Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0611

 

 

 

    

 

   2022          08           23                                   128/ШШ2022/0611

                                                                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "М"... ХХК /РД:00000001/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Г...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А...,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б... нарын хооронд үүссэн газар ашиглах эрх олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ннар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч "М"... ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 99/000 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалын "М"... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Анх "М"... ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-000 дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Х аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах эрхийг олгосон байна.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/02 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь дуусгавар болгон шийдвэрлэж, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 003 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж газар ашиглах эрхийг нь сэргээж шийдвэрлэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/005 дугаар тушаал гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн 0005/002 тоот гэрчилгээнд эрхийг сэргээсэн тэмдэглэл хийсэн байна.

2.3. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 99/000 дугаар албан бичгээр газар ашиглахаар хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч "М"... ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Г... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “Манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 003 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0005/002 дугаар гэрчилгээгээр олгогдсон газрын эрхийг цуцалсан 2018 оны А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

Бид удаа дараа биеэр очиж уулзах, хүсэлт гаргах байдлаар хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/005 тушаалаар, манай газар ашиглах эрхийг сэргээж, улмаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0005/002 дугаар гэрчилгээнд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бичилтээр эрх сэргээгдсэн тэмдэглэгээ хийгдсэн.

Гэвч өнөөдрийг болтол шүүхээр сэргээгдсэн газрын эрхээ ашиглах боломжгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс ашиглах боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох асуудлыг шийдвэрлэхгүй, газрыг ашиглах боломжийг бодитой болгох арга хэмжээ авахгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдалтай байсаар байна.

Бид газраа ашиглах боломжийг олгож, холбогдох ажиллагааг гүйцэтгэж өгөхийг хүсэж Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олон удаа хүсэлт гомдол гаргасан.

Хамгийн сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулга баримтууд ирээгүй байгаа шалтгаанаар гомдол шийдвэрлэх ажиллагаа хойшлогдсон тухай мэдэгдсэн.

Манай гомдол бүхий хүсэлтийг хянаж байгаа ажилтан руу 2021 оны 09 дүгээр сарын 24, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд холбогдоход Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас холбогдох лавлагаа баримт ирээгүй байна, ирэхээр нь шийдвэрлэхээр хойшлогдож байгааг мэдэгдсэн, дахин тодруулахад ахлах мэргэжилтэн Н.Г...-д гомдлыг шилжүүлсэн гэсэн учир түүний 90000001 утсаар дахин тодруулж мөн шалтгаанаар хүлээлгэсэн.

Гэвч гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан байхад ямар нэг хариу өгөхгүй байх тул хууль бус эс үйлдэл үргэлжилсээр байна гэж үзэж, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-д зааснаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй, хуулийн хугацаанд хариу өгөхгүй, шийдэхгүй байх, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх нь эс үйлдэл буюу захиргааны акт гэж үзэхээр заасан байна.

Манай компани газрын эрхээ тодорхойгүй үндэслэлээр ашиглах боломжгүй байгаад, мөн захиргааны үйл ажиллагаа тодорхойгүй, ойлгомжгүй байгаа зэрэгт гомдолтой байгаа бөгөөд энэхүү эс үйлдлийн улмаас манай компанийн өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөж, мөн эрх зүйн болон эдийн засгийн хохиролтой байдалд орсоор байна.

Иймд хууль бус захиргааны үйл ажиллагааг хянан шалгаж, манай зөрчигдөж буй хууль ёсны эрх, ашиг сонирхол болох шүүхийн шийдвэрийн дагуу газраа ашиглах эрхийг бодитойгоор эдлэх боломжийг олгохгүй, хүсэлт гомдлыг шийдвэрлэхгүй байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгуулахаар, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг даалгуулах шаардлага гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн гэж хариу тайлбар гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаал гарсан байх тул дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Б уулын дархан цаазат газрын захиргаа болон яамны тусгай хамгаалалтын бүсийн нутгийн удирдлагын газарт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 008/009, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/007 албан бичгээр газрыг ашиглах боломж бололцоог олгох, ажиллагааг хийж өгөхийг хүсэж байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00/06 дугаар албан бичгээр “... газрыг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгож, зохих арга хэмжээг авч өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байсан.

Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1234 дугаар албан бичгээр “давхцалгүй” гэсэн хариу өгсөн, мөн хувийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өгсөн.

            Дээр дурдсан нөхцөл байдлууд байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Б уулын дархан цаазат газрын захиргаа болон яамны тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газраас Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 27-д заасан болон хуульд засан ажиллагаанууд хийгдээгүй, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаал гаргах болсон талаар мэдэгдэж байгаагүй.

2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаал гаргасан талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00/06 хүсэлтээс хойш бүх нийтээр хорионд байсан учир 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/002 дугаар албан бичгээр “...захиргааны үйл ажиллагаанд гомдолтой байгаагаа илэрхийлж, төрийн үйл ажиллагаа шийдвэр нь үндэслэл бүхий хуульд нийцсэн, ашиглах эрх боломжоор хангасан байх ёстой гэж үзэж, манай компанийн олон жил хохирч байгаа байдалд анхаарал тавьж, хугацааг сунгах болон гэрээний асуудлаар зохих арга хэмжээг авч өгнө үү” гэж хүсэлт гаргаж байсан.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 05 дугаар сарын 19-ний 01/004 дүгээр албан бичгээр “...Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1234 дугаар албан бичгээр ямар нэг давхцалгүй газрын эргэлтийн цэгийг тогтоож өгсөн тул уг эргэлтийн цэг бүхий байршлаар манай газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад дээрх өөрчлөлт тэмдэглэлийг хийж баталгаажуулж өгнө үү” гэж хүсэж байсан.

Шүүхээс албан бичгээр болон шүүх хуралдаан дээр удаа дараа шаардсаны эцэст шүүхэд хариуцагчийн төлөөлөгчөөс “...өөрсдөө авах хэсэгт оруулсан боловч "М"... ХХК гардаж аваагүй байна” гэсэн бичгийн тайлбар гаргасан.

            Нэхэмжлэгчээс “2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг даалгуулах” шаардлага гаргаж, захиргааны хэрэг үүссэнээр хариу тайлбарт хавсаргагдаж ирсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны А/01 дүгээр тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр танилцсанаар, газрын эрхийг цуцалсан болохыг мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан шүүхэд хандах хүртэлх хугацаанд захиргааны байгууллага ямар ч хариу өгдөггүй, утсаар мессежээр асууж тодруулахад зөвхөн хүлээлгэж тодорхой нөхцөл байдалтай байсан.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар манай компанийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 003 дугаар шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/02 дугаар тушаалаар сэргээгдсэн газар ашиглах эрхээ сэргээлгэх боломжийг олгож өгнө үүгэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 003 дугаар захиргааны шүүхийн шийдвэрээр Байгаль орчны сайдын А/02 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлүүлснээр ашиглах нь сэргээгдсэн нөхцөл байдал нь шүүхээр дүгнэгдэж байсан. Энэ нөхцөл байдлаас хойш нэхэмжлэгчийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0005/002 дугаар гэрчилгээгээр ашиглах эрх нь сэргэсэн гэж үзэж байна. Энэ нь 10 га хэмжээтэй байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу 2018 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч компани нь Б дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яам, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтүүдээ бичиж улмаар сайдын шийдвэр гарснаар ашиглах эрх нь сэргэсэн. Ингээд гэрээ байгуулахаар бэлтгэж байх хугацаанд тухайн газар дээр өндөр хүчдэлийн шугам болон шилэн кабел давхацсан нөхцөл байдал үүссэн. Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ нөхцөл байдал, давхцалын асуудлыг шийдвэрлээд кадастрын цэгүүдийг гаргаж байрлал дээр өөрчлөлт хийж, давхцалыг арилгаж шийдвэрлэсэн. Уг давхцалын асуудлыг шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр кадастрын зургийг шийдвэрлэж яам руу хүргүүлсэн. Ийм нөхцөл байдалтайгаар шүүхийн шийдвэрийн дагуу ашиглах эрхийг нь хэрэгжүүлэх боломжтой байна гэж хүргүүлсэн. Сайд газрыг ашиглах эрх сэргээсэн шийдвэрийг гаргасан. Бид газраа авахаар оролдож байх хооронд Монгол Улс даяар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал бий болсон.

Энэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан биечлэн ажиллагаа хийх боломжууд төрийн байгууллагын үйл ажиллагаа, тухайн цаг үеийн нөхцөл байдал зэргээс хамаарч энэ цаг үед нэхэмжлэгч компани тасралтгүй байнга хүсэлтээ илэрхийлж байсан. Энэ илэрхийлэл нь газрыг ашиглах боломж олгоно уу, бодитоор ашиглах боломж олгоно уу, гэрэгээ байгуулах нөхцөлийг хангаж өгнө үү, кадастрын зургийн нөхцөл  байдлын хангаж өгнө үү гэх хүсэлтүүдийг Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан. Мөн яаманд хандаж ерөнхий үнэлгээний дүгнэлтээ хүргүүлсэн.

Гэтэл энэ нөхцөл байдалд хариу өгөхгүй байж байх үед асуудал шийдвэрлэгдэхгүй болохоор нь шүүхэд хандахад 2022 оны 03 дугаар сард А/01 дүгээр шийдвэрээр газрын эрхийг сонсох ажиллагаа хийлгүйгээр цуцалсан. Ийнхүү газрын эрх нь хүчингүй болсон.

Нэгдүгээр шаардлагын тухайд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сайдад хандаж гаргасан хүсэлт нь гомдлын агуулгатай хүсэлт байсан. Бид сайдад та асуудлыг цогцоор нь шийдвэрлээд өгөөч, бид таны гаргасан тушаалын дагуу асуудал шийдвэрлэх гэхээр яам ажиллагаа хийхгүй байна энэ асуудлыг хянаж шийдвэрлэж өгнө үү гэсэн. Таны эрх сэргээсэн шийдвэр бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэсэн боловч 8 дугаар сарын 26-ны уг гомдолд хариу өгөөгүй учир 9 дүгээр сарын 26-ны өдөр Байгаль орчны яаманд очиж асуухад шилжсэн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас материал ирэхийг хүлээж байна гэсэн. Ингээд хугацаа сунгагдсан. Хугацаа сунгагдсаны дараа утсаар ярьж мессежээр харьцахад ямар нэгэн хариу өгөхгүй байсан учир хуульд заасны дагуу өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа 30 хоногоор сунгасны дараах цаг хугацаанаас тооцож нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Захиргааны үйл ажиллагаа хуульд заасны дагуу байх ёстой байтал хуульд заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан хариу авах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байгаа учир захиргааны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой гэсэн шаардлагын үндсэн дээр шүүхэд хандсан. Хамгийн анхны нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт манайд 8 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт ирээгүй гэсэн байдаг. Бид хүсэлт өгсөн гэдгээ шүүхийн журмаар шалгуулж хүлээж авсан гэсэн баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 204 эсвэл 209 дүгээр хуудаст ирсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/01 гарсан байсан учир хариу өгөөгүй гэсэн агуулгатай тайлбар өгсөн. Энэ шаардлагын хувьд захиргааны байгууллага тусгайлсан хуулиуд, Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу өгч шийдвэрлэх байсан байтал уг хуульд заасан нөхцөл байдал зөрчигдсөн гэж үзэж шаардлага гаргаж шийдвэрлүүлэхийг хүссэн. Уг шаардлагын хувьд сэргээгдэх эрх ашиг нь захиргааны байгууллагад хандаж маш олон хүсэлтүүдийг гаргасан энэ хүсэлтүүдийг эцсийн байдлаар шийдвэрлүүлэхээр сайдаар өөрөөр нь албан ёсоор дүгнэлтийг өгч, материалыг судлуулж, эрх бүхий чиг үүргийнх нь дагуу газар ашиглах нөхцөл байдал дээр нь шийдвэрлүүлэх гэсэн ийм эрх байсан. Энэ эрх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсаар шүүхэд ирсэн.

Хариуцагчаас 2021 оны А/01 дүгээр сайдын тушаал гарснаар нэхэмжлэгчийн газрын эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40.1.5, 40.1.6 тус тус заасны дагуу нэхэмжлэгчийг газар ашиглах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж газар ашиглах эрхийг нь цуцалсан байдаг. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, нөхцөл байдлыг судлах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах, газар ашиглагчийн нөхцөл байдлын талаарх тайлбарыг нь авах, оролцох эрхийг нь хангаж ажиллагаа явуулах ёстой байсан боловч явуулаагүй. А/01 дүгээр тушаалыг гарсныг мэдэгдэх ёстой байсан байтал уг тушаал гарснаас хойш 5 дугаар сар хүртэл хүсэлтээ бичгээр өгөөд явсан байдаг. Гэтэл цаана нь А/01 дүгээр тушаал гарсан байдаг. А/01 дүгээр тушаалыг мэдэгдсэн эсэх ажиллагаа хийсэн эсэхийг шүүхээс шалгахад огт мэдэгдээгүй гэдэг нь баримтаар харагдах болно. 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлах боловч шуудангаар уг баримт нь буцсан байдаг. Нэхэмжлэгч компани нь өөрийн гэсэн байртай, нэг хаяг дээрээ олон жил байсан байдаг. Уг хаяг нь хүсэлт бичсэн компанийн бланк дээр тодорхой байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу А/01 дүгээр тушаал нь хэлбэрийн хувьд гэхээс илүү утга агуулгын хувьд нотлох баримтад үндэслэсэн байх, бүрэн зорилгодоо нийцсэн байх, шийдвэрлэж байгаа нөхцөл байдал нь тогтоогдсон байх хуулийн шаардлагыг хангах ёстой байтал энэ нөхцөл байдлыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуульд бодит нөхцөл байдлыг нь тодорхой заана гэж заасан байдаг боловч бодит нөхцөл байдлыг нь судлаагүй байдаг. Хуульд заасан нөхцөл дээр нь тухайлан үзвэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1,  40.1.5 гэж заасан байх бөгөөд энэ нь төлбөрийн асуудлыг заасан заалтууд юм. Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших тухай хуульд заасны дагуу төлбөр төлөх нөхцөл байдал нь бүрэн бүрдсэн байх ёстой. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт гэрээний үйл ажиллагаа явуулж байгаа, ашиглаж байгаа гэсэн нөхцөл байдлаар төлбөрийн үнэлгээ хэмжээ тогтоогдох байсан. Нэхэмжлэгч компаниас газрын төлбөрөө төлөх гээд хэмжээгээ тогтоогдох гэж яваад байсан. Гэтэл энэ нөхцөл байдал буюу хэдэн төгрөгийг хэрхэн яаж төлөх талаарх нөхцөл байдал нь тодорхой болоогүй байсан. Улсын тусгай хамгаалалттай газар  нутагт газар ашиглах гэрээ байгуулагддаг. Энэ нь гуравласан гэрээ гэж нэрлэгддэг.  Энэ гэрээ байгуулах эрх зүйн нөхцөл байдал нь Газрын төлбөрийн тухай хууль юм. Энэ гэрээгээр хэдэн төгрөгийг хэрхэн яаж төлөх талаарх нөхцөл байдал нь тодорхой болох байсан. Ийнхүү тодорхой болоогүй. 40.1.6-д заасны дагуу газрыг ашиглаагүй гэж үзсэн байдаг. Ашиглах нөхцөл байдлыг сайд тушаалаараа сэгээсэн хэдий ч захиргааны дэс дараалсан үйл ажиллагаа хийгдэхгүй нөхцөл байдлаас шалтгаалан /манай хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүйгээс шалтгаалан/, ашиглах боломжийг олгоогүй захиргааны хууль бус үйл ажиллагаа байсан байтал ашиглаагүй гэж газар эзэмшигчийг буруутгаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх тухайд. Нэхэмжлэгч компани А/01 дүгээр тушаал нь хуулийг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. Тухайн нөхцөл байдлын зөрчилтэй асуудлыг шийдвэрлээд Б-ны захиргаанаас энэ газрыг эзэмшүүлэх боломжтой гэдгээ илэрхийлж бичиг өгсөн нөхцөл байдал дээр яам ажиллаад дүгнэлтийг хянаж үзээд, хавсралтад тусгагдах байршлын нөхцөл байдлыг тодорхойлох ажиллагаа хийгдэж байх үедээ таслагдсан. Иймд нэхэмжлэгчийн  хувьд өмнөх байршил дээр газрын ашиглах эрхийг сэргээж өгөөч гэж сэргээлгэх эрх ашгаа тайлбарлахгүй. А/01  дүгээр шийдвэрийг мэдэгдэж байгаа хариуны ард талд газрын байршлыг хоёр байршлаар зургийг хавсаргасан байдаг. Эхний байршлын зураглал болон өөрчлөгдсөн байршлын зургийг хэвлэсэн хэвлэмэл байдлаар нь яамнаас гарч ирсэн. Нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх ашиг нь өмнөх байршил дээр биш харин өөрчлөгдсөн байдал нь Б-ны захиргаанд зөвшөөрөгдөөд яаманд танилцуулагдсан байдлаар нь асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу эхний шаардлагаа шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж маргаан бүхий актын үндэслэлийг гаргасан” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/000 дугаар тушаалаар "М"... ХХК-ийн Х амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг авсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар цуцлагдсан.

"М"... ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/002 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06а/4321 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь дахин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээрх хүсэлттэй адилхан утгаар гомдол гаргасан тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн гомдлыг хянан үзээгүй байна.

Иймд, "М"... ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 99/000 дугаар гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б... шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/000 дугаар тушаалаар "М"... ХХК-д Б уулын дархан цаазат газрын Х амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд 2018 оны А/02 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалж, 2019 оны А/005 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч компани нь газар ашиглах гуравласан гэрээ байгуулаагүй байна. 

Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/0000 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн /"М"... ХХК орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Нэхэмжлэлд дурдсанчлан, "М"... ХХК 2020, 2021 онуудад газрын байршлаа өөрчлөх хүсэлт гаргаж байсан нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 200 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 008 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/0000 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/01 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Мөн яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас "М"... ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий актын өөрт холбогдох хэсэг дээр маргаж байгаа энэ хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа гэж ойлгож байгаа. Учир нь маргаан бүхий акт буюу сайдын тушаал нь маш олон байгууллагын асуудлыг хөндсөн тушаал байдаг. Мөн өөрчлөгдсөн байршлаар кадастрын зураг хийлгэж, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авч яаманд хүргүүлсэн. А/01 дүгээр тушаалыг гаргахдаа сайд нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэж цуцалсан. Мөн тушаалын үндэслэл хэсэгт Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэсэн. 2020 онд Авлигатай тэмцэх газар, дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан шалгалт хийж 660 иргэн аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрх нь зөрчилтэй байгааг тогтоосон. Төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй, бичиг баримтын зөрчилтэй байна эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэ гэх албан бичиг ирүүлсэн. 660 иргэн аж ахуй нэгж байгууллага нь газрын төлбөрөө төлөөгүй үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Үүнийг үндэслэж тушаал гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны А/200 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журмыг баталсан. Уг журмын 3.4-т гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш газар ашиглагч 3 сарын дотор хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулахаар заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д газар ашиглагч хамгаалалтын захиргаа нь тухайн сум дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулахаар заасан байдаг. Хэдэн сарын хугацаанд гэрээ байгуулахыг журмаар нарийвчлан заасан. Харин яаманд гэрээ байгуулах үүрэг байдаггүй. Яам батлагдсан гэрээг бүртгэж баталгаажуулах үүрэгтэй. Гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байдаг. Энэ нь дан ганц яамны үүрэг биш. Нэхэмжлэгч байршил болон газрын хэмжээ тодорхой бус байсан гэж хэлсэн. Нэхэмжлэгч 10 га газрыг ашигладаг бөгөөд энэ нь тушаалаар болон газар ашиглах гэрчилгээгээр тогтоогддог. Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоодог байсан бөгөөд одоо хуульд өөрчлөлт орж нийслэл тогтоодог болсон. Ингээд гэрээ байгуулахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон учраас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Мөн нэхэмжлэгчийн нэг шаардлагад тухайн газрын ашиглах боломжгүй байсан, кадастрын зураг хийлгэж, хамгаалалтын захиргаанаас санал авч хүсэлт өгсөн гэдэг. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэх боломжгүй байсан. Учир нь одоо байгаа газраа ашиглах боломжгүй гэж байгаа бол цуцлуулах саналаа хамгаалалтын захиргаанд өгч шинэ газрынхаа асуудлыг ярих ёстой. Учир нь 10 га газрын авахдаа нэхэмжлэгч төсөл боловсруулж, мөн байгаль орчны үнэлгээг хийлгэж ирсэн байдаг. Хэрвээ газрын байршлаа өөрчлөх гэж байгаа бол төсөл өөрчлөгдөх ёстой. Энэ нөхцөл байдлыг хийгээгүй. Цуцлуулах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргаагүй байдаг. Мөн шалгалтаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон учраас тус тушаалыг гаргасан. Тушаалыг гаргахдаа албан ёсны сайтаас мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. Мөн шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Шуудан хаяг тодорхойгүй гээд буцсан байдаг. Шууданг очих үед компанийг төлөөлөх этгээд байхгүй байсан ч байж магадгүй. Энэ нь манай яамнаас шалтгаалах үйл ажиллагаа биш юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч "М"... ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 99/000 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалын "М"... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ... газрын гэрчилгээгээ дахин сэргээснээс хойш албан ёсоор удаа дараа хандаж газар ашиглах боломжийг олгож өгөхийг хүссэн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, газар ашиглах боломжийг олгоогүй, газар ашиглах гуравласан гэрээ байгуулагдаагүй, өндөр хүчдэлийн шугам, кабел шугамтай давхацсан, Ковидын нөхцөл байдал бий болсон, сонсгох ажиллагаа хийгдээгүй, бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоон, түүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгчээс гаргасан 2021.08.26-ны өдрийн 99/000 дугаартай хүсэлт нь өмнө нь гаргаж байсан 2021.05.27-ны өдрийн 01/002 дугаартай хүсэлттэй адил байсан тул холбогдох хуулийн дагуу дахин шийдвэрлэх шаардлагагүй байсан тул хүсэлтийг хянан үзээгүй..., газар ашиглах эрхийг цуцалсан тухайд нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 6 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон учир тушаал үндэслэлтэй...” гэж маргасан.
  3. Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/009 дугаар албан бичгээр “Н төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил,аялал жуулчлалын яаманд хандаж газар ашиглах хүсэлт гаргасан байх боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-000 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар ашиглах эрхийг тус компанид олгосон байна.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/02 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь дуусгавар болгон шийдвэрлэж, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 003 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж газар ашиглах эрхийг нь сэргээж шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/005 дугаар тушаал гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн 0005/002 тоот гэрчилгээнд эрхийг сэргээсэн тэмдэглэл хийсэн байна.
  5. Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслээд Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй. . . хавсралтын 151 дугаарт “М ХХК”-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна.
  6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчжээ.
  7. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т  “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар заалтыг ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгч, хариуцагч Б уулын хамгаалалтын захиргаа, Б дүүргийн Засаг дарга нарын хооронд байгуулсан газар ашиглах гуравласан гэрээ байгуулагдаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэх зөрчлийг дээрх хууль, хуулийн тайлбарт заасны дагуу шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй байх тул “...хариуцагчийн 6 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгчийн мэдэгдлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил тогтоогдсон...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
  8. Харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн гүйлгээ хийгдээгүй гэх Б дүүргийн газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, нэхэмжлэгчийн төлбөр нэхээгүй учир газрын төлбөр төлөөгүй гэх тайлбараар тус тус нотлогдож байгаа бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтад маргаан бүхий Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн байна.
  9. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 5 дугаар зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-000 дугаар тушаалаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/005 дугаар тушаалаар тус тус газар ашиглах эрх нь сэргээгдэн шийдвэрлэгдсэн шийдвэрийн үндсэн дээр газар ашиглаж байгаа учир уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний ашиглаж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаарч байна.
  10. Газрын төлбөр төлөх хугацааны хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж зааснаас үзэхэд төлбөр төлөх хугацааг гэрээгээр бус уг хуулийн заалтад заасны дагуу төлбөр төлөгч нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй байна.
  11. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн  8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус өндөр хүчдэлийн болон кабел шугамтай давхацсан, ковидын нөхцөл байдал үүссэн, газар ашиглах гуравласан гэрээ байгуулж газрын төлбөрийн хэмжээ, хугацааг тохироогүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэлд үл хамаарч байна.
  12. Тухайн газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй дээрд дурдсанаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр л газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус газар ашиглах боломжийг олгоогүй, өндөр хүчдэлийн болон кабел шугамтай давхацсан уг давхцалыг арилгуулахаар газрын байршлыг өөрчилж удаа дараа хандсан хүсэлтийг шийдвэрлээгүй, төлбөр төлөхийг хариуцагч болон Б дүүргийн газрын албанаас шаардаагүй, гэрээ байгуулагдаагүй байгаа эсэх нь газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалын "М"... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  13. Нэхэмжлэгчээс гаргасан анхны шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 99/000 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цуцалсан тушаалыг шүүхээс хуульд нийцсэн гэж дүгнэсэн, тухайн тушаал хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэн, шийдвэрлэхийг даалгуулах боломжгүй тул мөн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "М"... ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 99/000 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дүгээр тушаалын "М"... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.М