| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00314/И |
| Дугаар | 104/ШШ2021/00325 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2021/00325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................................................ оршин суух, Шывораягыр овогт С.К /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................................................................ сургуульд холбогдох
Албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч С.К, өмгөөлөгч Т.Золбаяр,
хариуцагчийн төлөөлөгч О.Оюунтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 08 дугаар сарын 27-нд сургуулиас ажилласан жилийн тодорхойлолтоо авахад 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсан гэж тодорхойлжээ. 2019 онд би бага ангийн багшаар ажиллаж байсан ба тухайн үед намайг гал тогооны туслах ажилтан болгож албан тушаал бууруулсан. Уг тушаалыг надад огт танилцуулж байгаагүй, тушаал танилцуулсан баримтад гарын үсэг зуруулж байгаагүй, би гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байгаагүй.
Тухайн үед энэ асуудлыг би зөвшөөрөхгүй байсан учир Багш нарын үйлдвэрчний эвлэлд гомдол гаргасны дараа захирал дуудаж эргэж багшаар ажиллуулсан. .................................................. суруулийн захирлын тушаал нь цаашид багшаар ажиллах болон тэтгэвэрт гарахад сөргөөр нөлөөлөх шийдвэр гэж үзэж байна. Иймд ажил, албан тушаал үндэслэлгүй бууруулсныг тогтоож, ажил, албан тушаал үндэслэлгүй бууруулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.К багштай холбоотой эцэг эхчүүдийн гаргасан гомдол, тухайн багшийн ёс зүй, ажиллаж байгаа байдал, ажлын үнэлгээ зэрэг асуудлууд гарч байсан тул 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уулзаж, үйлчлэгчээс бусад ажлыг хийнэ, цаашид хамт олонтойгоо ажиллана гэсэн өргөдлийг Кулдан гаргасан. Уг өргөдлийн дагуу өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С.Ктай уулзаж, гал тогооны туслах ажилтнаар ажиллуулах тушаал гаргасан. С.К нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тушаалтай танилцаад, цаашдаа гал тогооны туслахаар ажиллах боломжгүй юм байна түр чөлөө авъя гээд өргөдөл бичиж өгсөн тул түр чөлөө олгосон. Дараа нь нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлд гомдол гаргасны дараа ярилцаад энэхүү тушаалаа өөрчилж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс бага ангийн багшийн албан тушаалд нь томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.К нь хариуцагч .................................................. сургуульд холбогдуулан албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах болон багшаар ажиллаж байсныг тогтоолгох хоёр нэхэмжлэлийг гаргаснаас албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болохоо шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь илэрхийлсэн тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Налайх дүүргийн .................................................. сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн б/60 дугаар тушаалаар бага боловсролын багш С.Кыг үдийн цайны гал тогооны туслахаар томилсон байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс С.К нь бага ангийн багшаар ажилласан болох нь хэрэгт авагдсан .................................................. сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 53 тоот албан бичиг, захирлын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн б/60 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн б/60 дугаар тушаалыг С.Кд ажил олгогчийн зүгээс албан ёсоор хүлээлгэн өгсөн баримт байхгүй боловч ажлын байр өөрчлөгдсөн болохыг тухайн цаг хугацаанд С.К нь мэдэж Багш нарын үйлдвэрчний эвлэлд гомдол гаргаж байсан болохоо шүүх хуралдааны явцад тайлбарласан, үүнтэй нь хариуцагч маргаагүй бөгөөд харин уг гомдол гаргасныг харгалзаад эгүүлэн бага багшийн албан тушаалд томилсон болохоо илэрхийлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэх зохицуулалтад ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг зөвхөн бичгээр гар дээрээ хүлээн авахаас гадна энэ талаар мэдэж, мэдсэн байдалдаа тулгуурлан тодорхой үйлдэл, эс үйлдэл хийж буй нөхцөл байдал нь нэгэн адил хамаарах болно. Мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлын талаар 2 жилийн дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буйд хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна.
Иймд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч байгууллага нь ажлын байрыг ямар шалтгаан, Хөдөлмөрийн хуульд заасан ямар үндэслэлээр өөрчилж байгааг захирлын тушаалд тодорхой заагаагүй, өөрийнх нь хүсэлтээр ажлын байрыг өөрчилсөн гэж байгаа боловч энэ талаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан С.Кы хүсэлтийг 3 сарын дараа шийдвэрлэсэн зөрчил гаргасан байгааг дурдвал зохино.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Кы гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа тул төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .................................................. сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Кы албан тушаал бууруулсан ................................................. сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ