Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн,

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Ц.Түмэнжаргал,

хохирогч Б.Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Боржогин овогт Цэрэндоржийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 201726030403 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороол, Дэнжийн 9-80 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржогин овогт Цэрэндоржийн Түмэнжаргал  /РД:НК81122209 /,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт хороолол” Дэнжийн 9-80 тоот гэртээ хадам аав, ээж болон дүү Б.Отгоны төрсөн өдрийг тэмдэглэн архидан согтуурч байх үедээ “10.000 төгрөг нэхлээ, чи намайг өөрийгөө хараасан гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал : “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Отгон: “...Би Ц.Түмэнжаргалд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Отгоны: “...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хадам аав Баасандалай, ээж Навч нар нь Төв аймгийн Бүрэн сумаас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг гэртээ ирээд намайг гэртээ дуудсан. Тэгээд хадам аав, ээжийн гэрт очоод “миний төрсөн өдөр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр болсон. Бэлэгээ авъя” гэхэд нэг шил архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан юм. Ингээд аав, ээж хоёртой архи уугаад сууж байтал манай нөхөр Баасандоржийн ах Нямдоржийн эхнэр Түмэнжаргал эгч залгаад “сонин сайхан юу байна” гэж мэнд мэдэж ярихаар нь “миний төрсөн болоод аав, ээж бид гурав нэг шил архи уугаад сууж байна” гэж хэлсэн. Тэгээд “та надад юм авч өгөх юм уу” гэхэд “би гэртээ амарч байгаа юм чинь та хэд хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав ууж байсан архиа дуусгаад хамтдаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд байдаг “ах, хадам ах, Нямдоржийн гэрт очсон. Бид гурвыг очиход Түмэнжаргал эгч хоол цай хийчихсэн. Нэг шил архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Дараа нь аав ээж бид гурав замаасааа авсан нэг шил архиа гаргаж өгөөд хоёрдахь шил архиа хамтдаа хувааж уугаад сууж байхдаа “та боломжтой болохоороо 10.000 төгрөгөө өгөөрэй” гэж хэлчихээд “дүү нь сая бөөд үзүүлсэн чинь намайг нэг хүн хараасан байна” гэсэн гэтэл Ц.Түмэнжаргал эгч “тэгээд би хараачихаа юу, юу яриад байгаа юм. Манай нөхөр мөнгөтэй болчихсон. Чи 10.000 төгрөг авах уу” гээд хэрүүл өдөөд эхэлсэн.  Тэгэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, би яг одоо 10.000 төгрөгөө авъя гэж хэлээгүй, таныг боломжтой болохоороо өгчихөөрэй гэж хэлсэн. Би ямар таныг хараасан гэж хэлсэн юм уу” гэхэд “чи тэгээд яадаг юм” гэж хэлээд учир зүггүй над руу дайрч эхэлсэн. Тэгээд эгч Түмэнжаргал эгчийг над руу дайраад байхаар нь унтах санаатай газар гудас дэвсээд хэвтэх гэтэл миний араас нэг юмаар цохьсон. Тэгтэл миний толгойноос цус гараад Түмэнжаргал эгчийг “та яаж байгаа юм бэ” гэтэл “хохь чинь, чи яах гэж ирсэн юм” гээд пийшингийн ширэм авч гар болон нуруун тус газар луу хэд хэдэн удаа цохих үед нь “та болиоч ээ, би явлаа” гэсэн. Тэгээд Түмэнжаргал эгчийг зогсохгүй болохоор нь би “цагдаа дуудлаа шүү” гэхэд зайл чи гээд хөөж гаргасан. Тэгээд Түмэнжаргал эгчийн гэрээс гараад явж байтал араас түүний дүү охин гарч ирээд “чи цагдаа дуудах гэж байна уу” яасан овоо гар вэ гээд утас булааж аваад өгөхгүй болохоор нь “чи яадаг хүүхэд вэ, миний утсыг өгөөч” гэхэд над руу шидсэн. Тэгэхээр нь утсаа аваад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Түмэнжаргалыг болон намайг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Духны баруун хэсэгт язарч цус гарсан. Хоёр гар хөхөрсөн. Нуруу хөхөрч зулгарсан. Хуйх хөхөрч хавдсан. Өөр гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4542 дугаартай актанд

  1. Б.Отгоны биед тархи доргилт, духанд шарх, хоёр шуу, нуруу бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 цагийн үед гэртээ банштай цай хийгээд амарч байтал манай нөхөр Нямдоржийн дүү Баасандоржийн эхнэр Б.Отгон над руу залгаж миний төрсөн өдөр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болсон. Аав ээж хоёр хөдөөнөөс орж ирсэн байна. Бид гурав хамт очлоо шүү” гэхээр нь “тэг, тэг би гэртээ амарч байна гэж хэлсэн” тэгээд банштай цайгаа хийгээд байж байтал хадам аав Баасандалай, ээж Навч, дүү Б.Отгон нар ирсэн. Би хоол цай хийж өгчихөөд Б.Отгоны төрсөн өдөр гээд байхаар нь 1 шил архи гаргаж дөрөвүүлээ хамтдаа хувааж уусан. Тэгээд миний гаргасан архийг ууж дуусаад байж байтал нөгөө гурав нэг шил архи гаргаж ирээд хоёр дахь шил архиа хувааж уусан. Архи уугаад сууж байхад дүү Б.Отгон нь саяхан ламд үзүүлтэл надад нэг хүн юм хийсэн” байна гэж хэлсэн гээд сонин зүйл яриад байхаар нь тоглоомоор эгч нь хийлгэсэн юм гээд хэлчихсэн. Тэгтэл Б.Отгон над руу дайрч “би чамд зээлсэн 10.000 төгрөгөө авмаар байна. Хурдан гаргаж өг” гээд байхаар нь “надад мөнгө байхгүй байна” гээд бид хоёр маргалдаж улмаар хэрэлдсэн. Ингээд Б.Отгон нь миний хажууд сууж байгаад хөл рүү өшиглөөд байхаар нь уурандаа сандал аваад шидчихсэн. Тэгээд Б.Отгоны духны баруун дээд хэсгээс цус гараад над руу дайраад байхаар нь хэсэг барьцалдаж хоёр биенийгээ цохьсон. Тэгтэл Б.Отгон цагдаа дуудна гээд байхаар нь цагдаагаа дуудаж л байхгүй юу, манай гэрээс яв” гэж хэлсэн. Тэгтэл Б.Отгон гараад гүйчихсэн юм. Би дотроо Б.Отгоныг цагдаа дуудах байх гэж огт бодоогүй. Гэртээ аав, ээжийн хамт сууж байтал Б.Отгон цагдаа нартай орж ирээд намайг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан. ...Би Б.Отгонтой маргалдаж байхдаа уур хүрээд сандал аваад шидчихсэн юм. Тэгтэл духнаас нь цус гарсан. Сандал шидсэний улмаас тухайн гэмтэл үүссэн гэж үзсэн байна. Мөн сандал шидэхээсээ өмнө бид хоёр барьцалдаж аваад хоёр биенээ хэд хэдэн удаа цохьсон байдаг. Үүнээс болж дээрх гэмтэл шарх үүссэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Дэнжийн 9-80 тоот гэртээ хадам эцэг, эхийн хамт дүү Б.Отгоны төрсөн өдрийг тэмдэглэн архидан согтуурч байх үедээ “10.000 төгрөг нэхлээ, чи намайг өөрийгөө хараасан гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгоны мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4542 дугаартай акт  /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Түмэнжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Түмэнжаргал нь хохирогч Б.Отгоны эмчилгээний зардал болон, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 640.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 33 дугаар хуудас/ байна.

Хохирогч Б.Отгон нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч Ц.Түмэнжаргалтай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

           

 Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Түмэнжаргал, хохирогч Б.Отгон нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн хуульд заасан нөхцөлийг хангасан тул шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Түмэнжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.