| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0005/Э |
| Дугаар | 942 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 942
2020 7 28 2020/ДШМ/942
Б.От холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Б.О,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908058040513 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хотгойд овгийн Б.О, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг эдэлж байгаа;
Б.О нь иргэн Д.Ды өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 91 дүгээр байрны 44 тоот байрыг түрээслэн сууж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20-23 цагийн үед хохирогч Д.Тд “Энэ манай төрсөн ахын байр бөгөөд хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа гэж 1.800.000 төгрөгийг ээж Г.Бгийн Хаан банкны 52800008241 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хотгойд овогт Батнасангийн Б.Оийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1 жил 7 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуусан 1 жил 7 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Оийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 12 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Оээс 1.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байр, 44 тоотод оршин суух, 88182325, 80397899 холбогдох утастай, РД-УИ96091418/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оийн эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэх тоолж, Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 10 настай охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Одоогоор охин маань тэтгэвэрт байдаг өндөр настай эхийн минь асрамжид хөдөө орон нутагт амьдарч байгаа. Би гэм буруутай үйлдлээ ухамсарлан, бусдад учруулсан хохирол болох 1.800.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж байна. Энд байх хугацаандаа маш ихийг ухаарч ойлгож байна. Гэм буруутай үйлдлээ ухамсарлан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд надад итгэл үзүүлэн, миний хувийн байдлыг маань харгалзан үзэж, надад оногдуулсан 1 жил 7 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.О нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогдсон. Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Учир нь, Б.О 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1521 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээр шүүхийн шатанд байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хэрэгт шалгагдаж байх явцад буюу шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 5 сар 12 хоногийг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 12 хоногоор тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь иргэн Д.Ды өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 91 дүгээр байрны 44 тоот байрыг түрээслэн сууж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20-23 цагийн үед хохирогч Д.Тд “Энэ манай төрсөн ахын байр бөгөөд хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа гэж 1.800.000 төгрөгийг ээж Г.Бгийн Хаан банкны 52800008241 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Төгс-Эрдэнийн “....Би эхнэр, хүүхэдтэйгээ хамт байр түрээслэх гээд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш байр хайсан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “91 дүгээр байр” гэсэн фэйсбүүкийн групп руу ороод “Түрээслэх байр хайж байна” гээд зар бичсэн чинь Б.О гэх хүн “2019 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш сулрах 1 өрөө байр байна, 6 сарын төлбөрийг авч түрээслүүлнэ” гэхээр нь хүлээж байгаад орохоор болсон. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.О 80350899 дугаарын утаснаас залгаад “Байр сулрах гэж байна, чи орохоор бол урьдчилгаа 500.000 төгрөгийг 5280008241 дугаарын манай ээжийн данс руу хийчих” гэхээр нь би шилжүүлсэн. “Сарын 300.000 төгрөгөөр 6 сарын мөнгийг бөөнд нь авна” гэж ярилцаж тохиролцсон. Орой нь Б.О тухайн байран дээрээ ирээд байрны ордер гэх зургийг утсан дээрээсээ харуулсан. Ордер эзэмшигчийн нэр нь Д.Д гэж байсан. Б.О “Энэ манай төрсөн ахын байр, хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа” гэж хэлсэн. Тэгж ярьсных нь дараа би үлдэгдэл 1.300.000 төгрөгөө 5280008241 дугаарын данс руу шилжүүлээд 6 сараар түрээслэхээр болсон. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.О түрээсийн гэрээ гэсэн баримт бичиг авчирч ирээд гэрээ хийсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Д гэх хүний ээж нь байна гээд үл таних хүн ирээд “Манайх байраа Б.О гэх хүнд түрээслэсэн байсан, сүүлийн нэг сарын түрээсээ өгөөгүй болохоор нь ирлээ” гэж ярьсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн...” /хх 45/,
гэрч Б.Дуламсүрэнгийн “...Миний хүү Д.Д Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байр, 44 тоотод байрлах 1 өрөө байраа “түрээслэе” гээд зар тавиад удалгүй Б.О гэх хүүхэн ирээд “би эхний сарын түрээсийн мөнгөөр засвар хийгээд оръё” гээд их таалагдсан бололтой байхаар нь cap бүрийн 20-ны дотор 300.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тэрнээс хойш cap бүрийнхээ төлбөрийг алдаг оног төлж байсан. Тэгээд Б.О байрныхаа түрээсийг төлөхгүй таг чиг болчихоор нь намар нэг өдөр байран дээрээ очсон чинь өөр хүмүүс орчихсон байсан. Тэгээд юу болсныг асуухад Д.Т гэх залуу “Манайх энэ байрыг түрээслэсэн” гэж байсан. Б.О надад өөр хүнд түрээслэх гэж байгаагаа хэлж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй...” /хх 52/,
гэрч Д.Ды: “...Шуурхай зар, Зар мэдээ” сонинд “түрээслүүлнэ” гэсэн зар өгөөд хүмүүст түрээслэж явсаар 2019 оны 3 дугаар сар хүргэсэн. Нэг эмэгтэй утсаар холбогдож байрыг ирж үзээд өөрийгөө “Батнасан овогтой Б.О” гэж танилцуулсан. “Танай байр жаахан заваан байна, би засвар хийе, эхний түрээсийн мөнгөөрөө засаад оръё” гэхээр нь “тэгье” гэсэн. Б.О “өөрөө байртай болох хүртлээ 3, 4 жилийн хугацаанд түрээслэнэ” гэхээр нь нэг сарын 300.000 төгрөгийг манай ээжийн данс руу хийхээр тохиролцож, гэрээ хийгээд би явсан. Тэгээд 2019 оны 4, 5, 6 дугаар саруудын түрээсийн мөнгийг бүрэн шилжүүлсэн. 7 дугаар сарын мөнгийг 2 хуваагаад, 8 дугаар сарын мөнгийг дутуу өгөхөөр нь би ээж Б.Дуламсүрэнд “Та байран дээр очоод үзээдэхээч” гээд явуулсан чинь “Б.О чинь өөр хүнд түрээслүүлээд явчихсан байна” гэхээр нь байран дээрээ очиход нэг хүүхэдтэй, хоёр залууд Б.О “өөрийн байр” гэж итгүүлж, гэрээ хийгээд сарын 300.000 төгрөгөөр 6 сарын мөнгө 1.800.000 төгрөгийг аваад явсан байсан.” /хх 47/,
гэрч Г.Бгийн “...5280008241 гэсэн дугаарын дансыг би ашиглахаа болиод, манай охин Б.О ашиглаж байгаа. Б.О 2019 оны 8 дугаар сарын дундуур Сэлэнгэ суманд гэртээ ирээд охинтойгоо уулзаад явсан. Тэгээд явахдаа Б.О “виза картаа хаячихсан” гэхээр нь би өөрийнхөө картыг өгч явуулсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй. ...” /хх 51-55/,
шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ээжийнхээ “Хаан банк”-ны дансны картыг тухайн үед ашиглаж байсан. Манай ээж орлого, зарлага хийгдэж байгаа талаар мэддэггүй байсан. ...” /хх 64-65, 114-115/ гэх мэдүүлгүүд,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 Баянхошуу гудамж 91 байр, 44 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Оийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Оийн бусдын байрыг өөрийн гэж итгүүлэн, улмаар түрээслэхээр 1.800.000 төгрөгийг Д.Тэс авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.О “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ял оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шудрага ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг 1 жил болгон өөрчлөв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэрхэн залилсан шинжийг заагаагүй байх тул “шүүгдэгч Б.Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Оийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдаж байна.
Шүүгдэгч Б.О нь 10 настай хүүхэдтэй гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлснээр хүүхэд өөрийн ээжийнх нь асрамжинд байгаа гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “Шүүгдэгч Хотгойд овогт Батнасангийн Б.Оийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Хотгойд овогт Батнасангийн Б.Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1 жил 7 сар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1 жилийн хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуусан 1 жил 7 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Оийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 12 хоногоор тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуусан 1 жилийн хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Оийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 5 сар 12 хоногоор тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ