| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00249/И |
| Дугаар | 104/шш2021/00255 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 104/шш2021/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........................................................................ тоотод оршин суух, ******* овогт Д.А /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ........................................................................ оршин суух, Б.Э /РД: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.А,
хариуцагч Б.Э /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Этай 2019 оны 01 дүгээр сард танилцсан. Бидний дундаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин Э.О төрсөн. Хүүхэд төрснөөс хойш Б.Э гэх хүн нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлж чадаагүй. Надад удаа дараа гар хүрч байсан. Тухайн үед би Налайх дүүргийн шүүхэд хандаж байсан. Тэгэхэд эвлэрье, уучлаарай гэхэд нь хүүхдээ өнчрүүлээд яах вэ гэж бодоод уучилсан. Гэтэл өөрчлөгдсөн зүйл байхгүй өмнөх шигээ л харилцаагаа өөрчлөөгүй. Малаа харлаа гээд явдаг. Гэрийнхэн нь ч бас надаас зугтаалгадаг. Би цаашдаа энэ хүнтэй хамт амьдрахгүй гэж бодож байна. Би өөрөө хүүхдээ өсгөөд явах боломжтой. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Атай танилцаж, үерхээд 2019 оны 10 дугаар сард хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болоод бид хамт амьдрахаар шийдсэн. Би хөдөө мал маллаж, мөн эхнэр, хүүхэд хоёр дээрээ ирэн очин байдаг байсан. Үүнээс болж бид хоёр маргалддаг болсон. Би эхнэртэйгээ маргалддаг байсан хэдий ч гар хүрч зодож байсан удаа байхгүй. Охин Э.О маань миний төрсөн хүүхэд мөн бөгөөд би эхнэрээсээ салмааргүй байна. Би эхнэртэйгээ эвлэрч, охинтойгоо гурвуулаа элэг бүтэн амьдрах хүсэлтэй байгаа учир тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Эд холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд гаргажээ.
Э.О нь Б.Эы хүүхэд мөн эсэх дээр болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Э.Огийн эцэг нь Б.Э, эх нь Д.А болохыг Налайх дүүргийн улсын бүртгэгч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсний гэрчилгээнд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу баталгаажуулан, захиргааны аргаар бүртгэсэн байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүүхэд төрсөн цагаас эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргаан гараагүй зэргийг харгалзан охин Э.Ог эцэг Б.Эаар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Э.Ог эцэг Б.Эаар нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үргэжлүүлэн хамт амьдрах хүсэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч нарт шүүхийн зүгээс эвлэрэх хугацаа олгох боломжгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Ог 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ат даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 37 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ