Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1993

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 27 074 794 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Deawoo маркийн автогрейдерт машинд эвдрэл гэмтэл учирсан болон бусад зардалд нийт24 797 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Эрдэнэбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа, өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөрХ ХХК-тай №00160013 тоот зээлийн гэрээг байгуулан 20 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Deawoo автогрейдер маркийн 2686 УН улсын бүртгэлийн дугаартай автомашин, Hyundai 5 Tontruck маркийн 4513 УНИ улсын бүртгэлийн дугаартай автомашинуудыг барьцаалан №00160013 тоот барьцааны гэрээг байгуулан, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулан, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 07-ны дуусгавар болж дахин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны 2 сараар сунгаж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрөөс 9 000 000 төгрөг, зээлийн хүүнд 12 373 206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 411 000 төгрөг, нийт 21 784 206 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 4.2 дахь заалтанд заасны дагуу зээлдэгчээс зээлийн үндсэн өр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал үндсэн зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 5 751 294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 220 900 төгрөг, зээлийн гэрээний хугацаа сунгасан шимтгэл 200 000 төгрөг, нийт 19 172 194 төгрөг ББСБ-д төлөхөөр байна. Иймд О ХХК-ийн зээлийн төлбөр болох 19 172 194 төгрөг болон шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэлд хавсаргасан материалуудын хуулбарыг нотариатаар батлуулсан зардал 20 000 төгрөг болон 253 811 улсын тэмдэгтийн хураамж, нийт 19 446 005 төгрөгийг гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. Тус шүүхэд Х ХХК-ийн зүгээс О ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн нийт төлбөрт 19 172 194 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

Х ХХК-ын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь зээлийн төлбөрөөс нийт 21 784 206 төгрөгийг төлсөн /үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүүнд 12 373 206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 411 000 төгрөг/ гэж дурдсан боловч үнэн хэрэгтээ хариуцагч нь үндсэн зээлээс төлөгдсөн гэх 9 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлсөн боловч 4 000 000 төгрөгийг төлөөгүй юм. Энэ 4 000 000 төгрөгийг манай зүгээс хөнгөлөлт үзүүлэх маягаар үндсэн зээлээс хасаж тооцсон байсан. Энэхүү үндсэн зээлээс хасаж тооцсон 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Х ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрийн үлдэгдэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчаас шалтгаалан удаа дараа хойшилж байна. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 3 882 600 төгрөг, нийт 7 882 600 төгрөгийг нэмж нэхэмжилэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иргэний хуульд зааснаар хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс зээлдэгч нь чөлөөлөгдөхгүй юм. Иймд хариуцагчаас нийт 27 074 794 төгрөгийг /19 172 194 төгрөг+7 882 600+20 000 төгрөг/ гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж зээлийг төлж барагдуулсан болно. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байхад 1,8 жилийн дараа буюу хугацаа өнгөрсөн байхад сунгаад явсан нь зээлдэгчийн эрхийг зөрчиж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 23.8-д зааснаар холбогдох баримтыг аваагүй, шалгаагүй байдаг. Мөн хэт өндөр хүүтэй зээл олгосон тул хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О ХХК нь Х ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 00160013 тоот зээлийн гэрээг байгуулан 20 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний барьцаанд тус компанийн өмчлөлийн 2686 УН Deawoo автогрейдерыг барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч нь зээлийн хуваарийн дагуу биш ч компанийн дансанд мөнгө орж ирэх бүрт зээлийн төлбөрөө төлдөг байсан. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж гүйцээх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Дуня-Айрон” ХХК-тай Механизм түрээслэх гэрээ байгуулж тус компанийн өөрийн өмчлөлийн 2686 УН Автогрейдрыг нэг сарын 15 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. Түрээсийн урьдчилгаанд 5 000 000 төгрөг авч тус урьдчилгаа төлбөрийн мөнгөнөөсөөХ ХХК-д 4 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр болох мөнгөө бэлнээр авч очин төлж дуусгаад зээлийн барьцаанд байсан 2686 УН улсын дугаартай Авгогрейдрээ авах гэсэн боловч тухайн техник хэрэгслийг Х ХХК-ийн ажилтанууд манай агуулахаас Орбит руу хүчээр авч яван эвдэлж гэмтээж, тосол болон маслыг нь хольж моторыг нь эвдэлж гэмтээсэн юм. Х ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний 3.1.2-т барьцааны зүйлийг ББСБ-ын буруугаас гэмтээсэн эвдэлсэн тэдгээрийг хэвийн байдалд оруулахад гарсан гэснийг үндэслэн тус байгуулагаас Автогрейдерт учруулсан хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эвдрэл гэмтлийн талаар оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн бөгөөд нийтдээ 18 427 000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардал 7 050 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 285 335 төгрөг, нийт 25 762 335 төгрөгөөр хохирч байна. Иймд тус ББСБ-ын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон 25 762 335 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа эвдрэл гэмтлийн талаар оношлогоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18 427 000 /18 350 000+77 000/ төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардалд нийт 6 370 000 /820 000+300,000+5 000 000+250 000/ төгрөг, нийт 24 797 000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: О ХХК ньХ ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 00160013 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Deawoo маркийн улсын бүртгэлийн 2686 УН дугаартай, 1969 онд үйлдвэрлэсэн автогрейдерийг 20 000 000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж, барьцаалуулсан. Тухайн барьцааны гэрээгээр гэрээний хугацаанд барьцааны зүйлийг ашиглах, бүрэн бүтэн байдлыг барьцаалуулагч хангахаар харилцан тохиролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд барьцаалуулагч нь тухайн барьцааны зүйлээ өөрийн хадгалалтанд байлгаж, ашиглаж байсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Х ХХК-ийн ажилтнууд нь тухайн барьцааны зүйлийг барьцаалуулагчийн агуулахаас хүчээр авч яван эвдэлж, гэмтээсэн гэдэг нь ор үндэсгүй худал зүйл юм. Учир нь тухайн техник нь тусгай зориулалтын техник тул тусгай мэргэшсэн жолоочгүйгээр хөдөлгөх боломжгүй, барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох барьцаа хөрөнгийг эвдэлж гэмтээх, үнэгүйдүүлэх ямар ч шалтгаан байхгүй, хэрвээ бидний зүгээс тухайн барьцаа хөрөнгийг хүчээр авч явсан байлаа гэхэд о ХХК нь яаж, хаанаас буцааж авсан байх вэ. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл “Дуня айрон” ХХК тус техникийн зогсож байсан гэх хашаанд очиж хашааны эзэнд хашааны төлбөрийг төлж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч явсан гэсэн байна. Хэрэв Х ХХК нь тухайн техникийг хүчээр авч явж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан бол гуравдагч этгээд буюу о ХХК-ийн түрээслэгч “Дуня айрон” ХХК нь яаж авч явсан байх боломжтой вэ. Тухайн техник нь хэт хуучирсан буюу 1969 онд үйлдвэрлэгдсэн техник байсан. Ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын улмаас тухайн гэмтэл үүссэн байх боломжтой. Тухайн техник нь анхнаасаа гэмтэлтэй байсан байх боломжтой эсвэл зогсоолоос авч явсан гэх “Дуня айрон” ХХК нь тухайн гэмтлийг учруулсан байх бас боломжтой. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл мастер сүлжээ эвдрэлийн оношлогоог 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу “Дуня айрон” ХХК-ийн авч явсан гэх өдрөөс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 7 сарын дараа хийлгэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Одоо тус техник нь о ХХК-ийн эзэмшилд байгаа гэх бөгөөд хэзээ “Дуня айрон” ХХК-иас шилжүүлж авсан нь тодорхойгүй байна. Дээр дурдсан тодорхой бус ойлгомжгүй нөхцөл байдлуудаас гадна өнгөрсөн хугацаанд о ХХК-ийн зүгээс энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд ор үндэслэлгүй худлаа зүйлээр шалтаглан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн төлбөрөөс зайлсхийх арга гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 19 716 752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7 358 041 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О ХХК-ийн Х ХХК-д холбогдуулан гаргасан автогрейдерын эвдрэл гэмтлийн талаарх оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18 427 000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардалд нийт 6 370 000 төгрөг, нийт 24 797 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 394 883 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 285 335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256 533 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Отгон царам цриллинг" ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Манай компани 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 001660013 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан Daewoo маркийн 2686 улсын дугаартай Автогрейдер автомашиныг барьцаанд тавьсан. Тус техникийг "Х ХХК" ХХК-ийн ажилтнууд ирж хүчээр авч яваад эвдсэн талаар гэрчүүд мэдүүлсэн боловч шүүх үнэлээгүй. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тухайн техникийг анх очиж авахад байсан гэрч болон инженерийг хуралд оролцуулж, тайлбар авахуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй. Хэрэв шүүх хуралдаан нэг удаа хойшилсон бол бидний зүгээс нотлох баримт болон гэрч оролцуулах байсан юм. Бидний зүгээс холбогдох хуулийн дагуу эвдэрсэн техникээ засуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагаар оношлогоо, үнэлгээ хийлгэж өөрт учирсан хохирол болох 24 797 000 төгрөгийн гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримт хангалттай байхад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Дээр дурдсан хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 8 986 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 868 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа сунгасан шимтгэл 200 000 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 27 074 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэмтлийн талаарх оношилгоо болон үнэлгээ хийлгэсэн зардал 18 427 000 төгрөг, түрээсийн алдагдал, зогсоолын мөнгө, тээврийн зардалд 6 370 000 төгрөг, нийт 24 797 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд хоорондоо 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр №00160013 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч нь 20 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Deawoo маркийн автогрейдер 26-86 УН улсын дугаартай автомашин, Hyundai 5 Tontruck маркийн 45-13 УНИ улсын дугаартай автомашинуудыг барьцаалсан, зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг мөн өдрөөс 2 сараар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 8-14, 17, 18/

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлсон байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 19 716 752 төгрөгийг хангаж, үлдэх 7 358 041 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгад үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Түүнчлэн хариуцагч О ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10427892 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан” гэх баримтыг шүүхэд ирүүлсэн, уг үнэлгээг хийлгэсэн захиалагч нь Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтэс байх ба Deawoo маркийн автогрейдер 26-86 УН улсын бүртгэлийн дугаартай автомашины мотор /DE 12 TIS хөдөлгүүр/ хагарсан, солих шаардлагатай гэж үзсэн байгаа нь талуудын хоорондын зээлийн болон барьцааны гэрээний улмаас хариуцагчид шууд учирсан хохирол гэж үзэхгүй.

 

Deawoo маркийн автогрейдер 26-86 УН улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, гэмтэл нэхэмжлэгч талын буруугаас болсон гэх нөхцөл байдлыг нотлох дээрхээс өөр баримтыг хариуцагч гаргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагчид 24 797 000 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгч учруулсан гэх талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан эхлэхийн өмнө талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хүсэлт гаргах талаар асуухад зохигчид байхгүй гэсэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хэт Оргил” ХХК-ийн манаач н.Тугбаатар, О ХХК-ийн манаач н.Батхишиг нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан нь н.Батхишигийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна. /хх 115-116, 136/ Гэрч н.Тугбаатарын мэдүүлгээр нэхэмжлэгч “Хэт оргил” ХХК-ийн ажилтан Deawoo маркийн автогрейдер 26-86 УН улсын дугаартай автомашиныг авч ирж тавьсан гэдгийг нотлож чадаагүй байна. Иймээс шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримт бүрдүүлэх талаар журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Отгонцарам” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН