Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 996

 

  2020            8            11                                            2020/ДШМ/996

 

П.А, П.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1094 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцэлд үндэслэн П.А, П.Б нарт холбогдох эрүүгийн 19100 1413 0150 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хөлөгбаригч овгийн  П.Б, 1995 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арц” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эгчийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Аатынхан овгийн   П.А, 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Урбан менежмент бьюлдинг” ХХК-д захирал ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

П.Б нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубын автомашины зогсоол дээр хохирогч Б.Бтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны их биед ооч хэсгийг дайрсан зөрүүтэй ташуу, эрүүний баруун салсанд үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, эрүү, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, амны зүүн булан, дотор хэсэгт шарх, баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, зүүн тохой, сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

П.А нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубын автомашины зогсоол дээр хохирогч Б.Бтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, биед нь “зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт эд мөрийн баримтаар шинжлэн судалсан хэрэг учрал болсон гэх “Минт” баарны автомашины зогсоолын хяналтын камерын бичлэгт энэ хэргийн хохирогч Б.Б нь Б.Бын баруун хацар шанаанд цохиж буй үйлдэл харагдах бөгөөд хохирогч Б.Бын биед учирсан гэх хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйлдэлд Б.Бын үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгах, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж болох, тухайн хэрэг маргаан болсон хэргийн газарт байсан нэр бүхий /............./ гэрчүүдээс мэдүүлэг авах, мэдүүлэг авах ажиллагааны явцыг баримтжуулан бэхжүүлэх, тэмдэглэл хөтлөх үйл ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн талаар хэрэгт үндэслэл бүхий баримттай, нөгөө талаар дээрх зөрчилтэй баримт нотолгоог яллах талын эх сурвалж болгон Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн зөрчилтэй байна. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж, хэрэг учрал болсон газарт байсан нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авах, үйл баримтын зөрүүг арилгах шаардлагатай гээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх хяналтын камерын бичлэгт энэ хэргийн хохирогч Б.Б нь Б.Бын баруун хацарт нь 1 удаа алгадаж буй үйлдэл харагдах хэдий ч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учирсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, хохирогч Б.Бын биед учирсан гэмтлүүдийн аль нь хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарах талаар шинжээч эмч Б.Ганзоригоос тодруулж авсан мэдүүлэгт яллагдагч П.Бын 2 удаагийн цохилтоос үүссэн гэмтэл болохыг нотолсон.

2. Гэрч  нарын мэдүүлэг нь хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийг хэн, ямар үйлдлээр учирсан болохыг тогтооход ач холбогдолгүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд дурдагдсан хэдий ч прокурорын хэргийг эцэслэн шийдвэрлээд гаргах эрх зүйн хэлбэр болох яллах дүгнэлтэд дээрх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй ба хэргийг хавтас хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирол зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой.

3. Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй. Харин Б.Бын биед гэмтэл учруулсан гэмт хэргийг хэн үйлдсэн талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн шийдвэрлэх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б, П.Б нар нь хэрэг болсон газарт хамт байсан боловч цаг хугацааны хувьд хохирогч Б.Б, Б.Б нар маргалдаж, улмаар Б.Б нь Б.Бын баруун хацар руу 1 удаа алгадчихаад цааш явсны дараа П.Б нь Б.Бын толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж унагаж, түүнийг босож ирсний дараа дахин нүүрэн тус газар нь 1 удаа цохиж унагаасны улмаас Б.Бын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт гомдлоор эсхүл шүүх өөрийн санаачилгаар хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-6.17 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдвол хэргийг прокурорт буцаахаар заасан. Мөн зүйл, хэсгийн 10-т “Урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасан.

Шүүх 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Бын өмгөөлөгч Т.Баасанжаргалын хүсэлтийн дагуу хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа прокурор оролцуулалгүй хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн байна.

5. Дээрх гэмт хэрэг нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид ... эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн” болох нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэхэд дээрх мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч П.А, П.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэг учрал болсон гэх “Минт” баарны автомашины зогсоолын хяналтын камерын бичлэгт энэ хэргийн хохирогч Б.Б нь Б.Бын баруун хацар шанаанд цохиж буй үйлдэл харагдах бөгөөд хохирогч Б.Бын биед учирсан гэх хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэх үйлдэлд Б.Бын үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгах, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж болох, тухайн хэрэг маргаан болсон хэргийн газарт байсан нэр бүхий Т.Дөлгөөн, Э.Шинэбаяр, М.Дөлгөөнтамир нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн гарын үсэг зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн талаар хэрэгт үндэслэл бүхий баримттай зэрэг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд прокурор Н.Нарангэрэлийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1094 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР                                        

                                    ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

                                   ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ