Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2118

 

 

А.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч А.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.П-д холбогдох, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Х нь Д.Өлзийдэлгэрт 40 000 000 төгрөг зээлдүүлж, тус зээлийнхээ өрөнд түүний ВМW-5 маркийн 8795-УНХ улсын дугаартай автомашиныг тооцон авсан. Тухайн үед З.П нь уг автомашиныг нь худалдан авах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч автомашиныг Д.Өлзийдэлгэрээс өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүйгээр шууд З.П-ийн нэр дээр шилжүүлэн өгч, автомашины үнэ 40 000 000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу З.П-д автомашиныг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчээс удаа дараа шаардлага тавьж байсан ч өгнө гэсэн хариу өгдөг байсан боловч төлбөрөө барагдуулаагүй. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Өлзийдэлгэр болон З.П нартай уулзалдаж “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г байгуулж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоон, хэрэв тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан. Гэтэл З.П нь өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул автомашины үнэ 40 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 300 хоногийн алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 20 000 000 төгрөгийг нэмж нийт 60 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие автомашиныг худалдан авч ашиглаагүй бөгөөд 2016 оны 3 дугаар сард дээрх автомашиныг Ч.Бат-Ирээдүй нь миний найз Д.Өлзийдэлгэрээс худалдан авахад зуучлан өөрөөрөө дамжуулж өгсөн. Дээрх автомашины төлбөрийг Ч.Бат-Ирээдүй нь өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. А.Х-тай эд хөрөнгө, мөнгө өгч авалцаагүй бөгөөд өөрийн найз Д.Өлзийдэлгэрийн хүсэлтээр нэхэмжлэлд хавсаргасан төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх иргэний хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэсэн байх бөгөөд үүнээс хойш үүнээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигчдод нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулаагүй. Өмнө нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа талаараа тайлбарлаж, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өвчтэй байсан тул өмгөөлөгчтэй уулзаж чадаагүй тул өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өвчтэй байсан талаараа эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн боловч энэ баримтыг хүлээн аваагүй шүүх хуралдааныг явуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч тал ирсэн тул түүнийг оролцуулан шийдвэрлэсэн...” гэжээ. Гэтэл би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр шүүх рүү очоогүй эмчийн магадлагааг хүнээр өгч явуулсан байхад намайг шүүхэд ирсэн мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэлийн татгалзлаа үндэслэх нотлох баримтуудыг шүүхэд өгөх, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхээ хэрэгжүүлж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч З.П-д холбогдуулан BMW-Х5 8795 УНХ улсын дугаартай автомашины үнэ 40 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 300 хоногийн алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 20 000 000 төгрөгийг нэмж, нийт 60 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сард Ч.Бат-Ирээдүй нь Д.Өлзийдэлгэрээс дээрх автомашиныг худалдан авахад зуучилсан, харин А.Х-тай мөнгө өгч авалцаагүй гэж маргажээ.

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ч.Өлзийдэлгэр нь нэхэмжлэгч А.Х-д төлөх 40 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлдээ BMW-5 8795 УНХ улсын дугаартай автомашиныг өгөхөөр тохиролцож, Д.Өлзийдэлгэрийн өмчлөлийн автомашиныг З.П-ид шилжүүлж, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ./хх4/

Дээрх тохиролцооны дагуу BMW-5 8795 УНХ улсын дугаартай автомашин хариуцагч З.Пийн өмчлөлд шилжсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр барагдуулах гэрээ /хх4/, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх33/ зэрэг баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашиныг шилжүүлэн өгсөн, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж автомашины үнэ болох 40 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Түүнчлэн, талууд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний 1.4 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд төлбөр төлөх нэмэлт хугацаанд хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 345 хоногоор алдангийг тооцоход 69 000 000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх...” зохицуулалтад нийцүүлэн шүүх хариуцагчаас алдангид 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарласан баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлага татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх.43-44/ шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос хэн нь оролцсон талаарх мэдээлэл, шүүхийн шийдвэрийн удиртгал зэргээс үзэхэд шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч ирсэн тул түүнийг оролцуулсан шийдвэрлэсэн болно” гэж зөрүүтэй бичсэн нь уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Пийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ