Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 104/2021/00086/И |
Дугаар | 104/ШШ2021/00214 |
Огноо | 2021-07-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2021/00214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ......................................................................................................... тоотод оршин суух, Тахилгат овогт Ц.Х /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................................................................................................д байрлах, МГХАМТИСд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.Ц.Х, өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч С.Чулуунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр МГХАМТИСд эмч, эрүүл ахуйчаар томилогдон ажилласан. Намайг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 12 төрлийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би ажиллах хугацаандаа байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ шударгаар гүйцэтгэж ирсэн. Намайг ажлаас халах тушаал нь хууль бус үйлдэл юм. 2019 оны 10 дугаар сард удирдлага солигдсон цагаасаа намайг ажлаас халах гээд дарамталдаг байсан. Би тус сургуулийн 3 давхарт ажлын өрөөтэй байсан хэдий ч намайг гаргаж, хүний нөөцийг тус өрөөнд оруулсан. Эмч цайны газарт байх ямар ч боломжгүй, халдвар хамгааллын дэглэмээ баръя гэсэн шаардлагыг удаа дараа удирдлагууддаа тавьж байсан боловч үүнийг огт авч хэлэлцээгүй. 2020 оны 01 дүгээр сард болсон хамт олны хурал дээр энэ асуудлыг хэлж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, миний ажиллах нөхцөл муудсан талаар хэлсэн. Тэр үеэс хойш Э захирал намайг байнга өрөөндөө дуудаж дарамталдаг болсон. Чи багш профессоруудын хажууд намайг буруутан болгосон, миний хийж байгаа ажлуудыг хүртэл хийлгэхгүй байх зэргээр намайг ялгаварлан гадуурхаж эхэлсэн.
2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл нь ямар ч үндэслэлгүй юм. Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажилчдын хаалттай фейсбүүк групп дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж пост оруулсан. Тэр пост дээр ямар ч муу муухай юм бичигдээгүй, байгууллагын нэр хүндэд халдаагүй. Хийдэг байсан ажлыг маань хийлгэхгүй гадуурхаад байсан учраас энэ талаар үзэл бодлоо илэрхийлж пост оруулсан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу 1 сар 12 хоногийн дараа надад сануулах шийтгэл ногдуулсан талаар мэдэгдсэн. Зөрчил гэж үзэх юм бол 1 сарын дотор сонсгол, хурал хийгээд зөрчлийг илрүүлж сануулах шийтгэл ногдуулах ёстой байдаг. Гэтэл тэр үед надаас ямар ч тайлбар аваагүй. Би уг сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж захиралдаа өргөдөл бичиж өгсөн боловч хүлээж аваагүй. Би тэр үед шийтгүүлэх хэмжээний алдаа дутагдал гаргаагүй. Тиймээс хууль зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Би хичээл эхэлсэнтэй холбоотой 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болон 09 дүгээр сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллага руу зөвлөн туслах үйлчилгээ авах талаар ярьсан. Тухайн үед надад санаатайгаар шалгуулж зөрчил тогтоолгох санаа байгаагүй. Мэргэжлийн хяналт ч надад зөрчил тогтоож акт үйлдээгүй. Торгууль ч тавиагүй. Ажлын өрөөндөө хугацаа нь дууссан эм тариа хадгалсан гэж буруутгасан. Би ажилд орохоосоо эхлээд хугацаат эмийн самбар гаргаад эмийг байнга хугацаанд нь ялгаж ангилдаг байсан. Цөөхөн оюутантай болохоор эм тарианы хугацаа нь дуусах явдал байдаг. Энэ нь аль ч эмнэлэг сургуульд гардаг л асуудал. 2018-2019 онуудад хугацаа нь дууссан эм эмийн бүтээгдэхүүнүүдээ албаны даргадаа хянуулж, няравтаа үзүүлж шалгуулаад аюулгүйн хайрцагт хийж, эмнэлэгт өгч устгуулдаг байсан. Энэ нь бичиг баримт, гарын үсэгтэй байгаа. Харин 2020 оны хувьд ковид гарсантай холбоотой манай сургуулийн оюутнууд орж ирээгүй байсан. Тэр үед би няравыг ээлжийн амралтаасаа орж ирэхээр нь устгалд оруулах гээд бүх юмаа бэлдэж байсан. 8 төрлийн эм, шарх цэвэрлэдэг уусмал, тариур зэрэг байсан. Эмнэлгийн хог хаягдлаа устгаагүй гэж буруутгасан байсан. Хог хаягдал устгах гэрээг би биш байгууллага хийж өгөх ёстой. Энэ зөвхөн миний ажил гэж бодохгүй байна. Мөн эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээний дэвтрийг дутуу хөтөлсөн гэж буруутгасан байсан. Би хэзээ ч дутуу хөтөлж байгаагүй. Бүх зүйл нь гүйцэд байгаа. Миний энэ баримтуудыг надад харуулаач гэсэн боловч намайг ажлаас халдаг өдөр миний Е-майл архивыг IТ устгачихсан байсан. Би ер нь баримт бичиг дутуу хийдэггүй.
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх яаралтай тохиолдол гараагүй байхад эмчилгээ хийсэн гэж буруутгасан. Миний хийсэн бүх эмчилгээ анхан шатны болон яаралтай тусламжийн эмчилгээ байсан. Оюутан багш нар өөрсдөө эмийн жортойгоо ирээд эмчилгээ хийлгэдэг. 3 дугаар шатлалынх ч бай, зүрхнийх ч бай, нарийн мэргэжлийнх ч бай өөрсдөө эмчийн жортойгоо ирж надаар эмчилгээ хийлгэдэг байсан. Тэр эмчилгээг нь үзэхэд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой яаралтай эмчилгээнүүд байсан. Би энэ сургуульд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тийм ч учраас би ажил үүргийнхээ хүрээнд эмчилгээг нь хийж өгдөг байсан. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй гэж буруутгасан. Би ямар хуулийн ямар заалтыг зөрчсөнөө сайн мэдэхгүй байгаа. Би оюутан багш нарын эрүүл мэнд, сайн сайхны төлөө л ажиллаж байсан.
Оюутан залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн байсан. Үүнийгээ тайлбарлахдаа миний эрүүл ахуйд хяналт хийсэн журналтай холбоотой гэж байгаа. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу 3 жил оюутнуудынхаа өрөөний эрүүл ахуйд хяналт тавьж, дотуур байрны багш нартай хамт шалгаж, шаардлага тавьж ажилладаг байсан. 3 жил нэг л журналаар би өрөөний үзлэгээ хийдэг байсан. Оюутнуудаас нэг ч удаа гомдол ирж байгаагүй. Гэтэл өрөөний үнэр сайхан муухай гэж оюутнуудад буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэж намайг буруутгасан. Журналд оюутнуудын нэр болон хувийн мэдээлэл байдаггүй. Зөвхөн өрөөний эмх цэгц, аяга таваг угаалт, үнэр зэрэг эрүүл ахуйн байдлыг оноогоор үнэлдэг. 3 жил энэ журналыг хөтөлж ажиллахад ямар ч зөрчил гардаггүй байсан ч нэг л удаа Э захирал намайг хийсэн ажлаа над руу явуулахгүй байна гэсний дагуу ганц удаа явуулахад ийм асуудал гарч байгаа юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед би захирлын тушаалаар зайнаас ажиллаж, тухайн хугацаанд даалгаж байсан бүхий л ажлыг гүйцэтгэж байсан. Бүгд баримттайгаа Е-майл хаягаар явуулдаг байсан. Хийсэн ажлуудаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Бүх тайлан мэдээгээ үнэн зөв гаргаагүй гэж мөн буруутгасан. 160 оюутнаас 114 оюутан шинжилгээд хамрагдсан. Зарим оюутнууд мэдээ явуулснаас хойш шинжилгээнд хамрагдсан учраас би мэдээг нь оруулаагүй байсан. Тэгэхэд намайг мэдээгээ буруу явууллаа гэж буруутгасан.
Шууд удирдлага болон ажилчидтай таарамж муу, өөрийнхөө гаргасан алдаагаа ухамсарлаагүй гэж юу яриад байгааг нь сайн ойлгохгүй байгаа. Хамгийн сүүлд нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээсээ татгалзсан гэсэн байсан. Надад ийм зүйл огт байхгүй. Дээрх үндэслэлүүдээр намайг ажлаас халсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг Э захирал болон хүний нөөцийн А гэдэг хүмүүс шахалт үзүүлж, дарамталдаг байсан. Сүүлдээ өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж хүртэл шахалт үзүүлж байсан. Мөн сургалтын албаны даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Р.Н болон Н гэдэг хүмүүсээр миний эсрэг удаа дараа гомдол бичүүлж байсан. Уг гомдлуудыг хуулийн зөвлөх хянаад үндэслэлгүй гэж хүчингүй болгосон. Н гэдэг хүн 5 удаа гомдол гаргасан. Мөн Р.Н гэдэг хүн надад 13 заалт бүхий гомдол гаргасныг бүгдийг нь хүчингүй болгосон. Тэгээд намайг шүүх, цагдаагаар яваад байвал чамайг эрүүл мэндийн яаманд мэдэгдэж эмчлэх эрхийг чинь хүчингүй болгуулна шүү гэж дарамталж байсан. Энэ хүнд хэцүү үед намайг ажлаас халсанд би гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 5 сар 16 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөх олговор 6 640 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгаж өгнө үү. Сарын цалин 1 200 000 төгрөг байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 6 640 000 төгрөг болж байгаа.
Түүнчлэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хэзээ, хаана гарсан ямар зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухайгаа бичээгүй. Тэр нь ямар зөрчил болох нь ойлгомжгүй. Тийм учраас дээрх сануулах шийтгэл ногдуулсан тушаал нь гармагцаа хэрэгжиж боломгүй тушаал юм.
Дурдаад байгаа 12 төрлийн зөрчлүүд нь тухай бүртээ тогтоогдоогүй. Эдгээр нь сургуулийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан юм бэ гэхээр таарч байгаа зүйл байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол үндэслэлийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Хд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ц.Х сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бөгөөд энэ нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалт, тус сургуулийн дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 тоот тушаалаар цуцалж, ажлаас чөлөөлсөн.
Улсын төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу аудитаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу үнэлгээний хороо байгуулж бүх худалдан авалтыг тендерийн тухай хуулиар зохицуулж вэб сайтад байршуулах зөвлөмж ирсэн. Түүний дагуу бид сургуулийн цайны газар ажиллуулах байгууллагыг сонгох үнэлгээний хороог байгуулсан. Үүнд Ц.Х нь үнэлгээний хороонд өөрийг нь оруулсангүй гэж байнга хүндрэл учруулж, утсаар ярьж, дарамт шахалт үзүүлж байсантай нь холбогдуулж үнэлгээний хороо захирлын зөвлөлд гомдол гаргасан. Үүний дагуу тухайн үед шалгалт явагдаж Ц.Хд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнд нэхэмжлэгч тухайн үед гомдол гаргаагүй.
Ц.Хын гаргасан зөрчлүүдийг жагсааж бичээд, хяналт үйлдээд, тогтоогоод, дотоод хяналтын ажилтан нь өөртэй нь уулзаж ярилцаад, хурлын тэмдэглэл, зөрчлийн сахилгын хуудсыг нь танилцуулаад гарын үсэг зуруулсан байдаг.Энэ хурлын тэмдэглэлүүдийг харахад Ц.Х нь өөрийнхөө зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн талаар тэмдэглэгдсэн байгаа.
Тус сургуулийг гадагш төлөөлөх эрхгүй этгээд удирдлагадаа мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга руу удаа дараа утасдаж шалгалт оруулсан. Сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т сургуулийн эрх ашгийн асуудлаар тодорхой санал шүүмжлэлтэй бол тухайн асуудлыг холбогдох дүрэм журамд заасны дагуу эхлээд захирлын зөвлөл эсхүл дотоод хяналтын асуудал хариуцсан албан тушаалтанд тавих тухай заасан байдаг. Ц.Х нь энэ заалтыг биелүүлээгүй, биелүүлэх бүрэн боломжтой байсан. Ц.Хын дуудсаны дагуу шалгалт хийгдсэн гэдэг нь тогтоогдсон, зохих тэмдэглэлүүд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч ч үүнийгээ хэллээ.
Мөн эмчилгээ хийсэн тариа тариур, аюултай хог хаягдалтай аюулгүйн хайрцгийг устгалд өгөөгүй гэж байна. Ц.Хын ажлын байрны тодорхойлолтод эмчилгээ хийж тариа тарих талаар заагаагүй. Ажлын байрны тодорхойлолтод ямар ажлыг заасан байна тэр л ажлыг гүйцэтгэх ёстой. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, соёлч байдлыг сахина гэж ажлын байрны тодорхойлолтод нь заасан байна. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэргэжлийн хяналтаас явуулж байгаа хяналт, шалгалтын ажил Ц.Хын ажлын өрөөнөөс эхэлжээ. Энэ үед хугацаа нь дууссан адерналин 2 ширхэг, дебазол, натри хлорид зэрэг эм тариануудыг нарны шууд тусгалд зориулалтын бусаар хадгалж, хадгалалтын горимыг зөрчсөнөөс гадна, ариун бус хог хаягдлыг холбогдох журмын дагуу хадгалж, устгадаг тухай хөтлөөгүй, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн зэрэг зөрчил илэрсэн бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна. Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн А гэх хүн энэ үед шалгалтын комиссын дэргэд Ц.Хд сануулан, шалгалтын дүн ирсний дараа дахиж зохих арга хэмжээг авъя гэж сануулж байсан байна.
Шалгалтын дараа удирдах зөвлөл уулзалт хийсэн уг уулзалтын тэмдэглэлд “Э нь Ц.Хд хандан “эмчээ би танд сургууль дээр эмчилгээ хийж болохгүй гэж олон удаа сануулж байсан гэхэд А гэх хүний нөөцийн дарга нь би энэ шаардлагыг олон удаа тавьсан боловч би эмч хүн, миний мэргэжлийг хүндлэхгүй байна гэж дандаа эсэргүүцдэг гэж хэлж байсан гэжээ”.
Үүнд Ц.Х хүмүүс гуйгаад байхаар нь яаж ч чадалгүй тарьчихдаг юм гэж хариулж байсан байна. Сургуулийн удирдлага, хүний нөөцөөс энэ шаардлагыг тавьж ирсэн боловч Ц.Х нь энэ шаардлагыг биелүүлэхгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрлээ гэж тухайн уулзалтын тэмдэглэлд мөн тэмдэглэгдсэн байна.
Мөн эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээний бүртгэл дутуу хөтөлсөн. Уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлсэн. Аюултай хог хаягдлыг устгах тухай гэрээ байгуулаагүй, энэ нь сургуулийн хийх ёстой ажил байсан гэж сургуулийн захиргааг буруутгаж байна. Эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй газар хог хаягдал устгах тухай гэрээ хийдэг болохоос тусгай зөвшөөрөлгүй газар ийм гэрээ хийдэггүй. Хэрвээ ийм гэрээг хийвэл энэ гэрээг эрүүл ахуйч эмч санаачилж хийх ёстой гэж мэргэжлийн хяналтын байцаагч гэрчийн мэдүүлэгтээ өгсөн. Ц.Х өөрөө дур мэдэж ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үйл ажиллагаа явуулж тариа тариагүй бол ийм аюултай хог хаягдал гарахгүй байсан.
Мөн Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм заавар, эрүүл мэндийн тухай хууль, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, эм эмийн бүтээгдэхүүн хадгалах болон холбогдох мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй гэж заажээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн бол хариуцлагатай байх ёстой” гэж хатуу зааж өгсөн байна. Мөн 3.4-т “чин үнэнч зарчмын хүрээнд хууль ёсыг чандлан сахиж, дүрэм журмыг биелүүлж, төлөвшсөн, шударга, эв нэгдэлтэй байна” гэж заасан байна. Яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгч үйлчилгээ үзүүлж болохгүй гэж заасан байна. Энэ сургууль дээр яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай нэг ч тохиолдол гараагүй байна. Ийм учраас өөр эмчийн жороор зөвшөөрөлгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийсэн. Эдгээр зөрчлүүдийг гаргасан учраас холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллахгүй байна гэж үзэж байна.
Байгууллагын баримт бичгийн хяналтын журмыг зөрчиж зөвшөөрөгдөөгүй маягт ашиглан оюутны өрөөний үнэлгээ хийсэн гэж байна. Байгууллагын журмаар тогтоосон маягтыг өөрчлөх бол үүнийг дотоод хяналтдаа өгч, удирдлагын алба нь авч үзэж байж, чанарын алба нь хянаж баталгаажуулалт хийж байж энэ хүснэгт өөрчлөгддөг юм байна. Гэтэл Ц.Х энэ журмыг зөрчиж өөрөө хүснэгт хийгээд үзлэг хийсэн байна. Иймээс тухайн байгууллагын стандартад таарсан журмын дагуу энэ ажил үүргийг гүйцэтгээгүй нь зөрчил юм.
Мөн баримт бичгийн шалгалтын журмын 2.4.3 дахь заалтын дагуу дотуур байрны оюутнуудын өрөөний эрүүл ахуйн маягтад “дотооддоо ашиглахын тулд дотоод хяналтын мэргэжилтнээр хянуулж, албаны дарга нарын хурлаар хэлэлцүүлж, батлах шаардлагыг хангаагүй байна” гэсэн МГ хамтарсан сургуулийн чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээс тодруулга ирсэн байна. Баримт бичгийн бүртгэлд бүртгэгдэж менежментийн системд бүртгэгдээгүй баримт бичиг болох нь тогтоогдсон байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж зайнаас ажиллах хугацаанд хариуцсан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, тайлангаа үнэн зөв гаргаагүй. Тодруулбал, тус сургуулийн захирал Б Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 022782 тоот албан бичгийн дагуу нийт 7 чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан мэдээг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд болон дотоодын хэрэгцээнд өдөр бүр 10-15 цагуудад мэдээлж байхыг эмч эрүүл ахуйч Ц.Хд үүрэг болгосон байна. Ц.Х нь захирлын өгсөн үүрэг даалгаврыг мэдээлээгүй, мэдээг цаг хугацаанд нь оруулаагүй болон болоогүй өдрийн тайлан мэдээг урьдчилан оруулсан нь баримтаар нотлогдсон. Энэ нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Б захирал өөрөө тэр нотлох баримтуудыг дотоод хяналтдаа гаргаж өгсөн байна. Мөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй байж зайнаас ажилласан ажлын тайландаа өдөр бүр мэдээг илгээж байсан мэтээр оруулж байсан үйлдэл гаргасан зэрэг нь тогтоогдсон. Мөн захирлын тушаалаар зайнаас ажиллах 7 шийдвэр гарсан ба 7 хоног бүр зайнаас ажилласан ажлын тайлан өгч байхыг үүрэг болгосон. Тэгэхэд Ц.Х 7 удаагийн багц тайлан өгөх байснаас 5 удаа тайлан өгсөн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг нь үүгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.4-т заасан удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийг нь тухайн албан тушаалтанд заасан хугацаанд нь тайлагнах үүрэгтэй гэж заасан. 3.2.5-д удирдах албан тушаалтны үүргийн дагуу сургуулийн бүсэд үйл ажиллагаанд оролцох буюу тухайн үйл ажиллагааг удирдах албан тушаалтанд тайлагнах үүргээ тус тус биелүүлээгүй зэрэг зөрчил тогтоогдсон. Өөрөө эдгээр зөрчлөө хүлээн зөвшөөрөөд зөрчлийн хуудас дээр гарын үсгээ зурсан.
Шууд удирдлага, сургуулийн бусад удирдлагатай таарамж муу гэсэн нь хурлын тэмдэглэлүүдээс, сургалтын албаны хүмүүсийн гаргасан гомдлуудаас харагддаг. Мөн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан гэдэг нь сургуулийн батлаад өгчихсөн ажлын байрны тодорхойлолт байхад Ц.Х нь ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтоор би ажилладаг гэж хэлж байсан нь хурлын тэмдэглэл дээр тэмдэглэгдсэн. Мөн Өөрийн гаргасан алдаагаа ухамсарладаггүй гээд байгаа нь 2018 онд Д захирлын үед ажилд ороод жил болоогүй байхдаа сахилгын шийтгэл авч байсан. Дараа нь 2020 онд сахилгын шийтгэл авч байжээ. Энэ зөрчлүүд нь тогтоогдоод байхад өөрийнхөө гаргасан алдаа дутагдлаа ухамсарлахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.
Хөдөлмөрийн дотоод журамд сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан мэдээлэл эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно гэж заасан байна. Ц.Хд дотоод ажилчдын гомдол ирсэн байдаг.
Иймд Ц.Хын дээрх зөрчлүүд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн тул нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч МГХАМТИСд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, МГ хамтарсан АМТИС захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэж 6 640 000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тодруулсан.
МГ хамтарсан АМТИС захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар Ц.Х нь МГ хамтарсан АМТИС эмч, эрүүл ахуйчийн ажилд томилогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн мэтгэлцээний байр суурийг баримтаар нотлох үүрэг хүлээдэг тул үүний дагуу үйл баримтыг нотлогдсон хэмжээнд үнэлсэн болохыг урьдчилж дурдах нь зүйтэй.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах шаардлагын тухайд
МГ хамтарсан АМТИС захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг үндэслэн байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажлын байранд хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан гэж үзэн Ц.Хд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан харьяаллын дагуу шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэснээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй гэх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар шүүхийн зүгээс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эрх хэмжээ байгаа боловч сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн дараа шүүхэд хандсан нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээх шаардлагагүй гэж дүгнэв.
Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан МГ хамтарсан АМТИС захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Харин хариуцагч байгууллага нь тухайн үедээ сануулах сахилгын шийтгэлийг 1 жилийн хугацаатайгаар ногдуулсан нь хуулийн зохицуулалттай нийцээгүй байгааг дурдаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааны зохицуулалт байгаа боловч үүнийг сахилгын шийтгэл ногдуулахад хамтатган хэрэглэх учиргүйг дурдаж, тушаалын бусад эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
МГ хамтарсан АМТИС захирлын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа жагсаалтаар бичигдсэн 12 төрлийн зөрчлийг гаргаж, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэн Ц.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Уг тушаалд ажлаас чөлөөлөх үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд үүсгэжээ.
Тушаалд дурдагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг нэг бүрчлэн авч үзвэл:
- Ажлын өрөөндөө хугацаа дууссан эм, тариа хадгалсан, эмчилгээ хийсэн тариа, тариур бүхий аюултай хог хаягдалтай, аюулгүйн хайрцгийг устгалд өгөөгүй, эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээний бүртгэлийг дутуу хөтөлсөн, ажил олгогч сургуулийн төсвөөр тариа, тариур авч өгөөгүй, тариа тарьж эмчилгээ хийхийг зөвшөөрөөгүй болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх яаралтай тохиолдол гараагүй, тариа тарих орчин бүрдүүлээгүй нөхцөлд тариа, дусал эмчилгээ хийсэн зөрчлүүдийг нэхэмжлэгч Ц.Х гаргасан болох нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тогтоогдсон байна.
Хариуцагчийн зүгээс Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 31–ний өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг хүлээн авсан учраас үүнтэй холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сахилгын зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж маргасан. Хэрэгт авагдсан МГ хамтарсан АМТИС Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт, шалгалтын үеийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /1ХХ-н 99-р тал/, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт, шалгалтын явцын тухай хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /1ХХ-н 102-р тал/, сургуулийн ХДБА-ны дарга О.Нын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тайлан, хүсэлт /1ХХ-н 105-106-р тал/ зэргээр тухайн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагын зүгээс энэ үйл баримтын талаар мэдсэн, дээрх зөрчлүүдийг илрүүлсэн болох нь тогтоогджээ. Энэ тухай Дотоод хяналт шалгалтын мэргэжилтний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021-02 тоот дүгнэлт /1ХХ-н 135-р тал/-д тодорхой тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 31–ний өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг баримтыг ирүүлсэн эсэхээс үл хамааран зөрчил илэрсэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 1 сарын хугацаанд нэхэмжлэгч Ц.Хын гаргасан сахилгын зөрчилд хариуцлага тооцох ёстой байсан бөгөөд уг хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
Төрийн байгууллага, түүний албан тушаалтны зүгээс зохих баримт бичгийг ирүүлээгүй нь ажилтны гаргасан зөрчилд илэрсэн байхад нь хуулийн хугацаа хэтрүүлж шийтгэл ногдуулах үндэслэл байхгүй, энэ талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд ч асуудлыг нэг мөр зохицуулсан болно.
- Эрүүл мэндийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Эм эмийн бүтээгдэхүүн хадгалах болон холбогдох мэргэжлийн ёс зүйн дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан гэх зөрчлүүдийн хувьд дээр дурдагдсан ажил олгогч сургуулийн төсвөөр тариа, тариур авч өгөөгүй, тариа тарьж эмчилгээ хийхийг зөвшөөрөөгүй болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх яаралтай тохиолдол гараагүй, тариа тарих орчин бүрдүүлээгүй нөхцөлд тариа, дусал эмчилгээ хийсэн зөрчилтэй холбогдон гарсан гэж Дотоод хяналт шалгалтын мэргэжилтний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021-04 тоот дүгнэлт /1ХХ-н 230-р тал/-д заасан байх тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны шаардлагыг мөн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Тайлан мэдээг цаг хугацаанд хүргүүлэхгүй байгааг мэдсэн тул 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим шуудан илгээж байсан болохоо хариуцагч байгууллагын захирал Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлт /1ХХ-н 234-235-р тал/-дээ мөн дурджээ.
- Байгууллагын “Баримт бичгийн хяналтын журам” зөрчиж зөвшөөрөгдөөгүй маягт ашиглаж оюутны өрөөний үнэлгээ хийсэн, оюутнуудын төлөвшил, хандлагад эергээр нөлөөлөх, үлгэр дуурайлал үзүүлэх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлүүд нь сахилгын зөрчлийг хянан шалгах, энэ талаар гомдол гаргахаас өмнө тогтмол байдлаар үргэлжилсэн, үүнийг ажил олгогч тухай бүрт нь мэдэж байсан, мөн ямар хугацаанаас зөрчил гаргасан хугацааг тоолох нь ойлгомжгүй болжээ. Дотоод хяналт шалгалтын мэргэжилтний 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт /1ХХ-н 168-р тал/-д Ц.Хын гаргасан зөрчил 2020 оны 4 дүгээр улиралд хамаарна гэж дүгнэснээрээ 2020 оны 10-12 дугаар саруудын аль хэсэгт нь зөрчил гарсныг нарийвчлан тодорхойлж чадаагүй байна. Мөн Дотоод хяналт шалгалтын мэргэжилтний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021-03 тоот дүгнэлт /1ХХ-н 218-р тал/-д 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүх оюутны ашигладаг цахим хаяг руу оюутны өрөөний үнэлгээг явуулсан гэж дүгнэхдээ байгууллагын “Баримт бичгийн хяналтын журам” зөрчиж зөвшөөрөгдөөгүй маягт ашигласан гэх зөрчлийн гарсан хугацааг тодорхойлоогүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн байна.
- Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам зааврыг зөрчсөн гэх үйлдлийг Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга руу удаа дараа залгаж, сургуульд шалгалт оруулан зөрчил тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн, байгууллагын “Баримт бичгийн хяналтын журам” зөрчиж зөвшөөрөгдөөгүй маягт ашиглаж оюутны өрөөний үнэлгээ хийсэн, оюутнуудын төлөвшил, хандлагад эергээр нөлөөлөх, үлгэр дуурайлал үзүүлэх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэгт холбогдуулан авч үзсэн бөгөөд энэ талаар тодорхой дүгнэлтийг шүүхийн зүгээс дээр өгсөн болно.
Мөн уг үндэслэлд холбогдуулан 2020 онд нийт оюутнуудыг 100% эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгахдаа Дотоод хяналт шалгалтын мэргэжилтний 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт /1ХХ-н 168-р тал/-ээр зөрчил гаргасан хугацааг нарийвчилж тодорхойлолгүй, 2020 оны 4 дүгээр улиралд хамруулан авч үзсэн. Мөн Сахилгын зөрчил тогтоох, сонсох үйл ажиллагаа явуулах тухай хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл /1ХХ-н 170-214-р тал/-д энэ зөрчлийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам руу хүргүүлсэн мэдээтэй холбогдуулж авч хэлэлцсэн байна. Үүгээр энэ зөрчилд өмнө дурдсанчлан хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Түүнчлэн Ц.Хыг ажлаас чөлөөлсөн МГ хамтарсан АМТИС захирлын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам зааврыг зөрчсөн гэж зааснаас энэ зөрчлийн үндэслэл тушаалаас шууд ойлгогдохгүй, зөвхөн шүүхэд маргаан үүссэн ажиллагааны явцад холбогдох баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн болно.
Үйл баримт, хуулийн зохицуулалтыг харьцуулан авч үзвэл ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг баримтаар нотлоогүй, сахилгын зөрчилд тооцохгүй үйлдэлд хариуцлага ногдуулжээ.
Сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн үйлдэл, эс үйлдлийг тодорхой нэрлэж тушаалд тусгаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль хэсгийг ажилтан зөрчсөн болохыг дүгнээгүйгээс ажил олгогч өөрийн эрх хэмжээгээр сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримт, үндэслэлийг дараа нь тодорхойлох боломжтой байгаа нь ажилтны эрх ашгийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг шүүхийн зүгээс өгөв.
Иймд ажлаас буруу халсан байх тул нэхэмжлэгч Ц.Хыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын тухайд
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гэж 6 640 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны 5 сар 16 хоногийн дундаж цалин хөлстэйгээ тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэгт авагдсан МГ хамтарсан АМТИС захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/76 дугаар тушаалуудаар Ц.Хын үндсэн цалин 1 000 000 төгрөг болох нь тогтоогдсон ба үүнтэй өрсөлдөх дундаж цалин хөлсийг тодорхойлох хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд 1 000 000 төгрөгөөр сарын дундаж цалин хөлсийг тооцож, 5 сар 16 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээ 5 754 720 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнээс илүү нэхэмжилсэн 885 280 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж байна.
Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч Ц.Хыг МГ хамтарсан АМТИС эмч, эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 5 754 720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж,
нэхэмжлэлийн шаардлагаас МГ хамтарсан АМТИС захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор 885 280 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлсэн бөгөөд хуулийн шаардлага хангаагүй баримтууд /1ХХ-н 115-121, 162-164, 224, 244-250, 2ХХ-1-11, 20-р тал/-ыг үнэлээгүй болохыг дурдвал зохино.
Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах, зохистой гэж үзвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандуулах санал тавих ажиллагааг хийсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээний тэмдэгтийн хураамж 177 225 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хыг МГ хамтарсан АМТИС эмч, эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МГ хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулиас 5 754 720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
энэ нэхэмжлэлийн шаардлагаас 885 280 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ц.Хын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг МГХАМТИСд даалгасугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан МГ хамтарсан АМТИС захирлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
МГ хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 177 225 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ