Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 999

 

 

     2020             8            11                                       2020/ДШМ/999

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Сундуй,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/480 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Б.Ат холбогдох эрүүгийн 2017 2502 0469 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Аслан овгийн  Б.А, 1988 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Б.А нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504б тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэр дүү Г.Гаийн хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, хэвлийн битүү гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Г.Гаийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Аын цагдан хоригдсон 6 сар 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэрэгт миний бие ямар ч холбогдолгүй. Намайг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 6 сар 14 хоног цагдан хорьж шалгасан ба үүний улмаас би эсэргүүцлээ илэрхийлэн удаа дараа өлсгөлөн зарлаж, улмаар батлан даалтад гарсан. Ингээд 3 жилийн дараа анхан шатны шүүх хурал болж намайг тулган ялласан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэ хэргийг дахин нарийвчлан шалган үнэн зөвийг олж, шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Аыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Амь хохирогч Г.Га нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Б.Аынхаас гарч яваад 24 цагийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт очсон байдаг ба 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед буюу гэрээсээ гарснаас хойш 42 цагийн дараа хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл явдал болсон. Гэтэл Б.Аыг 9 настай, насанд хүрээгүй гэрч А.Ш, С.Энхбаяр буюу Есүхэй болон энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Т.Б нарын мэдүүлгээр уг гэмтлийг учруулсан гэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан. Насанд хүрээгүй гэрч А.Ш нь тухайн өдрийн үйл явдлын талаар мэдүүлээгүй болох нь: “...доороос нэг эгч тортой зүйл барьж ирээд газар тавиад гүйсэн...” гэж мэдүүлдэг бол гэрч Г.Гансүлд “...тортой зүйл бариагүй, ганц памперс халаасандаа хийж авч ирсэн. Б.А талийгаачтай огт муудаж маргаагүй, зодож, цохиогүй” гэсэн мэдүүлэг, гэрч С.Сарантуяа, А.Батцэцэг нарын “...тухайн үед гадаа хүйтэн, цастай, гэгээ тасарсан байсан ба хүүхдийн ярьсан шиг зодоон болсон бол сонсогдох боломжтой байсан. Гэрт нь ороход маргаан болсон шинжгүй мах янзлаад сууж байсан” гэсэн мэдүүлэг, 9 настай насанд хүрээгүй гэрч Б.Анхбаярын ээжийн “...манай хүүхэд орой гадаа тоглодоггүй” гэсэн мэдүүлэг, А.Шоос 3 хоногийн дараа мэдүүлэг авахдаа үйл явдал яг хэзээ болсныг тодруулж асуухад “он сарыг мэдэхгүй, яг хэд хоногийн өмнө болсныг мэдэхгүй” гэж цаг хугацааг тодорхой зааж чадахгүй байгаагаар нотлогдож байгаа юм. Насанд хүрээгүй гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй. С.Энхбаяр нь “...Б.А нь муудалцаад хэвлий рүү өшиглөсөн гэж ярьсан” гэж мэдүүлдэг боловч тэр шөнө Т.Б, Г.Га нартай цуг гарч явснаа огт мэдүүлээгүй. Гэтэл гэрч Т.Б нь “...бид 3 хамтдаа хогоо хэд хэдэн удаа авчирч асгасан” гэдэг. Мөн С.Энхбаяраас 2 хоногийн дараа мэдүүлэг авахад “...тухайн өдөр хэнтэй явж байснаа санахгүй байна, ямартай ч гурвуулаа явж байсан” гэсэн байх ба байнга архи ууж байснаа мэдүүлсэн байдаг. Хэрэв талийгаач “өшиглүүлсэн” талаараа траншейн дотор хэлсэн бол Т.Б, Б.Ховдбай нар гурвуулаа явахдаа хэлсэн бол Т.Б сонсох боломжтой байсан. Т.Б, Б.Ховдбай нар энэ талаар огт мэдүүлээгүй. Т.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь Б.Ховдбай, С.Энхбаяр, Д.Мөнхтөр нарын мэдүүлгүүдээс зөрөөтэй байдаг ба яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...2 удаа талийгаачтай бэлгийн харьцаанд орсон гэдэг ба ямар ч асуулт асуугаагүй байхад “...би цохиж, өшиглөөгүй” гэж юуг нотлох гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна.

Шинжээч эмч Б.Ариунзул нь шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаачид гэмтэл учирахад хэвлийгээр маш хүчтэй, байнгын өвдөлт өгнө, ...гэмтэл авахаас өмнө архи уусан бол цусны бүлэгнэлтэд алдаа гарч болно. Дэлүүний гэмтсэн хэсгээс шинжилгээ хийхэд нас барахаас 6 цагийн өмнө цус шүүрч эхэлсэн гэж үзсэн. Архи ууснаас 24 цагийн дотор цусанд спирт илэрнэ” гэж мэдүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2267 дугаартай дүгнэлтээр цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Тиймээс цусны бүлэгнэлтэд алдаа гараагүй гэж үзэхээр байна. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 212 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд “Гэмтэл нь нас барахаас 18 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн байна.

Гэтэл амь хохирогч нь Б.Аынхаас гарснаас хойш 42 цагийн дараа нас барсан.

Түүнчлэн гэрч Шараа буюу Б.Ховдбай нь “...анх таарахад огт өвдсөн шинжгүй инээчихсэн ирсэн”, гэрч Б.Төмөрхүү нь “...бие нь муудсан зүйлгүй, цовоо сэргэлэн, хашаа давж гүйж харайж байсан”, гэрч Л.Тамир “...үзэхэд өвдөж байна гэсэн газар ямар нэгэн гэмтэл байгаагүй. Хэн нэгэнд цохиулсан гэж хэлээгүй. Урьд нь хэвлийгээр өвддөг байсан, ходоод өвддөг, өглөө пиво уугаад өвдөлт сэдэрчихлээ гэж байсан. Хэрэв дотуур цус алдаж байсан бол надад мэдэгдэнэ. Амин үзүүлэлт өөрчлөгдөөд нүүр царай цонхийгоод ирдэг. Бас албадмал байдалд ордог. Ер нь надад мэдэгдэхээр байсан. Тийм шинж тэмдэг илрээгүй. Согтуу биш байсан. Машинаас буугаад зугтаасан”, шүүхийн хэлэлцүүлэгт "...тухайн үед талийгаач амь насны заалтгүй байсан. Тийм хүнд байдалтай биш байсан. Бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар эмнэлэг хүлээж аваагүй. Энэ асуудал Б.Аынхаас гарснаас 24 цагийн дараа болсон”, гэрч Ч.Эрдэнэболор “...24 цагийн өмнө өвдөлт өгсөн нь тодорхой хэмжээний хордлоготой, нойр булчирхайн өвдөлт өгсөн байх боломжтой”, гэрч Ц.Ганболд “...хэвлий болон зүүн талын хэвлий хэсэгт өвдөлт өгдөг. Гэмтлийг авсан даруйд л өвдөлт өгч эхэлдэг. Үргэлжилсэн байдлаар өгөөд л байдаг. Гэмтлийн улмаас цус шүүрч, яваандаа шинэ, хуучин цус холилдон өвдөлтийн шок болж нас барахад хүргэж байгаа юм. Гэмтэл нь 18 цагийн дотор үүсэх боломжтой”, талийгаачийн төрсөн эгч гэрч Г.Гансүлд 4 удаа мэдүүлэг өгөхдөө “...Б.А надтай маргаснаас дүүтэй огт маргаж муудаагүй. Өөрөө гараад явсан. 2 хоногийн дараа нас барсныг мэдсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Мөн гэрч В.Чинбат “...13 цаг 15 минутад Төрөө гэдэг залуу миний утсаар 103-т дуудлага өгсөн. Би өглөө 8 цаг 30 минутад ээлжээ авсан. Өмнө Болдбаатар гэдэг хүн хоносон” гэж мэдүүлсэн боловч түүнээс мэдүүлэг аваагүй байна. Шөнө ямар нэгэн зодоон цохион болсон бол сонсох боломжтой байсан хүн.

Гэрч Л.Баярмаа “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед орж ирээд 12 цагийн үед гараад явсан. Гарахдаа босгон дээр унах шиг болсон. 16 цагийн үед эвхрэлдээд ороод ирсэн. Зодуулсан гэж яриагүй.” гэж мэдүүлсэн байх ба 2 цагийн хугацаанд хаагуур явсан нь тодорхойгүй байна.

Мөн гэрч А.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг “ерөнхий мэдээлэл өгсөн” гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...насанд хүрээгүй гэрчийн ярьсан шиг зодоон болсон бол сонсогдох боломжтой байсан” гэж мэдүүлснийг орхигдуулсан байна.

Дээрх шүүхийн анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудаас үзэхэд Б.А нь амь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан эсэх нь бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...Дотуур цус алдаж нас барсан. Яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэсэн ба гэрч Ц.Ганболд “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн тусламж авсан бол амьд байх боломжтой байсан” гэж мэдүүлсэн.

Гэрч Л.Тамир мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Госпиталь бичиг баримтгүй гээд хүлээж аваагүй”, гэрч Т.Б “...өндөр, нүдний шилтэй, эрэгтэй эмч ийм хүмүүсийг авахгүй, “Энэрэл” рүү хүргэж өг гэсэн” гэж мэдүүлдэг.

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 237 дугаартай Цэргийн төв эмнэлгийн бичигт “Бичиг баримтгүй хүнд тусламж үзүүлэхгүй гэсэн заалт байхгүй. Харьяалал, бичиг баримт харгалзахгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг” гэжээ. /1хх 233/

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлгийн тусламж үзүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татагдах хууль зүйн үндэстэй байх ба өөрөөр хэлбэл Г.Га нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор авч чадаагүйгээс амь хохирсон байна.

Харин тухайн гэмтлийг учруулсан этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан” гэм буруутайд тооцогдох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Өмгөөлөгч Л.Б миний бие 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрчүүдийг болон шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээч  нараас нэгийг нь ч оролцуулаагүй бөгөөд “насанд хүрээгүй гэрчүүдийн эцэг эх нь зөвшөөрөөгүй” гэсэн тайлбарыг даргалагч шүүгч Х.Идэр хэлж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Үйл явдлыг харсан гэх ганц гэрч нь А.Ш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...эцэг, эх зөвшөөрөхгүй бол оролцуулахгүй байж болно” гэсэн ямар нэгэн заалт байхгүй ба хэргийн гол гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ноцтой зөрчил юм.

Шинжээч эмч нар болон насанд хүрээгүй гэрчүүдийг шүүхэд дуудсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Миний гаргасан гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй байна. Б.Аыг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойшлуулшгүйгээр баривчлан үргэлжлүүлэн цагдан хорьсон байх ба бичиг үсэг мэдэхгүй түүнийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчаар татаж, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өмгөөлөгчгүй байцаасан /1хх 208/, 2017 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр дахин өмгөөлөгчгүй байцаасан /1хх 209/, огноогүйгээр дахин өмгөөлөгчгүй байцаасан тэмдэглэл /1хх143/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан яллагдагчийн эрхийг нь ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна.

Мөн бичиг үсэг мэдэхгүй гэрч Т.Бгийн мэдүүлгийг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан гэж дүгнэж, дүгнэлтийнхээ нэг үндэслэл болгосон байна. Гэтэл уг тэмдэглэлийн төгсгөл хэсэгт “...тэмдэглэлийг гэрч өөрөө уншиж танилцаад ярьсан зүйл бичигдсэн байна гэв” гэж дуусгажээ. /хх 76-77/

Уншиж чадахгүй хүнийг уншиж танилцсан болгож, хуулийн шаардлагыг зөрчиж үйлдсэн энэ тэмдэглэлийг шүүх дүгнэлтийнхээ үндэслэл болгосон нь өөрөө хууль бус юм.

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аыг гэм буруугүй гэж дүгнэсэн байна.            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, уг хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Б.Аыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн дагуу эзэн холбогдогчийг шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Сундуй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх гэрч Төмөрхүү, Энхбаяр, Шинзориг, Баярмаа, Баяндалай нарын мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 475 дугаартай дүгнэлт, 825 дугаартай дүгнэлт, 215 дугаартай 5 шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэж Б.Аыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Насанд хүрээгүй гэрч Шинэзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад давхар нотлогдож байсан. Насанд хүрээгүй гэрч Шинэзориг тоглож байсан газраас хэрэг гарсан гэх газар хангалтай сайн харагдаж, сонсогдох боломжтой байрлалтай газар байсан. Энхбаярын мэдүүлэг үнэн зөв эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Тухайн үед хамт байсан гэрч Баяндалай, Мөнхтөр нарын мэдүүлэг, мөн “Бүжин” дэлгүүрийн худалдагч нарын мэдүүлгээр Энхбаярын мэдүүлэг үндэслэлтэй болох нь тогтоогдсон. Мөн энэ хэрэгт Баяндалайг яллагдагчаар татаж шалгасан. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Баяндалайгийн үйлдэл оролцоо энэ хэрэгт байхгүй. Ганчимэгийн биед хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Энэ хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хэд хэдэн зүйлд шинжээчийн дүгнэлт тохирч байсан. Шинжээч эмч нар гэмтэл дээр маргаагүй. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтээр “нас барахаас өмнө 18 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой ба үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй” гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хэдэн цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэдгийг тогтоохоос биш бүрэн дүүрэн тогтоох боломжгүй. Хэрэг учрал гарсан цаг хугацаа нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим. Нас барсан нь 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим. Үүнд, өмгөөлөгчийн хэлж байгаа 42 цагийн асуудал байхгүй. Энэ гэмтэл учирснаас хойш цус шүүрэлт явагддаг. Шинжээч “гэнэт их хэмжээгээр цус гарах бололцоо байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн шинжээч “энэ гэмтлийг авснаас хойш өөрт тааламжгүй байнгын өвчин зовиуртай нөхцөл байдал бий болдог” гэж мэдүүлсэн. Гэрч Энхбаяр, Мөнхтөр, Баяндалай нарын мэдүүлгээр амь хохирогч байнгын өвдөлттэй, зовиуртай өвдөж байгаа талаараа хэлж байсан. Хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэе гэхэд “уухгүй, миний бие өвдөж байна” гэж хэлж байсан талаар мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цус болон ходоодонд ямар нэг спиртийн агууламж илрээгүй. Хэргийн материалаас харахад өмгөөлөгчийн зүгээс гэрч оролцуулах хүсэлт гаргаж байгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргасан гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгасан зүйл байхгүй. Амь хохирогчид анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийн мэдүүлгээр “амь хохирогч өөрөө эмнэлэгт үзүүлэхээс сайн дураар татгалзсан буюу байгаа орчноосоо зугтаж явсан” эмнэлгийн ажилчдад албадан эмчилгээ хийх эрх байхгүй. Амь хохирогч эмчилгээ хийлгэхээс сайн дураар зайлсхийж зугтаан явсан нь энэ гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна. Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “монгол үсэг мэдэх үү” гэхэд “тодорхой хэмжээгээр үсэглэн уншиж чадна, уншсан зүйлээ ойлгоно” гэж мэдүүлсэн. Мөн хэрэг хариуцах чадвартай хэмээн дүгнэлт гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 504б тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэр дүү Г.Гаийн хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, хэвлийн битүү гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Г.Га нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ггийн “... би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл авсан. Талийгаач Ганчимэг нь миний төрсөн дүү юм. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, 2012 оноос хойш өөрийн эгч Г.Гансүлдийнд амьдарч байгаа. Траншейнд байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. ...” /1хх 21-22/,

гэрч Д.Мөнхтөрийн “...Би 2017 оны 2 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гараад Далай ахын байдаг оюутны байрны траншейнд очтол шар ганцаараа унтаж байсан. Би замдаа жаахан хог түүгээд Бүжин дэлгүүр дээр очтол Есүхэй, Маадаа ах, Баяндалай ах, талийгаач Чимгээ, Тулгаа нар байсан. Тэнд байж байтал талийгаач Чимгээ татаж унаад байсан. Тэгээд түргэн дуудаад явсан. Би согтоод унтаад өгсөн байсан, нэг мэдсэн шөнө Чимгээ миний хажуугаар ороод ирсэн байсан. Шөнө Чимгээ “Төрөө ах, миний гэдсээр өвдөөд байна” гэхээр нь би өөдөөс нь тоглоод “чи бөө гээ биз дээ, өөрийнхөө өвчнийг эдгээж чаддаггүй юм уу” гээд юм яриад байж байтал холливууд баарны хөгжим зогсоод хааж байгаа нь мэдэгдсэн. Өглөө нь гарч саваа түүж байгаад өглөө траншейн дээр ирэхэд Чимгээ татаж унаад байх шиг байсан. Тэгээд Баяндалай ах бид 2 өргөж гаргаад жаахан агаар амьсгалуулаад буцаад өргөж оруулж ирсэн. Маадай ах намайг түргэн дууд гэхээр нь би оюутны байрны хамгаалагчид очиж хэлээд түргэн дуудчихаад эргээд иртэл Чимгээг траншейны гадна хэвтүүлсэн байсан. Тэгээд би хэсэг зуур согтсон байсан, юу болсныг мэдэхгүй байсан чинь түргэн, цагдаа нар ирсэн байсан. Чимгээг үзээд нас барсан байсан гэсэн. ...” /1хх 51-52/,

гэрч Б.Төмөрхүүгийн “...Чимгээ 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр надтай таарахдаа ах, эгч хоёртойгоо муудалцаад гэрээсээ хөөгдөөд гараад ирсэн, дахиж тэднийд очиж хүүхдүүдийг нь харахгүй гэж ярьж байсан. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Бүжин дэлгүүрийн урд Чимгээгийн хүргэн ах Б.А ирээд “...чи хүүхэд айлд очиж хаялаа” гэж уурлаад салтаа руу нь өшиглөж байсан. Би тэр өдрийг яаж сайн санаад байна гэхээр 2 дугаар сарын 9-ний өдөр Ууганаа эгчийн төрсөн өдөр болдог юм. Б.А Чимгээг өшиглөх үед Ууганаа эгч, Баяндалай ах бид 3 харж байсан. ...” /1хх 53-54/,

гэрч С.Энхбаярын “...2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн орой траншейндаа Баяндалай ахын хамтаар байж байтал гаднаас Чимгээ, Шараа 2 ороод ирсэн. Тэр 2 орж ирээд үүд хэсэгт унтацгаасан. Чимгээ ирэхдээ эгч Сүлдээ, хүргэн ах Ариука нартайгаа муудалцчихаад гэрээсээ хөөгдөөд ирлээ гэж ярьж байсан. Мөн Чимгээ хэлэхдээ “хүргэн ах Ариука нь Чимгээтэй муудалцаад хэвлий хэсэг рүү нь өшиглөчихсөн, хэвлийгээр өвдөөд байна” гэж хэлж байсан. ...” /1хх 56-57/,

насанд хүрээгүй гэрч А.Шийн “...Манай хойд талд нэг ах, эгч 2 жижиг модон байшинд амьдардаг юм. Би Анхаа гэх найзтайгаа Анхаагийн гэрийн хашаан дотор элсэн дээр тоглож байхад хүмүүс хоорондоо хэрэлдээд түс тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би Анхаагийн хашаан дотроос харахад манай гэрийн хойно амьдардаг нэг ах нэг эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэр ах гэрийнхээ хаалганы тэнд зогсчихсон тэр эмэгтэйг “манай гэрээс зайл” гэж хэлэхэд тэр эмэгтэй “чи яагаад байгаан, би орж болохгүй юм уу” гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй байшингийн хаалганаас хоёр гараараа алдлаад барьчихсан байсан чинь тэр эрэгтэй хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөсөн. Гэтэл тэр эмэгтэй хойшоогоо унасан бөгөөд тэр эрэгтэй тухайн эмэгтэйд хандаж “чи манайхаас явахгүй бол чамайг алчихна шүү” гэж хэлж байсан. Тэгж байтал доор замаас нэг эмэгтэй гүйж ирээд “чи манайд амьдардаг хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд гүйж очсон. ...” /1хх 63-64/,

гэрч Л.Баярмаагийн “...Талийгаач Ганчимэг нь сүүлийн нэг сар гарангийн хугацаанд харагдахгүй байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагийн орчим ирсэн. Тэгэхээр нь би түүнд “чи ойрд харагдахгүй архи дарс уухгүй сайхан болсон байна” гэж хэлэхэд эгчийндээ хүүхдийг нь харж байгаад өчигдөр маргалдаад гараад ирсэн гэж хэлж байсан. Хэсэг байж байгаад 89191839 гэсэн дугаар руу залгаад найз нь очоод хэвтэж байх уу, бие өвдөөд байна гэж хэлээд гараад явсан. Үдээс хойш 16 цагийн орчим буцаад тонгойгоод, эвхрээд ороод ирсэн. Тэгээд би “чи яачихваа” гэж асуухад эндээс нэг юм татаад байна гээд хэвлий хэсэг рүүгээ заасан. Тэгэхээр би олгой байж магадгүй байж бай гээд түргэн дуудсан. Тэгээд байж байтал дотор бүгчим байна гэж хэлээд гарсан бөгөөд манай дэлгүүрийн гадна сөхрөөд унах шиг болсон. Хэсэг байж байгаад хартал буцаж орж ирээд паарны хажууд сууж байсан. Тэгээд түргэний эмч ирээд Баяндалай хамт суугаад явсан. ...” /1хх 66/,

гэрч Т.Бгийн “...Бүжин дэлгүүр дээр 18.00 цагийн орчим очиход талийгаач Чимгээ дэлгүүрийн үүдэнд талбай дээр куртикээ тайлчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь авч явсан ундааны савтай архиа өгөөд уучих гэсэн чинь хажууд байж байсан Эба гэдэг залуу ундаа барьж гарч ирээд өгтөл талийгаач эхлээд миний барьж ирсэн архинаас уугаад тэгээд ундааг уугаад дуусгасан. Тэгээдд Эба бид 2 талийгаачийг өргөж дэлгүүр рүү оруулаад паарны хажуугаар суулгаад дэлгүүрийн эгчээс “цай хийгээд өгчих” гэтэл цайгаа чанаагүй байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн эгч түргэн дуудсан бөгөөд биднийг хүлээж байхад Төрөө, Есүхэй, Мандаа нар 100 айлаас хогоо түүгээд ирцгээсэн. Тэгээд бид архи авч уух гээд байж байтал түргэн ирээд талийгаачийг үзээд эмнэлэг рүү авч явна гэж хэлсэн. Тэгээд “хамт явах хүн байна уу” гэхээр нь би “хамт явна” гэж хэлсэн. Түргэний эмч Госпиталь гэдэг эмнэлэг дээр очоод үүдэн дээр байх сандал дээр суулгаад цаашаа өгөх гэтэл эмнэлгийн эмч “ийм хог түүдэг хүмүүсийг манайх авахгүй. Энэрэл эмнэлэг рүү аваачиж өг” гэсэн бөгөөд тэр үед түргэний эмч бид хоёрыг “Энэрэл” гэдэг эмнэлэг рүү хүргэж өгнө гэхэд талийгаач явахгүй гэсэн. Тэгээд бид 2 тэндээсээ гараад автобусанд суугаад Зуун айл руу очоод хог түүж олсон 4500 төгрөгөөр 0.75 литрийн “Найрсаг” гэх нэртэй архи аваад эмнэлгийн хашаан дотор уугаад сууж байтал талийгаач “Баянаа ах, та эмнэлэг рүү ороод нэг ширхэг өвчин намдаах эм аваад өг” гээд гуйхаар нь би эмнэлэг рүү яваад ортол тухайн эмнэлэг ширхэгээр эм өгөхгүй гээд би эмнэлгийн хамгаалагчтай муудалцаад гарч явсан. Тэгээд талийгаач бид хоёр МУИС-ын гадаад оюутны байрны гадна байрлах траншейнд очтол Есүхэй, Маадаа, Төрөө, Тулгаа дөрөв ирчихсэн байж байсан. ...Тэгээд бид траншейнаас гараад авчирсан архиа уусан бөгөөд талийгаач уухгүй гээд траншейн дотор хэвтэж байснаа үе үе ухаан алдаж унаад байх шиг байсан. Тухайн үед Маадай ах орж талийгаачийг сэрээж байсан бөгөөд талийгаач гарч ирээд өөрийнхөө хар куртикийг дэвсээд жоохон хэвтээдхье гэж хэлээд хэвтсэн бөгөөд удалгүй нас барсан. ...” /1хх 76-77/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай “... Дэлүүний дээд хэсэгт 5x3 хэмжээтэй хальс язарч урагдсан. Уг хэсэгт болон ходоодны арын хэсэг дэх зайд 650 грамм хар хүрэн өнгийн бүлэн хурсан байв. Чацархайд босоо байрлалтай 19 см урагдалттай, уг урагдалт гэмтлийг даган чацархайд хар хүрэн цус хурсан байв. Хэвлийн битүү гэмтэл, дэлүү чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, дотор эрхтнүүдийн цус багадалт, тархи уушигны хаван бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун гуяны зулгаралт, баруун шилбэний шархлаа гэмтэл тогтоогдлоо. Г.Гаийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Га нь хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. ...” /1хх 79-81/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 825 дугаартай “...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дэлүүний язрал, чацархай урагдал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дэлүүний болон чацархайн урагдал гэмтлийн үед эрхтэн тус бүрээс хэвлийн хөндийд цус алдалт үүсч цус алдалтын шок үүсгэсэн байх тул аль аль нь үхэлд хүргэсэн гэмтэл болно.” /1хх 105-107/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 212 дугаартай “... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 475 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн материалаар гаргасан 825 дугаартай дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр заалтууд үндэслэлтэй байна. Г.Гаийн цогцогст тогтоогдсон дэлүүний язрал, чацархайн урагдалт гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой ба үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх дэлүүний язрал, чацархайн урагдал гэмтэл аль аль нь мохоо зүйлийн тухайлбал өшиглөх, дэвсэхэд үүсэх боломжтой. Унахад үүсэх боломжгүй болно. ...” /хх 165-167/ гэсэн дүгнэлтүүд,

насанд хүрээгүй гэрч А.Шийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 125-126/, шинжээч эмч М.Энхбаяр, Ц.Ганболд нарын мэдүүлэг /1хх 85-86, 111-112/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсэхийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Шүүгдэгч Б.Аын хувьд хохирогч Г.Гаийн хэвлийн тус газар нь өшиглөсөн, өшиглөсний улмаас хохирогчийн биед дэлүү, чацархайн урагдал, няцрал бүхий хүнд гэмтэл учирсан, хохирогчид тухайн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан /1хх 113/, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн боловч Цэргийн төв эмнэлэг аваагүй, түргэний эмч “Энэрэл” эмнэлэг рүү авч явах гэтэл талийгаач явахгүй гээд үлдсэн /1хх 76-77/ зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Аын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэр дүү Г.Гаийн хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Г.Га гэмтэл авснаас хойш 2 хоногийн дараа нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Аын “...Энэ хэрэгт миний бие ямар ч холбогдолгүй. Энэ хэргийг дахин нарийвчлан шалгаж, үнэн зөвийг олж, шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бы “...Б.Аыг насанд хүрээгүй гэрч А.Ш, энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Т.Б, гэрч С.Энхбаяр нарын мэдүүлгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь эргэлзээтэй. ... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч даргалагч шүүгч “насанд хүрээгүй гэрчийн эцэг, эх нь зөвшөөрөөгүй” гэсэн тайлбар хэлж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг ноцтой зөрчсөн.

Мөн шүүгдэгч Б.А нь бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүй байцаалт авсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн.  ...” гэсэн тус тус  агуулга бүхий гомдлуудын тухайд:

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч А.Шийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 125-126/, насанд хүрээгүй гэрч Б.Анхбаярын “... Манай хойд талын хашааны жижиг модон байшинтай айлын ах байшингийнхаа хаалганы хажууд нэг эгчтэй зодолдоод чанга орилоод яв, яв гээд байсан. Тэр ах нөгөө эгчийг хаалгаараа гаргаад түлхээд байсан. Би зодож цохиж байгааг нь хараагүй. Ямар ч байсан нэг эгч уйлаад байсан.” /1хх 121/, шинжээч эмч М.Энхбаярын “...Уг гэмтлүүд нь цохих, өшиглөхийн аль ч үйлчлэлээр үүсч болно. ...Унаснаас үүсэх боломжгүй. ” /1хх 85-86/, шинжээч эмч Ц.Ганболдын “... Хэвлийн зүүн хэсэгт өшиглөх, цохих үед үүснэ.”  /1хх 111-112/ болон гэрч Л.Баярмаа /1хх 66/, Л.Тамир /1хх 67-68/, яллагдагч Б.Ааас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 140-141/ зэргээр гомдлын үндэслэл няцаагдаж байна.

Насанд хүрээгүй гэрч А.Ш болон гэрч Т.Б, С.Энхбаяр нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Арван зургаан насанд хүрээгүй гэрчийг албадан ирүүлэхийг хориглоно.” гэж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний оюун санааны байдал, учирч болох сөрөг нөлөөнөөс сэргийлэх нөхцөл байдлыг улсын яллагч, өмгөөлөгч нь шалгана.” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонсох үед түүний хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчийг оролцуулж болно.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана.” гэж,

3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас насанд хүрээгүй гэрч А.Шийг заавал шүүх хуралдаанд оролцуулах, албадан ирүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж, дүгнэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Аыг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчаар татаж /1хх 208/, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа эрх, үүргийг нь тайлбарлан өгч, өмгөөлөгч авах эсэхийг асуухад, “... бичиг үсэг огт мэддэггүй, уншиж чадахгүй тул улсын өмгөөлөгчөөс туслалцаа авах хүсэлтээ илэрхийлж ...” тухайн өдөр мэдүүлэг өгөөгүй, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг дахин байцаахад “... улсын өмгөөлөгч томилж өгөөгүй байна, өмгөөлөгч авч байж байцаалт өгнө. ...” гэх мэтээр удаа дараа мэдүүлэг өгөөгүй боловч харин 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Л.Быг өмгөөлөгчөөр оролцуулан яллагдагчаар мэдүүлэг өгсөн /1хх 140/ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба түүнээс өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгчийн “...амь хохирогч Г.Га нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор авч чадаагүйн улмаас амь нас нь хохирсон байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татагдах хууль зүйн үндэстэй байхад татаагүй, ...” гэсэн гомдлын тухайд энэ талаарх гомдлоо тусад нь шалгуулах боломжтой байгааг дурдаж байна.   

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  7 жил хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.

Иймд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ат ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамласан нь ойлгомжгүй байх бөгөөд цаашид хууль хэрэглээний болон хууль зүйн техникийн хувьд хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг журамлах шаардлагагүйг тэмдэглэж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ