Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2021/00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................................................................... тоотод оршин суух,  ******* овогт С.Н /РД: /-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...................................................................... байрлах ШШГЕГ-ын Бнд холбогдох

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр С.Нэс хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.Бд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Г.Б нь хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан тул 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Иймд Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

            Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг, мөнгийг төлж байсан. Харин төлбөр авагч Т.Г.Б өөрөө хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзсан хүсэлтээ 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Бийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.Н нь өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас гүйлгээ хийх гэтэл битүүмжилсэн байсан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лавлахад ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Мгийн гаргасан тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж,  гомдлын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлсэн. Үүний дараа хуульд заасны дагуу Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариуг өгсөн. Урьдчилан шийдүүлэх процессыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 дугаартай тогтоол дээр  “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, сэргээх тухай” тогтоол нь  өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5 дахь хэсэгт зааснаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж заасан байдаг боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хууль зүйн үндэслэл заагаагүйг зөвтгөх хэрэгтэй. Өмнө нь 2017 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан үндэслэлээр төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан. Одоо сэргээж байгаа үндэслэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн үндэслэсэн. Уг зүйлд энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэсэн нь энэ маргаанд хамаарахгүй юм. Түүн дотроо төлбөр авагч, төлөгч талуудын хооронд тэжээн тэтгэхтэй холбоотой гэрээ байгуулсан асуудал байхгүй. Иймд тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийдвэрээр С.Нэс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Т.Г.Бд олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад төлбөр авагч Т.Г.Бгийн хүсэлтээр 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тэтгэлэг төлөгч С.Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсноос хойш охин Н.Н, хүү Н.С нарыг тэжээн тэтгэх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн гомдолд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр С.Нэс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлүүлсэн. Миний хүү Э.Н.С нь төрөлхийн ясны хэврэгийн эмгэг хүнд хэлбэрийн оноштой байнгын асаргаанд байдаг. 2012-2020 он хүртэл 5 удаа Солонгос улсад хагалгаанд орсон. С.Н нь 2016 оны 07 дугаар сард Герман улс руу ажлын шугамаар суралцахаар явах гэж байгаа виз мэдүүлэхэд шүүхий шийдвэрийн хуримтлагдсан өр төлбөртэй болохоор асуудал үүсээд байна, хүүгийн эмчилгээтэй холбоотой материалыг авч яваад судалж байгаад Герман улсад эмчлүүлнэ. Тэгээд нэг гэртээ орж хүүхдээ хөл дээр нь босгоно гэж хэлсэн. Намайг эргэж иртэл цалингийн карт авч үлдээд мөнгөнд санаа зоволтгүй би мөнгө шилжүүлье гэсэн. Би тухайн үед хүүхдээ эмчлүүлэх үүднээс С.Нд итгэж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх өргөдөл гаргасан. Үүнээс хойш С.Н Герман улс руу яваагүй бөгөөд түүний хэлсэн бүх зүйл худал байсан төдийгүй өөр хүнтэй амьдарч эхэлсэн. Үүнээс хойш би өөрөө хүүхдээ асарч дахин хагалгаанд оруулж бүх зардлыг өөрөө гаргасан. Харин С.Н нэг ч удаа тусалж байгаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

         

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч ШШГЕГ-ын Бнд холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заагдсан урьчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, үүний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч тал гомдлын хариуг авсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон болно.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр охин Н.Н, хүү Н.С нарыг эцэг С.Нэр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 130 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ. Уг гүйцэтгэх хуудсыг үндэслэж шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Т.Г.Бгийн гаргасан “Бид харилцан тохиролцож, ойлголцсон тул хүүхдийн тэтгэмжийг цаашид авахааргүй болсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, хэргийн материалыг хааж өгнө үү. Т.Г.Б миний бие Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 16.3-т заасантай бүрэн танилцсан болно. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх өргөдлийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон байх ба энэ үндэслэлээр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй байжээ.

Харин ШШГЕГ-ын Бны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор ... 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг үндэслэн төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт заагдсан тэжээн тэтгүүлэгч хүү Н.Сийн цаашид гарах зардлыг төлбөр төлөгч С.Нэс гаргуулахаар шийдвэрлэгдсэн нь тогтоогдсон ... гэж үзэн төлбөр төлөгч С.Нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 108 тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж хуульчилж өгсөн байна.

Үүнээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл болсон ... төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна ... гэх зохицуулалт нь Монгол улсын 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталж нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 3.1 Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, 18 дугаар зүйлийн 18.1 Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрнө, Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1 Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 35 дугаар зүйлийн 35.1 Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн зохицуулалттай харилцан уялдаа бүхий байна. Мөн уг зохицуулалтыг дэмжиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно, 29 дүгээр зүйлийн 29.3 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй. 31 дүгээр зүйлийн 31.5 Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан нь уг үндэслэл арилсан тохиолдолд түүнийг дахин ирүүлэхэд саад болохгүй, 118 дугаар зүйлийн 118.7 Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс баталж мөрдүүлсэн байна.

Дээр дурдсан хуулийн хэм хэмжээ, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлогийг харгалзан дүгнэлт өгөхөд шинээр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн тэжээн тэтгэх харилцаатай холбоотой зохицуулалтын хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох зорилгоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох үед, мөн дуусгавар болсны дараа тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг гуравдагч этгээд болох Т.Г.Бтай байгуулаагүй учир хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй гэж маргасан. Хэрэгт авагдаад буй төлбөр авагч Т.Г.Бгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөлд “Бид харилцан тохиролцож, ойлголцсон тул хүүхдийн тэтгэмжийг цаашид авахааргүй болсон” гэж нэхэмжлэгчтэй хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцож эвлэрч байгаа болохоо тодорхой илэрхийлсэн нь гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн  тайлбартай нийцэж байна.

Иймд ШШГЕГ-ын Бы ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон ажиллагааг сэргээх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх зохицуулалтыг зөв хэрэглэсэн, 12 дугаар зүйлийн 12.2 дахь заасан тогтоолд тавигдах хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон ажиллагааг сэргээх тухай тогтоолд шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолын дугаарыг 108 гэж буруу бичсэн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1212 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан захирамжуудад хариуцагчийн албан ёсны нэршлийг буруу тодорхойлсон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дугаарыг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар залруулсан бөгөөд оролцогчид нь захирамжид гомдол гаргахгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаан явагдаж байх явцад танхимд орох хүсэлт гаргасан нь хуульд нийцэхгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШШГЕГ-ын Бнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Ний ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ