Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1984

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/02361 дүгээр шийдвэртэй,

 

НэхэмжлэгчМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Лд холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 59 818 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний дагуу урамшуулалд 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Болд, Т.Дарьсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л нь 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын хоорондМ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдааМ ХХК-ийн харилцагч болох “Эн Би Жи” ХХК-ийн үлдэгдэл 58 500 000 төгрөгийн тооцоонд Рэнж Ровер маркийн автомашиныг үнэлэн компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа шилжүүлж авсан байсан.М ХХК болон “Эн Би Жи” ХХК-уудын хооронд гэрээний төлбөрийн маргаан үүсч, “Эн Би Жи” ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татсан үеэс дээрх автомашины тухай М ХХК мэдсэн бөгөөд автомашинтай холбогдох төлбөр тооцоог барагдуулахыг Г.Лд мэдэгдэж, “Эн Би Жи” ХХК-ийг бусад үлдэгдэл тооцоогоо хариуцахыг даалгасан. Энэ тохиролцоог Г.Л болон “Эн Би Жи” ХХК хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л болонМ ХХК-ийн хооронд Төлбөр барагдуулах гэрээг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөрМ ХХК болон “Эн Би Жи” ХХК-уудын хооронд Эвлэрлийн гэрээг тус бүр байгуулсан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Лтай Төлбөр барагдуулах гэрээг байгуулах үед Г.Л нь Рэнж Ровер маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаагаа мэдэгдсэн болохоор энэхүү гэрээнд дараах нөхцлүүдийг харилцан тохиролцсон байсан. Тодруулбал: Тус гэрээний 2.1-т төлбөр төлөгч нь тус гэрээний 1.1-т заасан 58 500 000 төгрөгийн өр төлбөртөө 2017 оны 04 сарын 10-ны өдрийн дотор биет байдлын доголдолгүй Rапgе Rоvег маркийн 8500УНЛ улсын дугаартай хар өнгийн автомашиныг биет байдлаар Төлбөр авагчид хүлээлгэн өгөх, 2.2-т 2017 оны 05 сарын 10-ны өдрийн дотор гэрээний 2.1-т заасан автомашиныг барьцаанаас чөлөөлж эрхийн доголдолгүй болгон автомашины холбогдох бичиг баримт (тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрчилгээ г.м)-ыг бүрэн төлбөр авагчид хүлээлгэн өгнө гэсэн үүргийг Г.Л хүлээсэн байсан. Гэтэл Г.ЛМ ХХК-д автомашиныг хүлээлгэн өгсөн боловч 2017 оны 05 дугаар сарьн 01-ний өдөр автомашиныг барьцаалсан байсан банк бус санхүүгийн байгууллага автомашиныг барьцаандаа хураан авсан. Энэ үед Г.Л хэдхэн хоногийн хугацаа өгчих, би хүнээс авлагатай байгаа тэр авлагаа авахаар төлбөрөө бүрэн төлье гэсэн хүсэлт гаргаж байсан тул Г.Лд итгэн түүний хэлсэн хугацааг хоёр ч удаа сунгасан боловч амласан хугацаандаа төлбөр барагдуулах хэлцлээр хүлээн зөвшөөрсөн төлбөрөө төлөхгүй сүүлдээ утсаа ч авахгүй холбогдохоо больсон. Харин Г.Л нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн байсан.М ХХК Г.Лын итгэл эвдсэн эдгээр үйлдлүүдийг цаашид ойлгон хүлээж авах боломжгүй болсон төдийгүй, энэ үйлдлүүд нь компанид санхүүгийн их хэмжээний бодит хохирол учруулж байгаа тул Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т Төлбөр төлөгч нь тус гэрээний 2.1, 2.2-т заасан хугацаанд автомашиныг хүлээлгэн өгөх, барьцаанаас чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төлбөр авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам өр төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 29 250 000 төгрөгнөөс 0,3 хувиар бодож алданги тооцно гэж мөн 2.4-т төлбөр төлөгч нь тус гэрээний 2.2-т заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, энэ хугацааг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд төлбөр авагч нь тус гэрээний 1.1-т заасан өр төлбөрийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамтаар нэхэмжилж шүүхэд хандана. гэж тус тус заасны дагуу алданги тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 72 хоног бөгөөд гэрээнд заасны дагуу 29 250 000 төгрөгийн 0,3 хувийг 72 хоногоор тооцоход 6 318 000 төгрөг болно. Г.Л нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөрМ ХХК-тай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, компанид санхүүгийн хохирол учруулж байгаа тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Г.Лаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүргийн төлбөрт 53 500 000 төгрөг, алданги тооцсон 6 318 000 төгрөг буюу нийт 59 818 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457 040 төгрөгийн хамтаар гаргуулж,М ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л миний бие 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэлМ ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хийж байсан. Ингэж ажиллах хугацаандМ ХХК-ийн нэрийн өмнөөс гадаад болон дотоодын харилцагч компаниудтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах, борлуулах гэрээг хийж ажиллаж ирсэн. 2015 оны 3 дугаар сард “Эн Би Жи” ХХК-тай 55 тонн шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэн 2010 онд үйлдвэрлэгдсэн Range Rover маркийн 85-00 УНЛ улсын дугаартай авто машинаар харилцан солилцох хэлцэл хийн уг машиныг хүлээн авсан.М ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хий хадгалах бааз нь Улаанбаатар хотоос 50-иад километр зайтай байдаг бөгөөд энэхүү машиныг ажил албаны хэрэгцээнд ашиглан машинтай холбогдон гарах түлш шатахуун, масло тосны зардалыг компаниас гаргадаг байсан. Г.Л би 2014, 2015, 2016 онуудадМ ХХК-д ажиллаж байх хугацаанд хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан Тусгай гэрээний 3.2 заалтын дагуу 80 000 000 төгрөг авах тул нэхэмжилж байгаа төлбөрийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй бөгөөд үлдэгдэл 23 500 000 төгрөгийг нэхэмжлэн авч тохиролцох саналтай байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тохиролцоог эс зөвшөөрвөл шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Л миний бие 2012 оноос Монгол улсад шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хямд чанартай хийн түлшээр хэрэглэгчдийг хэрхэн хангах талаар өөрийн ажиллаж байсан туршлага, харилцан ажиллаж байсан гадаадын түншүүдийн тусламжтайгаар төсөл боловсруулан ажиллаж байсан юм. 2013 оны сүүлээр БНСУ-ын иргэн Ким Ян Так болон Е-1 Корпорациас хамтран ажиллах санал тавьснаар 2014 оны 05 дугаар сарын 28-ндМ ХХК-ийг анх байгуулж миний бие уг компанийн хувьцааны 9 хувь буюу 31 500 ам.доллар тухайн үеийн ханшаар 56 067 000 төгрөгийн хувьцааг эзэмших болсон юм. 2014 оны 05 дугаар сарын 31-нд хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой Тусгай гэрээг БНСУ-ын хувьцаа эзэмшигчдийн санаачилгаар байгуулсан. Энэхүү тусгай гэрээний зорилго нь хувьцаа эзэмшигчдийн үүрэг хариуцлага, үүрэг хариуцлагаа биелүүлсэн Монголын талын хувьцаа эзэмшигчдэд нэмэлт урамшууллын хувь олгох явдал байсан юм.М ХХК-ийн гэрээ дүрэм, тусгай гэрээгээр миний зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг Монгол улсад импортлоход гааль НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх, компанийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрлийг Уул, уурхайн яамаар гаргуулан авах үүрэг хүлээсэн байсан. Миний биеМ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн биелүүлэхийн зэрэгцээ БНХАУ-аас шингэрүүлсэн шатдаг хийн баазын тоног төхөөрөмжийг захиалан нийлүүлэх, өөрийн эзэмшилд байсан газрааМ ХХК-ийн бааз байгуулах зориулалтаар шилжүүлэн өгөх, төмөр зам тавиулах, баазын зураг төслийг боловсруулан бариулах, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллаж баазыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан амжилттай гүйцэтгэсэн. Мөн шингэрүүлсэн шатдаг хийг маш хямд үнээр импортлох гэрээ байгуулан дотоодод хий борлуулах сүлжээ байгуулах, шатахуун түгээгүүр ажиллуулдаг компаниудтай үр ашигтай хамтран ажиллах гэрээг байгуулан компанийн ашиг орлогыг хангалттай хэмжээнд хүргэн ажиллаж байсан. Газрын тосны хэрэг эрхлэх газраар техникийн дүгнэлт гаргуулан Уул, уурхайн яамнаас хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулан компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах бүх нөхцөлийг ханган ажилласан. Ингэж миний бие хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан тул Тусгай гэрээний 3.2-ын дагуу ашгийн 5 хувийн урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. 2014 оноос 2016 оны 12 дугаар сар хүртэл миний биеМ ХХК-ийг төлөөлж ОХУ-аас шингэрүүлсэн шатдаг хий импортлох гэрээг байгуулж байсан ба 1 тонн тутмыг нь 380 америк доллар буюу 760 000 төгрөгөөс 800 000 төгрөгөөр ямар нэгэн гааль НӨАТ-гүйгээр импортлож дотоодод тонн тутмыг 2-2,5 сая төгрөгөөр сард 250-350 тонныг борлуулж сард 300-аад сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Иймд миний тус компанид ажиллаж байсан 2014, 2015 оны ашгийг тусгай гэрээний 3.2-д заасны дагуу тооцож 80 000 000 төгрөг болж байгаа тулМ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М ХХК нь анх 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр компанийн дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлснээр Г.Л ньМ ХХК-ийн монгол талын нэг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй болж хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан. Харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М ХХК-ийн монгол талын хувьцаа эзэмшигчид Г.Л болон Д.Батжаргал нар нь өөрсдийн хүсэлтээр өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаа хуульд заасны дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр солонгос хувьцаа эзэмшигч нарт шилжүүлж, тэдний хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг дуусгавар болгосон. Хувьцаа эзэмшигч байсан Г.Лтай компанийн солонгос талын хувьцаа эзэмшигчид тухайн үед тохиролцсоны дагуу тохиролцооны бичиг гэх баримтыг үйлдсэн тус тохиролцооны бичгийн 2-т заасан 107 000 ам.долларыг нь Г.Лд бүрэн төлсөн төдийгүй, тохиролцооны бичгийн 3 дугаар заалтад заасан 1 жилийн хугацаанд сар бүр 2 000 000 төгрөгийн цалинг мөн бүрэн төлж дуусгасан болно. Харин Г.Л болон Д.Батжаргалтай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбоотой тусгай гэрээ нь монгол талын хувьцаа эзэмшигчид ньМ ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх тохиолдолд, мөн тус гэрээний 3.2-т Монгол Улсын иргэн Хувьцаа эзэмшигчдийн урамшууллын хэмжээ нь цэвэр ашгийн / М1 Энержи ХХК-тай холбогдолтой бүхий л зардал төлөгдсөний дараах, үүнд хүү багтана/ 5 хувь байна гэж зааснаар компани ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих боломжтой тохиролцоо юм. ГэтэлМ ХХК нь 2014 оны 06 дугаар сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас одоогоор алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь компанийн 2014, 2015, 2016 оны санхүү, татварын тайлангаар тодорхой харагдаж байгаа юм. Иймд Г.Лын санхүү, эдийн засгийн тооцоолол үндэслэлгүйгээр, өөрийн санаанд орсон тоогоороо тооцож гаргаж буй 80 000 000 төгрөгийгМ ХХК хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Лаас 53 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 318 000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчМ ХХК-д холбогдох Хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээний дагуу 2014, 2015 оны хувьцаа эзэмшигчийн урамшуулалд 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Г.Лын сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 425 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчМ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч Г.Лд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: “...Г.Л болон "Монголиавон энержи" ХХК-иудын хооронд автомашин шилжүүлэх, түүний төлбөрийг төлөх харилцаа үүсээгүй хэдий ч Г.Л нь "Эн Би Жи" ХХК-аас "Монголиавон Энержи" ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 75 629 000 төгрөгөөс 58 500 000 төгрөгт тооцон 85-00 УНЛ улсын дугаартай, Range Rover автомашины төлбөрийг өөртөө шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрч, автомашиныг эсхүл түүний төлбөрийг төлье гэж санал болгосноор зохигчдын хооронд автомашин шилжүүлэх, түүний төлбөрийг төлөх харилцаа үүссэн юм. Г.Л нь автомашиныг биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр "Монголиавон энержи" ХХК-д шилжүүлж өгье, энэ үүргээ биелүүлж чадахгүй бол автомашины төлбөрийг төлье, автомашины төлбөрийг төлөхдөө хугацаа тохиролцож, хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй бол хугацаа хэтрүүлсэн алдангийг төлье гэж санал болгосон тул "Монголиавон энержи" ХХК болон Г.Л нарын хооронд 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөх нөхцлийг талууд тохиролцсон байсан юм.

Гэрээний дээрх нөхцлүүд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалттай нийцэж байгаа. Гэтэл шүүхийн зүгээс гэрээний дагуу хариуцагчаас алданги тооцож гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үнэлвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.Л давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2014 оны 05 дугаар сарын 28-нд "Монголиавон энержи" ХХК-ийг анх байгуулж, уг компаний хувьцааны 9 хувь болох 31 500 ам.доллар буюу 56 067 000 төгрөгийн хувьцаа эзэмших болсон. 2014 оны 05 дугаар сарын 31-нд хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой "Тусгай гэрээ" -г БНСУ-ын хувьцаа эзэмшигчдийн санаачилгаар байгуулсан. Энэхүү тусгай гэрээний зорилго нь хувьцаа эзэмшигчдийн үүрэг хариуцлага, үүрэг хариуцлагаа биелүүлсэн Монголын талын хувьцаа эзэмшигчдэд нэмэлт урамшуулалын хувь олгох явдал байсан юм. “Монголиавон   энержи” ХХК-ийн гэрээ дүрэм, тусгай гэрээгээр миний зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийг Монгол улсад импортлоход гааль, НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх, компаний үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамнаас гаргуулан авах үүрэг хүлээсэн байсан. Миний биеМ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн биелүүлэхийн зэрэгцээ Газрын тосны хэрэг эрхлэх газраар техникийн дүгнэлтийг гаргуулан Уул уурхайн яамнаас хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авч компаний үйл ажиллагааг хэвийн явуулах бүх нөхцлийг ханган ажилласан. Ингэж миний бие хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон тусгай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан тул тусгай гэрээний 3.2-ын дагуу 5 хувийн урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. 2014-2016 оны 12 дугаар cap хүртэл миний бие "Монголиавон энержи" ХХК-ийг төлөөлж ОХУ-аас шингэрүүлсэн шаддаг хий импортлох гэрээг байгуулж   1 тонн тутмыг 380 ам.доллар буюу 760-800 мянган төгрөгөөр ямар нэгэн гааль, НӨАТ бодогдохгүйгээр импортлож дотоодод 2-2.5 сая төгрөгөөр сард 250-300 тонн борлуулж сард 300 сая төгрөгийн ашигтай борлуулалт хийж байсан. Иймд миний тус компанид ажиллаж байсан 2014, 2015 оны ашгийг тусгай гэрээний 3.2-д заасны дагуу тооцож 80 000 000 төгрөг болж байгаа тул "Монголиавон энержи" ХХК-иас гаргуулж өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэл, мөн миний эзэмшлийн хувьцааг худалдан авахад үйлдсэн "Тохиролцооны бичиг"-д заасны дагуу надад олгогдох 107 000 ам.доллараас дутуу олгогдсон 35 370 ам.долларыг ''Монгоиавон энержи" ХХК-иас гаргуулан авах хүсэлтийг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохгүй шаардлага гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч Г.Лд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 59 818 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй холбогдолтой тусгай гэрээ”-ний урамшуулалд 80 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид гардуулсан байна. /I-хх 62, 66/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Хэргийн 35 дугаар талд авагдсан хариуцагчийн хариу тайлбар болон 61 дүгээр талд авагдсан сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэлМ ХХК-иас хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар авсан Range Rover маркийн 85-00 УНЛ улсын дугаартай автомашины үнийг буцаан төлөх, нөгөө талаасМ ХХК-д ажиллаж байх хугацаанд хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан “Тусгай гэрээ”-ний 3.2-т зааснаар урамшуулалд авах мөнгөн дүнгээс харилцан тооцох саналыг гаргаж байжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/02361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчМ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 040 төгрөгийг, хариуцагч Г.Лаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН