| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00254/И |
| Дугаар | 104/ШШ2021/00258 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2021/00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Боржигон овогт Ж.С /РД:............../-д нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............................... тоотод оршин суух, Э.Э /РД:................./-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ж.С,
хариуцагч Э.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Этай 2013 онд танилцсан. Бидний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.М төрсөн. Э.Э хүүхдээ өөрийнхөө төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид хоёр хамт амьдарч байгаагүй, харин уулздаг байсан. Иймд С.Мн төрсөн эцэг Э.Э мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Ж.Стай танилцсан. Ж.Стай танилцсанаас хойш хэд хэдэн удаа уулзаж байсан. Бидний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.М төрсөн. Би хүү С.Мг өөрийн төрсөн хүүхэд мөн гэхэд эргэлзэж байсан тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Одоо миний төрсөн хүүхэд мөн гэдгийг мэдсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Э.Эт холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.Э, Ж.С нарын дундаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.М төрсөн гэдэг дээр зохигч маргаагүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10/4340 тоот дүгнэлтээр Э.Э нь С.Мгийн биологийн эцэг байх боломжийг 99.99% гэж тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүүхэд төрсөн цагаас эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргаан гараагүй зэргийг харгалзан хүү С.Мг эцэг Э.Эаар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр С.Мг эцэг Э.Эаар нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 107 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 107 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Мгийн эцгээр Э.Эыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.Мг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Сд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 107 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 107 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ