| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/02655/И |
| Дугаар | 101/ШШ2021/02646 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/02646
2021 09 13 101/ШШ2021/02646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Т.С ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.С, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.Т.С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Балдандоржийн Сүхбат нь манай компанийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12/76 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8 040 000 /найман сая дөчин мянга/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биечлүүлж 8 040 000 төгрөг төлөөгүй өр төлбөр үүссэн байна. Иймд Б.Сүхбатаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 8 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2020 онд гэрээ байгуулж, 8 040 000 төгрөгийн бараа авсан. Гэрээний хугацаа дууссан боловч төлбөр төлөгдөөгүй тул гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбарыг үзэхэд нэхэмжлэлийг зөвшөөрсөн байдаг. Бусад хүмүүст өгсөн гэдэг нь манайд хариуцлага хүлээхгүй. Буцааж өгнө гэдэг боловч ямар үлдэгдэлтэй нь мэдэгдэхгүй, өгөх талаар санаачилга гаргаагүй. Хугацаа дууссан тул буцаан авах боломжгүй. Тамхи нь хүнсний бүтээгдэхүүнд хамаарах тул үйл ажиллагааг хориглоогүй гэв.
Хариуцагч Б.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Т.С” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Монгол тамхи СО” ХХК нь Б.С миний биеэс зээлээр авсан тамхины үнэ 8,040,000 төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Миний бие нь Драгон авто вокзалын хойно тамхины бөөний цэг ажиллуулдаг бөгөөд тус компаниас тамхи зээлээр худалдан авч борлуулаад 3 жил болж байна. Хамгийн сүүлд авсан тамхи нь дээрх нэхэмжилж байгаа тамхинууд бөгөөд 8 авдар 400 блок тамхи 2020 оны 6 сарын 10-нд авсан нь үнэн юм. Миний бие дээрх худалдаж авсан тамхинаас 4 авдар буюу 200 блок тамхийг Батзаяа, Батдорж нарын гэр бүлийн эхнэр нөхөр хоёрт зээлээр тухайн үед нь өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг эргүүлж аваагүй хохирч байна. Дээрх 2 эхнэр нөхрөөс мөнгөө авахаас шүүхэд хандаж, мөнгө төлүүлэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан боловч хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч улсын дээд шүүхэд гомдол гаргаж дээд шүүх дээр хэрэг хянагдаж шүүх хурал зарлагдаагүй байна. Миний бие нь дээрх эхнэр нөхөр 2-с тамхины үнэ нийт 40 гаруй сая төгрөг авах шүүхийн шийдвэр гарсан болно. Цар тахлаас болж ажил үйлчилгээ бүрэн зогссон бөгөөд дээрх мөнгийг төлөх ямар ч боломжгүй байна. Мөн 400 блок тамхинаас 3 авдар буюу 150 блок тамхи нь зарагдаагүй биет байдлаараа байгаа учраас 3 сая гаруй төгрөгийн тамхийг эргүүлж буцааж өгч нэхэмжлэлээс хасуулах саналтай байна. Хасагдсан үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд Батдорж, Батзаяа нараас авсан мөнгөөрөө төлөх саналтай байна.
8 040 000 төгрөгийн үнийн дүнтэй тамхи авсан. Ковидоос болоод үйл ажиллагаа зогссон тул 3 авдар тамхийг нь буцааж өгөх хүсэлтэй. 5 саяыг төлөхийг зөвшөөрнө. Миний данснаас 380 000 төгрөг татагдсан байсан. Хүнсний бүтээгдэхүүн ч гэсэн Драгон нь үйл ажиллагаагаа зогсоосон. Зориулалтын бус газар гэж байгаа боловч зориулалтын агуулахад байгаа юм. Хугацаа нь дуусаагүй. Борлуулагчтай нь гэр бүл байсан ба одоо маргаан үүссэн байдаг. Утасдаад утсаа авдаггүй. Авсан хүндээ өгөх гээд утсаа авдаггүй юм гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.Т.С” ХХК нь гэрээний үүрэгт 8,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь 8,040,000 төгрөгийн тамхи хүлээн авсан талаар маргаагүй боловч 3,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан өгч, улмаар үлдэх төлбөрийг бусдаас мөнгөн төлбөр авсны дараа төлнө гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12/76 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/
Уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т нийцэхгүй байх тул зохигчийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
Гэрээгээр нэхэмжлэгч нь 8,040,000 төгрөгийн үнэ бүхий 8 авдар тамхи нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг гэрээний 5.1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан барааг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нь уг барааг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул талуудын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийн дагуу барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ямар нэг төлбөр төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй.
Үүнээс үзэхэд хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу 8,040,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь 3,000,000 төгрөгийн барааг буцаах санал гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч уг саналын зөвшөөрөөгүй.
Гэрээний 2.3-т зааснаар хариуцагч нь барааг буцааж, төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.
Энд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээрээс үзэхэд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,040,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД