| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00057/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-04-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 57
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,
Шүүгдэгч Ү.Даваадорж нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үрчигийн Даваадоржид холбогдох эрүүгийн 201711000085 дугаартай хэргийг 2017 оны 4 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 8 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Зүтгүүрийн 6 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 02 сарын 17-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 12 сарын 23-ны өдрийн 222 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 7 сарын 08-ны өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 9 хоногийн ялаас 2 жил 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 9 сарын 22-ны өдөр 7 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
-Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 3 сарын 26-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 8 жил, 106 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 345 дугаар захирамжаар эдлэх ялаас үлдсэн 9 сар 5 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж суллагдсан,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 9 сарын 04-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, /овог тодорхойгүй/ Үрчигийн Даваадорж,
Шүүгдэгч Ү.Даваадорж ялтай байхдаа 2017 оны 02 сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58-01 тоотын хаалганы модыг хутгаар зорж онгойлгон орж Плитка 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, Эрдэнэт хивс /1х1,2м/ 1 ширхэг, орос масло 500 грамм, наранцэцэгийн тос 1 ширхэг, акбар цай 1 ширхэг, хөнжил 2 ширхэг, эсгий гудас 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн өвлийн куртка 1 ширхэг, шахмал ногоон цай 1 ширхэг, сонгино 1 килограмм, цагаан будаа 3 килограмм, эрэгтэй мөнгөн товч 9 ширхэг, эмэгтэй мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, шүртэй мөнгөн ээмэг 1 хос, ромбо хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгж, кулон 1 хос, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулон 1 хос, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, голоороо хугарсан мөнгөн бугуйвч 1 ширхэг, акира маркийн индүү 1 ширхэг, хар мөнгөн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, хүүхдийн хос мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 ширхэг, голоороо тасарсан нарийн мөнгөн гинж 1 ширхэг, тасарсан өргөн мөнгөн гинж 1 ширхэг, 40000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад нийт 978100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ү.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ү.Даваадорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.. 2017 оны 02 сарын 14-ний өдөр дүүгийнхээ гэрт байж байгаад шөнө гэрийнхэн унтахаар нь буюу 2017 оны 02 сарын 15-ны шөнө 03 цагийн орчимд гэрээсээ гараад архи уух мөнгө хайж байгаад 58 дугаар байрны хойд талын орцны 1 давхрын шатны талын модон хаалгыг өөртөө байсан хутгаараа хөшиж модыг нь зороод онгойлгож гэр рүү нь ороод Орос плитка, акира брэндийн индүү, Улаанбаатар архи 0.5 литр, хивс /жижиг/, хөнжил 2 ширхэг, эсгий гудас, эмэгтэй хүүхдийн өвлийн куртика, дөрвөлжин хайрцаг дотор хийсэн эрэгтэй мөнгөн товч 9 ширхэг, эмэгтэй мөнгөн товч 9 ширхэг, мөн мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтнүүд яг хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй, будаа, масло, дүрдэг цай, сонгино, наранцэцэгийн тос, шахмал ногоон цай зэрэг эд зүйл аваад гарсан. Тэгээд би шууд дүүгийнхээ гэрийн гадаа очоод амбаар дотор нь гудас, хөнжил 2 ширхэг, индүү, куртика зэргийг орхиод бусад юмыг аваад аймаг руу алхаад явж байгаад цагдаад баригдсан. ... аймгийн төв рүү явах замдаа хүнсний зүйлүүдийг нь хаяад, архийг нь уучихсан, мөн ус буцалгагчаа хаячихсан, бусад эд зүйлээ цагдаагийн байгууллагад хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Хохирогч Н.Болортуяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 02 сарын 15-ны орой гэртээ байж байгаад хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад 17 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ буюу Хэрлэн сумын 8 дугаар баг “Өлзийт” гэх газар руу явсан. Би гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод явсан, манай гэрт хүн үлдээгүй. 2017 оны 02 сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байж байхад цагдаагаас утсаар залгаад танай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. ... Манай гэрээс хулгайд алдагдсан Мечта маркийн орос плитка 1 ширхэг, эрдэнэт хивс 1 ширхэг, хөнжил 2 ширхэг, гудас 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн өвлийн куртика 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн товч 9 ширхэг, эмэгтэй мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн 3 хос ромбо хэлбэртэй, сувдан шигтгээтэй мөнгөн 3 хос, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, акира брэндийн индүү 1 ширхэг, хар мөнгөн шигтгээтэй ээмэг, хүүхдийн хос мөнгөн ээмэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж /нарийн, голоороо тасарсан/ 1 ширхэг, мөнгөн гинж /бүдүүн, голоороо тасарсан/ 1 ширхэг зэрэг эд зүйлүүдээ буцаан авсан. Одоо мөнгөн бугуйвч голоороо хугарсан 1 ширхэг, шүртэй мөнгөн ээмэг 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, орос масло 500 грамм, наранцэцэгийн тос 1 ширхэг, дүрдэг жижиг цай 1 хайрцаг, шахмал цай 1 ширхэг, сонгино 1 килограмм, цагаан будаа 3 килограмм, бурхан дээр байсан бэлэн мөнгө 40000 төгрөг зэрэг эд зүйлийн хохирол төлөгдөөгүй байгаа. Би гэрийнхээ хаалганы зорсон модыг өөрөө засварласан. Хаалга засахад ямар нэг зардал гаргаагүй тул нэхэмжлэхгүй. Үлдсэн эд зүйлээ нөхөн төлчихвөл надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34, 36/
-Эд мөрийн баримтаар; Ажлын хэсгийн урт 14 см, бариул 7 см урт төмөр хутгыг,
-Бичгийн нотлох баримтаар:
-Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай /хх-ийн 3/
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/
-Н.Болортуяагаас асууж авсан тайлбар /хх-ийн 7-9/
-Ч.Баттөгсөөс асууж авсан тайлбар /хх-ийн 10-11/
-Ү.Даваадоржоос асууж авсан тайлбар /хх-ийн 12-13/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15, 19/
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/
-Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20-21, 28-29, /
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26, 30-31/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/
-Гэрч Ч.Баттөгсийн мэдүүлэг /хх-ийн 37/
-Гэрч Ү.Цэцэгсайханы мэдүүлэг /хх-ийн 43/
-Шүүгдэгч Ү.Даваадоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53/
-Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 55-57/
-Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын ажлын албанаас ирүүлсэн тодорхойлолт /хх-ийн 58/
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/
-Таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд, бусад холбогдох баримтууд /хх-ийн 67-125/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ү.Даваадорж нь ялтай байхдаа 2017 оны 02 сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 байрны 01 тоотод оршин суух хохирогч Н.Болортуяагийн хаалганы модыг хутгаар зорж онгойлгон нэвтрэн орж “Мечта” плитка 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, Эрдэнэт хивс /1х1,2м/ 1 ширхэг, бэлнээр 40000 төгрөг зэрэг 29 төрлийн эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 978100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна.
Үүнд: Хохирогч Н.Болортуяа, гэрч Ч.Баттөгс, Ү.Цэцэгсайхан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ү.Даваадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Ү.Даваадоржид холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүх шүүгдэгч Ү.Даваадоржийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгслийг хэрэглэж буюу бусдын орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Даваадорж нь урьд нь хорих ял эдэлж байсан байх бөгөөд түүний ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ялтай байхдаа хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Болортуяад нийт 978100 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс хохирогчид 701500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн/ байгаа бөгөөд үлдэх 276600 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс энэ мөнгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байран нэн даруй хүргүүлвэл зохино.
Шүүгдэгч Ү.Даваадорж нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний эзэмшлээс 25000 төгрөгийн үнэ бүхий “аяга тавьдаг модон тавиур”-ыг битүүмжилсэн Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Отгонжаргалын 2017 оны 3 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч /овгоо мэдэхгүй/ Үрчигийн Даваадоржийг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Үрчигийн Даваадоржийг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Ү.Даваадоржид оногдуулсан 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Ялтан Ү.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн төмөр хутгыг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтны төрсний бүртгэлийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Ү.Даваадоржоос 276600 /хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Болортуяад олгосугай.
7. Ялтан Ү.Даваадоржийн эзэмшлээс “Аяга тавьдаг модон тавиур”-ыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ү.Даваадоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР