| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 135/2023/01044/И |
| Дугаар | 001/ХТ2024/00189 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/00189
“ӨП” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01062 дугаар магадлалтай,
“ӨП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“МЭ” ХХК-д холбогдох,
Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр 300,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж болон түүний өмгөөлөгч А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, түүний өмгөөлөгч А, Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ӨП” ХХК хариуцагч “МЭ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 300,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ӨП” ХХК-ийн 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ӨП” ХХК-аас 300,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “МЭ” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ӨП” ХХК-аас төлсөн 532,950 төгрөг, хариуцагч “МЭ” ХХК-аас төлсөн 1,815,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ӨП” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,900 төгрөгийг гаргуулж, хариуцагч “МЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01062 дугаар магадлалаар:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,348,850 төгрөгийг улсын орлогод шийдвэрлэжээ.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн талаар;
Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраас 5,000 тонн нурмаг ачаа ачиж, буулгах боломжтой талбайг нэхэмжлэгчид аж ахуйн үйл ажиллагаагаа явуулахад нь зориулж шилжүүлэн эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч хариуцагчид ачаа буулгаагүй ч нэг сарын 75,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцөл нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хариуцагчаас гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн 5,000 тонн ачаа буулгах талбайг бэлэн байлгаж, эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлсэн, хэрэв нэхэмжлэгчид түрээслээгүй байсан бол бусдад түрээслүүлэн орлого олох байсан, тийм учраас ачаа буулгаагүй ч нэг сарын 75,000,000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан нь үндэслэлтэй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүх талуудын хооронд үүссэн уг гэрээтэй яг адил, терминалын талбайд нүүрс ачиж буулгах, пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолох үйлчилгээ үзүүлэх, төлбөр төлөх харилцааг өөр өөр гэрээний харилцаа гэж дүгнэж байна. Зарим шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж, зарим нь түрээсийн гэрээ гэж зөрүүтэй дүгнэж байна. Иймд талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж тус маргааныг шийдвэрлэж, шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэж байгааг нэг мөр болгож өгнө үү.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар;
Анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч тал 2024.01.08-ны өдөр шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас “МЭ” ХХК-ийн нурмаг ачиж буулгах зөвшөөрөл авсан эсэх, мөн нэгж талбарын 4401012983 дугаартай 9,964 м.кв хэмжээтэй газрыг “ӨП” ХХК-д ашиглуулахаар бүртгэл хийлгэсэн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид тус газрыг эзэмшүүлж ашиглуулахдаа Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын зөвшөөрөл авч улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Хариуцагч “ӨП” ХХК-д тус газрыг ашиглуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын зөвшөөрлийг аваагүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.
Нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Өмгөөлөгч Д.Алтансүх, Б.Баатарсайхан нар нэхэмжлэгч “ӨП” ХХК-тай 2024.05.08-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл өмгөөлөгч нар 2024.05.17-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд орж бүтэн өдөр үргэлжилсэн болно. Тус шүүх хуралдааны товоор өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар нөгөө талдаа урьдчилан мэдэгдээгүй болохоо зөвшөөрч маргаагүй гэж шүүхээс буруу дүгнэсэн.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан албан бичиг 1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудаст авагдсан. Мөн гэрээнээс татгалзсан албан бичгийг ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээнд тусгасан “МЭ” ХХК-ийн захирал М.Зэсэнбаатарын [email protected] хаягт хүргүүлсэн. Үзлэг хийсэн баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 204-211 талд авагдсан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд удаа дараа гэрээнээс татгалзах мэдэгдлээ өгөхөөр талуудын хооронд байгуулсан гэрээн дэх “МЭ” ХХК-ийн 99000000 дугаар утас руу залгахад утас нь холбогдохгүй, мөн уг мэдэгдлийг өгөхөөр тус гэрээнд заасан Дархан-Уул аймгийн хаягаар очиход тус хаягтаа байхгүй байсан, мэйл илгээсэн. “МЭ” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа бүртгэлтэй хаягтаа байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудаст Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023.07.17-ны өдрийн 611 дугаар албан бичгээр “МЭ” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, 93-3 тоот хаягт 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан [email protected] хаягт гэрээнээс татгалзах мэдэгдлээ явуулсан боловч үзлэгээр тус мэйл алдаатай гээд яваагүй.
Дээрхээс дүгнэхэд “МЭ” ХХК нь гэрээ байгуулах үедээ хаяг, мэйл, утас зэрэг эргэж холбоо барих мэдээллээ буруу өгсний улмаас нэхэмжлэгч компани гэрээнээс татгалзах мэдэгдэл хариуцагч компанид очоогүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т “Сар бүрийн 10-ны өдөр талууд өмнөх сард гарсан мөнгөн дүнг тулгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс дараа удаагийн төлбөрт суутгана. Үлдэгдэл төлбөр нь дараагийн сарын ачилтад хүрэхээргүй бол дахин 5,000 тонн ачааны мөнгө байршуулна.” гэж зааснаас үзэхэд “МЭ” ХХК “ӨП” ХХК-тай сар бүрийн 10-ны өдөр мөнгөн дүнг тулгаж тооцоо нийлж, нэмж мөнгө байршуулах ёстой. Гэтэл гэрээнд заагдсан энэ ажиллагаа огт хийгдээгүй байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч талуудаас эвлэрэх санал асуухад хариуцагч “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзвал бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.” гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд хариуцагч тал гэрээ байгуулснаас хойш гэрээний талууд холбоо тогтоогоогүй чимээгүй байсан нь хариуцагч гэрээ цуцлагдсаныг хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Гэрээгээр ачаа буулгасан эсэхээс үл хамаарч сар бүр 75,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. “МЭ” ХХК нь сар бүр төлбөрөө шаардсан нэхэмжлэх явуулж, нэхэмжлэхийн дагуу манайх төлөх үүрэгтэй. Гэтэл “МЭ” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх нэг ч удаа ирүүлж байгаагүй. Хавтаст хэрэгт өөр компаниудтай байгуулсан түрээсийн гэрээнүүд авагдсан бөгөөд бусад компанид тус газрыг ашиглуулж байсан нь тогтоогдож байна. Хариуцагч газраа бусдад ашиглуулаагүй хадгалсаар байсан гэх тайлбар үндэслэлгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 210/МА2024/01062 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж болон түүний өмгөөлөгч А нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00937 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч “ӨП” ХХК хариуцагч “МЭ” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 75,000,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,
“... “МЭ” ХХК-тай 2022.11.18-ны өдөр ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, тус компанийн мэдлийн терминалын талбай дээрх техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, автомашинд шилжүүлэн ачуулах, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулахаар тохиролцсон боловч манай компаниас үл хамаарах шалтгааны улмаас дээрх үйлчилгээг авч чадаагүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулна, гэрээний 4.1 дэх заалт нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж тайлбарласан бол;
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... 2022.11.18-ны өдөр байгуулсан гэрээгээр “ӨП” ХХК-д 5,000 тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой талбайг нүүрс буулгаж ачих, пүүлэх, буулгасан ачааг овоолох тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хамт 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Гэрээний 4.1-д “терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх хэмжээнд хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана.” гэж заасан тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй...” гэж маргасан.
8. Хариуцагч “МЭ” ХХК нэхэмжлэгч “ӨП” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Гэрээний 4.1-д зааснаар түрээсийн талбайд ачаа буулгаагүй ч сар бүр түрээсийн төлбөрийг 5,000 тонноор тооцож 75,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. 2022.12 сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй хэдий ч 4 сарын төлбөр 300,000,000 төгрөг гаргуулна...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... гэрээний 5.4-т заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр мөнгөн дүнг тулгаж тооцоо нийлсэн талаар баримтгүй. Мөн түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул түрээсийн төлбөр төлөх үүрэггүй.” гэж маргасан байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... Талуудын хооронд түрээсийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, 75,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ талуудын хэн алинаас нь шалтгаалаагүй буюу нүүрсний үнийн өөрчлөлтийн улмаас нүүрс худалдах, худалдан авах боломжгүй болсон гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, гэрээнээс татгалзахдаа хууль болон гэрээнд заасан журмыг баримтлаагүй байх тул энэхүү хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай, нэхэмжлэгч ачаа буулгаагүй ч нэг сарын 75,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцөл нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хариуцагчаас гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн 5,000 тонн ачаа буулгах талбайг бэлэн байлгаж, эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлсэн, хэрэв нэхэмжлэгчид түрээслүүлээгүй байсан бол бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсоныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангана...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
10. Хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан хэдий ч шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “ӨП” ХХК болон “МЭ” ХХК-ийн хооронд 2022.11.18-ны өдөр “Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “МЭ” ХХК нь өөрийн эзэмшлийн терминалын талбайд “ӨП” ХХК-ийн нурмаг ачааг талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, автомашинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулах, “ӨП” ХХК нь ачилтын талбай дээрх нүүрсний нөөц хэмжээг 5,000 тонноос ихгүй байлгаж сард 1 тонн тутамд 15,000 төгрөгөөр тооцож нийт 75,000,000 төгрөгийг сар тутам төлөхөөр тохиролцсон, “ӨП” ХХК нь дээрх гэрээний дагуу нэг сарын төлбөр 75,000,000 төгрөгийг 2022.11.19-ний өдөр төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох терминалын талбайг ашиглаагүй тул дээрх төлбөрт төлсөн 75,000,000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэж, хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл ашигласан эсэхээс үл хамааран төлбөрийг төлөх үүрэгтэй гэж зохигч маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааны төрлийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
12. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г түрээсийн болон хөлсөөр ажиллах гэрээний шинжийн аль алиныг агуулсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ... дээрх ажиллагаа нь бие даасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн шинжийг агуулаагүй, түрээсийн гэрээнд заасан түрээслүүлэгчийн үүрэгт хамаарч байгаа буюу түрээсийн гэрээ дангаар байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулаагүй орхисон байна.
13. Гэрээний НЭГ-д А талын буюу “МЭ” ХХК-ийн үзүүлэх үйлчилгээг “...А талын мэдлийн Замын-Үүд дэх Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 19-р салаа зам, терминалын талбай (цаашид “Терминал” гэх) дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх...” гэж тодорхойлсноос үзэхэд хариуцагчийн эзэмшиж байгаа терминалын талбайн ашиглалтаас гадна уг талбайд үзүүлэх хадгалалтын болон ачих, буулгах, пүүлэх зэрэг үйлчилгээ нь гэрээ байгуулах гол үндэслэл болсон бөгөөд холимог гэрээний агуулгатай байна.
14. Түүнчлэн, талууд гэрээний хариу төлбөрийг Терминалын бүс дэх үйлчилгээний хөлс төлөх агуулгаар тохиролцсон зэргээс үзэхэд түрээсийн талбайн ашиглалт, хадгалалт, ачих, буулгах, пүүлэх зэрэг үйлчилгээ нь бүхэлдээ нэг цогц үйлчилгээ болж байгаа шинжээрээ Терминалын гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон түүнд тавигдах шаардлагын талаар Иргэний хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй ч мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээнд хамаарч байна.
15. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах бөгөөд Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ харилцан биелүүлэх, хугацаатай гэрээг цуцлах тохиолдолд хууль болон гэрээнд заасан журмыг баримтлах учиртай.
16. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт болон гэрээний 8.3 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу нэхэмжлэгч “ӨП” ХХК нь хариуцагч “МЭ” ХХК-д гэрээг цуцлах тухай саналаа хүргүүлсэн гэх тайлбараа нотлоогүй учир гэрээний 5.3-т заасан ачааны урьдчилгаа хөлсөнд төлсөн 75,000,000 төгрөгийг гэрээ цуцлагдсан үндэслэлээр буцаан шаардах эрхгүй, гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “ӨП” ХХК нь хариуцагч “МЭ” ХХК-д терминалын талбайг ашигласан эсэхээс үл хамаарч сар бүр 75,000,000 төгрөг төлөх талаар гэрээний 4.1-д заасны дагуу хариуцагч нь үйлчилгээний хөлс шаардах эрхтэй.
17. Талууд гэрээний 4.1-д “терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана.” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн тул нэхэмжлэгч “ӨП” ХХК нь терминалын талбайг ашигласан эсэхээс үл хамааран үйлчилгээний хөлс сард (5,000 тонн*15,000 төгрөг) 75,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Учир нь: нэхэмжлэгч “ӨП” ХХК, хариуцагч “МЭ” ХХК-д терминалын талбайг хүлээлгэн өгөөгүй учир гэрээгээр тохиролцсон хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймээс хариуцагч “МЭ” ХХК гэрээний 5.4-д “сар бүрийн 10-ны өдөр талууд өмнөх сард гарсан мөнгөн дүнг тулгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс дараа удаагийн төлбөрт суутгана. Үлдэгдэл төлбөр нь дараагийн сарын ачилтад хүрэхээргүй бол дахин 5,000 тонн ачааны мөнгө байршуулна.” гэсэн үүргээ биелүүлээгүй тул ашиглаагүй терминалын талбайн төлбөрийг төлөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.
18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын тухайд;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024.01.08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас “МЭ” ХХК-ийн нурмаг ачааг ачиж буулгах зөвшөөрөл, нэгж талбарын 4401012983 дугаартай 9,964 м.кв газрыг “ӨП” ХХК-д ашиглуулахаар зөвшөөрөл авсан эсэх баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2024.01.18-ны өдрийн 181/ШЗ2024/01723 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид “хариуцагч нь дээрх үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл байдаггүй, өөрийн эзэмших 9,964 м.кв газрын зарим хэсгийг ашиглуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн тайлбар гаргаж, зөвшөөрөл байхгүй гэсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй.” гэж үндэслэлээ заасан байна. Иймд шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
Мөн зохигч давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох гэсэн үндэслэлээр 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан гэж дахин хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01062 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ӨП” ХХК нь 2024.06.18-ны өдөр 2,032,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА