Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1983

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Гд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 340 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Эийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Энхзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Энхбуйр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Гтай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Г нь зээлийн үндсэн төлбөрөө болон гэрээнд заасны дагуу 7 хувийн хүүгээ бүрэн төлж барагдуулаагүй болно. С.Г нь эхний 2 сарын хүү 420 000 төгрөг, дараа нь 2018 оны 03 дугаар 17-ны өдөр 500 000 төгрөг өгөөд дахин хүү өгөөгүй. Иймд үндсэн зээл 3 000 000 төгрөг, 6 сард авах нийт хүү 1 260 000 төгрөгөөс авсан 920 000 төгрөгийг хасаж, үлдэх хүү 340 000 төгрөг, нийт 3 340 000 төгрөгийг хариуцагч С.Ггаас гаргуулж өгнө үү. С.Г нь надаас урьд өмнө авсан мөнгөнийхөө талаар тайлбар бичээд байгааг би ойлгохгүй байна. С.Гтай танил бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 930 000 төгрөг дансаар, бэлнээр 70 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дансаар 1 000 000 төгрөг, бэлнээр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг зээлсэн нь үнэн, 2017 оны 4 сард уг зээл 3 000 000 төгрөгөө бэлнээр авч тооцоогоо дуусгасан. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Г мөнгө хэрэгтэй байна, зээл авъя гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, зээлийн гэрээний ард бэлнээр өгч, авав гэсэн бичиг нь байгаа. С.Ггаас 920 000 төгрөгийн хүү төлсөн, уг баримт байхгүй. Иймд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний зээлд 3 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 340 000 төгрөг, нийт 3 340 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Хуучны танил Г.Эээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дансаар 930 000 төгрөг, бэлнээр 70 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, дараа нь бэлнээр 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг дансаар авч, нийт 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, cap бүр 7 хувийн хүү төлөхөөр зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг би Казакстаны Жи Тайм сүлжээнд оруулаад алдсан бөгөөд хохирлоо олж авч чадаагүй байгаа болно. Би өөрийн ганц цэвэр орлого болох цалингаасаа зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. Зээлийн хүүд 2018 оны 02 дугаар сарын 06-ны байдлаар дансаар 1 939 000 төгрөг, бэлнээр 140 000 төгрөг, нийт 2 079 000 төгрөг төлсөн, мөн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт тооцуулахаар 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоогийн байдлаар Г.Эт нийт 2 579 000 төгрөг өгсөн. Харин Г.Эийн нэхэмжлэлд дурдсан 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хийсэн зээлийн гэрээ гэдэг нь нөхөн хийсэн гэрээ юм. Анхны гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сард дууссан бөгөөд энэхүү гэрээг дүгнээгүй юм. Г.Этэй 2016 онд хийсэн зээлийн гэрээний дагуу 6 сарын хүү 1 260 000 төгрөгөө төлсөн гэж үзнэ. Одоо нийт төлсөн 2 579 000 төгрөгөөс 1 260 000 төгрөгөө хасаж тооцвол түүнд 1 319 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж ойлгож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гд холбогдуулан гаргасан 3 340 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...Г.Э миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02497 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Бид хоорондоо харилцан тохиролцоод, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шинээр зээлийн гэрээ байгуулахдаа 7%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл мөнгө зээлүүлэхээр болсон. С.Г нь энэ хугацаандаа багтаад гэрээнийхээ дагуу үндсэн мөнгө 3 000 000 төгрөгийн 7%-ийг өгөөд дуусгавар болгоно гэж амласан. Тухайн зээлийн гэрээг байгуулахад хариуцагч С.Г нь 3 000 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр өөрөө бэлнээр авснаар хийе гэж хүсэлт тавьсаны дагуу хариуцагчийн саналаар гэрээ хийсэн өдөр мөнгийг бэлнээр авснаар хийсэн. Өмнө нь байгуулсан аман, бичгээр байгуулсан гэрээ болон сүүлд байгуулсан гэрээгээр хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул миний бие сүүлд байгуулсан гэрээг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нотариатаар батлуулж, байгуулсан гэрээг мөнгө бэлнээр өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхэд хариуцагч 3 000 000 төгрөгийг авснаа хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөөр байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, намайг хохироож байгаад гомдолтой байна. 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 06 дугаар cap хүртэлх 17 сарын нийт хүүгийн хэмжээг бодож үзэхэд 3 570 000 төгрөгийг надад төлөх байснаас 2 439 000 төлсөн байна. Үүнээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгөх хүүг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгөхдөө 4 000 төгрөгийн алданги гэж өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгөх хүүг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өгөхдөө 5 000 төгрөгийн алданги гэж өгсөн. Ер нь хугацаандаа өгч байсан нь ховор сайхан ааштай байхдаа алданги гэж өгнө. Ингээд нийт 9 000 төгрөгийн алданги өгч байсан. Хугацаандаа өгөхийг хүсэхээр би алдангиа өгдөг гээд өөдөөс хүн загнаад, элдвээр доромжилно. Би хариуцагч С.Ггаас өмнөх гэрээгээ сөхөөд, сүүлийн гэрээг дуустал нэхэмжилсэн бол өгөөгүй хүүний мөнгө 1 140 000 төгрөг, үндсэн мөнгө 3 000 000 төгрөг, нийт 4 140 000 төгрөг болох байсан Тиймээс би сүүлийн гэрээрээ 3 340 000 нэхэмжилсэн. Гэтэл С.Г нь үндсэн мөнгийг маань өгөлгүй хүүгээ өгч байсан тул үндсэн мөнгөнд дүйцэхүйц мөнгө өгсөн гээд байгааг нь ойлгохгүй байна. Уг нь 7%-ийн хүүтэй зээлсэн. Би гомдолтой байгаа тул үндсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг нэхэмжлэхийн тулд сүүлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 3 340 000 төгрөгийг хариуцагч С.Ггаас гаргуулан шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.       

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Гд холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ”-ний үүрэгт 3 340 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг зээлийн гэрээг нөхөж хийсэн гэж маргажээ.

 

            Талууд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр  С.Гд 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 11/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

            Нэхэмжлэгч Г.Эийн “өмнө нь зээлийн гэрээний  харилцаа байсан, зээлийн харилцааг өөрчилж 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн” гэх, хариуцагч С.Ггийн “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дансаар 930 000 төгрөг, бэлнээр 70 000 төгрөг, дараа нь бэлнээр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 1 000 000 төгрөг авч, нийт 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 7 хувийн хүү төлөхөөр зээлсэн нь үнэн” гэх тайлбарууд, хэрэгт авагдсан дансны хуулга зэргийг харьцуулан үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөгийг бодитойгоор авсан гэж үзнэ. Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдийн зээлийн гэрээний дагуу 6 сарын хүү 1 210 000 төгрөгийг шаардах эрхтэй байх боловч хариуцагч нь дансаар 1 939 000 төгрөг, бэлнээр 140 000 төгрөг, нийт 2 079 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй юм.

 

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагчаас нийт 2 509 000 төгрөгийг авсан, харин хариуцагч С.Г нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2 579 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж тус тус тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн 2 509 000 төгрөгийг авсан гэх тайлбарыг үндэслэн уг мөнгийг төлөгдсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Үүнээс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 2 079 000 төгрөгийг хасахад 430 000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна.

            Иймд үндсэн зээл 3 000 000 төгрөгөөс үлдэгдэл 430 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч С.Ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 570 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ггаас 2 570 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 56 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.             

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН