Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0634

 

 

 

 

 

   2022          09           05                                    128/ШШ2022/0634   

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:"Э"...ХХК /РД:0000000/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э..., Л.Б...,

Хариуцагч: "М"... ТӨҮГ /РД:1111111/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г.., Э.Д.., Б.А...

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн "М"... ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зарласан МРЦМ/000055555 дугаартай Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ хийлгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1."Э"...ХХК-аас "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хороонд холбогдуулан “М ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1."Э"...ХХК нь "М"... ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зарласан МРЦМ/000055555 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ боловсруулах тендер шалгаруулалтад оролцжээ.  

2.2. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр "М"... ТӨҮГ-аас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/0000 тоот албан бичгээр “...туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн акт дутуу ирүүлсэн буюу тендерийн шаардлага хангаагүй тул шалгаруулалтад тэнцээгүй” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.

2.3. Үүнийг эс зөвшөөрч"Э"...ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/0000 тоот албан бичгээр “... шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж хариу өгчээ.

2.4. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч"Э"...ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай байгууллага нь "М"... ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зарласан МРЦМ/000055555 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ/төлөв байдлын үнэлгээний хамт/ боловсруулах тендер шалгаруулалтад оролцсон боловч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч байгууллагаас 1/0000 албан тоотод ажил гүйцэтгэсэн “Туршлагыг нотлох гэрээ, акт дутуу” гэсэн үндэслэлээр шалгаруулалтад тэнцээгүй гэх мэдэгдлийг ирүүлсэн. Иймд тус мэдэгдлийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд хандсан боловч гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд дараах байдлаар нэхэмжлэл гаргаж байна.

Тендерийн урилгад “Сүүлийн 3 жилд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж байсан туршлагын мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх ба гарын үсэг, тамга, тэмдэг бүрдэл бүрэн байх/  гэсэн шаардлага тавьсан бөгөөд энэ хүрээнд "М"... ТӨҮГ-тай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан, MR-2019-02-29 дугаартай “Бор-өндөр, Адагийн хайлуур жоншны далд уурхай ба Бор-Өндөр УБҮ төсөл”-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайлан хийж гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээг хавсаргасан.

 Дээрх гэрээт ажлын хүрээнд тус компанийн холбогдох журам, гэрээнд заагдсан зүйл заалтын дагуу 2020 оны 10 дугаар саын 20-ны өдөр “Ажил хүлээлцэх акт” үйлдсэн бөгөөд уг актаар “...захиалагчийн шаардлагад нийцсэн болохыг батлан энэхүү актыг үйлдэн гарын үсэг зурав.” , “...арга аргачлал, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болно” гэж тус тус тэмдэглэсэн.

Мөн "М"... ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0/1111 дугаартай тодорхойлолтоор “гүйцэтгэгчийн тайлан нь холбогдох шаардлагыг хангасан” тухай илэрхийлсэн байдаг.

Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн "М"... ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М.. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2019 онд хийж байсан ажлынхаа хүрээнд акт үйлдэж дуусгаж байсан байдаг. Тус актыг саяын тендерт хүргүүлсэн. Гэсэн хэдий ч гэрээ дүгнэсэн акт байхгүй, дутуу үнэлсэн гээд тендерт шалгаруулаагүй. Энэ нь манай эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй шалтгаан нь тендерийн урилгад шаардаагүй бичиг баримт, ажиллах хүчний мэдээллийг ирүүлээгүй учраас үндэслэлгүй байна гэсэн байдаг. Ингээд шүүхэд хандсан. Бид хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу акт гаргаж, ажилласан туршлагууд байдаг. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл дээр гэрээ, акт дутуу ирүүлсэн гэдэг. Бид гэрээ актаа явуулчихсан байдаг.

Сангийн яам манай гомдлыг хэлэлцэхдээ тендерийн урилгад дурдаагүй, ажиллах хүчний чадварын туршлагын талаар мэдээллийг ирүүлээгүй гэж үзсэн байдаг. Сангийн яам ажил  хүлээлцсэн акт гэрээг ирүүлсэн бөгөөд энэ нь шаардлага хангаж байна. Гэхдээ ижил төрлийн ажлын туршлага, ажиллах хүчний чадварын талаарх мэдээллийг ирүүлээгүй байгаа нь энэ компанийг тендерт тэнцүүлэхгүй байх шалтгаан болж байна гэдэг үндэслэлээр тайлбар хийсэн. Ингэж тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Тендерийн урилгад байгаагүй зүйлээр бидний ажлыг унагаасан.

Гэрээ дүгнэсэн акт үнэхээр баримталдаг зарчим гэж үзэж байгаа бол ирүүлсэн мэдэгдэх хуудаст гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх ёстой гээд бичсэн байх ёстой. Өөрсдөө гэрээ дүгнэсэн актыг ялгахгүй байна. Яавал энэ компанийг унагаах вэ гэдэг байдлаар ханддаг. Дараачийн тендер 05 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан. Энэ тендер анх 03 дугаар сараас хойш зарлагдаж, хүчингүй болж, 05 дугаар сард ахин хүчингүй болсон. 05 дугаар сард бид оролцъё гэж бодсон боловч тендерийн урилгын шаардлагыг нэмэгдүүлсэн. Энэ нь илт хууль бөгөөд тендерийн шаардлагыг хангасан баримт бичгийг аж ахуй нэгжүүд ирүүлж чадахгүй байхад дахин нэмэгдүүлсэн. Ийм учраас дараагийн тендерт оролцоогүй. Мөн гэрээ дүгнэсэн акт утгын хувьд адил. Хуульд заасан хугацаа байсан бол бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргаад явах байсан.

Тендер зарлаж байгаа төрийн өмчит компаниуд хуулийн цоорхойг ашиглаж байна. Хариуцагчаас гаргасан актыг хуульд заасан үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Бид ажлаа хийгээд өгчихсөн, ажил хүлээлцсэн акт байгаа. Түүний дагуу гаргасан тодорхойлолт байгаа. Бүх зүйл тодорхой. Гэвч үсэг хөөцөлдөж бидний ажлыг гацаасан. Мөн дараачийн тендерийн ажлын 5 хоногийн дотор зарлах ёстой байсан боловч 05 дугаар сарын 31-ний өдөр зарласан байдаг. Энэ мэт хуулийг маш ноцтойгоор зөрчиж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч "М"... ТӨҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...М” ТӨҮГ нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өдөр МРЦМ/000055555 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ хийлгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарлалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn-д нийтэлсэн.        

Тус зарлалын 4-т мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь сүүлийн 3 жилд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж байсан туршлагын мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/ ирүүлэх ба гарын үсэг, тамга, тэмдэг бүрдэл бүрэн байх гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч"Э"...ХХК-ийн ирүүлсэн дэлгэрэнгүй жагсаалтад туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн акт дутуу ирүүлсэн тул хариуцагч "М"... ТӨҮГ нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/0000 тоот албан бичгийг нэхэмжлэгч  “Э” ХХК-д хүргүүлсэн.

Ийнхүү нэхэмжлэгч"Э"...ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд гаргасан гомдлыг тус яам хянаж захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэн 07/0000 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг "М"... ТӨҮГ-т ирүүлсэн.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу"Э"...ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “..."М"... ТӨҮГ нь 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр МРЦМ/000055555 дугаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” хийлгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарлалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn-д нийтэлсэн. Тус зарлалын 4-д мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь сүүлийн 3 жилд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж байсан туршлагын мэдээлэл буюу гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх ба гарын үсэг тамга бүрдэл бүрэн байх гэж заасан.

Нэхэмжлэгч өмнө нь гэрээ хийсэн, гэрээг дүгнэсэн, гэрээг хүргүүлсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материалыг үзэхэд ажил хүлээлцсэн тодорхойлолт ирүүлсэн байдаг. Гэрээ дүгнэсэн акт гэж юу болохыг би нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй. Ирүүлээгүй учраас холбогдох материалыг дутуу ирүүлсэн гэж үзсэн. Нэхэмжлэгч компани 5 багц тендерт оролцсон. Ингээд мөн адил материал дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасны дагуу гэрээ дүгнэсэн акт дутуу ирүүлсэн гэж үзэж шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч компанид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 тоот мэдэгдэл хүргүүлсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тендерийн урилгад заасан шаардлагуудыг тендерт оролцож буй компани хангах ёстой. Иргэн аж ахуй нэгж тендерт оролцохдоо тавьж буй шаардлагын дагуу материалыг ирүүлэх ёстой. Ажил хүлээлцсэн акт ирүүлчхээд түүнийгээ гэрээ дүгнэсэн акт гэж тайлбарлаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ тендерийн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол яаж хамгаалагдах гэдэг асуудал яригдана. Дараагийн удаа тендер зарлаад оролцогч нар оролцож, хураангуй жагсаалт үүсгэж, дахин тендерийн урилгыг зарлаж 09 дүгээр сарын 02-ны өдөр нээчихсэн. Энэхүү тендерийн нээхэд 5 багц дээр 1 дүгээр багцад 3 компани, 2 дугаар багцад 4 компани, 3 дугаар багц дээр 3 компани, 4 дүгээр багцад 4 компани, 5 дугаар багцад 3 компани оролцсон. Нэхэмжлэгч тус мэдэгдлийг хүчингүй болгосноор хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хаана хөндөгдөж байгаа, шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн эрх ашиг яаж сэргэх вэ гэдэг нь уялдаа холбоотой юм.

Нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгох байдаг. Дараагийн тендер зарлахад нэхэмжлэгч компани өөрөө оролцоогүй. Хэрэв оролцоод явж байсан бол магадгүй эрх ашиг сонирхол нь хөндөгдөх юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг хэлэлцэх ёстой. Хариуцагчийн зүгээс шаардлагатай бүх нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх асуудал харагдах юм.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ гомдол үндэслэлгүй бөгөөд үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Нэхэмжлэгч компанийн оролцсон тендер өнөөдөр амжилтгүй болсон. Оролцсон бүх компани тендерийн урилгад заасан шаардлагыг хангаагүй учраас тендерийг хүчингүй болгож дараа нь дахин зарласан. Нэхэмжлэгч компани гэрээ дүгнэсэн актын талаар дурддаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд хавсралт 16 хуудас баримт бүхий, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А00 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай албан бичгээр "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны  МРЦМ/000055555 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ боловсруулах тендерийн үнэлгээний хорооны илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах”,"Э"...ХХК-ийн тендерийн баримт бичгийг дахин үнэлэх, хураангуй жагсаалтад оруулах, М” ТӨҮГ-аас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зарласан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ боловсруулах тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх” гэж шаардлагаа тодорхойлон ирүүлсэн.
  3. Шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7777 дугаар захирамж гаргаж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангах хугацааг 7 хоногийн хугацаагаар тогтоож өгсөн ба үүний дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А00 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хүргүүлэх тухай” албан бичгээр "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03/0000 дугаар албан бичигт дурдсан гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах, "М"... ТӨҮГ-аас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зарласан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /төлөв байдлын үнэлгээний хамт/ боловсруулах тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх” гэж тодорхойлон ирүүлсэн байдаг.
  4. Энэхүү хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь “...хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаж ирүүлээгүй, өмнө нь гаргасан шаардлагаа дахин тодорхойлж ирүүлсэн байна, эдгээр шаардлагуудаа нэмж гаргах” эсэх талаар тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзсэн, дахиж гаргахгүй, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргээ шийдвэрлүүлэх, мөн өөрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул нэхэмжлэгчээс дараах байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
  5. Нэхэмжлэгчээс эцсийн байдлаар "М"... ТӨҮГ-ын  үнэлгээний хороонд холбогдуулан "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
    1. Нэхэмжлэгчээс “...манай байгууллагын зүгээс захиалагч байгууллагаас гаргасан зөвлөх үйлчилгээний зарлалд дурдсан шаардлагыг бүрэн хангаж баримтаа хүргүүлсэн байхад тендерийн зарлал буюу урилгад заагдаагүй нотлох баримтыг хавсаргаагүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,...ажил хүлээлцсэн акт хавсаргасан байхад энэ баримтыг гэрээ дүгнэсэн акт гэж үзээгүй нь хууль бус...энэхүү актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болсноор нэхэмжлэгчийн хувьд дараагийн зарласан тендерт оролцох боломж нээгдэнэ...”,
    2. хариуцагчаас “...нэхэмжлэгч нь туршлагын баримтыг ирүүлэхдээ туршлагыг нотлох гэрээ, акт дутуу ирүүлсэн учир хураангуй жагсаалтад оруулах боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ...нэхэмжлэгчийн оролцож байсан тус тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болж дахин шинээр зарласан байгаа уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүй байгаа энэ тохиолдолд маргаж буй дээрх актыг хүчингүй болгосноор тендерт оролцох эрх нь шууд сэргэх боломжгүй...”  гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  6. Хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний зарлалаар “..."М"... ТӨҮГ-ын Булган, Төв, Хэнтий аймгуудын нутагт орших хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд, үйлдвэр объектуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хамт хийлгэх 5 багц зөвлөх үйлчилгээнд мэдүүлгээ ирүүлэх”-ийг урьсан, үүний дагуу нэхэмжлэгчээс зөвлөх үйлчилгээний 5 багцад бүгдэд нь оролцох мэдүүлгийг хүргүүлж оролцсон байна.
  7. "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай нэхэмжлэгчид хаягласан албан бичгээр "М"... ТӨҮГ-аас зарласан МРЦМ/000055555 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийн дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлсэнд талархал илэрхийлье. Танай ирүүлсэн саналыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасны дагуу хянан үзэхэд Туршлагыг нотлох гэрээ, акт дутуу ирүүлсэн нь Захиалагчаас тогтоосон чадавхын үзүүлэлтийг хангаагүй байх тул хураангуй жагсаалтад оруулах боломжгүй” талаар мэдэгдэж шийдвэрлэсэн байна.
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана” гэж заажээ.
  9. Энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан байхын зэрэгцээ энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан байх  нөхцөлүүдийг заасан байна.
  10. Харин эдгээр хуулийн шаардлагыг нэхэмжлэгчийн хувьд хангаж байгаа эсэхийг шалгахад захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс "М"... ТӨҮГ-аас зарласан МРЦМ/000055555 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад хүргүүлсэн зөвлөх үйлчилгээний санал, түүнд хавсарган хүргүүлсэн баримт, уг тендерийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зарлалд “...Сүүлийн 3 жилд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж байсан туршлагын мэдээлэл гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх ба гарын үсэг тамга бүрдэл бүрэн байх шаардлага” гэж заасан байдал, тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад “...ажил хүлээлцэх акт” нь гэрээ дүгнэсэн акт болно гэж” тайлбарласан тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
  11. Тодруулбал, хариуцагч буюу "М"... ТӨҮГ-аас зарласан МРЦМ/000055555 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерийн захиалагчаас тогтоосон шаардлага нь “мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримтуудыг ирүүлэх жагсаалтыг тендерийн урилга/зарлал/-даа заасан байх бөгөөд туршлагын мэдээллийг нотолсон баримтад /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласанаар “...ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 3 жилийн тус бүрийн гэрээ бус аль нэг жилд нь хамаарах/ ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, түүнийг дүгнэсэн актыг ирүүлсэн байх шаардлагыг тавьсан байхад нэхэмжлэгчийн зүгээс хүргүүлсэн санал, хавсаргасан баримтдаа "М"... ТӨҮГ-тай 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 2019-02-29 дүгээр гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ажил хүлээлцэх акт”-ыг хавсарган хүргүүлсэн нь захиалагчийн зүгээс тогтоосон чадавхийн шаардлагыг нотлох баримт бичгийг бүрэн хүргүүлсэн, түүнийг нь хариуцагч хууль бусаар үнэлээгүй гэж үзэхээргүй байна.
  12. Учир нь гэрээ дүгнэсэн акт нь ажил хүлээлцэх актаас ялгаатай бөгөөд гэрээ дүгнэсэн актын хувьд “нэхэмжлэгчийн "М"... ТӨҮГ-тай 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 2019-02-29 дүгээр “Бор-Өндөр, Адагийн хайлуур жоншны далд уурхай ба Бор-Өндөр УБҮ төсөл”-ийн Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний биелэлтийн талаар дүгнэж, уг гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн хийж дуусгасан, төлбөрийг бүрэн төлсөн зэрэг гэрээний гол нөхцөлүүд биелэгдсэн байдлаар эсхүл гэрээг хэрхэн тооцож дуусгасан талаарх мэдээлэл бүхий баримтыг гэрээ дүгнэсэн акт гэж ойлгохоор байх ба нэхэмжлэгчийн хүргүүлсэн гэх ажил хүлээлцсэн актын хувьд дээрх мэдээллүүдийг бүрэн агуулаагүй зөвхөн тухайн төрлийн ажлыг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн мэдээлэл байгаагаас дээрх гэрээ бүхэлдээ хэрэгжиж дүгнэгдсэн агуулгыг илэрхийлээгүй байна.
  13. Иймд  маргаан бүхий актаар хураангуй жагсаалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна гэж үзлээ.
  14. Мөн хуулийн заалтын нэг шаардлага нь “...захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана” гэж заасан 3 ба түүнээс чадавхийн шаардлага хангасан зөвлөх хариуцагчаас зарласан МРЦМ/000055555 дугаартай тендерт тодроогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд хураангуй жагсаалтад оруулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байгааг нэмж дурдах нь зүйтэй байна.
  15. Маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийг дараагийн шинээр зарласан тендер шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан гэж үзэхгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс тайлбарласан “...мэдэгдэл ирүүлснээс хойш ажлын 3 хоног хүрэхгүй хугацаанд дахин тендер зарласан нь тендерт оролцогч нарын гомдол гаргах хугацааг хязгаарлаж хумих, багасгаж төөрөгдүүлэх зорилготойгоор санаатайгаар хийсэн...” гэх тайлбар нь үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Зөвлөх үйлчилгээний зарлал, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хураангуй жагсаалтад орсон аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн “Зөвлөх үйлчилгээний урилга”, Монгол Улсын сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/0000 дугаар гомдлыг хянасан тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна.
  16. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д заасан үндэслэлийг дурдах боловч хүчингүй болгуулахаар тодорхойлсон энэхүү шаардлагын хувьд дээрх хууль зөрчигдсөн эсэхийг шүүхээс шалган дүгнэх шаардлагагүй, харин нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн төрлөөр маргасан тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтаар тухайн акт илт хууль бус болох талаар шүүхээс дүгнэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
  17. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч"Э"...ХХК-ийн "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "М"... ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/0000 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

                 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.М...