Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 997

 

     2020            8            11                                        2020/ДШМ/997

 

Н.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

хохирогч “Т К” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Н.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1060 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч И.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.От холбогдох эрүүгийн 2006 01107 1055 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их монгол овгийн  Н.О, 1981 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төв дээр гутлын худалдаа эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Н.О нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр байрлах “Т К” ХХК-ийн эзэмшлийн Субару Форестер маркийн 2 автомашиныг иргэн А.Доос худалдаж аваад тохиролцсон хугацаанд мөнгийг нь өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Оийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Оийг 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Оээс 39.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Т К” ХХК-нд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдолдоо: “... Шүүх шүүгдэгч Н.От ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч Н.О нь учруулсан хохирол, хор уршигаа арилгаж, хохирогчид хохирлоо огт барагдуулаагүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдад 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Н.О нь хохирлоо огт төлж барагдуулаагүй байхад оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байна.

Мөн А.Д нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг Н.О гэх хүнтэй үгсэн тохиролцож, удирдлага буюу Арай Цүтомү /Аria Тsutomu/-д мэдэгдэлгүйгээр Субару Форестер /Subaru forester/ маркийн 2 автомашиныг бусдад худалдаж хууль бус үйлдэл хийсэн байхад гэмт хэрэгт хамтран оролцсоныг нь шалгахгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт А.Д нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй “...Би хамгийн гол нь өмнө Н.Отэй наймаа хийж байсан болохоор түүний ятгах үгэнд нь итгээд машинаа өгөөд явуулсан. Тухайн үед би компанийн гадаад удирдлагад машин байгаа, зараагүй...” гэж хэлж байсан. /хх 25-26/

 А.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Субару Форестер /Subaru forester/ маркийн 2 автомашиныг “Да хүрээ” худалдааны төвөөс Н.От өгч явуулсан гэдэг боловч А.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж Д.Нэргүйгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Мөн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Т К” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд З.Алтайхүү, А.Ариунболд нарын нэр дээр шилжүүлж өгөхийг байгууллагаас хүсэлт бичиж өгсөн зэрэг нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна.

Н.О, А.Д нар нь хоорондоо юу гэж ярилцсан, яг ямар байдлаар тээврийн хэрэгслүүдийг өгч “Т К” ХХК-д 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд А.Дыг гэмт хэрэгт хамтран оролцсоныг шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1060 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл А.Ды мэдүүлэгт “би хамгийн гол нь өмнө Н.Отэй хамт наймаа хийж байсан болохоор түүний ятгалганд орж энэ үйлдлийг хийсэн юм” гэсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд А.Ды итгэлийг шүүгдэгч Н.О өмнө нь олж аваад дараа нь ямар ч мөнгө өгөлгүйгээр “Т К” ХХК-ийн нэр дээрх хоёр автомашиныг удирдлагад нь мэдэгдэлгүйгээр А.Долигоноос авсан байдаг. Тэгэхээр энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнээд 1.000.000 төгрөгөөр торгоод байгаа. Гэтэл шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч Н.Оээс 39.000.000 төгрөгийг гаргуулж “Т К” ХХК-д олгуулахаар заасан байдаг. Хохирогч хохирлоо аваагүй хохирсоор байхад шүүгдэгч Н.От ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаад байгаа нь үндэслэлгүй юм. Хоёр автомашин “Т К” ХХК-ийн нэр дээр байгаа. Хохирогчоор хуулийн этгээдийг тогтоогоод, түүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох процессийн ажиллагааг шүүхээс хийх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж байна. Бидний зүгээс А.Д гэх хүнийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна. Удирдлагадаа мэдэгдэлгүйгээр автомашиныг шилжүүлж байгаа үйлдэл нь хамтран оролцсон харагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би төлбөрөө төлөх гээд шүүх дээр очсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ гэх хүний дансанд хохирлыг хийхгүй, “Т К” ХХК-ийн дансанд хохирол төлөгдөхөөр гарсан гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас чам руу ярина гэж хэлсэн. Би тэрийг нь хүлээж байтал давж заалдах гомдол гаргасан байсан. Би мөрдөн байцаалтын шатанд мөнгөө ав гэж хэлж байсан. Мөрдөгч нь хохирлоо өгөх болоогүй гээд өгүүлдэггүй байсан. ...” гэв.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж үзсэн байдаг. Шүүгдэгч Н.О нь шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. А.Дыг энэ хэрэгт хамтран оролцсон гэх гомдол гаргаж байна. Уг хэргийн хохирогч Япон Улсын иргэн Арай Цүтомү /Аria Тsutomu/-д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “тухайн машинуудыг худалдах гэж байсан юм. А.Д нь миний орлогч захирал байсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг А.Д худалдан борлуулах эрхтэй байсан” гэсэн байдаг. А.Д мэдүүлэхдээ “Н.От автомашинуудыг өгч явуулсны дараа компанийн зүгээс 15.000.000 төгрөгт автомашинуудыг худалдах юм бол үнэлгээ нь хасах гарч байна. Дээрх үнээр худалдах боломжгүй гээд 2010 оны машиныг 22.000.000 төгрөг, 2009 оны машиныг 19.000.000 төгрөгөөр зарна гэсэн тул би Н.Отэй утсаар ярьж “машинуудыг авчирч өг, чамд зарсан үнээр худалдах боломжгүй боллоо” гэхэд Н.О зөвшөөрч надад бичиг хийж өгсөн” гэсэн байна. Уг бичиг нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ “А.Д бид хоёр ажил хэргийн харилцаатай. А.Д нь өөрийн фэйсбүүк хаяг дээр 2 автомашин худалдана гэсэн зарыг тавьсан. Би тухайн машинуудыг зарах гэж байгааг фэйсбүүкээс мэдсэн” гэсэн байдаг. Гэрч Алтайхүү, Нэргүй нарын мэдүүлгээр уг хэрэгт А.Д болон шүүгдэгч Н.О нар хамтран оролцсон болох нь харагдахгүй байна. Дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.О нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

          Н.О нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” худалдааны төв дээр байрлах “Т К” ХХК-ийн эзэмшлийн Субару Форестер маркийн 2 автомашиныг иргэн А.Доос худалдаж аваад тохиролцсон хугацаанд мөнгийг нь өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Н.От “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан...” гэх үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл журамд нийцээгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, уг гэмт хэргийн улмаас хохирогчид 39.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлбөрийн чадваргүй байхад шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах үед тогтоогдсон хохирол 39 сая төгрөг төлөгдөөгүй нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана.” гэж заасан бөгөөд Н.Оийн үйлдлийг яагаад залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “... эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана.” гэж заасан байхад шүүх торгуулийн ял сонгосон, түүний хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарах” тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хохирогчийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан “39 сая төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч нь хохирлоо огт төлж барагдуулаагүй байхад оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, харин “гэрч Долгионыг энэ хэрэгт хамтран оролцсон байдал байгаа эсэхийг шалгуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ