Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/402

 

    2024          06            03                                        2024/ШЦТ/402

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч. овогт Д.Б-д холбогдох эрүүгийн ххххх хххх хххх  дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Цэрэнханд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, хх зочид буудлын гадна 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд Д.Б нь таарамжгүй харилцааны улмаас иргэн Х.С-тай маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь “зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт” бүхий гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах “ гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэргийн үйл баримт, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Хүүхдүүд 2, 4 настай. Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Хохирогчид 2.700.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 8 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-ын хохирогчоор өгсөн:

“...Би хх зочид буудлын хх кофе шопт нь тогоочоор ажилладаг юм. 2024 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 01:00 цагийн орчимд өөрийн ажиллаж байгаа хх оффисын хх кофе шопоос гараад гэр лүүгээ явах гээд шатаар доош бууж байсан чинь манай байгууллагын өмнөх шатны хажууд машинтай 3 хүн бөөлжөөд зогсож байхаар нь би “бөөлжихөө болиоч” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь дахиад  “болиоч ээ” гэж хэлсэн чинь машин барьж байсан залуу машинаасаа бууж ирээд “чи надад хүрз аваад ир пизда минь” гэхээр нь “надад хүрз байхгүй, яахаараа би бөөлжсийг чинь цэвэрлэх хүрз авчрах ёстой юм бэ” гэж хэлсэн чинь хажууд нь байсан залуу “та нар энэ буудалд хэдэн төгрөгийн хувьцаа оруулсан бэ, 10 хувийг оруулж чадсан уу” гэж хэлээд надтай хамт байсан эхнэр Энхзаяагийн цээж рүү нь гараараа цохисон. Тэгэхэд нь би “хөөе яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь машинаас бууж ирэн анх маргаан үүсгэсэн залуу ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.

Тухайн үед миний зүүж байсан нүдний шил хугарсан. Эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд согтуу машин барьж байсан, намайг цохисон залууг Замын цагдаа авч яваад, намайг Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машин барьж байсан хар өнгийн куртиктэй залуу нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Манай эхнэрт бэртэл гэмтэл учруулаагүй, гараараа хүчтэй түлхсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн болсон үйл явдлыг эхнэр маань харсан. Мөн надтай хамт байсан 2 найз маань бүгдийг харсан байгаа. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15-16 дахь тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“Хэрэг учрал болсон гэх өдөр нь шөнийн 02:00 цагт байсан боловч “хх” зочид буудлын гэрэлтүүлэг болон бусад замын гэрэлтүүлэг асаалттай байсан тул тэр хүмүүсийн царай маш сайн харагдаж байсан. Бид нартай маргалдсан хүмүүс нь дунд гарын бараан өнгөтэй машинаас бууж ирэн маргаан үүсгэж, нэг залуу нь миний биед халдсан.

Зам дээр бөөлжиж байсан залуу нь булцгар тарган, том шанаатай, шардуу хүн байсан. Харин миний зүүн нүд рүү цохисон залуу нь тэр хоёроосоо арай өндөр, алаг нүдтэй, өтгөн хөмсөгтэй, хар,хөх куртиктэй, ноосон малгайтай байсан ба хамт явж байсан хоёр залуугаасаа туранхай байсан бөгөөд би харвал шууд танина. Тэр залуу баруун гараараа миний нүд рүү нэг удаа цохиж авсан ба тухайн үед тэр залуугийн куртик нь урагдсан. Харин намхан залуу нь найзыгаа “боль боль” гэж хэлээд салгаад яваад байсан.

Намайг цохисон гэх залуу нь Д.Б гэх залуу байна. Бөөлжиж байсан нь Ж.И гэх залуу. Харин найзтайгаа болиулж байсан залуу нь Э.Н гэх залуу байна. Би тэр гурван залуугийн царайг маш сайн санаж байна. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд тэр гурван залуу гурвуулаа байсан боловч намайг мэдүүлэг өгөөд гараад ирэхэд байхгүй байсан болохоор асуух үед замын цагдаа нар авч явсан талаар хэлсэн. Би сайн санаж байна. Тухайн үед би  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн газар өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй, хоорондоо маргалдаж байсан. Манай эхнэр тухайн үед болсон үйл явдлыг бүгдийг нь харж байсан ба яг одоо ирэх боломжгүй байна. Шаардлагатай бол ирээд мэдүүлэг өгүүлж болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

 

3. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2370 дугаартай:

“1. Х.С-ын зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.7. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.8. Дээрх гэмтлүүдээс зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөмсөгний зулгаралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5.6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 26-27 дахь тал),

 

4. Хөрөнгийн үнэлгээ “Арвижих Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн ХУД-1/06 дугаартай:

“Хатуу пластик материалтай нүдний шил уг хөрөнгийг үнэлгээг гаргахдаа үнэлж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй хөрөнгүүдийн зах зээл дээрх үнэ ханшийн мэдээллийг цуглуулж, харьцуулалт, тохируулга хийж үнэлгээний өдрийн байдлаарх зах зээлийн дундаж үнэлгээг тодорхойлоход 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.”

Үнэлгээний зүйл

Чанар байдал, тоо ширхэг

Нэг бүрийн үнэлгээ /төг/

Нийт зах зээлийн үнэлгээ /төг/

1

Хатуу пластик материалтай нүдний шил

1 ш, 2024 оны 02 дугаар сарын 02-нд Хан-Уул дүүргийн E mart-sy2 давхраас худалдаж авч байсан гэх

320.000

320.000

 

Нийт

 

 

320.000

    /гурван зуун хорин мянган төгрөг/

гэсэн хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 33-34 дэх тал),

 

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э-ийн гэрчээр өгсөн:

“…Би Хан-Уул дүүргийн хх дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “хх” зочид буудлын 1 давхрын кофе шоп-д үйл ажиллагаа явуулдаг ба 2024 оны 2 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө нөхөр бид хоёр Ховд аймаг явах гээд ажлын газрын юмнуудаа цэгцлээд байж байгаад шөнөөр буюу 06-ны өдрийн 03 цагийн орчимд нөхөр, бид хоёр буудлын хаалгаар гарах үед зочид буудлын урд талын зам дээр машины нэгдүгээр эгнээнд дунд оврын машины баруун хойд хаалга нь онгорхой, машин дотроос нэг залуу бөөлжөөд байсан.

Манай нөхөр тэр залууд хандаад “бөөлжихөө болиоч ээ, гудамж талбай завааруулаад байна” гэж хэлтэл машины эсрэг талаас өндөр, туранхай, цайвар царайтай хар куртик өмссөн залуу бууж ирээд “юу гээд байгаа юм бэ, та нарт ямар хамаатай юм” гэж хэлхээр нь би “юу гэсэн үг юм бэ, ажлын гадна талбай муухай болгоод байна энийг чинь хүн цэвэрлэдэг юм” гэж хэлээд байж байтал өндөр, хар куртиктэй залуу “та нарт ямар хамаатай юм бэ, пизда нар минь” гэж хэлээд миний гэдэс рүү гараа атгаж байгаад нэг удаа гэдэс рүү цохисон боловч зузаан хувцастай байсан болохоор өвдөөгүй.

Тухайн үед манай нөхөр “чи яаж байгаа юм бэ, яагаад миний эхнэрт гар хүрч байгаа юм бэ” гэж хэлээд өөдөөс нь алхаж очтол өндөр залуу манай нөхөр С-ын нүүрэн тус газар нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод авсан ба тухайн үед манай нөхөр нүдний шилтэй явж байсан болохоор нүдний шил нь хагарч унаад,  манай нөхрийн зүүн хөмсөг нь сэтэрч цус гараад, нүд нь хөхөрч хавдаад, нүд нь нээгдэхгүй байсан. Тухайн үедээ цагдаа дуудсан. Тэр залуучууд гурвуулаа явж байсан ба бөөлжиж байсан залуу нь өргөн шанаатай, өргөн нүүртэй, махлаг залуу байсан бөгөөд машинаас бууж ирээд “чи энэ буудалд ямар хөрөнгө оруулсан юм бэ, яадаг пизда вэ, чи хүрзээ аваад ир, энийг чинь би яаж цэвэрлэх юм” гэж хэлж байсан. Харин өндөр залуу нь миний биед халдаж манай нөхрийн нүд рүү нэг удаа шилтэй байхад нь цохиж гэмтэл учруулсан.

Харин тэр хоёр залуутай явж байсан намхан залуу хоёр найзыгаа “одоо ингээд маргалдахаа болъё, би энэ хоёрыг аваад явлаа” гэж хэлээд найзуудыгаа авч явах гээд байсан ба цагдаа дуудах үед тухайн газраас явах гэж байсныг нь барьж авсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хэрэг болох үед манай нөхөр болон би, бас манай нутгийн найзууд болох Г., Б., Н. гурав хамт байсан. Шаардлагатай гэвэл тухайн хүмүүсийн утасны дугаар нь олдох байх. Харин тэр гурван залуу болсон үйл явдлыг бүгдийг нь харж байсан. Тухайн газар өөр зодоон цохион болоогүй. ...Манай нөхрийг цохисон хүн нь Д.Б гэх залуу байна, өндөр, туранхай, цайвар царайтай, хар бараан үстэй, нүд, хөмсөг сайтай залуу байсан. Харин бөөлжиж байсан залуу нь Ж.И гэх залуу бөгөөд нөгөө хоёр залуугаасаа тарган өргөн шанаатай, барзгар нүүртэй хүн байсан. Тэр хоёр залууг болиулж, явах гээд байсан залуу нь Э.Н нь бөгөөд тэр залуу намхан бордуу царайтай залуу байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

 

6. Хохирогч Х.С-аас хэрэгт бичгээр гаргасан: “...Миний бие 2024 оны 02 сарын 06-ны өдөр Д.Б-д цохиулж хөнгөн гэмтэл авч, цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. 2024 оны 04 сарын 23-ны өдөр Б. болон түүний найзууд нь надтай уулзаж, хохиролд 2.700.000 төгрөгийг Хаан банк дахь миний өөрийн дансанд шилжүүлэн төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт ( хэргийн 70 дахь тал),

 

7. Шүүгдэгч Д.Б-ээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт ( хэргийн 71 дэх тал),

 

8. Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын  2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоол ( хэргийн 74-75 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“…Тухайн өдөр 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 23:00 цагийн үед ажлын шугамаар уулзахаар танил И гэх найзын хамт Хан-Уул дүүргийн хх-р  хороонд байрлах хх гэх нэртэй зочид буудалд уулзсан. Бид хоёр тус буудал дотор цагаар өрөө аваад, тус өрөөндөө ажлын шугамаар юм ярьсан ба хүний 1 ширхэг 0.33 литртэй лаазтай шар айраг хувааж уусан. Буудалд орох үедээ би машин барьж очсон болохоор би огт уугаагүй буудал руу орсон. Харин би хамт байсан хүний архи уусан эсэхийг мэдээгүй.

Бид хоёрыг ярилцаж байхад бид хоёр дээр нэмэгдээд Н. гэх манай найз  ирээд, бид 3 өрөөнөөс гараад шатаар бууж байхад буудлын үүдэн дээр 4, 5 хүн буюу 4 эрэгтэй, 1 эмэгтэй үүдэн дээр чанга чанга юм яриаад зогсож байсан. Юу ярьж байсныг нь сонсоогүй. Би тухайн үед буудлаас гарахдаа дуудлагын жолооч дуудсан бөгөөд Samsung Q маркийн 58-64 УНЕ улсын дугаартай дунд оврын суудлын, хар хөх өнгөтэй машинтай  явж байсан ба тус машин нь буудлын үүдэнд байсан. Тэгээд бид 3 миний машин дотор сууцгаасан, би машинаа асаангуутаа машинаасаа буугаад “дуудлагын жолооч ирнэ” гэсэн болохоор жолоочийн эсрэг талын сандал дээр буюу баруун урд талд сууж байсан.

Харин надтай хамт явж байсан хоёр хүн арын суудал дээр сууж байсан. Харин И. нь жолоочийн эсрэг тал буюу баруун хойд хаалганд сууж байгаад баруун хойд талын хаалгаа онгойлгоод бөөлжтөл тэнд байсан хүмүүс “хөөе, яагаад бөөлжөөд байгаа юм бэ” гэж хэлхээр нь И. машинаасаа буугаад машины хажууд бөөлжиж байтал гадаа байсан хүмүүс И-тай маргалдаад байгаа нь сонсогдож байсан боловч яг юунаас маргалдаад байгааг нь сонсоогүй болохоор нь би цонхоо онгойлгоод “жолооч ирж байна, машинд суугаач явъя” гэж хэлтэл И. нь миний үгийг сонсолгүйгээр тэнд байсан хүмүүстэй маргалдаад зогсоод байсан.

Тэр үед Н. машинаасаа буугаад И-ыг авч ирэх гээд буутал тэнд байсан хүмүүс чанга орилоод эхлэхээр нь би зодоон болох вий гэж бодоод машинаасаа бууж очоод “больцгоо л доо” гэж хэлтэл тэнд байсан нэг залуу намайг хоёр гараараа тэврээд, зууралдаад, намайг явуулахгүй, миний куртикнээсс таттал миний куртик урагдахаар нь 102 дугаарын утас руу би өөрийн хххххххх дугаартай утаснаас “энд хүмүүс маргалдаад байна, энд бас нэг эмэгтэй хүн согтуу машин барьлаа гээд гүтгээд байна” гэж дуудлага өгтөл “таны дуудлагын хүлээн авлаа” гэж хэлээд тасалсан.

Би утсаа хартал 102 дугаарын утаснаас “таны дуудлага давхцсан байна” гэсэн мессеж ирэх үед цагдаа зэрэгцээд хүрээд ирсэн. Цагдаа нар ирээд юу болсон талаар асуухад тэнд байсан эмэгтэй цагдаад хандаад “энэ залуу согтуу машин бариад байна” гэж хэлэхээр нь би цагдаад хандаад “би дуудлагын жолооч дуудсан” гэж хэлсэн ба тухайн үед дуудлагын жолооч давхцаад хүрээд ирсэн ба цагдаа нар бид нарыг аваад бүгд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг согтуу жолоо барьсан гээд замын цагдаа руу аваачсан ба би тухайн үед болсон үйл явдлын талаар хэлсэн. Би хэний ч биед халдаж хүрээгүй, хэн нэгний биед халдаж, цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би богино, зузаан хар куртиктэй, хар, хөх өнгийн малгайтай, хар, саарал өнгийн жийнстэй, хар өнгийн гуталтай байсан. Тэр хоёрыг ямар өнгийн хувцас өмсөөд явж байснаа санахгүй байна. Намайг надтай ижил өндөртэй залуу хоёр гараараа түлхээд, куртикээс татаж миний куртикны суга урсан. Бусдаар бол гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. И-тай тэнд байсан хүмүүс маргалдаад байсан. Н. нь сүүлд машинаас буусан ба тэнд байсан хүмүүстэй зууралдаад, маргалдаад байсан. Зодоон, цохион болсныг бол хараагүй. Тухайн болсон үйл явдал болсон газар нь харанхуй, хол зайнаас хүний царай бол бүдэг харагдахаар, гэрэлтүүлэг муутай байсан. Тухайн үед би замын цагдаа руу орсон болохоор хэлтэс дээр хэн хэн ирснийг хараагүй. Н. нь надад хэлэхдээ хэлтэс дээр ирсэн хүмүүсээс нүдний шил нь хугарсан залуу байсан гэж хэлсэн ба зодуулсан байна гэж надад огт хэлээгүй. Тус гэмтлүүдийг хэн учруулсаныг би мэдэхгүй байна. Би хэн нэгний биед халдаж гэмтэл учруулаагүй, би тухайн гэмтлүүдийг учруулаагүй. Энэ хүнд үнэхээр гэмтэл учирсан бол тухайн өдөр яагаад бид нараас мэдүүлэг тайлбар аваагүй явуулсан талаар гайхаж байна. Тухайн үед энэ хүнд биед нь гэмтэл учраагүй байх гэж бодож байна.

...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн хх дугаар хороо, хх зочид буудлын гадна болсон үйл явдалд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн боловч тухайн мэдүүлэгт хүн цохиогүй талааар мэдүүлсэн боловч хохирогчтой очиж уулзаад бодит байдлыг сонсож мэдсэн учраас прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бол зарим зүйлээ санахгүй, хэрэг болсон гэх өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Би хохирогчтой уулзаж хохирогчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, бүх зүйлийг өөрт нь бүрэн барагдуулж дууссан. Хохирогч нь нэхэмжлэх санал хүсэлт байхгүй учраас өөрийн хэргийг хялыаршуулсан жумаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ харамсаж, хохирогчоос уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 43-45, 53-54 дэх тал), болон хувийн байдалтай холбоотой АСАП сангийн лавлагаа (хэргийн 57-61 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 63 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 65 дахь тал), иргэнд олгох тодорхойлолт (хэргийн 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 67 дахь тал), 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан (хэргийн 71 дэх тал) хүсэлтийг прокурорын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, Д.Б-д хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч ял тохирсноор прокуророос эрүүгийн ххххх хххх хххх дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б болон Ж.И, Э.Н нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн хх дугаар хороо хх зочид буудлын өрөөнөөс гарах үед хамт байсан Ж.И тус буудлын гадна талбайд бөөлжих зэргээр гудамж талбайд зүй бус биеэ авч явахад нь “бөөлжихөө болиоч ээ, гудамж талбай завааруулаад байна” гэсэн шаардлага тавьсан иргэн Х.С, Г.Э нарын шаардлагыг эсэргүүцэн маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, уг маргааны явцад Д.Б нь иргэн Х.С-ын нүүрэн тус газарт цохиход нүдний шил нь газарт унан эвдэрч, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Х.С-ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Б нь маргааны явцад нүүрэн тус газарт нь цохиж, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. 

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Хэргийн шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг тулгаж хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Х.С нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хохирогч Х.С-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд нь хохирол учирсан хохирогч Х.С-ын эмчилгээний болон бусад зардалд нийт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн (хэргийн 70 дахь тал) баримтай байх тул шүүгдэгч Д.Б-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 67 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан Х.С-т учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.С нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                        

 

ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Д.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хохирогч Х.С нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД