Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2021/00129

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, * дугаар********* байрны ***** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, *********** /РД:ЕЙ***********, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын **** дүгээр баг, **** дугаар байрны ****тоотод оршин суух,  ************** /РД:ЕЙ**********, утас:***********/-т холбогдох

хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь*******тай 2006 онд танилцаж, гэр бүлээ батлуулалгүй 2006-2008 он хүртэл манай аав, ээжийнд нь хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 27-нд хүү*******нь төрсөн. Гэрлэлтийн баталгаа байхгүй учраас надаар овоглосон.******* нь тогтсон амьдралгүй, хүүдээ халамжгүй, архи уудаг, төрсөн хүүхдээ харж хандалгүй өнөөг хүртэл явсан. Одоо хүү*******нь 1 дүгээр арван жилийн 9 дүгээр ангид сурдаг. Иймд хүүгээ өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. ...Бид хоёр 2006-2008 он хүртэл манай аав, ээжтэй хамт амьдарсан. Би хүүгээ 13 жил ганцаараа тэжээн тэтгэсэн, одоо үлдсэн 5 жилд нь аавыг нь тэжээ гэж бодож байна. Би урьд нь архины хамааралтай байсан. Одоо бол архи уухгүй байгаа. Том хүү маань ажил хийж байгаа, цаашдаа хүүгээ асрамжлаад явж чадна гэв.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* миний бие нь 1983 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн. Төмөр замын цахилгаан станцад худгийн слесаррь ажилтай. Миний бие *******тэй гэр бүлийн батлах байхгүй, мөн хамтран гэр бүлийн харилцаа үүсгэж байгаагүй. Миний бие нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр гэр бүл болж хамт амьдарч байгаагүй, хааяа ирэн очин л байдаг байсан. Хамгийн удаан байсан нь 2016 онд 20 хоног л хамт байсан. Энэ хүн архины хамааралтай. Ц.Баттөрийг би миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийн асрамжийн хувьд өөрөө над дээр ирэхээс татгалзаж байгаа. Би хүүхэддээ мөнгө төгрөг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. 2024 он хүртэл банкны зээлтэй болохоор сард 100 000 төгрөг өгч байя гэсэн санал тавьсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн харилцаа үүсгээгүй хэдий ч тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү*******төрсөн бөгөөд болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 431 дугаартай ******* нь ам бүл-4, 3 хүүхдийн хамт оршин суудаг гэсэн тодорхойлолт, ЭНХТУСДЭМ өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...Ц.Баттөр 13 настай, эрүүл өсч бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, Ц.Баттөрийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч******* нь хүү Ц.Баттөрийг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ асрамжинд өсөж, хүмүүжиж байгаа, цаашид ч эхийнхээ асрамжинд үлдэхээр саналаа гаргасан, талууд асрамжийн асуудлаар маргаагүй зэргийг харгалзан хүү Ц.Баттөрийг эх *******ийн асрамжинд үлдээлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2021 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 207 400 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг*******аар хүү Ц.Баттөрийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Тодруулбал, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Хариуцагч******* нь банкны зээл төлдөг үндэслэлээр тодорхой хугацааны дараа тэтгэлэг төлье гэсэн тайлбар гаргасан нь хуульд нийцэхгүй ба дээрх үндэслэлээр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Учир нь, хүү Ц.Баттөрийн хувьд 13 нас 10 сартай, иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд тул эцэг, эх нь өдөр тутамдаа хүүхдийн эрхийг хамгаалж, асран хамгаалж тэжээн тэтгэх учиртай.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 54 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хүү Ц.Баттөрийг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Толийн зуун овогт Цолмончимэгийн Баттөрийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54 771 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******т даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ