Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1994

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Б, Г.Бнарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 995 677 төгрөг гаргуулаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэбаяр

Хариуцагч: Ж.Б

Хариуцагч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Б /РД:ШБ71011816/ нь тус компанитай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/52 тоот гэрээт борлуулагчийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №03/04/35 тоот барьцааны гэрээ байгуулан компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар харилцан тохиролцож, бараа бүтээгдэхүүн авсан. Иргэн Ж.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар манай компанид нийт 75 995 677,5 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Тус компани нь гэрээт борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Бтай барьцааны гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр, 222 тоот, 32.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Г.Баямөнх нь Ж.Бд байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл хийж өгсөн байдаг бөгөөд энэ хэрэгт байгаа итгэмжлэлээр л байрыг нь барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч иргэн Ж.Баас 75 995 677,5 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох Г.Бийн өмчлөлийн орон сууцаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь Б ХХК-ийн худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүнээс 120 000 000 төгрөгийн барааг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдаж авсан бөгөөд энэхүү барааны төлбөрийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр, 222 тоот 32.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан. Гэтэл Г.Б нь Б ХХК-иас зээлээр худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 75 995 677 төгрөг болсон. Б ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг Г.Б хариуцах ёстой. Ж.Б миний бие Б ХХК-ийн нэхэмжилж буй 75 995 677 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг төлбөрийн үүргийг Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр, 222 тоот 32.98 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б миний бие Б ХХК-тай аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй. Ж.Б нь 2017 оны 02 дугаар барьцаа дутаад байна байраа барьцаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1 өрөө байрны ордероо өгсөн. Ийнхүү байраа авъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй ба бүр миний байраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тайлбар гаргасан байна. Ж.Б нь миний итгэлийг олж авч миний өмчлөлийн байрыг залилан авч бусдад төлбөртөө тооцуулан өгөх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Ж.Б нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Б ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 120 000 000 төгрөгийн үнэ бүхий барааг намайг авсан, барааныхаа үнийг огт төлөөгүй гэж худал мэдүүлсэн байна. Иймд Ж.Бы өр төлбөрийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баас 75 995 677.5 /далан таван сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг Б ХХК-д олгож, Б ХХК-ийн Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр 222 тоот, 32,98 мкв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537 930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ж.Баас 537 930 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: “..."Боса-Импекс" ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03 52 тоот гэрээт борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Бтай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулж, уг орон сууцыг хуулийн дагуу барьцаалсан. Барьцааны гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр нотариатаар батлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангуулсан. Хуулийн бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээг анхан шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэхгүй зөвхөн итгэмжлэл нь өөр байрных байна гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх харьяаллыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Г.Батмөнхөөс авсан итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч "Боса Импекс" ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 03-04/35 тоот барьцааны гэрээ байгуулан, бараа хүлээн авч Г.Бөд хүлээлгэн өгсөн. Хариуцагч Г.Баямөнхөөс надад өгсөн дээрх итгэмжлэлийг үндэслэн үг барьцааны гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны гэрээ хууль ёсны болсон байдаг. Миний бие энэхүү итгэмжлэл нь уг маргаанд хамааралгүй, хэрэгт хавсарган өгсөн барьцааны гэрээг өөр итгэмжлэл буюу Г.Баямөнхөөс надад 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хэлж мэдүүлсэн. Анхан шатны шүүх энэ чухал нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр "хариуцагч Ж.Б нь Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дугээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9а байр 222 тоот, 32.98 мкв талбайтай орон сууцыг барьцаалах эрхгүй" байна. Иймд "Боса импекс" ХХК-ийн Ж.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            НэхэмжлэгчБ ХХКнь хариуцагч Ж.Б, Г.Бнарт холбогдуулан гэрээний үүрэгт 75 995 677 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч Г.ББ ХХКболон Ж.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хариуцагч Г.Батмөнх ньБ ХХКболон Ж.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03-04/35 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Бөд хүлээлгэн өгөхийгБ ХХКболон Ж.Б нарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 63/

 

                Талуудын хоорондын маргааны зүйл болох эд хөрөнгийн үнийг гаргуулах, түүнчлэн хариуцагч Г.Бөд холбогдуулан гаргасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Г.Бийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

            Уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537 930 төгрөгийг, хариуцагч Ж.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537 930 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН