Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0633/З |
Дугаар | 128/ШШ2022/0615 |
Огноо | 2022-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0615
2022 08 24 128/ШШ2022/0615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.М даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н /РД:АБ00000000/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.А,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б, Т.Т, Э.Б нарын хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Н-аас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Д.Н-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар албан тоотоор өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Д.Н нь “...3 хүүхэд өөрөө төрүүлж өсгөсөн, мөн өөрийн дүүгийн хүүхэд А.Г-ыг 2 сар 14 хоногтойгоос 10 нас хүртэл нь үрчлэн авч өсгөсөн. Улсад 20 гаруй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хүсэлт гаргасныг, тус газар хянаж 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр А.Г-ыг 2 сартайгаас өсгөсөн гэх боловч улсын бүртгэлд үрчлэлт хийлгээгүй буюу үрчлэлтийн гэрчилгээгүй гэх шалтгаанаар татгалзсан хариу өгчээ.
2.2. Дээрх шийдвэрийг Д.Н эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байна.
2.3 Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/00 дугаар “Өргөдлийн хариу” албан бичгээр “...А.Г-ыг 3 хүртэл настайд нь үрчлэн авсан тухай нотлох баримт бичиг болох үрчлэлтийн гэрчилгээ байхгүй тул танд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэж хариу өгчээ.
2.4. Иймд нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“... Д.Н нь 51 настай, 3 хүүхэд өөрөө төрүүлж өсгөсөн, мөн өөрийн дүүгийн хүүхэд А.Г-ыг 2 сартайгаас 10 нас хүртэл нь үрчлэн авч өсгөсөн. Улсад 20 гаруй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газар хандахад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар албан тоот, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/00 дугаар албан тоотоор улсын бүртгэлд үрчлэлт хийлгээгүй буюу үрчлэлтийн гэрчилгээгүй гэх шалтгаанаар татгалзсан хариу өгсөн. Үүнд Д.Н миний бие гомдолтой байна.
Би А.Г-ыг үрчлэн авч өсгөж байх үед түүний ээж, аав нь Бүгд Найрамдах Солонгос Улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан тул үрчлэлт хийлгэсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлэх ямар ч боломжгүй байсан. Одоо үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бэлэн байгаа боловч 3 хүртэл настайд нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг хангахгүй гэж татгалзаж байх тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
Д.Н би 1995 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин Ц овогтой У-ыг, 1997 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Ц овогтой Н-ийг, 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Ц овогтой Н-ыг төрүүлсэн.
Миний төрсөн дүү Б овогт Д-ын А нь /РД:АБ00000001/ 2000 онд Замын-Үүд боомтоор гарч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаар дамжин Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байсан. 2009 онд өөрийн хүү болох А.Г-ыг /РД:ББ00000002/ 2 сар 14 хоногтой байхад нь Солонгос улсаас явуулна, бид энд ажиллаж байх учраас өөрсдөө өсгөж бойжуулж чадахгүй байна гэж гуйсан. Би зөвшөөрснөөр 2 сар 14 хоногтой А.Г-ыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас түүний ээж Б.О 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авчирч өгөөд 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан. Энэ өдрөөс хойш төрсөн эцэг, эх нь байхгүй А.Г-ыг өөрийн хүүхэд мэт тэжээн тэтгэж, энх тунх өсгөсөн буюу бодит амьдрал дээр үрчлэн авч өсгөн бойжуулсан гэх хуулийн заалттай яв цав нийцэж байна.
А.Г-ын ээж Б.О 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирэхэд А.Г нь 5 нас 3 сартай байсан бөгөөд бидэнд дасаад түүнийг өөрийнхөө ээж гэж мэдэхгүй байсан тул 2018 он буюу 10 нас хүртлээ манай гэр бүлд өссөн. 2018 оны 11 дүгээр сарын 25-нд миний дүү Д.А эх орондоо ирснээр 10 настай А.Г эцэг, эхийн хамт амьдрах болсон. Гэвч манай гэр бүлд байнга хамт байдаг.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулинд 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 нас хүртэл нь өсгөсөн гэх заалтыг Д.Н би А.Г-ыг 10 нас хүртэл нь тэжээн тэтгэж, эх, эцгийн оронд нөхрийн хамт эх, эцэг нь болсноор хангасан.
Иймд, А.Г-ыг Д.Н би 2 сартайгаас 10 нас хүртэл нь үрчлэн авч өсгөсөн болохыг тогтоож, миний хүч хөдөлмөрөө зориулан хайрлан өсгөсөн А.Г эрүүл саруул, энх тунх бойжиж байгаа, тухайн үед эцэг эх нь байгаагүй учраас үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан зэргийг харгалзан үзэж хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах эрх хангагдсан болохыг тогтоож, хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Д.Н надад өндөр насны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.3.4-д зааснаар даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Н нь 1971 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Бидний бага хүүхэд 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Д.Н-ын төрсөн дүү Д.А нь 2006 онд Бүгд найрамдах Солонгос Улсад ажиллахаар яваад 10 жил ажилласан байдаг. Манай бага хүүг ой хүрээгүй байхад А.Г-ын төрсөн аав Д.А ээж Б.О нар нь Солонгос улсаас яриад бид хүүхэд өсгөх боломжгүй байна, энд харласан учраас хүүтэйгээ хань болгоод А.Г-ыг өсгөж бойжуулж, хүмүүжүүлж аваач ээ гээд утсаар ярьж тохиролцсон байдаг. Бид зөвшөөрсний дагуу 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А.Г-ын төрсөн ээж онгоцоор авч ирж өгч буцсан байдаг. Энэ цагаас эхлэн манай гэр бүл ихэр хүүхэдтэй байгаа юм шиг амьдарч ирсэн.
Тухайн үед 2009 онд 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргад хандаад энэ хүүхдийг үрчилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байдаг. Хорооны засаг дарга хүсэлтийг дүүргийн Засаг даргад уламжилж өгсөн. Хүүхэд өсгөх асуудал яригдаж, дотоод журамд нь төрүүлсэн болон үрчилж авах гэж байгаа хүүхдүүдийн аав ээж заавал байлцаж нотариатаар батлуулна гэж заасан байдаг. Ингэх боломжгүй байсан учраас бид үрчлэлтийн буюу улсын бүртгэл хийгдээгүй. Бодит амьдрал дээр энэ хүүхдийг үрчлээд өсгөөд одоо эрүүл саруул энх тунх сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж, анги хамт олноо тэргүүлсэн сайхан хүү гүйж яваа. Энэ асуудлыг бид иргэний журмаар тогтоолгох гэсэн боловч иргэний шүүхээс боломжгүй гэдэг хариу өгсөн. Харьяаллын дагуу Засаг даргын мэдэлд байдаг гэсэн. Засаг даргад хандахад Засаг дарга албан ёсоор дүүргийн Засаг даргад бидэнтэй холбоотой бүх бичиг баримтыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгч, өөрсдөө өсгөж, үрчилж авсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт өгсөн.
Нийгмийн даатгалын хуульд гурав хүртэлх буюу дөрөв зургаа хүртэлх нь насанд нь үрчлэн авч өгсөн бойжуулсан бол 50 насанд тэтгэвэр тогтооно гэж заасан байдаг. Бид гурван төрсөн хүүхэдтэй, нэг үрчилж авсан хүүхдийг минь тогтоож тэтгэвэр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтээ нийгмийн даатгалын газарт гаргасан. Нийгмийн даатгалын газар улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа бөгөөд 50 насандаа тэтгэвэр тогтоолгохоор байсан ч 52 хүрчхээд байж байна. Хуулийн үрчлэн авч өгсөн бойжуулсан гэдэг заалт бидэнтэй яв цав нийцэж байгаа. Бодит амьдрал дээр үрчлэлт хийгдсэн ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь үнэн. Би амралтаараа 2 сар Солонгос улсад байж, нөхцөл байдалтай танилцсан. Өглөөнөөс орой болтол ажилладаг. Хараар ажиллаж байгаа учраас консулд хандаж өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах боломжгүй нөхцөл байдалд бидний дүү нар амьдардаг байсан. Нийгмийн даатгалын хуульд заасан эрхийг эдлэх боломжоор хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэдэгт итгэж байна” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Д.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасны дагуу тус болзлыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд холбогдох байгууллагад хандаад явж байна.
Бодит амьдрал дээр А.Г-ыг эдгээр хүмүүс үрчилчихсэн. Одоо энэ хүүхэд 14 нас хүрчихсэн. Хуульд заасан нөхцөлийг бодитоор хангасан. Энэ асуудал Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.9 мөн 25.10-д зааснаар Засаг даргын үүрэг байдаг. Засаг дарга холбогдох бүх баримтуудыг судалж үзэж, энэ хүүхдийг үрчилж өсгөсөн байна гэдэг тодорхойлолтыг албан тоотоор хийгээд өгчихсөн байдаг. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн энэ үйлдлийг Нийгмийн даатгалын хэлтэс анхаарч үзээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд өргөдөл гомдол гаргасан тохиолдолд тус хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх судлах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Бодит амьдрал дээр А.Г-ыг үрчилж авч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлыг хангасан байх тул А.Г-ыг үрчилж авсныг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргагч иргэн Д.Н /РД:АБ00000000/ нь өөрийн төрсөн дүү Д.А /РД:АБ00000001/ болон түүний гэргий Б.О /РД:ВВ00000005/ нарын төрсөн хүү А.Г /РД:ББ00000002/-ыг 2009 ны 06 дугаар сарын 09-ний өдрөөс буюу 2 сар 14 хоногтойгоос нь өсгөсөн талаар дурдаад, төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 настай болтол нь өсгөсөн хүүхдийн тоонд оруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д зааснаар хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэдэг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.9-д төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээг хавсаргана гэж тус тус заасан байдаг.
Иймд, нэхэмжлэл гаргагч иргэн Д.Н нь А.Г-ыг 3 хүртэл настайд нь үрчлэн авсан тухай үрчлэлтийн гэрчилгээ буюу нотлох баримт бичиг байхгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн гол агуулга нь А.Г-ыг төрүүлсэн хүүхдийн тоонд оруулах эсэх асуудал байдаг. А.Г-ыг оруулснаар энэ хүн 55 насандаа тэтгэвэр тогтоолгох ёстой бол гол нь насыг урагшлуулж тэтгэвэр тогтоолгох асуудал хөндөгдөнө.
Хоёрдугаарт хүүхдийн тоогоор ажилласан жил тооцох асуудал хөндөгдөнө. Гэтэл улсын бүртгэлийн бүртгэлээр А.Г нь төрсөн эх эцгийнхээ бүртгэлд байдаг. Д.Н-ын нэр дээр шилжээгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. Гэтэл улсын бүтгэлд төрүүлсэн эхийн нэр дээр бүртгэлтэй байгаа учраас бид тооцох боломжгүй юм. Манай байгууллагыг хариуцагчаар татах бус иргэний бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Гурван нас хүрэхээс өмнө үрчлэх асуудлыг шийдвэрлэж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж, холбогдох шийдвэр гарсан тохиолдолд манай байгууллага хүлээж авна.
Түүнээс яг энэ байдлаар Засаг даргын тодорхойлолтоор хүүхдийн тоонд оруулах нь хуульд нийцэхгүй. Үрчлэлтийн лавлагаа зайлшгүй байх ёстой бөгөөд үрчлэлтгүйгээр ээж нь мөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Мөн магадгүй А.Г-ыг Д.Н-ын хүүхдийн тоонд оруулж тэтгэврийг тогтоосноор улсын бүртгэлд төрүүлсэн ээж нь хүүхдийн ээжээр яваад байгаа тохиолдолд дараа нь төрүүлсэн ээж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангах үед хүүхдийн төрсний гэрчилгээгээр тухайн хүүхдийг давхардуулан тооцуулах асуудал үүсдэг. Үрчлэлтийн лавлагаа хийгдсэн тохиолдолд төрүүлсэн эх өөрийн хүүхдийн тоонд оруулах боломжгүй болох бөгөөд дараа дараагийн асуудал, үр дагавар гардаг учраас холбогдох шийдвэрийг үндэслэн энэ хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл бичиг баримтын асуудал зөрчилтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.М