Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 8

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, шүүгч Р.Батбаяр, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч Б.Ганболд, Д.Нэргүй

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Хохирогч Б.Энхболд

Шинжээч эмч Ж.Ариунзаяа

Шүүгдэгч С.Баярсайхан нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Очир овогт Сэр-Одын Баярсайханд холбогдох 201623010073 тоот хэргийг 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1990 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоогийн 05-04 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, СЩ90022011 регистрийн дугаартай Очир овогт Сэр-Одын Баярсайхан.

    Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

    Шүүгдэгч С.Баярсайхан нь согтуугаар 2016 оны 12 сарын 13-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 42-р байр 43-р байрны дундаас чулуу шидэж хохирогч Б.Энхболдын нүүрэн тус газар онож улмаар амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу зүүн нүдийг хараагүй болгосон ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулсан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад

Т О Д О Р Х О Й Л О Х нь:    

-Хохирогч Б.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 13-ны орой 22 цаг болж байхад манай гэрт Баярсайхан Төмөрболдтой согтуу орж ирсэн. Манай гэрт Баярсайхан орж ирээд гар утсаар хүнтэй чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би чимээгүй бай, эгч чинь усанд орж байна, гарч ирэх болоогүй байна, чи манай гэрээс гарч бай гэж хэлсэн. Баярсайханыг утсаар чанга чанга ярих үед манай гэрт унтаж байсан 2 сар гарантай нялх хүүхэд сэрчихсэн. Тэгэхээр нь би Баярсайханыг гэрээсээ гар гэж хэлсэн. Тэгэхэд Баярсайхан манай гэрээс гарахгүй байсан. Манай эхнэр уснаас гарч ирээд Баярсайханыг дагуулаад гэрээс гарсан. Баярсайхан манай гэрээс гарахдаа алнаа муу пиздаанууд гээд хашгираад байсан. Баярсайхан байрны коридорт том том яриад байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь би Баярсайханыг эгчийгээ зодчихов уу гэж бодоод гэрээсээ гараад очиход Баярсайхан Байгальтуяа хоёр хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би Баярсайханыг яв гээд цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд Баярсайхан чи муу юу юм гэж хэлээд надтай зууралдсан. Тухайн үед Баярсайхан бид хоёр 42-р байрны урд талаасаа 2 дахь орцны гадна талд хоорондоо муудаж зууралдсан. Хоорондоо маргалдаад байж байтал манай дүү Энхжаргал ирсэн. Баярсайхан Байгальтуяа хоёр нэлээн урагшаа явсан. Энхжаргал бид хоёр орцны үүдэнд үлдсэн. Баярсайхан “та нар аавыгаа алсан биз дээ” гэж хашгирсан. Тэгэхээр нь би чи муу одоо юу гээд байгаа юм гээд Баярсайхан руу чиглээд алхаж явтал Баярсайхан зүүн тийшээ гүйгээд 42-р байрны урд талд байх хайсан хашаан дээгүүр даваад байрны урд талын харанхуй руу орж чулуу авч шидэхэд нь би баруун тийшээ зайлж зугтаасан. Тэгээд баруун тийшээ явж байгаад эргээд хартал миний нүүр рүү нэг чулуу оноод тас хийгээд явсан. Баярсайхан 42-р байр 43-р байрны хоорондоос над руу нэг том чулуу шидсэн. Баярсайханы шидсэн чулуу миний зүүн нүд, хөмсөгийг дайрч оносон. Баярсайханы шидсэн чулуунд оногдоод цус их хэмжээгээр гарахаар нь өөрийнхөө подволкоор дараад эмнэлэг рүү очсон. Баярсайханы шидсэн чулуунд оногдсоны улмаас би зүүн нүдээ авахуулсан. Нулимсны дээд, доод хоёр суваг тасарсан. Мөн нүдний дээд талын зовхины яс цаашаа цөмөрсөн байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

-Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 12 сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч Энхболд ахын гэр рүү орсон. Энхболд ахын гэрт ороод буцаад гарсан. Энхболд ах Баярсайхан хоёр хоорондоо зодолдож байсан. Баярсайхан 42-р байр 43-р байрны хооронд ороод чулуу аваад Энхболд ах руу шидсэн. Баярсайханы шидсэн чулуу нь Энхболдын нүүрэнд оносон. Тэгээд Энхболд ахын зүүн нүд, хөмсөг орчмоос их хэмжээний цус гарсан. Тэгээд эмнэлэг явсан. 7-8 метрийн зайнаас чулуугаар шидсэн. Баярсайханыг чулуу аваад шидэж байгааг би харсан. Баярсайхан Энхболд ах руу 1 удаа чулуу шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/

-Гэрч А.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 13-ны орой нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч дуудахад эмнэлгийн хүлээн авах дээр ирэхэд Б.Энхболдын зүүн нүдний зовхины дээд талд хөмсгийг дайрсан гүн няцарсан шархтай байсан. Шарханд хэсгийн мэдээ алдуулалт хийж шалгах үед шарх гүн, нүдний аяганы дээд ирмэг гэмтсэн ясны ирмэг тэмтрэгдэж байсан. Зовхи нилэнхүйдээ хавдаж хөхөрсөн, зовхийг нээж шалгах үед нүдний алим няцарсан шархтай, битүү цус хуралттай шархнаас цус гарч байсан. Дээд шатлалын эмнэлэг рүү яаралтай явуулсан” гэх мэдүүлэг /хх-н 19/

-Гэрч О.Байгальтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 13-ны орой Баярсайхан манай гэрт орж ирсэн. Манай нөхөр Энхболд Баярсайханыг гэрээсээ гар гээд куртикнээс нь зулгаагаад гаргасан. Тэгэхээр нь би араас нь гарсан. Баярсайхан намайг та одоо гэр лүүгээ харь, ингэж амьдраад яадаг юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би яахав яахав гэж хэлсэн. Баярсайхан гэнэт 42-р байр 43-р байрны хооронд гүйж ороод чулуу аваад Энхболд руу шидсэн. Баярсайхан 1 удаа чулуу шидсэн чинь Энхболдын нүүрэнд оносон. Энхболд над руу Байгалаа эмнэлэг явъя, нүд харахгүй болчихлоо гэж хэлсэн. Энхболд Баярсайханыг чирээд гаргасан чинь уурласан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

-Гэрч Г.Төмөрболдын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 13-ны өдөр 17 цагийн үед би найз Баярсайхан руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Баярсайхан хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр “Дэлгэрнуур” төв рүү орж 0.75 литрийн архи мөн 3 лааз 0.5 литрийн пиво авч уусан. Бид гурав 0.75 литрийн архи авч уусан. Дахиад 0.75 литрийн архи авч уусан. Би нэлээн согтсон. Юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Цагдаа дээр ирчихсэн байсан. Баярсайхан эгчийнхээ гэрт очоод түрийвчээ өгнө гээд байсан. Баярсайхан Энхболд нар хоорондоо зодолдож муудсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

-Гэрч Ч.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 12 сарын 13-ны орой жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 22 цаг өнгөрч байхад нэг залуу нүдээ бариад ороод ирсэн. Тэгээд үзлэг хийхэд нүдний алим гэмтээд цус олгойдож гарч байсан. Би Батбаатар эмчийг яаралтай дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

-Гэрч С.Отгондоржийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 12 сарын 13-ны орой орцонд Энхжаргалтай таарсан. Энхжаргал намайг гэрт хүргэж өгсөн. Би Баярсайхантай муудаж маргалдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

-Гэрч Д.Намынбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Би Баярсайханыг бага байхаас нь мэднэ. Баярсайханыг 10 жилийн сургуульд байхад нь  аав, ээж хоёр нь салж, аавтайгаа амьдарч байсан. Тэгээд хойд ээжийн гар үзээд зан ааш нь эвдэрсэн. Баярсайхан аавтайгаа амьдарч байгаад аавыгаа нас барсны дараа ээж дээрээ ирээд хамт амьдарч байна. Зан байдлын хувьд цагаахан, хүний үгээр байдаг, их итгэмтгий хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

-Гэрч Л.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн “Манай ээж 2001 онд Баярсайханы аавтай хамтран амьдарч байсан. 2011 онд Баярсайхан аавыгаа нас барахад тусдаа амьдарч эхэлсэн. Зан байдлын хувьд нийтэч, Дорнод аймагт цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

-Гэрч О.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “Баярсайхан нь илүү дутуу зан байхгүй, шударга зантай. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн. Баярсайхан нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт засварчнаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Энхболдын биед зүүн нүдний алим руу нэвтэрсэн шарх, зүүн нүдний алимны доторхи агуулагдахуун урсан гарсан байдал, мэс заслаар зүүн нүдийг авсны дараах байдал, дээд зовхи, нулимсны доод сувгийн урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.4.Дээрхи зүүн нүдийг мэс заслаар авсны дараах байдал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-ийн 38/

-Шүүгдэгч С.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 13-нд 17 цагийн үед найз Төмөрболд хүрээд ир гэж хэлсэн. “Дэлгэрнуур” төвд Төмөрболд, Болдоо нарын хамт орсон. Тэнд 0.75 литрийн соёрхол нэртэй архи, 3 ширхэг 0.5 литрийн пиво, 0.75 литрийн ерөөл архи, дахиад 0.75 литрийн архи авч уусан. “Дэлгэрнуур”-аас гараад 42-р байр орж эгч Байгальтуяад мөнгө өгөх санаатай явсан. 42-р байрны гадаа очсоноо санахгүй байна. 42-р байрны гадна эгч Байгальтуяатай уулзаад түрийвчтэй мөнгөө өгөөд зогсож байснаа санаж байна. Тэгэхэд хүргэн Энхболд ах, Энхжаргал хоёр над руу хүрч ирээд муудаж байсныг санаж байна. 42-р байрны гадна юу болсныг санахгүй байна. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 52/

-Шүүгдэгч С.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гардаг өдөр би төрсөн эгч О.Байгальтуяад түрийвчтэй мөнгөө өгөх гэж гэрт нь очсон. Тэр өдөр манай ажлын цалин буусан байсан. Мөнгөө хаячих байх гэж бодоод эгчдээ өгөх гэж очсон. Тухайн үед согтуу байсан болохоор яаж чулуу шидсэн гэдгийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардалд 1090000 төгрөг, банкны зээлийн төлбөрт 7100000 төгрөг нийт 8190000 төгрөгийг төлсөн. Цаашид хохирлыг төлж барагдуулна. Хүргэн ахынхаа биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Энхболдын шүүх хуралдаанд өгсөн “Миний бие одоогоор ажил хийхгүй байгаа. С.Баярсайханаас эмчилгээний төлбөрт 1090000 төгрөг, банкны зээлийн төлбөрт 7100000 төгрөг нийт 8190000 төгрөгийг авсан. Цаашид банкны зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Би цаашид урд  нь хийж байсан ажлаа хийх  боломжгүй, одоогоор намайг ажлаас чөлөөлөөгүй байгаа. Одоогоор биеийн байдал сайн байгаа. Шүүхэд гаргах ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

-Гэрч О.Байгальтуяагийн шүүх хуралдаанд өгсөн “Би мэдүүлэг өгнө. Би гэрээсээ С.Баярсайханыг аваад гарсан. Араас Б.Энхболд гарч ирсэн. С.Баярсайханыг чулуу аваад шиднэ гэж бодоогүй. Орой үзэгдэх орчин муу байсан. Би С.Баярсайханыг яв гэж зөндөө хэлсэн. Б.Энхболдыг ямар авир гаргахыг мэдэж байсан болохоор С.Баярсайханыг хурдан л явуулахыг бодсон. Би үнэхээр хэцүү байна. Б.Энхболд миний нөхөр, С.Баярсайхан миний төрсөн дүү учраас яах учраа олохгүй байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Энхжаргалын шүүх хуралдаанд өгсөн “Тухайн хэрэг болдог орой харанхуй байсан. Тэр орой би ах Б.Энхболдын гэрт нь орох гэж яваад таарсан. Отгондоржийг гэрт нь хүргэж өгөөд буцаад ирэхэд С.Баярсайхан Б.Энхболд хоёр зууралдаад байж байсан. Би очоод салгасан. Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа жаахан удаж ирсэн. Цагдаа хурдан ирсэн бол ийм хэрэг болохгүй байсан” гэх мэдүүлэг,

-Шинжээч эмч Ж.Ариунзаяа шүүх хуралдаанд өгсөн “Б.Энхболдын биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл мөн. Би Клиникийн 1 дүгээр төв эмнэлгээс ирүүлсэн Б.Энхболдын өвчний түүх, Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Б.Энхболдын яаралтай тусламжийн тодорхойлолт зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Зүүн нүдний дээд талын зовхины яс цаашаа цөмөрсөн талаар үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй байсан. Хэрвээ зовхины яс цаашаа цөмөрсөн байвал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Энхболдын биед ийм гэмтэл учраагүй байсан” гэх мэдүүлэг,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэг, Клиникийн 1 дүгээр төв эмнэлгээс ирүүлсэн хохирогч Б.Энхболдын өвчний түүхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

Шүүгдэгч С.Баярсайхан нь согтуугаар 2016 оны 12 сарын 13-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 42-р байр 43-р байрны дундаас чулуу шидэж хохирогч Б.Энхболдын нүүрэн тус газар онож, гэмтэл учруулсан буюу зүүн нүдийг хараагүй болгосон ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулсан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхболд, гэрч Б.Энхжаргал, А.Батбаатар, О.Байгальтуяа, Г.Төмөрболд, Ч.Мөнгөнчимэг, С.Отгондорж нарын мэдүүлэг, шинжээчийн 07 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Баярсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Баярсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Баярсайханы архидан согтуурсан, хэрүүл маргаан үүсгэсэн түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж  шүүх үзэв.

Шүүгдэгч С.Баярсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Энхболд нь “миний биед зовиурлах ямар нэгэн зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн хүсэлт, С.Баярсайханы үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал,  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Баярсайханыг Эрүүгийн хуулийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын шүүх хуралдаанд гаргасан “С.Баярсайханд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй байна.  

Учир нь С.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй байх тул Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см урттай, 14 см өргөнтэй, 7 см өндөртэй байгалийн чулуу 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Баярсайхан нь хохирогч Б.Энхболдод эмчилгээний төлбөр 1090000 төгрөг, банкны зээлийн төлбөрт 7100000 төгрөг нийт 8190000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Энхболд нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч С.Баярсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй байна. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн

290.3, 294-299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Очир овогт Сэр-Одын Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Очир овогт Сэр-Одын Баярсайханыг 5 /таван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайханд оногдуулсан 5 /таван/ жил 5 /таван/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч С.Баярсайханд холбогдох бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй,  шүүгдэгч С.Баярсайхан нь хохирогч Б.Энхболдод 8190000 /найман сая нэг зуун ерэн мянган/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Энхболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Баярсайханаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см урттай, 14 см өргөнтэй, 7 см өндөртэй байгалийн чулуу 1 ширхгийг устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

9.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАЙГАЛЬМАА

           ШҮҮГЧИД                              Р.БАТБАЯР

                      М.ЭНХМАНДАХ