Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1995

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Г, Ш.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Г, Ш.Гнарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Х, О Газарт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3 674 387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганцэцэг

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ш.Ггийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41-20 тоот хаягт буюу 5 давхарт байрлах Г.Х гэх айлаас халуун усны шугам гэмтэж, их хэмжээгээр ус алдагдсанаас доод 4, 3 болон 2 давхрын айлууд руу ус гоожсон. 41-16 тоот нь 41-20 тоотын яг доод талын айл бөгөөд бүхэлдээ усанд автаж, маш их хэмжээний хохирол амссан. Ус алдсанаас үүдэн нэхэмжлэгчийн орон сууцны цахилгаан монтаж гэмтсэн, бүх шалны паркетууд сэртийж, паркет хоорондын зай үүссэн, бүх өрөөний обойнууд хууларсан, хана тааз халтартаж шарласан, ариун цэврийн өрөөний плитанууд хөндийрсөн, бэлэг дурсгалын сувенир норж цүлхийсэн, усан будгаар будсан зураг усанд нүүж халтартсан гутал хувцаснууд норж шарлаж өнгөө алдсан, буйдан, хивс норж халтартсан, их хэмжээний ном дэвтэр норж хэрэглэгдэх боломжгүй болсон. Мөн хананд өлгөөтэй байсан 48 инчийн Сони маркийн лед зурагт руу ус орсны улмаас инвертор нь хөхөрч зэвэрч ажиллагаагүй болсон нь BSB-ийн албан ёсны электрон бараа засварын газраар оношлогдсон. Энэ инвертор хэмээх детал нь одоогоор байхгүй байгаа, захиалбал 45-60 хоногийн дараа ирнэ гэсэн хүлээлтийн байдалтай байна. Мөн хана, тааз их хэмжээгээр норсны улмаас цахилгааны монтаж гэмтлийг 15 хоног хана, таазыг хаттал хүлээх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ХҮТ-2 хийж гал тогооны өрөөний цонхоор түр цахилгааны утас оруулж өгсөн ба тухайн байранд гэрэл байхгүй бага насны хүүхэдтэй учир амьдрах боломжгүй байсан. Одоо байшингаас нил чийг үнэртэж, хүн амьдрах боломжгүй бөгөөд бүтэн засвар хийх шаардлагатай болсон. Ингээд дээд айл буюу 41-20 тоот Г.Хд гомдол мэдүүлэхэд О ГАЗАРазрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн болсон тул ХҮТ-дөө ханд гэсэн. ХҮТ-2 нь Хаан даатгалд даатгуулсан байсан бөгөөд Хаан даатгалд материалаа бүрдүүлж өгөхөд мэргэжлийн хариуцлага алдсан нь тогтоогдохгүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн хариуг өгсөн. Иймд даатгалаас хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй болсон. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс “Итгэлт-Эстимэйт” ХХК бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө үйлчилгээний компанид хандаж ус алдсаны улмаас учирсан хохирол үнэлгээ хийлгэсэн. Итгэлт -Эстимейт ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үнэлгээгээр 3 554 387 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Мөн үнэлгээ хийсний төлбөрт 120 000 төгрөг авсан. Иймд Г.Х болон О ГАЗАРазраас тус тус ус алдсаны улмаас учирсан хохиролд 3 554 387 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөрт 120 000 төгрөг нийт 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г, Ш.Гнарт олгуулна уу гэжээ.

 

Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 41-20 тоотод оршин суугч Г.Х миний бие Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагчийн шаардсаны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус төвийн засварчнаар халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулахаар авснаас шалтгаалж халуун усны труба хагарч ус алдан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн диспетчерт яаралтай дуудлага өгсөн боловч 1 цаг 58 минут болж байж арай гэж ирсэн засварчин Отгондаваа архи уусан байсан. Яаралтай дуудлага өгсөөр байтал ингэж их цаг алдаж, хариуцлагагүй хандсан.

Тухайн өдрийн ээлжийн инженер н.Одгэрэл диспетчерийг орлож байсан н.Загдсүрэн, засварчин нар хэтэрхий хариуцлагагүй хандсанаас манайх, манай доод давхрын айл болох Ш.Ггийнд хохирол учирсан. Энэ талаар ХҮТ-ийн захиргаанд гомдол гаргасан боловч, намайг үл тоож, ямар ч арга хэмжээ аваагүй акт ч гаргаж өгөөгүй. Иймээс Ш.Ггийн гаргасан хохирлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ХҮТ-ийн инженер, диспетчир нар дуудлаганд хайнга, хариуцлагагүй хандсан. Анх тоолуур тавихад шаардагдах эд зүйлсийг уг орон сууцны контороос гаргаж хийсэн. Би хямд чанаргүй эдээр хийснээс зэвэрч муудсан байсан нь ус алдахад нөлөөлсөн гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сард халаалт доголдож шугам салахад иргэн Ш.Гг дуудсан боловч ирээгүйгээс труба солиход ирсэн засварчид ажлаа дутуу орхисон. ХҮТ-рүү ажлаа гүйцээхийг шаардсан боловч зохих арга хэмжээг аваагүй зэргээс энэ асуудал гарсан гэж үзэж байна. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны ус алдсан өдөр ирсэн эрх бүхий мэргэжлийн этгээдийн үйлдсэн Актыг надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Уг актад хаанаас ус гоожиж, аль өрөөний хэдэн кв метр талбай, ямар хэмжээнд тарсан, үүнээс болж ямар хэмжээний хохирол учирсныг тооцон үнэлж, схемчлэн зурж баталгаажуулаагүй. Чухам юунаас болж ус гоожих болсон шалтгааныг үнэн зөвөөр тогтоож актад үндэслэлтэйгээр зураглан тусгаагүй. Ер нь шүүх ажиллагааг явуулахдаа зөвхөн хохирогчийн хэлсэн үг, гаргасан өргөдлийг баримтлан хариуцагч миний инженерийн шугам сүлжээний талаарх мэдлэггүй байдлыг ашиглан болсон үйл явдлын бодит үнэнийг нотлон илчилж чадахгүй нэг талын гомдлыг хэт баримтлан шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна. Тэр өдөр манайхан ямар ч ус алдаагүй байхад тус конторын ажилтан манайд ирж усныхаа тоолуурыг баталгаажуул гэсэн шаардлага тавьсан. Тэгээд мэргэжлийн засварчин тоолуур авч өгөөд шалгуулан баталгаажуул гэснийг би иргэнийхээ үүрэг хариуцлагын дагуу хүлээн зөвшөөрч зааж өгсөн мэргэжлийн албанд хүргэж өгсөн. Гэтэл усны тоолуур авсан хаалтны араас ус гоожиж эхэлсэн. Энэ бүгдийг тунгаан бодвол манай сууцнаас ус алдсан шалтаг, шалтгаан надад ямар ч хамаагүй болох нь тодорхой байгаа юм гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “Хэрэгт авагдсан үнэлгээний тайлан дахь фото зургийг үзсэн. Тэр зураг энэ айлын зураг мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Хананы цаасыг хуулж авсан фото зургийг харахад тэнд шарласан зүйл харагдаагүй. Засвар хийх гээд хуулсан байгаа зураг харагдсан. Ийм төрлийн маргаанд бүх санхүүгийн баримтуудыг гаргаж ирдэг. 3 өрөө байранд ханын цаас солих засварын ажилд хэдэн зуун мянган төгрөг л зарцуулагддаг. 3 өрөө байрны гал зууханд алдсан устай холбогдуулаад хүүхдийн өрөөний цаад талын ханын цаас муудсан гэж байгаа. Хуучны байрнуудын 5 давхрын айлуудын ханыг үзэх юм бол бороо ороход бүгд битүү норж байдаг. Үүнээс болоод бүх өрөөнийх нь ханын цаас муудсан тохиолдол байдаг. Нэг л зүйлийг хүлээн зөвшөөрнө. Санхүүгийн баримтыг л хүлээн зөвшөөрнө. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Очиж үзэхгүйгээр үнэлгээ хийдэг. ...Нөгөө талаас өмчлөлийн асуудлыг ярина. Аваарыг хаадаг крант нь түгжээтэй байсан гэж байна. Айлын крантаас дотогш талд ус алдсан бол айл тэр крантыг хаагаад усыг зогсоочихно. Ус алдсан болохыг тэр дор нь мэдсэн. Хаалгыг эвдэлж орж усыг хаасан гэж байна. Хэн подвалийн хаалгыг цоожилсон юм. Энэ бүх асуудал өмчлөлд хамаатай. 1960-аад оны байшин гэхээр 50 жил болж байна. Нэг төмөр труба хэдэн жил болох ёстой, трубаг хэн солих ёстой юм. Түүнийг солих эрхтэй этгээд нь Г.Х мөн үү. Одоо байгаа трубанууд нь нимгэн болсон байгаа. Засвар хийсэн байрны фото зураг байна уу гэхэд байхгүй байсан. Байрны хэмжээсийг аваад л хийчихсэн үнэлгээ байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээч нарт эрүүгийн хэрэг үүсгээд үнэлгээний эрхийг нь хүчингүй болгосон. Фото зураггүй үнэлгээ гэж байхгүй. Давхар фото зургаар баталгаажиж байж үнэлгээ үнэн зөв, бодитой болдог. Тээврийн зардал нь худлаа. Автомат программ дээр хананы өргөн, өндөр, урт гэсэн хэмжээсүүдийг тавиад л үнэлгээ гаргадаг. Газар дээр нь очиж хийгээгүй, газар дээр нь очиж, фото зургаар баталгаажуулаагүй үнэлгээг үнэлгээ гэж үзэхгүй учир дахин шинжээч томилох ёстой. Материалын үнэ байхгүй байна. Энэ хүмүүс материалаа худалдаж авсан байх ёстой. Худалдаж авахад баримт, падаан өгнө. Баримтгүй шинжээчийн дүгнэлт байх ёсгүй. СӨХ-ны хэн нэг хүн нь доод талын подвалийг цоожлоод явсан байдаг. СӨХ жижүүртэй байх ёстой. Ус алдсан мэдээлэл аваад тэр дор нь хаасан бол доод айл руу ус орохгүй. СӨХ хариуцах ёстой. Эсвэл орон сууцны конторт мэдэгдэхэд контор нь хааж болно. Слесарь нь өчнөөн цагийн дараа ирсэн байдаг. Утсаар ярьсан жагсаалтыг үзэхэд 4, 5 удаа ярьсан байна. Слесарь нь ирсэн байсан бол тийм их дуудлага хийгээд байх ёстой юм уу. Үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь хуурамч акт. 2 акт байгаа, хоёулаа 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагт үзлэг хийхэд гэсэн байгаа. Бичилт нь өөр байна. 2 дахиж хийсэн актад 16 цагт үзлэг хийхэд гэж бичсэн. Утсаар ярьсан, дуудлага хийсэн баримтыг үзэхэд 15 цаг 59 минут, 16 цаг 01 минут, 16 цаг 16 минут, 16 цаг 58 минут, 18 цаг 43 минут гэсэн байна. 3 цагийн турш утсаар дуудлага өгөөд байна. Тэгэхээр 16 цагт үзлэг хийгээгүй нь харагдаж байна. Мөнгө нэхэхийн тулд ийм акт хийлгээд авсан байна. 18 цаг 43 минут гэхэд слесарь ирээгүй байсан гэсэн үг. Тэгэхээр слесарь ирээгүй байсан бол яагаад 16 цагт үзлэг хийсэн бэ? Шинжээчийн дүгнэлт нь худал, үндсэн нотлох баримт болох үзлэг хийсэн акт нь худал. Хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн байна. Акт нь дараагийн утсаар ярьсан жагсаалтаар үгүйсгэгдэж байна. Г.Х гэм хор учруулаагүй. Зүгээр байж байгаад хагарсан. Тэр шугам хүүхдийн тоглоом шиг болсон, түүнийг солих ёстой байсан. Босоо шугам нь бүх өмчлөгч гэдгээс илүү 5 айлд хамаарна. СӨХ-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хэний өмч вэ гэдэг нь эргэлзээтэй. Цахилгааны шугам ч адилхан шийднээс шийдний хооронд өмчлөл нь хамаардаг. СӨХ-ны өмч орон сууцны хаалтнаас гэр доторх хаалт хүртэл хамаарна. Энэ хагарсан труба нь завсарт байж байгаа, оршин суугчид огт хамааралгүй. Жинхэнэ хариуцагч нь СӨХ байгаа. Ус алдсан трубаны гэмтэл нь сантехникийн шугамын өндөр даралттай талдаа байгаа тул хариуцагч Г.Х тухайн гэмтлээс үүдэлтэй хохирлыг хариуцахгүй. Учир нь нам даралттай тал нь хэрэглэгчид хамааралтай, аваарийн винтелээс цааших хэсэг буюу өндөр даралттай хэсэг нь хэрэглэгчид хамааралгүй, түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах байгууллагад хамаарах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О ГАЗАР-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Г.Загдсүрэн, Ж.Батхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 41-р байрны 20 тоотоос ус алдсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн өдөр ээлжинд гарч байсан дуудлагын засварчин Отгондаваа 2 дугаар байрны 3 тоотод уян холбоо цоорч ус алдсан дуудлагын дагуу очиж уян холбоог сольж байсан тул тухайн өдөр ээлжийн инженерийн үүрэг гүйцэтгэж байсан Г.Загдсүрэн засварчин Ганзоригтыг очихыг үүрэг болгоход Ахмадын хороололд айлд тоолуур угсарч байсан. Ингээд засварчин н.Отгондаваа, н.Ганзориг нар 16 цаг 20 минутад очиж үзэхэд 20 тоот айлын халуун усны аваарийн вентилийн өндөр талын холбох хэрэгсэл болох фа мултарсан байсан. Иймд тухайн айлын таширын вентилийг хаахаар подвалын цоожийг эвдэн орж харъяа таширын винтелийг хаах гэсэн боловч барихгүй байсан тул 3 дугаар орцонд байдаг байрны халуун усны таслах хаалтыг хааж усны алдагдлыг 16 цаг 25 минутад зогсоон тус айлын мултарсан холбоо болох ба фаг холбож өгөн аваарийн вентилээ шинээр солих шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгч, материал захин байрны усыг эргүүлэн тавьж бусад айл өрх, оршин суугчдын халуун усаар хангасан. 20 цагийн орчим 20 тоотын айл материалаа авч ирэн засварчин н.Ганзоригтоор солиулахаар тохирч засварчин н.Ганзоригт вентиль солихоор байрны усыг хаах талаар ээлжийн инженерт мэдэгдсэн талаар тухайн өдрийн рапортын дэвтэрт тэмдэглэсэн байна. Тус 20 тоотын эзэн н.Хандсүрэн нь ус алдсаны өмнөх өдөр буюу 26-ны өдөр байрныхаа орчимд засварчин н.Ганзоригтой тааралдаж тоолуур баталгаажуулах албан шаардлага ирсэн учраас тоолуураа салгуулах хэрэгтэй байна, чи салгаад өгөөч гэсний дагуу 27-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутад засварчин н.Ганзоригт очиж халуун хүйтэн усны  2 ширхэг тоолуурыг нь салгаж өгсөн бөгөөд энэ талаар байгууллагад албан ёсоор дуудлага өгч тэмдэглээгүй байна. Иймд манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Гуравдагч этгээд “Хантайшир” СӨХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 7 дугаар хороо, 41-16 тоотын хүсэлтээр “Хантайшир” СӨХ-г гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан нь тус СӨХ-д хамааралгүй шугам болохыг албан ёсоор мэдэгдэж байна. СӨХ нь зөвхөн подваль дахь шугам хариуцдаг болно. Хувь айл хариуцлага алдсан бол Орон сууцны конторт хандан акт тогтоолгож, ус алдсан айл дээр төлбөр тогтоож гаргах өгөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хгээс 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчШ.Гболон хариуцагч О ГАЗАР-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Хгээс 73 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Х давж заалдах гомдолдоо: “...Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарласан. "... эд хөрөнгө хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй " гэж хуульд заажээ. Дээрх заалтыг харахад /үйлдэл/ гэж маш тодорхой бичсэн байх ба хариуцагч Г.Хгийн ямар үйлдлийг буруу талаар "аливаа хөрөнгөөс шалтгаалан бусдад гэм хор учирсан хариуцлагыг тухайн этгээд болгоомжгүй, эс үйлдэхүйгээр учруулсанд тооцон хариуцан арилгуулах үндэслэлийг Иргэний хуулиар зохицуулсан байна" гээд Г.Хг төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Г.Хд санаатай, болгоомжгүй, эс үйлдэхүй байхгүй. Тэгэхээр хуульд заасан санаатай, болгоомжгүй, эс үйлдэхүйн аль нэг нь байхгүй бол 497 дүгээр зүйлийн 497.2 дахь заалт хамаарч байна. Хэрэв усны тоолуурыг өөр этгээд сольж өгсөн тохиолдолд ус алдахгүй байх боломж байсан уу гэдэг асуулт гэм хорыг тодорхойлоход чухал юм. Хэрэв слесерь резваг чангалахдаа хэт чангалснаас хагарсан бол өөр слесерь уг ажлыг хийсэн бол ус алдахгүй байсан гэж бодож болно. Тэгвэл слесерь гэм хор учруулсанд тооцогдоно. Хэрэв тоолуурыг шалгаж байсан этгээд гэмтээгээд тэр гэмтлээс хожим ус алдсан бол тоолуурыг шалгасан байгууллага хариуцна. Энэхүү маргааны тухайд даатгалын байгууллага оролцох эрх нь зөрчигдөх боломж байгаа эсэхийг анхаарах ёстой. Орчин үед орон сууцны конторууд даатгуулдаг болсон. Өөрөөр хэлбэл орон сууцны контор нь хохирлыг нь арилгаж, тэр хохирлоо даатгалаас гаргуулах боломжтой. Гэм хор гээд байгаа төлбөр нь шууд учирсан гарч болох ирээдүйн зардлын урьдчилсан тооцоолол юм. Зүй нь гэм хор гэдэг бол баримтаар нотлогдох ба шүүх хурал дээр баримтаа гаргаж өгөхийг удаа дараа шаардахад гаргаж өгөхөөс татгалзсан. Сүүлд нь ванны ус гоожоод том өрөөний цаана байх өөд өөдөөсөө харсан хүүхдийн өрөө, унтлагын өрөөний паркетыг сольсон гэж ярьдаг. Бид сольсон гэх паркетан шалыг авах шаардлага тавьсан. Учир нь төлбөрийг нь төлсөн бол сольсон паркетан шал хариуцагчийн өмч болох ёстой. .Нэхэмжлэгч тал хувийн журмаар өндөр үнэтэй дүгнэлт гаргуулсан байдаг ба тэр дүгнэлтээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс томилогдсон шинжээч нь очиж үзээгүй. Хэрэв танилцсан бол паркетан шал солигдоогүй, хуучин шал байгааг дүгнэлтэндээ дурдах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Гэрэлмаа, Ш.Г нар нь хариуцагч Г.Х болон О Газарт тус тус холбогдуулан орон сууцанд ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 3 674 387 төгрөг гаргуулах нэхэмжлэл хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Ггийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоотын орон сууцны айлаас ус алдаж, хохирол учирсан үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ггийн өмчлөлийн орон сууц буюу эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгуулах шаардлагыгШ.Гболон Ш.Г нар гаргасан байх ба үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Г бүртгэлтэй байна. /хх 6/ Хамтран нэхэмжлэл гаргасанШ.Гнь тухайн орон сууцанд учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж үзсэн нь зөв байна.

 

Хэрэгт хариуцагч Г.Хгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоот орон сууцны сантехникийн хоолойноос ус алдаж, Ш.Ггийн өмчлөлийн орон сууцанд 3 554 387 төгрөгийн хохирол учирсан болох нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тайлан, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт мэргэжлийн хариуцлагын хорооны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №24/16 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна. /хх 10-23, 83-87/ 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоот орон сууцны сантехникийн хоолойноос ус алдсан нь уг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй бөгөөд уг орон сууцны өмчлөгч Г.Хгийн дангаар өмчлөх сууцны хэсэг гэж үзэн, шүүх Ш.Ггийн өмчлөлийн орон сууцанд учруулсан хохирол болох 3 554 387 төгрөг, хохирлын үнэлгээний тайлан гаргахад зарцуулсан төлбөр 120 000 төгрөг /хх 48/, нийт 3 674 387 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Хгээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Гд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Мөн анхан шатны шүүх хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан ус алдсан дуудлагаар очиж сантехникийн үйлчилгээ үзүүлсэн нь тус байгууллагын ажилтны буруугаас болж ус алдсан гэх шалтгаант холбоог нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч О Газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар хороолол, 41 дүгээр байрны 20 тоот орон сууцны сантехникийн хоолойны ус алдсан эвдрэл бүхий хэсэг нь тухайн орон сууцны өмчлөгчид хамааралгүй, орон сууцны нэгдсэн шугамыг хариуцах этгээдийн буруугаас ус алдсан хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Хгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН