Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2021/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................................................................................... тоотод оршин суух, Арван овогт Б.Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ......................................................................................... тоотод оршин суух, Боржигон овогт Г.Г /РД: /-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Г,

хариуцагч Г.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Гтэй 2019 онд анх танилцаж, үерхэж байх хугацаандаа буюу 2020 оны 06 дугаар сард жирэмсэн болсон. Жирэмсэн болсноо хоёр гэрийнхэндээ хэлсэн. Гэтэл Г.Гий гэрийнхэн хэтэрхий эрт хүүхэдтэй болсон гэх шалтгаанаар биднийг хамт амьдрахыг зөвшөөрөөгүй тул бид тусдаа амьдрахаар шийдсэн. Тэгээд бидний дундаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Ү төрсөн. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон. Иймд хариуцагчийг хүүхдийн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 онд Б.Гтай танилцаж, үерхсэн. Бидний дундаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Ү төрсөн. Би охин Г.Үг өөрийн төрсөн хүүхэд мөн гэхэд эргэлзэж байсан тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Одоо миний төрсөн хүүхэд мөн гэдгийг мэдсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г.Гд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэв.

 

Г.Г, Б.Г нарын дундаас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Ү төрсөн гэдэг дээр хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргахгүй гэдгээ илэрхийлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3130 тоот шинжээчийн дүгнэлтээр Г.Г нь Г.Үгийн биологийн эцэг байх боломжийг 99.99% гэж тогтоосон байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүүхэд төрсөн цагаас эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргаан гараагүй зэргийг харгалзан охин Г.Үг эцэг Г.Гэр нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т  заасан хэмжээгээр Г.Үг эцэг Г.Гэр нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 108 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 108 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Үгийн эцгээр Г.Гийг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Үг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гэр нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Гд даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 108 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 108 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ