| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00320/И |
| Дугаар | 104/ШШ2021/00281 |
| Огноо | 2021-09-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2021/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................................... тоотод оршин суух, ******* овогт Т.Н /РД:................../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................................................. тоотод оршин суух, ******* овогт Т.Б /РД:................../-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Т.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Т.Бтай танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Э төрсөн. Т.Б нь байнга архи ууж, хэл амаар доромжилж маргаан үүсгэдэг байсан. Т.Б нь архи уучхаад аав, ээжийнхээ гэр рүү явчихдаг, би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Бид одоо эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Т.Нтэй 2017 оны 01 дүгээр сард танилцан хамт амьдарсан. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Э төрсөн. Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Т.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Б.Э нь Т.Бгийн хүүхэд мөн эсэх, одоо эхийн асрамжид байгаа дээр болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Эийн эцэг нь Т.Б, эх нь Т.Н болохыг хүүхдийн төрсний гэрчилгээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу баталгаажуулан, захиргааны аргаар бүртгэсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Т.Б хүлээх болохыг хуульд тодорхойлсон байна.
Иймд эхийн асрамжид байгаатай нь холбогдуулан охин Б.Эийг эцэг Т.Бгаар нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, энэхүү шийдвэр нь зөвхөн хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа болохыг дурдвал зохино.
Хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан хариуцагч Т.Бгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Эийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Бгаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Нт даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ