| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2021/00664/И |
| Дугаар | 151/ШШ2021/00656 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2021/00656
2021 09 10 151/ШШ2021/00656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ө.А
Хариуцагч: Нийслэлийн ******************* дүгээр цэцэрлэгт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 274 590 гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүү /ҮД-2483/, хариуцагчийн төлөөлөгч *******************, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******************* дүгээр цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтооч албан тушаалд томилогдсон ч, цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд ямар нэг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, хамт олны дунд нэр хүндтэй, сахилга баттай, хариуцсан ажилдаа хариуцлагатай байж ирсэн. Тиймээс мөн тус тушаалд намайг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж тогтоохдоо миний тодорхой үйлдэл, эс үйлдэхүйд бус “санал асуулга, ажилчдын хурлаар” тогтоосон ажээ. Ингэхдээ миний чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй ёс зүйн зөрчилд тооцогдсон тухай ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй болно. Иймд дээрх тушаал нь илт үндэслэлгүй, хууль зөрчсөн байх тул өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд тус 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/36 тушаалаар *******************г ажлаас халсан. Болсон үйл баримтаас харахад хоёр хүний хувийн байдалтай холбоотой гэж харагдаж байна. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1, 40.1.4, Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Тус тушаал нь хуульд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тайлбарлаж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх нь хууль нийцдэг.
Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь өөрөө эрх зүйн акт юм. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд хөдөлмөрийн гэрээний 5.2 дугаар зүйлийг сонгож ёс зүйн зөрчил гэж үндэслэж байсан. Ёс зүйн зөрчлийн яаж тогтоодог юм бэ гэхээр ерөнхий боловсролыг сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдлага болон ажилчид ёс зүйн дүрэмд зааснаар дүгнэдэг. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн зөрчил, ялгаварлан гадуурхах ёс зүйн зөрчил, албан тушаал урвуулан ашиглах ёс зүйн зөрчил, албадлага дарамт үзүүлэх ёс зүйн зөрчил гэж байдаг. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж ёс зүйн зөвлөлөөс тогтоож, ажлаас халахыг даалгасан байна. Энэ эрх нь ёс зүйн зөвлөлд байдаггүй гэдгийг хэлмээр байна. Ёс зүйн зөвлөлд ёс зүйн дүрмийн 4.2.1-т заасан уучлалт гуйхыг үүрэг болгож сануулах арга хэмжээ авдаг юм.
Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Хөдөлмөрийн дотоод журамд заасныг хөдөлмөрийн гэрээнд заасныг нөхөн зохицуулна гэдэг нь хуульд нийцдэггүй. Хөдөлмөрийн дотоод дүрмийг яаж баталдаг талаар тайлбарлахад сургууль, цэцэрлэг нь зөвлөлтэй байдаг. Энэ нь Боловсролын тухай хуулийн 35.1-т зааснаар 9-11 хүний бүрэлдэхүүнтэй ажилтан, сурагч, эцэг эх гэх бусад гишүүдтэй 3-4 жилийн хугацаатайгаар сургууль, цэцэрлэгийн зөвлөл ажилдаг. Эдгээр гишүүн нь мөн хуулийн 35.4-т заасны дагуу сургууль, цэцэрлэгийн бодлого, төлөвлөгөө, дүрэм журмыг батлах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн байдаг. Тиймээс ажилчид хуралдаж хөдөлмөрийн дотоод журмыг баталдаггүй юм.
Эдгээрээс дүгнэхэд хавтас 32 хуудсанд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчлүүдийг тоочиж бичсэн 9 зүйлээс яг алийг нь нэхэмжлэгч үйлдсэн болохыг тодорхой тогтоож дурдаагүй байдаг. Ёс зүйн зөрчлийн шийтгэлийн хэм хэмжээг хэтрүүлсэн болон хууль нийцээгүй тушаал гарсан байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн сургууль цэцэрлэг зуны 6, 7, 8 дугаар саруудад ажилладаггүй. Улсын дээд шүүхийн тайлбарт ажлаас халагдах сарын өмнөх 3 сарын дунджаар цалингаар тогтоодог. Гэвч өмнөх 6, 7, 8 дугаар саруудад тус цэцэрлэг ажиллаагүй. Хэрэв ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байх юм бол ажилсан өдрийн хоногоор бодож, нэг өдрийн дундаж цалингаар тооцож бодож нэг сарын 645,673 төгрөг буюу нэг өдрийн 21,522 төгрөг юм. Үүнийг 11 сар 8 өдрөөр бодож 7,274,594 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******************* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Иргэн ******************* нь тус цэцэрлэгт ажиллаж байхдаа хувь хүний ёс зүй, харилцаа нь багаар ажиллах чадваргүй ажлын байран дээр өөрийн дураараа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, үргэлж хэрүүл хийж гал тогоонд орилж хашгирч, гүтгэн бидний тайван байдлыг алдагдуулдаг, хамтарч ажилладаг гал тогооны ахлах тогоочийн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй элдэв хэл амаар доромжилдог. Бусад ажилчидтайгаа таардаггүй.
******************* ажлын байран дээр өөрийнх нь зан харилцаа ажлын талаар санал хүсэлт хэлсэн хүнийг элдвээр хараан зүхэж, зөвшөөрөлгүй ил далд бичлэг хийж, гаднаас чагнадаг байгууллагын дотоод сүлжээ болон хувь чат утас руу элдэв мессеж бичиж доромжлон дарамталдаг бидний нэр хүндэд байнга халддаг, хамт олны зүгээс цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ удаа дараа бичгээр болон амаар цэцэрлэгийн захиргаанд саналаа хүргүүлж байсан.
Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний 01 дугаартай албан бичгийн хавсралтад 1.******************* ёс зүй харилцаатай холбогдолтой 40 багш ажилчдын 5 хуудас өргөдөлд тодорхой дурдагдсан байна. Байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-өөс цэцэрлэгийн захиргаанд хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 48 албан тоотод ******************* нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдсон тул ёс зүйгүй гэсэн дүгнэлтэнд хавсрагдсан багш, ажилчдын санал, өргөдөл гомдол, багш ажилчидтай ганцаарчлан уулзаж ярилцсан тэмдэглэл тодруулга хурлын тэмдэглэлүүдэд тэмдэглэгдсэн байна.
Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо нь *******************д ажилчдаас ирсэн гомдлыг ганцаарчлан уулзаж танилцуулсан тэмдэглэл, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг *******************д ганцаарчлан уулзаж танилцуулсан тэмдэглэлүүдийг тайлбарт хавсаргасан болно. ******************* нь өөрөө танилцан гарын үсгээ зурсан байна. Иргэн ******************* нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж
Эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 тушаалаар сануулах сахилгын шийтгэл,
Эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тушаалаар сануулах сахилгын шийтгэл,
Эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10 ны өдрийн Б/32 тоот тушаалаар хувийн өргөдлийг үндэслэн итгэл өгч албан тушаал бууруулах арга хэмжээг удаа дараа авч байсан.
Хөдөлмөрийн гэрээ: Тогооч ******************* 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалт тогоочийн ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллана. Ажлын байран дээр хамтран ажилладаг тогооч нарын тодруулга багш ажилчдын өргөдөлд дурьдсанаар ажлын байран дээр бичлэг хийдэг өрөөний гаднаас чагнадаг тухай багш, ажилчдын өргөдөлд байгаа.
Ажлын байрны тодорхойлолт: 2 дугаар зорилтын хүрээнд 5 дахь зорилт: Ажилтны ёс суртахууны хэм хэмжээг тогтмол сахих
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам: Нийслэлийн ******************* дүүргийн *******************-р цэцэрлэгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын: 11.1.4-д заасны дагуу дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 11 дүгээр зүйлийн 11.1-н 4 дүгээр заалтын (Й) заалт: Ёс зүйн зөрчлийг гаргасан багш, ажилчдыг цэцэрлэгийн “Ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлтээр цэцэрлэг болон багш, ажилчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц аливаа үйлдэл эс үйлдэхгүйг гаргасан тохиолдол (Зөвшөөрөлгүй дуу хураах,бичлэг хийх), 11 дүгээр зүйлийн 11.1-н 4 дүгээр заалтын (Е) заалт: Олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллээр багш, ажилчидын нэр хүндэд халдсан тогтоогдвол.
Иргэн *******************гийн ТУГ.мн сайтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгууллага багш, ажилчдын нэр хүндэд халдсан, хувь хүний нууцад хамаарах асуудлыг зөвшөөрөлгүй цахим орчинд элдвээр доромжилсон, гүтгэлгийн шинжтэй ярилцлага өгсөн нь
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Ц.Мөнхтуяад багш ажилчдын хувийн амьдрал байгууллагын удирдлагын нэр хүндэд халдсан гутаан доромжилсон шинжтэй ярилцлага өгсөн нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний 13 цаг 25 минутанд өгсөн ярилцлага,
Охин Ганбаатарын Номингийн *******************ын хамгийн том зард шэйрлэсэн бичлэг 2020 оны 08 дугаар сарын 31-ний 00 цаг 38 минут,
Ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж, багш ажилчидтай уулзахаар ирсэн төрийн албан хаагчдыг загнаж, хийсэн бичлэгээ байгууллага хамт олны групп дээр өөрийн дураар байршуулсан бичлэг ажлын байран дээр байгууллагын дотоод сүлжээ, багш ажилчдын хувийн чат, утас руу загнаж дарамталж бичсэн чат, мессеж зэрэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа тул зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ө.Алгансарнай нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтуудтай уншин танилцаж гарын үсэг зурсан болно” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2016 онд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сард багш ажилчдыг авч ажиллуулсан. Иргэн ******************* 2016 оны 09 дүгээр сард тогоочоор ажилд орсон. ******************* ажиллаж байх хугацаандаа хувь хүний ёс зүйн харилцаа, багаар ажиллах чадваргүй гэдгийг хамт олонтойгоо харилцах харилцаа буюу үргэлж хэрүүл хийж ажилчдын амгалан тайван байдлыг нэг бус удаа алдагдуулж байсан. Нэхэмжлэгч нь ажлын байранд өөрийнх нь гаргаж буй зан харилцааг өөрт нь хэлэхэд огт тоодоггүй. Байгууллагын үйлдвэрчний хороонд энэ асуудлыг анх 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 01 тоот албан бичгээр *******************н ёс зүйн харилцааны холбогдолтойгоор 40 багш, ажилчдын гаргасан 5 хуудас харилцааны зүй бус үйлдлүүдийг нь тодорхой дурдагдсан байдаг. Энэ асуудлыг үйлдвэрчний эвлэлийн хорооноос ёс зүйн хороонд шилжүүлж байгууллагын ёс зүйн зөвлөгөөн нь цэцэрлэгийн захиргаанд хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 38 тоот албан бичгээр *******************н хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Байгууллагын үйлдвэрчний хороо *******************тай холбоотой ажилчдаас ирсэн гомдлыг авч хэлэлцэж *******************тай ганцаарчлан уулзаж тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт нь хэргийн материалд авагдсан байгаа. ******************* нь тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан. Яагаад гэхээр гал тогооны ажилчидтай хэрүүл, маргаан хийж ажлын байрандаа асуудал үүсгэсэн.
Дараагийн асуудал нь цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан боловч ар гэрээ тэжээн тэтгэдэг, өр зээлтэй, өрх толгойлсон эмэгтэй гэж цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан учир *******************н ажлын байрыг өөрчилж угаагчийн ажилд томилсон баримт хэргийн материалд авагдсан. Мөн нэхэмжлэгчтэй 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтад ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллах ёстой гэж дурдсан байдаг.
Энэ заалтыг удаа дараа зөрчсөн. Ажлын байранд хамт ажилладаг ажилчидтай маргалдаж асуудал үүсгэж байсан. Хамгийн гол нь нэхэмжлэгч өөрөө ахлах тогооч болох сонирхолтой гэж надад хүсэлт гаргаж байсан ч ******************* нь ахлах тогооч болох мэргэжлийн шаардлага хангахгүй учир ахлах тогооч болгох боломжгүй байсан. Энэ асуудлаас болж надад бухимдсан байх гэж бодож байна. Ажлын байрны тодорхойлолтод ажилчдын ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллана гэж дурдсан байгаа. Түүнтэй мөн танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзсэн талаар тухайн ажлын байранд тохируулж байгууллагын дотоод журам гаргаж дэлгэрэнгүй тусгасан байгаа.
Нэхэмжлэгч нь ажилчдын хуралд сууж түүнтэй танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Бид тус хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хууль болон бусад холбогдох хуулиудыг үндэслэж боловсруулж, мөрдөж ажилладаг. Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн зөрчлийг ямар үндэслэлээр гаргасан юм бэ гэхээр бусад багш нарыг гүтгэх, нэр хүндэд нь халдах, багш ажилчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл буюу багш ажилчид болон байгууллагын нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой асуудал хөндөж олон нийтийн сүлжээг ашиглаж нэр хүндэд халдсан. ******************* гомдол гаргасны дараагаас эхлэн 14 дэх удаагаа манай байгууллагыг шалгаж байна. Шалгалт хийлгэх явцад ******************* нь гүтгэлгийн чанартайгаар гомдол, мэдүүлэг өгсөн байсан.
Мөн ТУГ.мн сайтад өгсөн мэдээг өөрийн хүсэлтээр устгуулсан байдаг. Иймд ******************* нь байгууллагын дотоод дүрэмд дурдсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан” гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7 274 590 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч *******************гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
******************* нь Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн тогоочийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:
НДД№0083438 дугаартай *******************гийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарын 4-8-д Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн тогоочоор 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн авч ажиллуулав гэсэн бичилт /1-р хх-н 8-р хуудас/,
*******************, Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэг нар харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн, мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус тус байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбарууд энэхүү гэрээнүүдийн 1.7 дах хэсэгт талууд гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцсон байна. /1-р хх-н 5-7-р хуудас, 30-33-р хуудас/
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн тогооч *******************гийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-н 34-37-р хуудас/ зэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ******************* нь Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******************* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар 27-ны өдөр Нийслэлийн ******************* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс уг хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжиж ирсэн.
Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалаар *******************г байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь багш, ажилчидаас гарсан өргөдөл гомдол, санал асуулга, ажилчдын хурлаар тогтоогдсон гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.3 дахь заалт, Нийслэлийн засаг даргын А/633 дугаар захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллагын ажил хүлээлцэх журам”-ыг тус тус зөрчсөн гэж үзэн *******************гийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /1-р хх-н 3-р хуудас/
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай *******************г ажлаас чөлөөлөх тухай тушаалын доорхи үндэслэлүүдийг авч үзвэл:
1.*******************г байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь багш, ажилчидаас гаргасан өргөдөл гомдол, санал асуулга, ажилчидын хуралаар тогтоогдсон гэх үйл баримтын тухайд:
Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэг нь *******************тай 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан тогоочийн албан тушаалд томилон ажилласан байна.
Гэтэл ажилтан *******************г хувь хүний ёс зүйн харилцаа, багаар ажиллах чадваргүй, ажлын байран дээр зөвшөөрөлгүй ил далд бичлэг хийж байгууллагын дотоод сүлжээ болон цахим орчинд зөвшөөрөлгүй, гүтгэлэгийн шинжтэй ярилцлага “ТУГ.мн”-д өгсөн нь Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ.
Үүнээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийн шийдвэр гаргаж ногдуулна. Үүнд:
131.1.1 Сануулах
131.1.2 Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
131.1.3 Ажлаас халах гэсэн 3-н төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байна.
Гэтэл ажил олгогч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай тушаалын үндэслэлээс харвал “чөлөөлөв” гэж захирамжлах хэсэгт гарсан байгаа нь хуульд заасан нөхцлийг хангаагүй байна.
Ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалдаа 2020 оны 09 сарын 23-ний өдрийн дотоод журмыг үндэслэсэн байна. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журмын баталгаажуулалтын тухайд авч үзвэл:
Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр багш, ажилчдын хурлаар хэлэлцүүлэв’’ гэж баталгаажуулсан нь уг журмыг хэлэлцүүлээд баталсан эсэх нь тодорхойгүй мөн дээрх дотоод журмын 3.2-д зааснаар байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал шийдвэр гаргаж баталгаажуулна гэж заасан хэдий ч эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, хамт олны хурлын тэмдэглэл, ажилтануудын зөвшөөрсөн гарын үсэг зурсан баримт зэрэг нь хэрэгт авагдсан материалаар нотлогдохгүй байна.
Улмаар Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн Ёс зүйн зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Тогооч ******************* ёс зүйгүй дүгнэлт” гэж дүгнэлт гаргасан нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-н 4.2-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан “4.2.1 уучлал гуйхыг үүрэг болгох, 4.2.2 сануулах гэсэн 2 төрлийн хариуцлагын аль нэгийг сонгож хариуцлага тооцох байсан ч тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлөөс дээрхи хариуцлагыг хүлээлгээгүй болох нь тус зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-н 74-75-р хуудас/
Мөн “ТУГ.мн” сайтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгууллага багш ажилчидын нэр хүндэд халдсан, хувь хүний нууцад хамаарах асуудлыг цахим орчинд гүтгэлгийн шинжтэй ярилцлага өгсөн мөн Монголын багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүлэгч Ц.Мөнхтуяад 2020 оны 08 дугаар сарын 29-нд багш, ажилчидын хувийн амьдрал, байгууллагын удирдлагын нэр хүндэд халдсан зэрэг үйлдлийг хариуцагч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ******************* нь 2020 оны 08 дугаар сард тухайн бичлэг цацагдсан даруйд нь мэдэж энэ асуудлаар 2020 оны 09 дүгээр сард хамт олны хурлаар хэлэлцүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи үйл явдалаас дүгнэвэл *******************н ёс зүйн зөрчилийг тухайн байгууллагын эрхлэгч 2020 оны 08 дугаар сард олон нийтэд цацсан даруйд нь мэдэж илрүүлсэн гэж шүүхэд тайлбарладаг бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна.
*******************г байгууллага дээр бичлэг хийсэн, “ТУГ.мн” сайтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ярилцлага өгсөн гэх үйл явдалд Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэг нь тус дүүргийн цагдаагийн хэлтэст 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу ажлаас халсан тушаал гаргасны дараа өргөдөл өгсөн бөгөөд энэхүү асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Прокурорын тогтоол гарч энэ асуудал дууссан гэж нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын хэн аль нь тайлбарласан бөгөөд дээрхи үйл явдалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /1-р хх-н 216-217-р хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэжээ.
Мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ******************* болон Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэг нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т Ажлын байр буюу албан тушаалын нэр: ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн “Тогооч” гэж заасан хэдий ч *******************д ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн нотлох баримт байхгүй, мөн талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байна.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэхүү үүргээ билүүлээгүй нь ажилтаныг буруутгах үндэслэлд хамаарахгүй болно.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:
Хөдөлмөрийн гэрээнд талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчилийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх, “ноцтой зөрчил” гаргасны улмаас ажлаас халсан талаар тушаалд дурьдсан эсэх нь талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудын үндсэн гол үзэл санаа нь ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан, тэрхүү гэрээнд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах нөхцөл, “ноцтой зөрчил” зэргийг тухайлан заасан байх ёстой.
2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т хөдөлмөрийн ноцтой зөрчлүүдийг тухайлан нэрлэн заасан байна. /1-р хх-н 30-33-р хуудас/
Гэвч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалд дээрхи хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ноцтой зөрчилд хамаарагдах үндэслэл байхгүй байна.
Ажил олгогчоос гаргасан эрх зүйн акт /тушаал/ түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно.
Ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд тухайн ажилтанг ажлаас чөлөөлсөн гэх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бус тухайн ажилтаны гаргасан зөрчил нь өөр хуулиар зохицуулагдах харилцаа байна.
Өөрөөр хэлбэл иргэн ******************* нь ажлын байран дээрээ бичлэг хийсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах уу эсвэл Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээлгэх эсэхээр шийдэгдэх учир түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримталж ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулиас давсан хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдаж байгаа нь хуульд нийцээгүй гэж дүгнэж байна.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь хуульд нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч *******************г Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******************* нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхийн зүгээс тодруулахад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн гэж тодруулсан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг /1-р хх-н 8-р хуудас/ үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу тодорхойлж ажилгүй байсан хугацааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх /ажлын 219 өдрөөр/ тооцож Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №32 дугаартай албан тоотод бичигдсэн цалингаас тооцож 569,585 : 21.5 = 26,492 төгрөг буюу нэг өдрийн цалин/ 26,492 х 219 хоног = 5,801,748 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар 7,274,590 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно. /хх-н 210-р хуудас/
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувьд хэмжээгээр сар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ‘’ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж’’ заасны дагуу *******************гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн санхүүд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ө.А-г ******************* дүгээр цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,274,590 төгрөгийг хариуцагч ******************* дүгээр цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан *******************д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******************гийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгийн санхүүд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн ******************* дүүргийн ******************* дүгээр цэцэрлэгээс 131 345 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ