Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 998

 

    2020          8              11                                         2020/ДШМ/998

 

Э.Бт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Э.Ү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1094 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Бт холбогдох эрүүгийн 2011 00000 0554 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжгэн овгийн  Э.Б, 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан; 

Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүйгээр Э.Н-гийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж заасан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл холбогдол нь хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Чингэлтэй дүүрэгт түрээслэж байсан байр руугаа явж байтал Тамир авто угаалгын хажууд хоёр залуу зөрсөн бөгөөд нэг нь намайг дуудахаар нь эргээд очтол өндөр нуруутай залуу нь надад хандан яагаад мөрлөөд байгаа юм гэж хэлээд заамдаад автал хажуугаас нь жижиг биетэй намхан нуруутай залуу нь миний зүүн нүд рүү цохьчихсон. Тэгсэн намайг заамдаж байсан залуу нь мөн миний эрүү орчим нэг удаа цохисон” гэх /хх 9/, мөн гэрчээр өгсөн “...2 залуу намайг дуудахаар нь би яваад очтол өндөр шар залуу нь миний цээж рүү гараараа нэг удаа цохиод заамдсан. Тэгсэн нөгөө залуу нь ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Нөгөө өндөр шар залуу нь миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан” гэх /хх 11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жамьяаншарав “...би найз Э.Нгийн урд алхаж байтал 2 үл таних залуу зөрж өнгөрсөн. Би цааш жоохон алхаж байгаад эргээд хартал миний хажуугаар зөрсөн залуучууд манай найз Э.Нг зодож байсан” гэх /хх 12/, мөрдөн байцаалтанд гэрч О.Э “...Би нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд л цус гарсан байх, мөн Э.Б нэг удаа цохисон гэсэн” гэх /хх 16/, мөрдөн байцаалтанд гэрчээр Э.Б “...дээрхи гэмтлийг Э.Нд хэн учруулсан юм бэ гэхэд, ... О.Э бид хоёр учруулсан байх, ямартай ч би нэг удаа тэр залуугийн нүүр рүү гараараа цохисон, О.Эын хэлснээр мөн нэг удаа тэр залуугийн нүүр рүү цохисон гэсэн” гэх /хх 18/, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн тус тус мэдүүлэг зэргээр энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна. Шүүгдэгч Э.Бын цохилтын улмаас хохирогч Э.Нд хөнгөн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5792 тоот дүгнэлт /хх 20/, гэрч О.Эын үйлдлийн улмаас хохирол тогтоогдоогүй гэх боловч энэ хэрэгт хамтран оролцсон байдал, хэрэв О.Э хохирогчийг заамдаж аваагүй бол шүүгдэгч Э.Б хохирогчийг цохих боломжтой байсан, тэр цохих боломжийг олгосноор үйлдлээрээ нэгдсэн эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн зүйлчлэл тохироогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал буюу тухайн гэмт хэрэгт өөр этгээд буюу /найз/ О.Э хамтран оролцсон эсэхийг тогтоох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох” нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа захирамждаа “шүүгдэгч Э.Б нь нийтийн байранд түр оршин суудаг бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 13-нд дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон байх тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй” гэж дүгнэн шүүгдэгчийг цагдан хорьсон нь хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд болсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, өмнө ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол зэрэг ял оногдуулахад ач холбогдолтой хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсөн атлаа яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Хэрвээ шүүгдэгчид ял оногдуулах боломжгүй байдал илэрсэн бол яг ямар байдлыг тогтоох, ямар нотлох баримт бүрдүүлэх нь тодорхойгүй байна.

О.Э хохирогчийг заамдаж аваагүй бол шүүгдэгч Э.Б хохирогчийг цохих боломжтой байсан, тэр цохих боломжийг олгосноор үйлдлээрээ нэгдсэн эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийн зүйлчлэл тохироогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал буюу тухайн гэмт хэрэгт өөр этгээд буюу найз О.Э хамтран оролцсон эсэхийг тогтоох нь зүйтэй гэж шүүгч дүгнэжээ.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Нгийн “2020 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Жамьяншаравын хамт дэлгүүр орчихоод түрээсэлж байсан байр руугаа явж байтал “Тамир” угаалгын газрын хажууд 2 залуу зөрсөн. Нэг нь намайг дуудахаар нь эргээд очтол өндөр залуу нь яагаад мөрлөөд байгаа юм гээд заамдаад автал хажуугаас жижиг биетэй намхан залуу миний зүүн нүд рүү цохьчихсон. Тэгтэл заамдаж байсан залуу эрүү орчим нэг удаа цохисон. Тэгээд манай найз ирж салгасан. Энэ 2 хүнийг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. Ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг жижиг биетэй намхан нуруутай залуу надад учруулсан. Миний зүүн нүдэнд нэг удаа л цохисон. Би тэр үед эрүүл байсан” гэх,

гэрч А.Жамьяншаравын “...миний харснаар жижиг биетэй залуу нь Э.Нгийн нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Нөгөө залуу нь Э.Нг заамдаад зогсож байсан, цохихыг нь би хараагүй” гэх,

гэрч О.Эын “...Э.Н гэх залуу зөрөөд өнгөрөхдөө намайг мөрлөөд гарснаас болж бид хоёрын хооронд маргаан болсон. Э.Бын өөрийнх нь хэлж байгаагаар тэр залуугийн нүүр орчим нэг удаа цохисон гэсэн, би харж амжаагүй. Бид 2 согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 2,5 литр пивоноос 2 савыг уусан байсан” гэх мэдүүлгүүдээр О.Э, Э.Б нар нь хохирогчийг огт танихгүй бөгөөд зөвхөн гудамжинд зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэдгээр шалтаглан О.Э нь Э.Нг заамдсан байхыг хараад Э.Б тэдгээрийг зодолдох нь гэж ойлгоод хажуугаас нь орж цохисон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5792 дугаартай дүгнэлтээр “Б.Э.Нгийн биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. Шүүх хуралдааны явцад дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэх эргэлзээтэй нөхцөл байдал илрээгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймээс О.Э, Э.Б нарыг урьдчилан үгсэн тохирч Б.Э.Нгийн биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл,  согтуугаар гэнэт үүссэн санаагаар, ялихгүй зүйлээр шалтаглан, огт танихгүй хүний биед халдсан үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцсон гэмт хэрэг гэх боломжгүй бөгөөд О.Эыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзвэл тэр нь заамдаж өгснөөрөө хамжигч байж болох ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэсэн тул О.Э нь энэ гэмт хэрэг гарахад Э.Бт дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амласан байх огт боломжгүй юм.

Харин О.Э, Э.Б нар нь Б.Э.Нг бүлэглэн зодсон хамтран гүйцэтгэгч нар байж болох ч хохирогчийн биед мохоо зүйлийн ганцхан удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байдаг. Тэгэхээр нэг хүний үйлдлээс Б.Э.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдоод байхад бусдын биед гэмтэл учруулаагүй хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийг зөрчихөөс гадна эцэст нь зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол бусдыг үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татсан ноцтой зөрчил болохоор байна. Иймд “хэргийн зүйлчлэл тохироогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал буюу тухайн гэмт хэрэгт өөр этгээд буюу найз О.Э хамтран оролцсон эсэхийг тогтоох” гэсэн захирамжийн заалтыг хэрхэн хангах нь ойлгомжгүй, мөрдөн шалгах ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байна.

Талууд хүсэлт гаргаагүй ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр бол шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх байтал энэ ажиллагааг хийлгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”, 33.3 “урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах” тухай заалтуудыг захирамжиндаа удирдлага болгосон нь уг захирамжийг хууль ёсны бус гэж үзэх үндэстэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1094 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Энхбаатар тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, Э.Б, О.Э нарын тухайн үеийн санаа сэдэл нь тус тусдаа үүсч, төгссөн гэх нөхцөл байдал ажиглагддаг. О.Э нь хохирогч Э.Нг заамдсанаараа цохино гэдгийг огт мэдээгүй байхад хажуу талаас найзыгаа өмөөрч цохиж байгаа үйлдлийг шууд санаатай нэгдэж, үйлдлээрээ хамтарч оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Э.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэм буруугийн талаар маргадаггүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бүлэглэсэн гэх үйл баримт хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Хэргийг прокурорт буцаах захирамж нь миний үйлчлүүлэгч Э.Бын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд  прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз О.Эыг хүнтэй заамдалцаад зогсож байхад нь нөхцөл байдлыг ойлгоогүйгээс хохирогч Э.Нгийн нүүрэнд нэг удаа цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд О.Эыг холбогдуулан шалгах үндэслэлгүй байна гэж үзэв. 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1094 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ