Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 93

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.Мөнхболд, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

хохирогчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Амбагай овогт Энэбишийн Мөнхболдод холбогдох эрүүгийн 201726030231  дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт галч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 6 дугаар гудамж, 99б тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Амбагай овогт Энэбишийн Мөнхболд /РД:ЖИ82030410/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.Мөнхболд нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10-289 тоотод эхнэр А.Нэргүйг хоёр хоног гадуур явлаа, хэнтэй хаана амьдарч байгаад ирсэн юм бэ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2014 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн  үедээ хардасны улмаас удаа дараа дарамталж, сэтгэл санаа болон бие махбодийн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхболдоос мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Мөнхболдоос: ...Би эхнэр Нэргүйтэйгээ 2005 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр 2008 онд нэг хүүтэй болсон. 2016 оны 7 дугаар сард эхнэрээсээ салаад тусдаа амьдарч байсан. Гэтэл манай хүү татаж унадаг өвчин туссан. Тэгэхээр нь хүүгийнхээ ээж Нэргүйг дуудуулж гэртээ ирүүлсэн. Тэгээд үүнээс хойш хамт амьдарч байна.  Тухайн өдөр манай найз манай гэрт архи уугаад тасраад унтаж байсан. Би эхнэрийгээ найзтайгаа хардсан зүйл байхгүй, манай эхнэр манай найзыг бие засах гээд харсан хойно гэрээ цоожлоод найзтайгаа гараад явсан байсан. Гэтэл би ажил дээрээ хүүхэдтэйгээ байж байхад Нэргүйг бааранд байна гэхээр нь байгаа газар нь очиж чи арай дэндэж байгаа юм биш үү хүү бид хоёр манай ажил дээр халтайгаад байж байхад чи ингэж явлаа гэж хэлсэн. Түүнээс хойш манай эхнэр Нэргүй гэртээ ирэхгүй хоёр хоног сураггүй болсон. 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ амарч байхад эхнэр Нэргүй гаднаас орж ирэхээр нь чи хоёр хоног хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэхэд найз Өсөхбаярын гэрт хонож байгаад ирлээ гэсэн. Би өмнө нь Өсөхбаяраас манай эхнэр Нэргүй танайд хоносон уу гэж асуухад хоноогүй гэж хэлж байсан. Гэтэл Нэргүй хоёр хоног Өсөхбаярын гэрт хоноогүй байж надад худлаа хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдсан. Би Нэргүйг байнга зоддоггүй. Харин 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр  Нэргүйг зодсон миний буруу, би эхнэр Нэргүйгээс уучлал гуйсан.  Манай эхнэр Нэргүй баяр ёслол болохоор байнга надаас хэрүүл гуйгаад гэрээсээ гарч яваад ирдэггүй байсан...гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч А.Нэргүйгийн: ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ нөхөр Э.Мөнхболдын нутгийн эмэгтэй Билгүүнтэй хамт сууж байтал нөхөр залгаад би ажлынхаа газрын дөрвөн хүнтэй хамт очиж байна. Хоол хийгээд байж байгаарай гэхээр нь цуйван хийгээд сууж байтал гаднаас ажлын газрынхаа дөрвөн хүнтэй халамцуу орж ирээд нэг шил архи хувааж уугаад, хийсэн хоолноос идэж байтал нэг найз нь тасраад уначихсан. Тэгтэл Э.Мөнхболд нөгөө гурван найзтайгаа би ажил руугаа явлаа гэж хэлээд гараад явчихсан. Би гэртээ найз эмэгтэй Билгүүн болон Э.Мөнхболдын найз гэх залуутай хамт үлдсэн бөгөөд нөгөө найз нь унтаад л байсан. Тэгтэл намайг төд удалгүй нөхөр Э.Мөнхболд залгаад намайг юу хийж байна, манай найз яаж байна гэхээр нь унтаж байна гэтэл нөгөө залуу сэрчихсэн. Тэгэхээр нь найз чинь сэрчихлээ, ярих юм уу гэтэл чи нэг бол унтаж байна гээд нэг бол сэрчихсэн гээд байх юм чи чинь хаашаа  юм, мэдрэл муутай юм уу, пизда минь чамайг очиж ална шүү гэхээр нь чи намайг найзтайгаа хардаад байгаа юм уу гээд утсаа нөгөө найз гэх залууд өгсөн. Тэгтэл нөгөө залуу нь миний утсаар байна уу, байна уу гэж байгаад тасалчихсан. Ингээд сууж байтал найз Билгүүн одоо нөхөр чинь согтуу ирж байгаа юм чинь бөөн юм болох байх, хоёулаа гаръя гээд Билгүүнээтэй хамт гэрээсээ нөгөө залууг бид хоёр явлаа гэж гаргачихаад гэрээ түгжээд Билгүүнээгийн гэрт очсон. Билгүүнээгийн гэрт очоод найз Өсөхбаярыг дуудаж бид гурав хамтдаа Яармагийн эцэст байдаг караокед ороод сууж байтал нэг хүн араас толгойн тус газар цохихоор нь эргээд хартал нөхөр Мөнхболд цохиж над руу дайраад байхаар нь Билгүүн нөхөртэйгөө хамт Мөнхболдыг гэр лүүгээ аваад явсан. Би Өсөхбаяртай хамт гэр рүү нь явсан. Ингээд Өсөхбаярын гэрт очиж хоёр хоноод нөхөр Мөнхболдод энд байгаа талаараа ярьсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр маргааш хүүхдийн төрсөн өдөр болох юм чинь гээд нөхөртэйгөө ярьж байгаад 11 цагийн үед Барс зах дээр уулзсан. Тэгээд юм цуглуулаад явж байтал намайг янхан, гадуур хоногдог гэх зэргээр харааж ерөөгөөд байхаар нь би чамд айлд хонож байна гэдгээ хэлсэн биз дээ битгий гудамж талбайд олон юм яриад бай гэртээ харьж байгаад учраа олъё гэхэд зүгээр явуулахгүй байсаар байгаад 13 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд орох гэтэл нөхөр Мөнхболд түлхүүрээ ажил дээрээ мартчихаж гээд хоёр хүүхдээ ажил руугаа явуулсан. Ингээд намайг гэрийн гадаа цохиж зодоод байхаар нь гэртээ оръё гэтэл гэрийнхээ хаалгыг эвдэж ороод намайг чирч оруулаад нүүр нүдгүй зодож газар унагаагаад дээрээс дэвсэж, өшиглөөд, газраас босгож суулгасныхаа дараа нүүр лүү алгадаж басамжилж дорд үзэн элдвээр харааж цохиж зодсон. Тэгээд сүүлдээ ширээн дээр байсан халуун савыг авч гар луу цохиж гар гэмтээгээд, гэр хүйтэн байна, хурдан гал асаа гэхээр нь гал түлэх санаатай зуух руу дөхөж байх үед түлээний саванд байсан модыг аваад толгой руу шидсэн. Тэгтэл миний толгойноос цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь толгой хагарчихлаа гэтэл хохь чинь, чамайг гүйцээнэ шүү гээд шургуулганаас заазуур аваад хагалсан халуун саваа хурдан шүүрд гэхээр нь шүүрдэж аваад гарч асгах үедээ тэр чигтээ зугтаасан... ...Намайг хоёр хоног гадуур явлаа гэх шалтгаанаар зодож цохьсон. Би тухайн үед найз Өсөхбаярын гэрт байна гэдгээ хэлсэн. Тэгтэл намайг хардаж ийм зүйл болсон. ...Нөхөр Э.Мөнхболд нь толгой руу мод шидэж хагалсан. Баруун гарын долоовор хурууг халуун саваар зүсэж гэмтээсэн. Бусад гэмтлийг гараараа болон хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Хэдэн удаа өшиглөж цохисон талаар нь мэдэхгүй, маш олон удаа өшиглөж цохисон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Гэрч Э.Борчулууны: ...Ер нь хэрэлдэж маргалдаж байсан удаа байдаг. Хоорондоо хэрэлдэж маргалдсан тухай сонсогддог. Зодож цохисон талаар нь мэдэхгүй байна. Ер нь бол муудалцаад салсан гэж ярьдаг, мөн төд удалгүй эргээд нийлчихсэн л байдаг. ...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай эмэгтэй дүү Э.Мөнхсайхан над руу залгаад Э.Мөнхболд эхнэр А.Нэргүйг зодчихсон байна. Ямар ч холбоо барих утас байхгүй гэмтлийн эмнэлэг явсан сураг байна гэхээр нь гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр очиход А.Нэргүй үзүүлээд сууж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр толгойн тус газар нь оёдол тавьсан гэж байсан. Ингээд толгойны зургийг нь авхуулаад дараа нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирсэн. Гар нь цустай, нүүр ам нь хавдаж хавагнасан. Толгой нь марлаар ороолттой байсан. Өөр ил харагдах шарх сорив, ямар нэгэн гэмтэл байхгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Н.Амарсайханы: ...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүргэн Э.Мөнхболд хүү Алтангэрэл рүү залгаад дүүгээ олж аваарай гэж хэлсэн байдаг. ...Тэгтэл Э.Мөнхболд нь охин А.Нэргүйн толгойг хагалж баруун гарын хурууг гэмтээсэн байсан. ...Ер нь охиноосоо сонсож байхад зодож цохиж их дарамталдаг гэж ярьдаг. Миний хувьд хол хөдөө байдаг учраас сайн мэдэхгүй юм. Хааяа утсаар залгаад уйлж унжаад намайг зодоод байна гэж ярьдаг. Нөгөөх нь цаана нь орилж хашгирч байгаа нь сонсогддог. Ер нь байнга утсаар ярьдаг. Би он сар өдрийг нь мэдэхгүй. Утсаар ярих үед намайг зодлоо, зодож байна гээд уйлж ярьдаг. Утсаар ярьж байхад зарим үед Э.Мөнхболд нь гар утсыг нь булааж авдаг. Би хэдэн удаа ярьсан талаар нь мэдэхгүй байна. ямар ч байсан нэгээс хоёр удаа бол биш, маш олон удаа давтагдаж байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхсайханы: ...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гадуур ажил хөөцөлдөөд явж байхад манай найз эмэгтэй Билгүүн над руу залгаад манайд Нэргүй ирээд явлаа. Мөнхболд ахад зодуулсан гэж байна. Тэгээд намайг түргэн дуудаад өг гэхээр нь би түргэн дуудаж өгсөн. Тэгтэл түргэн ирээд гэмтлийн эмнэлэг аваад явчихлаа гэж хэлэхээр нь төрсөн эгч Э.Борчулуун руу залгаад А.Нэргүй эгчийг Мөнхболд ах зодсон гэж байна. Тэгээд Нэргүй эгч Гэмтлийн эмнэлэг явсан гэж байна, та гэмтэл дээр хүрээд ирэх үү гээд өөрөө Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр очиход Нэргүй эгч эмнэлгийн хүлээн авах хэсэгт тархи толгойгоо боолгочихсон үзүүлээд сууж байсан. Тэгээд Нэргүй эгчээс юу болсон талаар асуухад ах чинь намайг зодчихлоо гэсэн. Төд удалгүй Борчулуун эгч ирээд бид хоёр Нэргүй эгчийг эмчид үзүүлж, нарийн шинжилгээ өгүүлсэн. Тэгээд шууд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн байгаа. Намайг очиход Нэргүй эгчийн толгойг маарлаар боосон. Дагз хэсгээс  нь цус гарсан байдалтай, биеийн байдал нь дунд зэрэг, дуу муутай, зүүн билүү, баруун гарын булчин хөхөрчихсөн, баруун гарын сарвуу нь хавдсан уйлаад бүлцийсэн харагдаж байсан. Хоорондоо зодолдож цохилцож байсан асуудлыг мэдэхгүй байна. ямар ч байсан маргалдаж хэрэлдсэн гэж сонсогдсон юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Ганбилгүүний: ...Тэгээд А.Нэргүй дэлгүүр гарч пиво аваад би гэрт нь үлдэж гэрийг нь цэвэрлээд сууж байхад А.Нэргүй гаднаас том савтай 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авчраад хамт уусан. Пиво уугаад сууж байхад А.Нэргүй байнга утсаар ярьж тухтай суухгүй болохоор нь чи юм ярьж суухгүй юм бол яах гэж ингэж байгаа юм бэ гэтэл нөгөө тасарч үлдсэн залууг сэрээгээд нэг аяга пиво өгсөн. Тэгтэл нөгөө залуу буцаад унтчихсан бөгөөд А.Нэргүй бид хоёр ойр зуурын юм яриад сууж байхад Э.Мөнхболд залгаж юу хийж байна манай найз яасан гэхэд А.Нэргүй унтаж байгаад сая сэрээд буцаад унтчихлаа гэхэд Э.Мөнхболд өөдөөс нь баахан харааж сонсогдсон бөгөөд А.Нэргүй хариуд нь чи найзтайгаа намайг хардаад байхдаа яадаг юм, би чамайг явах үед чинь найзыгаа аваад яв гэж хэлсэн биз дээ, тэгээд ч танай найз хажууд сууж байна юу хийгээд надтай хардаад байгаа юм гэтэл Э.Мөнхболд би наанаа байж бай би ажлаа гарч байна очоод алаад өгье гэж байгаа сонсогдсон. Тэгтэл А.Нэргүй утсаа салгаад одоо цаадах чинь ирээд ална гэж байна гээд хувцас хунараа өмсөөд салганаж чичрээд одоо би яах вэ гэхээр нь босгож гаргаад А.Нэргүйн хамт манайх руу явсан. Манайх руу явж байх замдаа найз Өсөхбаярыг дуудаж уулзаад яармагийн эцэст байдаг караокед орж нэг нэг шил пиво уугаад дараа нь манай гэр рүү очиж хоол унд хийж идээд сууж байхад Өсөхбаяр, А.Нэргүй хоёр утсаар ярьж нэг залууг дуудсан. Тэгтэл нөгөө дуудсан залуу нь ирээд бид гуравыг манай гэрээс аваад яармагийн зцэст байдаг караокед хүргэж өгөөд хамтдаа суусан. Өсөхбаяр, А.Нэргүй болон тэр хоёрын дуудсан залуутай караокед сууж байгаад гарах үеэрээ нөхөр Ганборгилыг дуудаж хамтдаа суугаад нөхрөөрөө дуу дуулуулаад сууж байхад гаднаас Э.Мөнхболд орж ирээд шууд А.Нэргүйн толгой руу цохиж чи ямар даварцан амьтан бэ гээд сууж байсан сандал дээрээс нь чирч татаад босгосон. Тэгтэл караокед сууж байсан хүмүүс Э.Мөнхболдыг салгаад  чи ингэж болохгүй гээд тайвшруулж чи хэдэн сар хүүхэдтэйгээ зовлоо гээд ярьж байх хооронд А.Нэргүй, Өсөхбаяр нар гараад явчихсан. Тэгтэл Э.Мөнхболд надруу дайрч чи хүн салгалаа гээд дайрч байх зуур нөхөр салгаж тайвшруулаад манай гэрт очиж хүүхдээ авчихаад гэртээ харьсан. Тэгээд би Э.Мөнхболд, А.Нэргүй хоёртоо уулзаагүй өгөөд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Мөнхболд залгаад Өсөхбаярын дугаарыг надад өгчих гэхээр нь би мэдэхгүй, Өсөхбаярын дугаарыг Нэргүй мэдэх байх гэтэл утасны цаанаас А.Нэргүй чи дуудсан биз дээ гээд орилж хашгирч байгаа нь сонсогдсон. Тэгээд миний Э.Мөнхболдод та хоёр битгий хэрэлдэж маргалдаад бай гэж хэлээд утсаа салгаад Э.Мөнхболдын дүү Мөнхсайхан руу залгаад А.Нэргүй, Э.Мөнхболд хоёр уулзаад гэртээ хэрэлдэж маргалдаад байх шиг байна чи завтай бол оч, би хүүхдээ хараад хоёулахнаа байна гэхэд Мөнхсайхан би арван долоод явж байна гэсэн. Утсаар ярьчихаад сууж байтал хэсэг хугацааны дараа А.Нэргүй манайд ирээд чи түргэн дуудаад өгөөч Э.Мөнхболд намайг зодчихлоо гэсээр толгойноос нь цус гарсан байдалтай, толгойноос нь гарсан цус нурууг нь дагаж гоожоод үстэй нь барьцалдаж хөлдсөн байдалтай нүүр ам нь цус болсон ирэхээр нь түргэн, болон цагдаагийн газар руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгсөний дагуу цагдаа түрүүлж ирээд араас нь түргэн тусламж ирээд А.Нэргүйг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Энэ өдрөөс хойш А.Нэргүйтэй уулзаагүй.

...Би нүүдээрээ хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон талаар нь хараагүй.

А.Нэргүйтэй хаа нэг уулзах үед хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдсон тухай ярьдаг байсан. өөр мэдэх зүйл байхгүй.

...Э.Мөнхболдыг барьж байсан зүйлээрээ цохиж зоддог, хоолой муухай хийсэн

байна гэж загнадаг, янз бүрийн хэл амаар доромжилдог тухай ярьдаг байсан. миний хувьд нүдээрээ харсан зүйл байхгүй.

...миний мэдэхээр гурван удаа тусдаа амьдарч байна. Миний санаж байгаагаар Архангай аймагт очиж амьдрах гэж байгаад салаад ирсэн. Дараа нь 2015 оны өвөл цагаан сараараар хэсэг салсан, тэгээд 2016 оны 07 сараас хойш салчихаад 2017 оны 02 сарын эхээр буцаад нийлсэн.

...А.Нэргүйн хувьд зан байдлын хувьд хүний арга эвийг олох гэж их үздэг байх. Ааш зангийн хувьд энгийн төлөв даруу хүн байгаа юм. Э.Мөнхболдыг хувьд захирангүй түрэмгийлэх зан байхийг үгүйсгэхгүй... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч М.Өсөхбаярын: ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад А.Нэргүй залгаад найз нь хедөөнөөс ирээд нөхөр Э.Мөнхболдтой эргээд нь орой ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад Э.Мөнхболдын гэрт очихоор явж байтал А.Нэргүй залгаад найз нь гэрээсээ гараад явж байна яармагийн эцэс дээр хүрээд ир гэхээр нь юу болсон бэ гэхэд А.Нэргүй өөдөөс намайг Э.Мөнхболд найзтайгаа хардаад байна, тэгэхээр нь найзтайгаа гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд яармагийн эцэс дээр ирээд А.Нэргүй уулзах үед А.Нэргүй Билгүүн гэх нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан бөгөөд хамтдаа Билгүүний гэрт очиж хоол идээд 2,5 литрийн Сэнгүр нэртэй нэг сав пиво уугаад орой нь 20 цагийн үед шиг санаж байна яармагийн эцэст байдаг караокед орж суусан. Караокед ороод нэг цаг аваад хүн тус бүрийн нэг нэг шил пиво аваад уугаад сууж байтал 21 цагийн үед Мөнхболд орж ирээд би чамайг хайгаад олохгүй байна, утсаа авч болдоггүй гэсээр уурлаж гараа далайтал Билгүүн гэх эмэгтэй цаанаас босож ирээд Э.Мөнхболдыг аваад гарсан. Тэгээд төд удалгүй Мөнхболд буцаж орж ирээд эхнэртэйгээ юм ярьмаар байна орж ирсэн бөгөөд хэсэг хугацаанд Билгүүн гэх эмэгтэйтэй маргалдаж байгаад А.Нэргүйтэй юм яриад байсан. энэ хороонд А.Нэргүй уйлаад суугаад байсан. тэгэхээр нь би аргадаж хоёулаа манайд очиж хоноё гэхэд үгүй ээ Мөнхболд танай гэрийг мэднэ, би очихгүй гэсэн. Тэгээд хэсэг сууж байхад хүмүүс тараад явцгаасан би гэртээ харьсан байгаа. Тэрнээс хойш Э.Мөнхболд, А.Нэргүй нартай уулзаагүй. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.Мөнхболд надруу залгаад Өсөхбаяраа чи айлын эхнэрийг гэр рүү явуулахгүй ямар учраас хоёр хоног гэртээ байлгаад байгаа юм бэ гичий минь гэхээр нь юу яриад байна, танай эхнэр манай гэрт байхгүй гэхэд А.Нэргүй надад хэлэхдээ чамайг явуулахгүй гэртээ хоёр хонуулсан гэж ярьсан гэхээр нь тийм зүйл байхгүй А.Нэргүй манайд хоёр хоноогүй гэж хэлээд утсаа салгасан. Энэ өдрөөс хойш огт холбоо бариагүй, уулзаагүй байгаа.

Нэг жилийн хугацаанд манай хашаанд амьдрахдаа хэрэлддэг байсан. Яг хороондоо зодолдож нүдэлцсэн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Бид хоёр хоорондоо олон удаа ярьж үзээгүй. А.Нэргүйн хувьд бүрэг талдаа, хүнд өөрийнхөө бодсон санасан зүйлийг чөлөөтэй илэрхийлж чаддаггүй юм яриад байдаггүй хүн байсан. ганц хоёр удаа ярьж байхад юунаас болж хэрэлдэв, яасан гэхэд харин муудалцаад л гэж хэлдэг байсан. Э.Мөнхболд болохоор бид хоёр жоохон юмнаас бол муудалцаад гэж хэлдэг байсан.

...2016 оны цагаан сарын үеэр юунаас ч болсон юм мэдэхгүй бид нарыг хөдөө

явчихаад ирэх үед Э.Мөнхболд гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд эхнэр хүүхэд чинь хаачсан юм бэ гэхэд салаад хөдөө явчихсан гэж байсан. тэгээд нэг сар гарны дараа буюу 2016 оны 03 сард ирсэн шиг санагдаж байна.өөр салж сарнисан талаар нь мэдэхгүй байна.

...Э.Мөнхболдын хувьд архи их уудаг, хөнгөмсөг явдалтай байж магадгүй, ааш

зангийн хувьд ид уу, дээшээ суу, ямар ч хүнтэй найзархаг, А.Нэргүйн хувьд бүрэг, ичимхий, дуугүй, үзэл бодлоо чөлөөтэй ярьж чаддагүй. Тулж харьцвал юмаа ярина уу гэхээс барагтай юм ярьдаггүй хүн байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Мөнхболдоос мэдүүлсэн мэдүүлгүүд:

Сэжигтэн Э.Мөнхболдын: ...Миний бие эхнэр А.Нэргүйтэй 2005 онд танилцаж нэг гэр бүл болоод хамт амьдраад 12 жил болж байна. Э нэ хугацаанд дундаасаа нэг хүүхэдтэй манай хүүхэд 9 настай 3 дугаар ангид сурдаг. Анх сууснаасаа хойш 2008 он хүртэл ажилгүй байж байгаад 2008 онд Архангай аймаг руу орон гэрээ нүүлгэж байсан. ингээд 2008 онд Архангай аймагт байхдаа нэг удаа архи уугаад гэртээ харьтал хадам ээж гэрээсээ хөөхөөр нь буцаад Улаанбаатар хотод буцаж ирсэн. Энэ хугацаанд манай эхнэр гэртээ ирэлгүй Архангай аймагт гурван сар болохдоо өөр хүнтэй нийлж амьдарсан бөгөөд нэг ой гарантай хүүхдээ миний бие Архангай аймгаас татаж аваад эгч Борчулууны гэрт хамтдаа амьдарсан. Тэгээд гурван сарын дараа эхнэрээ дуудаж буцаж Улаанбаатар хотод ирж одоог хүртэл хамт амьдарч байгаад 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ амарч байгаад эхнэр А.Нэргүйг гаднаас орж ирэхээр нь чи хоёр хоног хаагуур явж байгаад ирсэн юм бэ гэхэд найз Өсөхбаярын гэрт байж байгаад ирлээ гэхээр нь чи битгий худлаа яриад бай би Өсөхбаяртай ярьхад манай гэрт хоёр хоноогүй гэж хэлсэн гэхэд миний өөдөөс уурлаж бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Ингээд хэрэлдэж байгаад миний эхнэр А.Нэргүйг барьж аваад нүүрэн тус газар алгадсан. Тэгтэл газар унаж босож ирээд надруу дайраад байхаар нь ширээн дээр байсан халуун саваа хагалсан. Тэгтэл А.Нэргүй халуун савны хагархай шилнээс барьж аваад надруу дайрхаар нь А.Нэргүйг түлхэх үед тольтой шкап очиж мөргөсөн. Тэгтэл миний толгойг хагалчихлаа гэсээр босож ирэхээр нь миний хань тайвшир гэж хэлээд эхнэрээ тайвшируулаад гэрээ цэвэрлэж эхэлсэн. Тэгээд манай эхнэр галаа түлж байгаад зуухнаас үнсээ аваад гадаа гаргахдаа тэр чигтээ алга болчихсон юм. Тэгтэл төд удалгүй цагдаагийн газраас залгаж намайг ир гэсний дагуу цагдаагийн газар очиж мэдүүлэг тайлбараа өгсөн байгаа. Гэртээ ирэлгүй хоёр хоног алга болохоор нь уурандаа цохисон юм. Мөн чи хаагуур яваад ирж байгаа юм бэ гэхэд худлаа ярьсан учраас уурлаад цохисон. Надад хэлэхдээ Өсөхбаяр гэх найз эмэгтэйн гэрт хоёр хоносон гэж ярьсан мөртлөө Өсөхбаяраас А.Нэргүйг танай гэрт хоёр хоносон юм уу гэж асуухаар тийм зүйл байхгүй гэж хэлсэн

 2016 оны зун айлын хашаанд байхдаа хашаа байрнаас болоод маргалдаж байхдаа хөл рүү нь өшиглөж гэмтэл учруулсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаагүй. Тэр өдрөөс хойш гэртээ ирэлгүй байж байгаад 2017 оны 02 дугаар сарын эхээр ирээд арав ч хоноогүй байж байгаад ийм үйл явдал болчихлоо... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн бусад нотлох баримтууд:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2706 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/

2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Э.Мөнхболдын зөрчлийн талаарх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт тус тус зааснаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хохирогчийг бусадтай хардан удаа дараа зодож, агсам тавьж, үг хэлээр байнга доромжилж харгис хэрцгий харьцаж бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн болно.

Учир нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэгдсэн бөгөөд шүүгдэгч Э.Мөнхболдыг 2014 оноос 2017 оны 2 дугаар сар хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйл гэмт хэрэг  үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг прокурор зөрчжээ.

Шүүгдэгч Э.Мөнхболд нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны  өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10-289 тоотод эхнэр А.Нэргүйг хоёр хоног гадуур явлаа, хэнтэй хаана амьдарч байгаад ирсэн юм бэ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/ гэрч Э.Борчулууны мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас, гэрч Н.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Г.Мөнхсайханы мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Ганбилгүүний мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч М.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2706 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1А.Нэргүйгийн биед дагзны хуйх, баруун гарын 2 дугаар хурууны шарх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө. /хх-ийн 29 дүгээр хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.     

Иймд шүүгдэгч Э.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч А.Нэргүй нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Э.Мөнхболдтой эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч Э.Мөнхболд, хохирогч А.Нэргүй нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн хуульд заасан нөхцөлийг хангасан тул шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч Э.Мөнхболд нь цагдан хоригдсон хоноггүй болно.