Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2021/00754

 

 

 

 

   2021          10             04                                         151/ШШ2021/00754    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М

Хариуцагч: М.Б

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021  оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 17ы өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******************, хариуцагч *******************, нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мягмарсүрэн миний бие 2007 оны 07 дугаар сард Буянбаатартай танилцаж 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж хамтран амьдарч байсан ба 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү *******************, 2017 оны 07 дугаар сарын 17-нд хүү ******************* нар төрсөн. Буянбаатар нь хамтран амьдрах хугацаанд зан ааш нь хувирч, хүүхдүүд болон намайг загнаж, зандардаг төдийгүй удаан хугацаагаар гэртээ ирэхгүй алга болдог болсон. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гэртээ ирэхээ больсон бөгөөд бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлалд гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргаж улмаас эвлэрэхээр тохирч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон боловч, уг шийдвэр гарснаас хойш өдийг хүртэлх хугацаанд эвлэрч хамтран амьдраагүй. Бид 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан тул нэхэмжлэийг дахин шүүхийн урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Захирамжийг нэхэмжлэлд хавсаргасан болно. Буянбаатар нь одоогоор Төв аймагт өөр гэр бүл зохиож амьдарч байгаа гэсэн бөгөөд миний бие өөр амьдрал зохиосон, бид тус тусдаа амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******************, ******************* нарыг миний асрамжид үлдээж, эцэг Буянбаатараас тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ******************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******************* миний бие 2007 оны 07 дугаар сард Буянбаатартай танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж хамтран амьдарч байсан ба 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү *******************, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү ******************* нар төрсөн. ******************* нь хамтран амьдрах хугацаанд зан ааш нь хувирч, хүүхдүүд болон намайг загнаж, зандардаг төдийгүй удаан хугацаагаар гэртээ ирэхгүй алга болдог болсон. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гэртээ ирэхээ больсон бөгөөд бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлалд гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргаж, улмаар эвлэрэхээр болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон боловч, уг шийдвэр гарснаас 2, 3 хоногийн дараагаас  одоог хүртэлх ******************* ирээгүй. Дараа нь эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад, эрэн сурвалжлуулахад Америк явсан байсан. Миний бие одоо хамтран амьдрагчтай болж байгаа. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******************, ******************* нарыг миний асрамжид үлдээж, эцэг *******************аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******************* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие *******************тэй 2009 онд гэр бүл болж, 2 хүү, хадам аав ээжийн хамт амьдарч байсан.  Салах болсон шалтгаан нь гэр бүлийн дарамт шахалт, *******************гийн архи ууж , хутга шөвөг барьж агсам согтуу хийж тавихаас, хардалт гүтгэлгээс болж гэрээсээ явахаар болсон. Иймд энэ гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулсан ч миний бие хоёр хүүгээ эцгийн хувиар харж хандах үүргээ хүлээх болно. Хоёр хүүтэйгээ хүссэн үедээ уулзаж баймаар байна. Энэ хүсэлтийг минь хүлээн зөвшөөрнө үү. Миний бие өөр хүнтэй гэр бүлийн амьдрал зохиогоогүй, ээжтэйгээ хамт амьдарч байгаа болно” гэжээ.

Хариуцагч ******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би хүүхдүүддээ тэтгэлэг өгнө. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Намайг ерөөсөө хүүхдүүдтэй маань уулзуулахгүй байгаа. Би амьд байгаагийнх хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Өөрөө намайг хардаад байдаг байсан тул хамт амьдрах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Намайг хүүхдүүдтэй маань сардаа нэг удаа болов уулзуулдаг байгаасай л гэж хүсэж байна” гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******************* нь *******************т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

*******************, ******************* нар нь 2007 онд танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү *******************, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ******************* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №0077127-161 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Цэдэндамбын №0000719539-Г542, *******************ын №0000341393 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-н 8, 14-р хуудас/

Нэхэмжлэгч ******************* нь гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлд 2021 оны 09 дүгээр сарын 09ий өдөр Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №151/ЭТ2021/00157 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ.    

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байдал зэргийг үндэслэн шүүх гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болдог. Мөн хуулийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдэх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хүү *******************, ******************* нар нь эхийн асрамжид байсан, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон болно.

Иймд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдүүд эцэг, эхдээ илүү ээнэгшин дассан байдал, амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийг харгалзан үзэж хүү *******************, ******************* нарыг эх *******************гийн асрамжид үлдээж, эцэг *******************аар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч *******************, хариуцагч ******************* нар хүүхдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх үндэслэлтэй болно.

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан болно.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч *******************гийн төлсөн 139,032 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******************аас 139,032 төгрөгийг гаргуулан *******************д олгох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.М, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү *******************, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ******************* нарыг эх *******************гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү *******************, ******************* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *******************аар тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

5. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү *******************, ******************* нарыг эцэг *******************тай хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эх *******************д үүрэг болгосугай.

6. Нэхэмжлэгч *******************, хариуцагч ******************* нар шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эх *******************, эцэг ******************* нарт үүрэг болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч *******************гийн төлсөн 139,032 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******************аас 139,032 төгрөгийг гаргуулан *******************д олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ