| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00316/И |
| Дугаар | 104/ШШ2021/00322 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2021/00322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................................................................т оршин суух******* овогт Ч.А /РД.................../ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................................................................... тоотод оршин суух, ******* овогт С.М /РД:.................../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 10 780 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч С.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 10 000 000 төгрөгийг хүүгүйгээр 3 хоногийн хугацаатай зээлсэн. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 780 000 төгрөг, нийт 10 780 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Гэрээ байгуулах шалтгааны хувьд М нь Бээс Хово машин худалдаж авсан. Машин мэддэг хүн дагуулж ирээд диск нь эвдэрсэн байна гээд 2 000 000 төгрөг хасаж, үнийг нь 63 000 000 төгрөг болгосон. Тэгээд мотор нь дуутай байна гэхэд Бэ нь мотор нь 8 000 000 төгрөгийн үнэтэй байдаг, хоёулаа 50, 50 хувиар нь тохироод 4 000 000 төгрөгийг хасаад 50 хэдэн сая төгрөг болгосон юм байна лээ. М нь 23 000 000 төгрөг шилжүүлж өгсөн, 650 000 төгрөг мөн шилжүүлсэн. 25 000 000 төгрөгт нь Subaru Forester маркийн авто машин өгсөн. Хариуцагч нь нийт 48 650 000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 10 000 000 төгрөг үлдсэн. М нь 10 000 000 төгрөгөө өгнө гэсэн болохоор А нь Бэээс авах авлагадаа Мтэй зээлийн гэрээ хийсэн.
А, Бэ нар нь хоорондоо базууд бөгөөд Бэ Howo маркийн машинаа зараад, шаланз машин авахдаа Ааас 10 000 000 төгрөг зээлсэн. Бэ нь би Мөөс 10 000 000 төгрөг авах ёстой. Би хөдөө ажлаар явахаар болчихлоо гээд тухайн авлагаа Ад шилжүүлсэн тул А, М нар зээлийн гэрээ байгуулсан. Бодитоор А нь Мд 10 000 000 төгрөг шилжүүлээгүй, Бийн авлагыг өөр дээрээ шилжүүлж авсан гэв.
Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бэд 48 650 000 төгрөг төлж 2021 оны 07 дугаар сард .............. улсын дугаартай Howo маркийн машиныг авсан. Бэ нь анх хэлэхдээ ахынх нь машин ямар ч хийх юм байхгүй, сайхан машин байгаа гэж хэлж 63 000 000 төгрөгөөр үнэ тохирсон. Гэвч засвар их орсон тул миний данснаас гарсан мөнгийг өгчих, болохгүй бол наймаа буцъя гэж хэлэхэд Бэ нь яах юм бэ? Нэгэнт ийм болсон юм чинь болох байлгүй дээ гэж хэлсэн. Анх надад А гэж хүнээс ах нь машин авсан хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би 10 000 000 төгрөгийг чинь өгч чадахгүй ш дээ гэж хэлсэн. Бэ нь заа яах вэ? Ах нь өөрөө 2, 3 хоногоос зохицуулна гэж хэлсэн. Ах нь зээлтэй болохоор наад хэд чинь надад өгөхгүй байна гэсэн болохоор Атай гэрээ байгуулсан. Ааас мөнгө авсан зүйл байхгүй. Аыг Бийн баз нь гэж одоо мэдлээ, анхнаасаа мэдсэн бол гэрээ хийхгүй байсан. Атай байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 08 дугаар сард Бэ болон түүний эхнэр О нарт мөнгө өгөх талаар утсаар ярьж байсан нь үнэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч С.Мд холбогдуулан үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 780 000 төгрөг, нийт 10 780 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээнд заасан 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэдэг үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ч.А, С.М нар нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хүүгүй зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй гэх үйл баримт тогтоогдсон тул гэрээ байгуулагдсан боловч зээлдүүлэгчийн зээлийн гэрээний хүрээнд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгчийн шаардах эрхийг нэхэмжлэгч Ч.А эдлэхгүй учир хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүрэгт 10 780 000 төгрөг шаардах эрхгүй.
Мэтгэлцээний байр суурийн хувьд Ц.Бэ, С.М нарын хооронд 2021 оны 07 дугаар сард байгуулагдсан .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний улмаас үүссэн 10 000 000 төгрөгийн өр төлбөрийг Ц.Бэ нь Ч.Ад шилжүүлсэн, үүний дагуу С.М нь Ч.Ад 10 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч, энэ үйл баримт болоогүй гэж хариуцагч нар маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө нотлох үүргийн хүрээнд Ц.Бээс хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр С.Мөөс авах ёстой 10 000 000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхийг шилжүүлж авсан болохоо нэхэмжлэгч тал нотлоогүй. Түүнчлэн ийнхүү өр шилжүүлэн авах тохиолдолд хуулиар тусгайлан заасан гэрээг шилжүүлэгч, хүлээн авагч талууд байгуулах ёстой, харин зээлийн гэрээ байгуулагдах учиргүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ шийдвэрээр Ч.А-С.Мийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаас 10 780 000 төгрөг шаардах эрхтэй эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Ц.Бэ-С.М нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээ, Ч.А-Ц.Бэ хоорондын зээлийн гэрээний асуудлыг шийдвэрлээгүй. Мөн уг шийдвэр нь аливаа гуравдагч этгээдийн эрх, үүрэгт үр дагавар үүсгээгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Аы зээлийн гэрээний үүрэгт 10 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 187 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ