| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/00430/И |
| Дугаар | 001/ХТ2024/00258 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00258
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01273 дугаар магадлалтай,
Д.Н-ийн нэхэмжлэлтэй
“Ө” ХХК, С.Г нарт холбогдох,
Гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүй болгуулж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “Ө” ХХК, С.Г нарт холбогдуулан 2021.03.01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүй болгуулж, Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхон, А5 блок барилгын 2 дугаар орц, ** давхрын 74.76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Энэ хэрэгт “Б” ХХК, М.М нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тайлбар гаргаагүй байна.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийг Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны ** давхрын 74.76 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч “Ө” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Ө” ХХК, С.Г нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 866,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01273 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...101 дүгээр зүйлийн 101.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “.. 2 өрөө...” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Ө” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 870,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагч “Ө” ХХК нь “Б” ХХК-аас БНХАУ-д үйлдвэрлэсэн А500 маркийн стандартын шаардлага хангасан 180 тонн барилгын арматур төмрийг худалдан авахаар харилцан тохиролцож 2021.02.07-ны өдөр барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, А-ын аманд баригдаж буй А-2 төслийн А5 блокыг барьж буй захиалагч “Ө” ХХК-аас орон сууц захиалгын гэрээгээр 2 дугаар орцны ** дугаар давхрын 74.76 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг “Б” ХХК-д нийт 164,472,000 төгрөгийн үнийн дүнд тооцон шилжүүлж, нийт арматур төмрийн үнэ болох 333,000,000 төгрөгөөс дээрх үнийн дүнг хасч үлдэх 168,528,000 төгрөгт ногдох 91 тонн арматурыг “Б” ХХК-д тодорхой хугацаанд арматур хэлбэрээр буцаан өгөхөөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан.
Улмаар 2020.02.23-ны өдрийн “Б” ХХК-ийн №32 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу дээрх орон сууцны захиалгын гэрээг М.М-тай байгуулсан бөгөөд түүний гаргасан хүсэлтийн дагуу дээрх орон сууцны захиалгын гэрээг 2021.03.01-ний өдөр С.Гтэй дахин шинээр байгуулсан.
Гэвч “Б” ХХК-аас гэрээний дагуу барилгын арматур төмрийг манай байгууллагад нийлүүлээгүй, түүнчлэн орон сууц ашиглалтад ороогүй байгаа энэ хугацаанд С.Г нь бидний байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.6-д “Захиалагч нь орон сууцыг ашиглалтад орохоос өмнө худалдагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно...” гэж заасныг зөрчиж худалдагч талд мэдэгдэлгүйгээр Д.Нарангэрэлтэй 2021.03.05-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээг байгуулжээ.
Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөлийн талаарх хамгийн эхний хэлцлийн төлбөр төлөгдөөгүй, түүнчлэн гэрээний 6.6-д заасныг зөрчиж өөр этгээдтэй гэрээ байгуулсан байх тул С.Гийн орон сууц захиалагчийн эрхийг Д.Н-д шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах боломжгүй байгааг мэдэгдсэнээс хойш уг маргаан үүссэн бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.Н болон “Б” ХХК-д гэрээнээс татгалзсан тухай албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1.Анхан шатны шүүхээс “Ө” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2021.02.07-ны өдөр №1 тоот барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг цуцлах, өгсөн авснаа буцаах шаардлагыг гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01499 дугаар шийдвэрээр гэрээг цуцлагдсан болохыг тогтоосон. Нөгөөтээгүүр “Б” ХХК-ийн зүгээс гэрээг цуцалж, маргаан бүхий Х дүүрэг ** дүгээр хороо, А-ын аманд баригдаж буй а-2 төслийн А5 дугаар блокын 2 дугаар орц 16 давхрын 74.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалагч М.М, С.Г нарын төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн хэдий ч гэрээний үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн нь болон гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар дурдаагүй, энэ талаар дүгнээгүй байна” гэж заажээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл “Ө” ХХК нь Х дүүрэг ** дүгээр хороо, А-ын аманд баригдаж буй А-2 төслийн А5 дугаар блокын 2 дугаар орц ** давхрын 74.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрөөс эдгээр нэр бүхий М.М, С.Г, Д.Н нараас огт төлбөр аваагүй атлаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх нь үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүхээс “Ө” ХХК болон иргэн С.Г-тэй байгуулсан гэрээний 6.6 дахь заалт нь дээрх маргаан үүсэхээс сэргийлсэн зохицуулалт болохыг огт анхаарч үзээгүй байна.
Хамтран хариуцагч С.Г-ээс гаргаж өгсөн Хаан банкны 50***** дансаар дамжуулан 113,635,200 төгрөгийг Д.Н-с хүлээж авсан байдаг. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлсэн гэж үзэхгүй байна. Учир нь хариуцагч "Ө" ХХК-ийн зүгээс “Б” ХХК-тай байгуулсан гэрээ, түүнээс улбаалан байгуулсан гэрээнүүдийг нэг талын санаачлагаар цуцлахаа илэрхийлж албан бичгийг хүргүүлсэн байтал тэрхүү гэрээ цуцлах албан бичгийг үнэлэлгүйгээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу Д.Н-ийг өмчлөгчөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01273 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/01163 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
6.Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
7.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “Ө” ХХК, С.Г нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2021.03.01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүй болгуулж, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... С.Г нь “Ө” ХХК-тай Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхон, А5 блок барилгын 2 дугаар орц, ** давхрын 74.76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар орон сууцны захиалгын гэрээг 2021.03.01-ний өдөр байгуулж, үнийг бүрэн төлсөн байсан. Улмаар С.Г нь 2021.03.05-ны өдөр орон сууцыг надад 113,635,200 төгрөгөөр худалдсан. Би түүнд үнийг бүрэн төлсөн учир орон сууцны өмчлөгч гэж үзэж байна. Мөн 2021.03.01-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний 6.6-д “Захиалагч нь орон сууцыг ашиглалтад орохоос өмнө худалдагчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн нь тус орон сууцыг бусдад шилжүүлэхдээ “Ө” ХХК-ийн зөвшөөрлийг авах утга агуулга бүхий заалт байгаа бөгөөд уг заалт нь хуульд нийцээгүй, худалдан авагчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна” гэжээ.
8.Хариуцагч “Ө” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тус компани Х дүүргийн 4 дүгээр хороонд байрлах А- 2 хотхонд А5 дугаар блокыг ашиглалтад оруулсан. Уг барилгыг барьж байх явцад буюу 2021.02.07-ны өдөр “Б” ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулж, арматурын үнийн зарим хэсэгт орон сууц өгөхөөр тохиролцож, уг компанийн хүсэлтийн дагуу эхлээд М.М-тай орон сууцны захиалгын гэрээг, дараа нь М.М-ын хүсэлтээр С.Г-тэй орон сууцны захиалгын гэрээг шинэчлэн байгуулсан. С.Г-тэй байгуулсан гэрээний 6.6-д захиалагч нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг цааш худалдахгүй гэж заасан боловч С.Г, Д.Н нар гэрээ байгуулахдаа манай компаниас зөвшөөрөл авч байж шийдвэрлүүлэх байсныг анхаарч үзээгүй байна. “Б” ХХК нь манай компанид арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. “Б” ХХК орон сууцыг худалдан авсан харилцагч болон хүмүүст өөрсдөө хохирол төлбөрийг нь төлж барагдуулахаа илэрхийлсэн албан бичгийг шүүхэд болон манай компанид ирүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Миний бие 2021.03.01-ний өдөр “Ө” ХХК-ийн борлуулагчаар дамжуулан А-2 хотхонд байр авсан бөгөөд тус компанийн захирал Г.Ц-той гэрээ байгуулсан. 5 хоногийн дараа өөрийн өмч болох уг байраа Д.Н-д зарсан. Одоо уг байр Д.Н-ийн өмчлөлд шилжсэн тул би энэ хэрэгт хамааралгүй. Уг байр Д.Н-ийн өмч тул гэрчилгээг нь “Ө” ХХК гаргаж өгнө гэж бодож байна” гэжээ.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Б” ХХК, М.М нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “…Хариуцагч “Ө” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан 2021.02.07-ны өдрийн №1 тоот барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, алданги 82,236,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01499 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн хэдий ч гэрээний үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн нь болон гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар дурдаагүй, энэ талаар дүгнээгүй. Хариуцагч “Ө” ХХК нь “Б” ХХК-д арматурын үнийг бартераар шилжүүлэхээр тохирч Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны ** давхрын 74.76 м.кв 2 өрөө орон сууцыг 2021.03.01-ний өдрийн 21/68 дугаар гэрээгээр С.Г-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан нь түүнд тухайн орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байх ба С.Г нь өөрийн худалдан авсан эд хөрөнгөө Д.Н-д худалдсан үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч “Ө” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийг 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч “Ө” ХХК-д даалгах нь зүйтэй байна. Харин гэрээний 6.6-д “захиалагч нь орон сууцыг ашиглалтад орохоос өмнө худалдагчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхийг хориглоно. Худалдагч зөвшөөрсөн нөхцөлд өмнөх захиалагчтай байгуулсан гэрээн цуцалж, шинээр гэрээ байгуулна” гэж заасан нь худалдан авагч Д.Н-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг заалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж адил дүгнэлт хийсэн байх бөгөөд маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзсэн байна.
13.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй боловч шүүхүүдийн нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх эрх зүйн дүгнэлт бүрэн бус байгааг нэмж дүгнэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
14.Энэ хэргийн зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэгч Д.Н нь 2021.03.05-ны өдөр С.Г-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээ байгуулах үндэслэл болсон “Ө” ХХК болон С.Гийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний дагуу ”Ө” ХХК-аас орон сууцыг шаардах эрхтэй эсэх, энэ шаардах эрхийг хэрэгжүүлэхэд ”Ө” ХХК болон “Б“ ХХК-ийн хооронд 2021.02.07-ны өдөр байгуулагдсан арматур нийлүүлэх гэрээ дуусгавар болсон явдал саад болох эсэх байна.
15.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, “Ө” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2021.02.07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу “Б” ХХК нь 2021.03.15-ны дотор 180 тн арматур нийлүүлэх үүргийг хүлээж, “Ө” ХХК нь төлбөрийн зарим хэсэгт маргааны зүйл болсон Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны ** давхрын 74.76 м.кв 2 өрөө орон сууцыг нийт 164,472,000 төгрөгөөр үнэлж нийт үнэ 333,000,000 төгрөгөөс хасахаар талууд тохиролцсон. Улмаар “Б” ХХК-ийн 2021.02.23-ны өдрийн 32 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж “Ө” ХХК нь орон сууцны захиалгын гэрээг 2021.02.24-ний өдөр М.Мтай, түүний гаргасан хүсэлтийн дагуу орон сууцны захиалгын гэрээг 2021.03.01-ний өдөр С.Гтэй тус тус шинэчлэн байгуулсан. С.Г 2021.03.05-ны өдөр дээрх орон сууцыг Д.Н-д худалдахаар гэрээ байгуулсан, эдгээр үйл баримт тогтоогджээ.
“Б” ХХК-ийн арматур нийлүүлэх гэрээнд заасан хугацааг талууд сунгаж 2021.06 сар гэж тохиролцсон хэдий ч уг хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс “Ө” ХХК нь гэрээнээс татгалзаж, алданги шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 183/ШШ2023/01499 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдсон боловч алданги шаардах эрхгүй гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь мөн хэрэгт авагдсан байна.
16.Дээрх үйл баримтаас үзэхэд “Ө” ХХК нь “Б” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс өмнө арматурын үнэд шилжүүлэхээр тохиролцсон орон сууцыг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн маргааны зүйл болсон орон сууцны үнийг М.М нь “Б” ХХК-д, С.Г М.Мт, Д.Н С.Гд тус тус төлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон байх бөгөөд “Ө” ХХК орон сууцны үнийг “Б” ХХК нь М.М-аас, М.М нь С.Г-ээс тус тус авсныг мэдэж, үүнийг хүлээн зөвшөөрч улмаар М.М, С.Г нартай “Б” ХХК-ийн оролцоогүйгээр дангаар орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, иймээс “орон сууцны өмчлөлийн талаарх хамгийн эхний хэлцлийн төлбөр манай компанид төлөгдөөгүй” гэсэн хяналтын гомдолд дурдсан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
17.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, 123.2-т “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно”, 123.3-т “үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтад аливаа шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх, эсхүл зайлшгүй зөвшөөрөл авах тохиолдлыг хуульчилсан байна.
“Ө” ХХК нь “Б” ХХК-ийн арматур нийлүүлсний дараа үнийг тооцон орон сууцыг шилжүүлэхийг, эсхүл тус компанид орон сууцыг шаардах эрхийг бусдад шилжүүлэхийг, бусдаас орон сууцны үнэ авахыг анхнаасаа хязгаарлаагүй, “Б” ХХК-ийн заасан М.М-тай, дараа нь М.М-ын заасан С.Г-тэй тус тус гэрээ байгуулсан байх тул С.Г нь Д.Н-д орон сууц шаардах эрхээ шилжүүлснийг гэрээ болон хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, “Ө” ХХК нь “Б” ХХК-ийн өөрөөс нь орон сууц шаардах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, улмаар С.Гтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар гэрээний 6.6-д заасан нөхцөл биелэгдсэн, орон сууцны өмчлөх эрх шилжих үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, энэ тохиолдолд гэрээний 6.6 дахь заалт нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй, мөн “Б” ХХК арматур нийлүүлж гэрээний үүргээ биелүүлээгүй нь эрх шилжүүлэн авсан гуравдагч этгээдүүдийн шаардах эрхийг үгүйсгэх боломжгүй юм.
18.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н нь “Ө” ХХК болон С.Г нарын хооронд 2021.03.01-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, С.Гтэй байгуулсан 2021.03.05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрхтэй.
19.”Ө” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсантай холбоотой тус компанид холбогдуулж шаардлага гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдав.
20.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна, иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01273 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө” ХХК 2024.08.12-ны өдөр төлсөн 870,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА