар өгсөн, ...гэтэл 280,000 төгрөгийн тэтгэмжээс өөр ямар ч орлогогүй, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүнээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулсан...зээлийг хамтран хариуцах үндэслэлгүй...” гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23-д зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэргийг заавал бүрдүүлэх, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заасан, ...талуудын байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэгч Ш.Б-ын цалинг барьцаалсан зээл бөгөөд хариуцагч Б.Г нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зуржээ, ... гэвч Б.Г нь өвчний учир хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас группт байсан болох нь тогтоогдож байх ба банк хамтран зээлдэгч Б.Г-н орлогын талаарх мэдээлэл, баримтыг бүрдүүлсэн нь тогтоогдоогүй, ...гэрээнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч Ш.Б-н цалин, дансны орлогыг барьцаалсан байгаа бөгөөд гэрээнд хариуцагч Б.Г үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар тусгаагүй нь хууль зөрчсөн, түүнээс гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-с 20,015,223.27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ГБ" ХК-д олгож шийдвэрт өөрчлөлт оруулсан ба нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид зээл олгосон, хариуцагч гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй..., анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, ... зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч Б.Г нь хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан тул зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ..., Б.Г нь өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байгаа нь түүнийг эрх зүйн бүрэн чадамжгүй болсон гэж үзэж зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй..., мөн 2024.03.21-ний өдрийн 135/ШШ2024/00394 дүгээр шүүхийн шийдвэрээр хариуцагч Б.Г-г эрх зүйн чадамжгүйд тооцсон боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн үүнээс өмнө хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
10.“ГБ” ХК нь зээлдэгч Ш.Б, Б.Г нартай 2018.12.12-ны өдөр ЗГ4305124209 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Ш.Б-н цалинг барьцаалан 15,500,000 төгрөгийн зээлийг Ш.Б-н 4305117622 тоот дансанд шилжүүлсэн, Ш.Б нь 2020.04.30-ны өдрийн байдлаар нийт 5,951,265.70 төгрөгийг (хх 17-21) төлж байгаад 2021.09.12-ны өдөр нас барсан, зээлийн гэрээний хугацаа 2023.11.30-ны өдөр дууссан үйл баримт тогтоогджээ.
Зохигчийн хоорондох маргааны зүйл нь хариуцагч Б.Г хамтран үүрэг хүлээх эсэх асуудал байна.
11.Хоёр шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлсон боловч гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид үүрэг үүссэн эсэх талаар анхаараагүй нь алдаатай болсон байх ба хяналтын шатны шүүх залруулах шаардлагатай гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг нь гэрээ байгуулагдсан хийгээд гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд л үүснэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үздэг. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2018.12.12-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан боловч хариуцагч Б.Г-т хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах санаа зорилго, хүсэл зориг байсан нь хангалттай тогтоогдсонгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Г-ийг сахарын дутагдал өвчнөөс гадна 2008 онд харвалт өгсөн, тархины хатангиршил оноштой, мартамхай, ой санамж муу болохыг Б эмнэлгийн Томографийн шинжилгээ (хх 41), Дархан-Уул аймгийн Н-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (хх 42) баримтаар нотолсон ба тэрээр гэрээний үр дагавар, учир холбогдлыг ойлгоогүй гэрээнд гарын үсэг зурсан гэж маргасан.
Б.Г нь Ш.Б-тай хамтын амьдралтай байсан ба сахарын дутагдал өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байдаг баримт хэрэгт байгаагийн зэрэгцээ өөрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чаддаг байсан эсэх нь түүний групп тогтоолгосон өвчний байдлаас эргэлзээтэй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23-д зааснаар зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаарх мэдээллийг банк бүрдүүлэх үүрэгтэй байна.
Хэдийгээр түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцоогүй боловч өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй талаар маргаж эрүүл мэндийн байдлыг илэрхийлсэн баримт гаргасан байхад зээлийн гэрээ байгуулах үндэслэл болсон зээл авах хүсэлт, зээлийн хувийн хэрэг зэрэг шаардлагатай баримтыг нэхэмжлэгч гаргаж, шаардлагаа нотлоогүй нь хариуцагч Б.Г гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй гэх дүгнэлтэд хүргэж байна.
Банкны иргэнтэй байгуулсан зээлийн гэрээ нь хэрэглэгчийн гэрээ учраас зээлдэгчийн хүлээх үүрэг, гэрээний нөхцөл, эрсдэлийг тодорхой илэрхийлээгүй нөхцөлд хэрэглэгчийн ашиг сонирхлын үүднээс гэрээг тайлбарлах бөгөөд хамтран зээлдэгч ямар хариуцлага хүлээх, үүргийг хамтран хүлээх хүсэл зориг байгаа эсэх, үүнийгээ ухамсарлан ойлгосон эсэх, үр дагаврыг тайлбарлан өгсөн эсэх асуудал ач холбогдолтой байхад банк хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж, баримтаар нотолж чадаагүй байна.
Хамтран үүрэг гүйцэтгэх этгээд нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой, үүргийг хамтран хариуцах хүсэл зориг бүхий этгээд байдаг бөгөөд хариуцагч Б.Г-т зээл авах, хамтран хариуцах хүсэл зориг байсан тухай баримт хэрэгт байхгүй байна.
Гэрээнд гарын үсэг зурсан нь хүсэл зоригийн илэрхийлэл мөн боловч хүсэл зориг байгаагүй нөхцөлд гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэлцлийн субьектив шинж болох “хүсэл зориг” байхгүй тохиолдолд гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүрэг үүсээгүй байх тул хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийг хариуцахгүй, улмаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2024/00051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.29-ний өдөр төлсөн 258,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН