Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2024/00228

 

С.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/00930 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01149 дүгээр магадлалтай,

С.А-н нэхэмжлэлтэй,

“БАХ” ХХК, Б.О нарт холбогдох

*** дүүргийн ** хороо ** байр ** тоот хаягт байршилтай, 72,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа 17,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

түрээсийн төлбөр 190,284,305 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Д.Батдулам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, хариуцагч “БАХ” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.А нь “БАХ” ХХК, Б.О нарт холбогдуулан *** дүүргийн ** хороо ** байр ** тоот хаягт байршилтай, 72,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа 17,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “БАХ” ХХК нь түрээсийн төлбөр 190,284,305 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/00930 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар “БАХ” ХХК-д холбогдох 2020.09.12-ны “G В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны 17,000,000 төгрөг гаргуулах, Б.О-т холбогдох түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн *** дүүргийн ** хороо ** байр ** тоот тоот 72,81 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар С.А-с 190,284,308 төгрөг гаргуулах “БАХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,014,050 төгрөг, хариуцагч “БАХ” ХХК-аас төлсөн 1,109,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01149 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/00930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн ** хороо ** байр ** тоот тоот хаягт байршилтай 72,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.А-г тогтоож, түүнийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.А-с 19,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “БАХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,284,308 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 827,180 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, хариуцагч Б.О-с улсын тэмдэгтийн хураамжид 1,186,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д буцаан олгож, нэхэмжлэгч С.А-с улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “БАХ” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,014,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулах харилцаа нь түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид шилжүүлэн өгснөөр үүсэх эсэх, эсхүл гэрчилгээ гарснаар хүчин төгөлдөр болох талаар мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасны дагуу тухайн түрээсийн гэрээг байгуулах үед улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэрээ болгоныг хүчингүй гэж үзэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй, өөр өөрөөр хэрэглэж байна. Бодит байдалд талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч үйл ажиллагаа явуулах нөхцөл түрээслэгчийн хувьд бүрддэг. ...Түрээсийн гэрээг анх байгуулах үедээ маргаагүй боловч хожим гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь хувийн эрх зүй дэх хууль ёсны итгэл хамгаалах зарчимд харшилж байна. ...

4.2.Түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.О “М” ХХК-тай 2019.04.17-ны өдөр байгуулсан №19/04/17-04 дугаартай хүчин төгөлдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Гэтэл давж заалдах шатны шүүх уг орон сууцыг С.А-д шилжүүлэхдээ дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлыг хэрхэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. ...Анх С.А нэхэмжлэл гаргах үед хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан талаар тайлбар гаргаж байсан. Бүртгэлээр өмчлөгч нь Б.О боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хохирох асуудал үүсээд байна.

4.3.Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулсан ба хэргийг хянахдаа талуудын аль алинаас бүрэн тодруулахгүйгээр хэргийн оролцогчид эрх тэгш мэтгэлцэх боломж олгоогүй нь ноцтой зөрчил бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийг шүүх чиглүүлж диспозитив эрхэд халдсан. Мөн хуулийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн. ...Монгол Улсын дээд шүүхийн 2009.11.30-ны өдрийн 05 дугаартай “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаар” зөвлөмжийн 2.2-т “шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй гэдэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчих үндэслэл болохгүй...” гэжээ. Хэрэв давж заалдах гомдлын үндэслэлээ шийдвэрт өөрчлөлт оруулахаар тодорхойлсон бол хариуцагч тал үүнтэй холбогдуулан хариу тайлбараа гаргаж, мэтгэлцэх байсан. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд тайлбар хэлж, мэтгэлц гэж шүүх хуралдааны дэг сануулсан. ...шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлага, гомдлын шаардлагыг тодорхойлж, зөвтгөн дүгнэлт хийх нь хуулиас давсан, хэт нэг талыг барьсан ноцтой асуудал гэж үзэх үндэслэлтэй.

...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодруулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “БАХ” ХХК болон С.А нарын хооронд 2020.09.12-ны өдөр байгуулагдсан “G” В1 давхарт байрлах талбай түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж хэт нэхэмжлэгчийн талд чиглүүлэн шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаартай “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.1-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэх ойлголтыг тайлбарласан ба уг тайлбарын дагуу гомдлыг шийдвэрлэсэн бол түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэхгүй байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01050 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хянан хэлэлцсэн боловч гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “БАХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, гэрээний дагуу шилжүүлсэн барьцаа 17,000,000 төгрөгийг, хариуцагч Б.О-т холбогдуулан *** дүүргийн ** хороо ** байр ** тоот тоот хаягт байршилтай 72,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч “БАХ” ХХК нь түрээсийн төлбөр 190,284,305 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. /1хх 1-4, 36-38, 50-51, 83-85, 207-208, 230-231, 2хх 65-66, 85-86/

8.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд байгуулагдсан Ж барилгын В1 давхарт талбай түрээслэх гэрээ хүчин төгөлдөр учир нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхгүй гэж үзэж үндсэн нэхэмжлэлийг, гэрээг цуцалсан нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой, ...түрээсийн төлбөрт 17 давхрын болон В1 давхрын төлбөрийг хамтруулан тооцсон нь үндэслэлгүй..., түрээслэгч нь нийтэд илэрхий үйл баримт болох “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ныг хүртэл 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж, гэрээг цуцалсан нь тогтоогдсон...түүнчлэн ашиглалтын зардлыг нотлоогүйгээс гадна 2022.10.14-нийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй..., түрээслүүлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “түрээсийн төлбөрийн 1,112,877 төгрөг төлөгдөөгүй” гэж татгалзсан нөхцөл байдлаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.А-г тогтоож, түүнийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, С.А-с 19,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “БАХ” ХХК-д олгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний зүйл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө байх учиртай..., гэрээний зүйл болох зоорийн давхрын 341,14 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд 2022.12.01-ний өдөр анх бүртгэгдсэн тул өмчлөгч нь уг хугацаанаас өмнө түүнийг бусдад түрээслүүлэх эрхгүй..., өөрөөр хэлбэл, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хөрөнгийг түрээслэх гэрээ боломжгүй..., иймд түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ...улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Б.О-н өмчлөлд шилжсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.А-г тогтоох нь зүйтэй..., талууд түрээсийн төлбөрийг 2022 оны 02 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон, мөн нэхэмжлэгч нь түрээсийн зүйлд 2 сар үйл ажиллагаа явуулсан байх тул 18,000,000 төгрөг х2 сар-17,000,000 төгрөг=19,000,000 төгрөгийг түүнээс гаргуулан хариуцагч “БАХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,284,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, ...сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй ба шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн болохыг тодруулаагүй, эрх зүйн дүгнэлтийг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх диспозитив зарчмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргажээ.

9.С.А нь 2020.09.12-ны өдөр “БАХ” ХХК-тай “Ж барилгын В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулж, үйлчилгээний зориулалттай 335 м.кв талбайг ресторан, пабын зориулалтаар 5 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгөөр харилцан тохирсон, гэрээ байгуулах үед тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэлгүй байсан, хожим 2022.12.01-ний өдөр иргэн Б.О-н өмчлөлд /1хх 132/ бүртгэгдсэн баримтаас үзэхэд гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй байсан учир хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байжээ.

9.1.Давж заалдах шатны шүүх түрээсийн зүйл зөвхөн өмчлөлийн зүйл байх ёстой гэж дүгнэснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг буруу тайлбарласан байх тул залруулах шаардлагатай.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтад түрээслүүлэгч гэрээний зүйлийн өмчлөгч байх шаардлага байхгүй бөгөөд учир нь түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний адил бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцааг үүсгэдэг учир түрээслүүлэгчийг зайлшгүй тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаггүй байна. Эдгээр гэрээний дагуу хөрөнгө нь зөвхөн эзэмшил, ашиглалтад шилждэг учир ийнхүү шилжүүлж буй этгээд нь өмчлөгчөөс гадна хөрөнгийг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй этгээд ч байж болно. Харин худалдах-худалдан авах, зээл, бэлэглэлийн гэрээгээр хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах буюу өмчлөх эрх шилждэг учир эрх шилжүүлж буй тал зайлшгүй өмчлөгч байх, эсхүл өмчлөгчийн эрхийг эдлэх эрх бүхий этгээд байдгаараа ялгаатай юм.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулж буй хэдий ч шийдэлд нөлөөлөхгүй тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх үндэслэлтэй ба энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

9.2.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч нь нэг жилийн түрээсийн төлбөрт тооцож *** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н барилгын ** блок ** орц ** тоот 2 өрөө 72,81 м.кв орон сууцыг, барьцаа хөрөнгөд 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1-р хавтас 8-15/ гэрээнд заасан 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “БАХ” ХХК-ийн захирал Б.О шилжүүлэн авч, 2021.06.08-ны өдөр 000******** тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /2хх 70-81/-г авсан.

Гэрээ байгуулсны дараа “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, 2022.02.05-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож эхлэхээр талууд харилцан тохиролцсон /1хх 16, 2хх 51, 53/, улмаар түрээслэгч нь үйл ажиллагааг явуулсан боловч 2022.05.23-нд гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн дүгнэж, улмаар гэрээг цуцалсан үйл баримтыг анхаарсан атлаа үр дагаврыг шийдвэрлээгүй орхисон нь алдаатай болсон. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах...” шаардлага нь бие даасан шаардлага бус харин “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох...” шаардлагын үндэслэл мөн боловч үүнээс гадна талууд гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар тайлбар, баримт гаргаж мэтгэлцсэн байх тул үр дагаврыг шийдвэрлэх боломжтой байжээ.

Нэхэмжлэгч нь Ж төвийн В1 давхараас гадна 17 дугаар давхарт байрлах лоунжийн зориулалттай 295 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг түрээслэхээр 2021.10.20-ны өдөр “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” /1хх 162-164/ байгуулж, “С” ХХК болон “БАХ” ХХК-тай тохирч лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт заслыг нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч 2021.11.01-ний өдөр иргэн Э.Э эд хогшлыг авч явсан, улмаар *** дүүрэг дэх Цагдаагийн ** хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд нэхэмжлэгчийн эсрэг мэдээлэл хийснээс нэхэмжлэгч нь аль алинд нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон, гэрээг цуцалсан нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

9.3.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т “хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах”-ыг заасан бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан үр дагавар гэрээнээс татгалзах үеэс гадна гэрээг цуцалж, цуцалснаас хойших үр дагаврыг шийдвэрлэхэд адил хэрэглэгддэг тул давж заалдах шатны шүүх барьцааны мөнгийг харилцан тооцож, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулж, мөн илүү төлбөр буюу түрээсийн төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан сэргээсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

“БАХ” ХХК-аас С.А-д хүргүүлсэн 2022.5.27-36 дугаартай албан бичигт “...таны 2022.05.23-ны өдөр ирүүлсэн Ж төвийн 17 давхар болон В1 давхрын түрээсийн гэрээг цуцлах саналыг хүлээн авч байна. ... Танай компани өөрийн хөрөнгөөр тохижилтоо хийсэн тул үнэлгээг бодитой гаргаж дараагийн түрээслэгчид санал болгох ба түрээслүүлэх хүртэл В1 давхарт үйл ажиллагаа явуулаагүй ч бартераар хийсэн түрээсийн төлбөр тооцогдож байгаа болно. Түрээслүүлэгч, түрээслэгч 2 талын хүлээж буй санхүүгийн алдагдлыг аль болох багасгахын тулд 2 талаасаа яаралтай биечлэн уулзаж эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй байгаа” талаар тусгажээ.

Дээрх албан бичгээс үзэхэд 2022.05.23-наас гэрээг цуцалсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба 2022.11.01 хүртэл түрээсийн талбайг чөлөөлөөгүй, эзэмшилдээ байлгасан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01149 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар...” гэснийг “...318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар...” гэж, “...492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “БАХ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.09-ний өдөр төлсөн 2,014,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                       Н.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧИД                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД