| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2021/00318/И |
| Дугаар | 151/ШШ2021/00577 |
| Огноо | 2021-08-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2021/00577
2021 08 13 151/ШШ2021/00577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б ХХК нэхэмжлэлтэй,
Адуу үрэгдүүлсэн хохирлын төлбөрт 180,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*******************д холбогдуулан тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 151/Ш32021/00458 тоот шүүгчийн захирамж гарсаны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. *******************ыг эрэн сурвалжлуулах тухай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 151/ШШ2021/00251 тоот шуугчийн захирамжаар Төв аймгийн цагдаагийн газарт эрэн сурвалжлуулахаар даалгасан. Эрэн сурвалжлагдаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь цагдаагийн газраас оршин суух хаягын тодорхойлолтыг ирүүлсэний дагуу дараах нэхэмжлэлийг дахин хүргүүлж байна. Малчин ******************* нь 2012-2018 оны 4 сарыг хүртэл тус компанийн малчнаар ажиллах хугацаандаа 257 тооны адуу хариуцан маллаж байснаас 170 тооны морьд дутаан үрэгдүүлсэн. *******************ын дутаасан морьд дотор хурдан удмын угшилтай 4-5 морьд байсан. Тус компанийн малчнаар ажиллах хугацаанд малчин *******************д сар бүр 300 000-600 000 төгрөгийн цалинг тогтмол өгч, амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан узэж хоёр удаа цалинг нь шат дараалан нэмэгдүүлж, цалингийн зээлийг хэд хэдэн удаа хүүгүй олгож, адуу малын өвс тэжээлийг тогтмол компаниас хангаж бензин шатахууныг тогтмол өгдөг байсан.
******************* нь адуу мал дутаан үрэгдүүлсэн энэхүү нөхцөл байдлаа нуун дарагдуулж байсан. ******************* нь адуу дугааснаа шуурганд уруудуулсан эсвэл ухсэн гэх мэт тайлбаруудыг мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэдэн тооны адуу үхсэн, хичнээн адуу шуурганд уруудсанаас хэд нь олдсон зэрэгт өнөөдрийг хүртэл нэг нь ч ирж албан ёсоор тоо толгойн тооцоо нийлэхгүй зугтсаар байгаа. Адуу дутаасан энэхүү үйлдэлд нь Төв аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулхаар 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч Төв аймгийн хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй иргэний журмаар шийдвэрлэх хэрэг гэж үзэн хэрэг буртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайваны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №183 албан тоотоор “******************* нь хөдөлмөрийн гэрээний дагуу итгэмжлэн хариуцаж авсан адууг маллаж байх хугацаандаа дутаасан болох нь тогтоогдож байх боловч хөдөлмөрийн гэрээний дагуу Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн..." албан тоотыг бидэнд ирүүлсэн. Иймд *******************ын хөдөлмөрийн гэрээний 3.8-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг. хариуцлагаа биелүүлээгүй гэм буруутай уйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлд заасан үндэслэл, журмаар нөхөн төлнө” гэж заасны дагуу 170 адууны хохиролд 180,900,000 төгрөгийг *******************аас гаргуулах *******************ын дутаан үрэгдүүлсэн 170 адуу, А.Болдбаатарын 23 адуу нийт 193 тооны адууны хохирлыг Төв аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах явцад Төв аймгийн Цагдаагийн газрын мерден байцаагч А.Батбаатарын тогтоолын дагуу 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК үнэлгээний газраар адууны хохирлын үнэлгээг хийлгэсэн *******************аас 170 адууны хохиролд 180,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******************* нь “*******************” ХХК-ийн малчнаар 2012 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан байдаг. Тус хугацаанд малчнаар ажиллахдаа анх 2012 онд 257 тооны адууг хүлээн авч хариуцан маллаж байсан. Сүүлд 2019 оны 04 дүгээр сарын байдлаар ******************* адуу малыг хүлээлцээгүй. Адуу мал ихэнх нь шуурганд уруудсан эрж хайж байна гэдэг байдлаар адуу эзэнгүйдсэн. Тухайн үед малчдыг хариуцсан н.Эрдэнэбаатар гэдэг менежер үлдсэн адууг бөөгнүүлээд тус компанийн сүүлийн малчин дээр хүлээлгэж өгөхөд нийт 170 тооны адуу байхгүй байсан. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. 170 адууны хохиролд 180,900,000 төгрөгийг *******************аас гаргуулахыг шаардаж байгаа. Хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба уг гэрээний 3.8-д заасан заалтын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлттэй байна. 2019 оны 04 сарын 29-ний өдрийн байдлаар *******************ын дараагийн малчинд бид адуу хүлээлгэн өгсөн баримтаа мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Энэ баримт дээр адууны зүс, тамга байдаг. Энэ хоёр баримтыг үндэслэж хөрөнгийн үнэлгээг хийлгэж 203,900,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан байдаг. Хөрөнгийн үнэлгээ дээр нарийвчлаад адууны зүс, азарга, шүдлэн, даага гээд насаар нь өртгийн хандлага гаргаад үнэлгээний жишиг арга хэрэглээд адууны насжилтаар хөрөнгийн үнэлгээг гаргасан байдаг. Үүнээс *******************ын дутаасан 170 тооны адууны хөрөнгийн үнэлгээг сая дурдсаны дагуу гаргаад нэхэмжилж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж хөдөлмөрийн харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Тухайн үед ажил хариуцсан хүмүүсийн алдаа ч юм уу, гарын үсэг дутуу байгаа ч хүлээлгэж өгсөн тооллого баримт нь байна. Хэдийгээр хууль хэрэглээг зөрчсөн ч гэсэн А дансны хуулга байгаа. Ямартай ч нэхэмжлэгчийн тодорхой тооны адууг ******************* маллаж байсан болох нь нотлогдож байна. Мөн хариуцагч талын хариу тайлбараар ч гэсэн нотлогдож байна. Бид бүгд Монгол хүмүүс, малчин удамтай, адуу мал өсөөд, үржээд хорогдоод явдаг нь жам. Яг 2012 онд хүлээлцсэн адуу өнөөдөр яг тэр тоо зүсээрээ байж байх ямар ч боломжгүй. Ерөнхий нэг багцаа тоо яригдаад явж байгаа. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэх явцад холбогдох төрийн эрх бүхий этгээд үнэлгээ хийлгэж тогтоосон байдаг. Бид өнөөдөр энэ баримтад итгэхгүй бол өөр юунд итгэх вэ? Эцэст нь хэлэхэд хөдөлмөрийн гэрээг дагалдаж эд хөрөнгө хариуцлагын тухай гэрээ хийгээгүй боловч Хөдөлмөрийн тухайн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“******************* нь “*******************” ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцаж авсан 250 тооны адууг маллаж байсан. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх адуунаас шуурганд уруудуулж алдсан. 2017 онд болсон цаг агаарын нөхцөл байдал, шуурганы улмаас нэхэмжилсэн адууг шуурганд уруудуулж алдсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн.
Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 3.8, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу төлнө гэж заасны дагуу 170 адууны хохиролд 18,900,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа биш юм. Хариуцагч ******************* нь гэрээний дагуу адууг маллаж байсан, гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй буюу цаг агаарын байдлаас болж адууг алдсан тул нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч ******************* нь нэхэмжлэгч байгууллагатай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад адууг нь хариулж байсан. Харин 2017 оноос 2018 онд шилжих үед байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цасан шуурга, зуд болж тухайн адууг шуурганд уруудуулж алдсан. Тэрээр энэ талаараа “*******************” ХХК-д хэлээд, хамт хайгаад олсон болон өөрт байсан адуугаа бүгдийг нь буцааж өгч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагаас Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаад, шалгагдаад хэрэг бүртгэл нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хаагдсан. Эрүүгийн хэрэг шалгасан зүйл анги нь бусдын эд хөрөнгийг завшсан гэдэг зүйл ангиар шалгасан. Энэ шалгалтын явцад ******************* нар нь завшсан болох нь нотлогдон тогтоогдохгүй, харин цаг агаарын давагдашгүй нөхцөл хүчин зүйлээс шалтгаалж шуурганд уруудуулсан гэдэг гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тогтоол хүчин төгөлдөр байгаа. Дээрээс нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр хэдэн зүйл хэлье. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлон тогтоох ёстой. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа 170 тооны морь дутаасан л гэж байгаа. Түүнээс ямар зүсмийн, ямар насны адуу алга болсон гэдэг нь тодорхойгүй. “*******************” ХХК өөрсдийн адуу гэдгийг нотлох ёстой, 170 тооны адуу нь ямар зүсмийн адуу байсан бэ гэдгийг тогтоох ёстой. Хэрэгт хөрөнгийн үнэлгээ авагдсан байгаа. Хоёр үнэлгээ байгаа ба яг аль үнэлгээгээр нь 189,900,000 төгрөгийг манайхаас шаардаад байгаа юм бэ. Энэ бүх зүйл нь тодорхойгүй харагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй, хэдэн адуу хүлээлцээд хэдэн адуу авсан гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Байсан бүх адууг нь өөрсдөд нь буцаагаад өгсөн, үүнийг нь ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа.
Нэхэмжлэгч талаас гаргасан 257 тооны адуу хүлээлцсэн баримт гэж хэлж байх шиг байна. Хүлээлцсэн баримт гэж нэг талаас хүлээлгэн өгсөн, нэг талаас хүлээн авсан хүмүүсийн гарын үсэгтэй баримт байх ёстой. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тал 257 тооны адууг хүлээлгэж өгсөн гарын үсэгтэй баримт байдаггүй, жагсаагаад бичсэн байдаг. Ийм баримтаа үндэслээд хөрөнгийн үнэлгээ гаргасан гэж байна. Яг энэ тайланг харахаар энэ 170 адуу нь аль аль адуу юм гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. 170 адуу нь ямар зүсмийнх юм, ямар үнэлгээтэй юм, бүгд адилхан үнэлгээтэй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Дээрээс нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний харилцаа биш байна гэж үзэж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулиар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Ямар нэгэн тийм гэрээгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талууд хөдөлмөрийн гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж гэрээний хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай гэж байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цааш сунгах эсэхийг, сунгах бол ямар байдлаар сунгах талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа бол гомдлоо хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу 6 сарын дотор гомдол гаргах ёстой байсан. Цагдаагийн газар анх гомдол гаргасан хугацааг тооцвол энэ хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******************” ХХК нь хариуцагч *******************д холбогдуулан адуу үрэгдүүлсэн хохирлын төлбөрт 180,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******************* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн адуу үрэгдүүлсэн хохирлын төлбөрт 180,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Малчин ******************* нь 2012-2018 оны 4 сарыг хүртэл тус компанийн малчнаар ажиллах хугацаандаа 257 тооны адуу хариуцан маллаж байснаас 170 тооны морьд дутаан үрэгдүүлсэн...” “...*******************ын дутаасан морьд дотор хурдан удмын угшилтай 4-5 морьд байсан...” “...******************* нь адуугаа шуурганд уруудуулсан эсвэл үхсэн гэх мэт тайлбаруудыг мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн боловч хэдэн тооны адуу үхсэн, хичнээн адуу шуурганд уруудсанаас хэд нь олдсон зэрэгт өнөөдрийг хүртэл албан ёсоор тоо толгойн тооцоо нийлэхгүй зугтсаар байгаа...” иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар 170 тооны аднууны үнэ болох 180,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ...”
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзалын үндэслэлээ: “...Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12/18 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр малчнаар ажилд орсон...” “...улмаар 2017 оны сүүл 2018 оны эхэн үе хүртэл цөөн тооны адуу шуурганд алдсан нь үнэн гэхдээ энэ адуунуудыг миний бие ирж хайн олж компанид өгсөн...” “...мөн надад компаниас адуу маллуулахаар өгөхдөө хэдэн тооны адуу хүлээлцсэн нь тодорхойгүй өөрсдөө тоолоод явдаг тул би албан ёсоор хүлээж аваагүй...” “...тухайн адуунуудыг гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй буюу цаг агаарын байдлаас болж адууг алдсан тул нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй...” гэж мэтгэлцэж байна.
Тус хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.
“*******************” ХХК нь *******************тай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12/18 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Тус хөдөлмөрийн гэрээний 1.7-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулагдсан байна.
Үүнээс дүгнэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
Гэвч 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дахин сунгасан болон нэмэлт гэрээ хийсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдоогүй учир хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэжээ.
Мөн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “*******************” ХХК болон ******************* нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.1-т Эрхлэх ажил албан тушаалд: Адуучин гэж заасан хэдий ч Ш.Эрданэ-Уулд хэдэн адуу хүлээлгэж өгсөн нотлох баримт байхгүй, мөн талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байна.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэхүү үүргээ билүүлээгүй нь ажилтаныг буруутгах үндэслэлд хамаарахгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ нийт 170 тооны адууг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү 170 тооны адуу нь бүгд нэхэмжлэгч “*******************” ХХК-ний өмч гэж нэхэмжилсэн бөгөөд тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гаргасан алдагдлаар тооцох бөгөөд нийт хэчнээн тооны мал нэхэмжлэгч байгууллагын өөрийн адуу болох талаарх тайлан, тооцооны баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.
Хариуцагч *******************ыг нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18/01 дугаартай захиралын тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд тухайн ажлаас чөлөөлсөн тушаалд хариуцагч нь эс зөвшөөрч холбогдох эрх бүхий байгууллагад хандаагүй учир тухайн тушаал хүчинтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарт тухайн 170 тооны адууг алдсан үйлдлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн адуунуудыг алдсаныг мэдсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сард Төв аймаг дахь Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж тухайн хэрэг бүртгэлийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай Прокурорын тогтоолоор ******************* нь мал завшсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн тус хэргийг хаажээ.
Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” бөгөөд тус адуунуудыг алга болсоныг нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сард мэдсэн хэдий ч энэ асуудлаар эрх бүхий байгууллагад хуулийн хугацаанд хандсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1-т заасныг баримтлан хариуцагч *******************аас малын үнэ 180,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “*******************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1-т заасныг баримтлан хариуцагч *******************аас 180,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******************” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “*******************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,062,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ