Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1000

 

                                       

  2020            8            11                                            2020/ДШМ/1000

 

Х.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Х.Э,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1097 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01064 1053 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн  Х.Э, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .................. оршин суух, /РД: ................/,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Х.Э нь иргэн Д.Бийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна, цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” гэж хуурч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, мөн “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр урьдчилгаанд 1.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эыг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Х.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Эаас нийт 9.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бт олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Х.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмт хэрэг, зөрчилд холбогдсондоо маш ихээр гэмшиж, буруугаа ойлгож ухаарсан бөгөөд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй болно. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Миний бие нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэ хэрэг явдлын улмаас миний бага насны 2 хүүхэд, гэр бүл маань сэтгэл зүйгээрээ хамт яллагдаж, миний эрүүл мэндийн байдал хүндэрч, хууч өвчин сэдэрч /бөөрний архаг үрэвсэл/, үе үе зүрхний хэм алдагдаж тус хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна. Тиймээс миний хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Гантулгабат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Эын гэм буруу нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Х.Э нь иргэн Д.Бийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна, цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” гэж хуурч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, мөн “Манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр урьдчилгаанд 1.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “...Х.Э гэх эмэгтэйг 2019 оны 10 дугаар сараас асрагчаар ажиллуулах болсон. 2019 оны 11 дүгээр сарын дундуур манай эхнэр надад хэлэхдээ “Х.Эын хадмынх нь мянгат малчин гэнэ, “Номин”-д гэрээгээр мах нийлүүлдэг гэнэ, 1 хонийг 65.000 төгрөгөөр зарна гэнээ, хоёулаа авах уу” гэхээр нь би “яагаад 65.000 төгрөг гэдэг юм” гэж хэлэхэд “Х.Э хэлэхдээ надад 65.000 төгрөгөөр өгнө” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “9.000.000 төгрөгөнд авъя” гэж ярьсан байсан бөгөөд надаас мөнгө өгчих гээд байхаар нь би өөрийнхөө 88110108 дугаарыг барьцаанд тавиад 9.000.000 төгрөг аваад эхнэртээ өгсөн. Тэгээд тэрнээс хойш мах ирэхгүй байхаар нь “мax яасан бэ” гэж асуухаар “удахгүй ирнэ” гэж хэлдэг байсан бөгөөд 12 дугаар сарын сүүлээр дахин асуухад “хүргэний аавын бие муудаад яаралтай хагалгаанд орох гээд махыг чинь явуулж чадаагүй байгаа” гэж хэлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын эхээр эхнэр, бид хоёр “Монгол гутал хийлгэе” гэж ярьж байсан. Гэтэл Х.Э нь манай эхнэрт хэлэхдээ “манай хажуу талын хүн Монгол гутал хийдэг, Завханы хүн байгаа юм, ер нь Завханы улсууд Монгол гутал сайн хийдэг” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манай эхнэр “гутал хийлгэе” гэж хэлэхэд “нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр хийлгүүлээд өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим “гутлын урьдчилгаанд 1.000.000 төгрөг нэхээд байна, би чиний утсыг өгчихсөн шүү” гэж хэлсэн. Тэгтэл 91695351 гэсэн дугаараас над руу залгаад “би нөгөө гутал хийх хүн чинь байна, хүний утаснаас ярьж байна” гэж мөнгөө нэхээд байхаар нь “ямар дансанд хийх вэ” гэхэд “Нэмэхзаяа гэх хүний данс байгаа” гээд ХААН банкны 5028674213 гэсэн данс өгөхөөр нь би 1.000.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. ...Тэгэхээр нь гутлаа асуухад “гутлыг чинь хийж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 2 дугаар cap гарахаар нь би бүр аргаа бараад “мax зарах хүнийхээ утасны дугаарыг өг” гэж хэлэхэд 98624044 гэсэн дугаарыг өгсөн. Тэр утас нь огт холбогдохгүй байсан бөгөөд саяхан ярихад “намайг Өлзийбаяр гэдэг, би Архангай аймагт байдаг, би тийм мал зардаг хүн биш, малчин биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Эд “...чиний өгсөн дугаар биш байна” гэхэд “ямар сонин юм, мөн дөө” гэснээ “за, би асууя” гэсэн. Тэгээд маргааш нь над руу яриад “дүү маань осолд ороод гэмтэлд байгаа” гэж хэлсэн боловч тэр нь бас худлаа байсан. Тэгээд Х.Э намайг гуйгаад “удахгүй мах чинь ирнэ, би гэрт чинь ажиллана” гэхээр нь “чи нөгөө махаа яасан бэ, утсыг нь олсон уу” гэхэд “нөгөө мах зарах хүн маань саяхан ирээд явсан байна, би бэртэй нь таарсан” гэж хэлснээ 91695351 гэсэн дугаар өгсөн. Би тэр үед анзаараагүй бөгөөд сүүлд гэнэт санахад надаас 1.000.000 төгрөг авахдаа гутал хийдэг хүн байна гэж ярьсан дугаар байсан. ...Х.Э нь надаас залилж авсан 10.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулаагүй. ...1.000.000 төгрөгийнхөө оронд монгол гутал авчирч өгсөн байгаа. Надаас мах авна гэж залилсан 9.000.000 төгрөгөө өгөөгүй байгаа. ...” /хх 8-13/,

гэрч Э.А-гийн “...гэртээ гэрийн үйлчлэгчээр Х.Э гэх хүнийг ажилд авсан. Гэтэл Х.Э 2019 оны 11 дүгээр сарын дундуур, өдрийг нь санахгүй байна, “манай хүргэн Архангай аймгийн Тариат суманд мянгат малчин, би хүргэнээсээ 250 хурга 2018 оны хавар аваад намар зарсан ба мах ингээд зарвал их ашигтай юм байна лээ, би одоо 1 ширхэг хонины махыг 60.000-65.000 төгрөгөөр аваад хавар буюу цагаан сараар үнэд орохоор нь зарна гэж байна, тэгээд намайг хоёулаа хонь аваад хавар заръя, их мөнгөөр их мах авчихвал ашиг нь өндөр байна” гэж хэлсэн. Тэгээд намайг мөнгө зээлчих гэхээр нь би 88110660 дугаарыг барьцаалж зээл авахаар болсон. Намайг дугаар барьцаалж зээл авах гэж байгааг Х.Э мэдсэн ба тухайн үед хүүг нь хувааж төлнө гэж байсан. Тэгээд дугаараа барьцаалж 5.000.000 төгрөг аваад, нөхөр Д.Боос нэмж 4.000.000 төгрөг аваад нийт 9.000.000 төгрөгийг Х.Эын 5063058779 дугаарын данс руу өөрийн 5176010794 дугаарын дансаар шилжүүлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “манай хамар хашааны эмэгтэй хүн Монгол гутал хямдхан хийдэг, та хоёр энэ хүн дээр хямдхан хийлгэх үү” гэсэн. Өмнө нь би Завхан аймаг руу Монгол гутал хийлгэх талаар ярьж байхыг Х.Э сонсож байсан. Тэгэхээр нь эрэгтэй, эмэгтэй 2 хүний монгол гутал хийлгэхээр болоод нэг монгол гуталны урьдчилгаа гэж 1.000.000 төгрөгийг 5028674213 дугаарын Нэмэхзаяа гэдэг хүний дансаар манай нөхрөөс шилжүүлсэн. Тэгээд дараа нь “нөгөө ирнэ гэсэн хонины мах чинь яасан” гэж асуухад “хотод утаатай байна, хөдөө зооринд хийгээд хөлдөөж байгаа, удахгүй ирнэ, манай хүргэн “Номин Холдинг” ХХК-д менежер хийдэг, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр мах ирнэ, манай хүргэний хонины махыг “Номин Холдинг” ХХК гэрээгээр их хэмжээгээр авч байгаа” гэсэн. 2020 оны 1 дүгээр сард “мax хэзээ ирэх вэ” гэж асуухад “манай хүргэний аавын бие нь муу байгаа, манай хүргэний аав нас барчихсан” гэж удаа дараа худлаа ярьж байсан. ...” /хх 18-20/,

гэрч Л.Г-ийн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж санаж байна. Намайг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 97 тоотод гэртээ байхад манайд Нандин-Эрдэнэ ирсэн. Нандин-Эрдэнэ надтай уулзахдаа “Манай эгч Х.Э хөдөө хүнээр монгол гутал хийлгэнэ гэсэн, тэгээд Х.Э эгч тэр мөнгөнөөс нь өөртөө илүү мөнгө авах гэж байгаа гэсэн, энэ мөнгөнөөс надад утас авч өгнө гэсэн” гэж Нандин-Эрдэнэ надад хэлсэн. Тэгээд намайг “монгол гутал хийдэг хүн болоод яриад урьдчилгаа мөнгийг нь аваад өг” гэсэн. Тэгээд би ээжийн 91695351 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүнтэй яриад /Нандин-Эрдэнэ надад хэлэх үгийг минь цаасан дээр бичиж өгсөн/ “Би монгол гутал хийдэг хүн байна, гутлаа эхлүүлмээр байна, тэгэхгүй бол захиалга ихтэй байгаа учир таны хийлгэх гэж байгаа монгол гутлыг удаачихаж магадгүй, та урьдчилгаа мөнгөө шилжүүлэхгүй бол материал авах мөнгөгүй байна” гэж ярьсан. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нандин-Эрдэнэ нь манай эгчийн 95168882 дугаар руу залгаад “та нөгөө хүнтэйгээ яриад урьдчилгааг нь хурдан шилжүүлээд өг гээд хэлээд өгөөч, манай эгч Х.Э энэ талаар монгол гутал авах хүнд нь хэлчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би 99119595 гэсэн дугаар руу залгахад эрэгтэй хүн авахаар нь “та урьдчилгаа мөнгөө шилжүүлчих үү” гэтэл нөгөө эрэгтэй хүн “над руу мессежээр дансаа явуулчих” гэсэн. ...Тэгээд Х.Э гэх эмэгтэйтэй холбогдоод монгол гутал хийлгэх хүн нь дансаа өгчих гэж байна” гэтэл Х.Э надад “би өөрийнхөө дансаар мөнгийг нь авч болохгүй, миний дансыг нөгөө хүн нь мэдэх болохоор чи данс олоод шилжүүлж аваад над руу буцаагаад шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би ээж Нэмэхзаяагийн 5028674213 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд Х.Эын 5063058779 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэх гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Х.Э руу залгаад “миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна, таны данс руу 999.000 төгрөг шилжүүлчих үү” гэтэл Х.Э “980.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь тухайн мөнгийг нь шилжүүлсэн. ...” /хх 21-247/,

гэрч Б.Н-гийн “...ХААН банкны 5028674213 дугаарын данс болон 91695351 дугаарын утасны дугаар нь миний эзэмшлийн данс болон дугаар байгаа юм. Манай охин Ганчимэг орж ирээд “та картаа өгчих, таны данс руу мөнгө шилжүүлж аваад өөр данс руу шилжүүлчихээд өгье” гээд авсан. ...” /хх 25-26/,

гэрч Б.- “...Х.Э эгч над руу залгаад “Манай гэрийн эзэн монгол гутал хийлгэнэ” гэж байна. Манай гэрийн хажууд байдаг хүн монгол гутал хийдэг юм, манайх түлээ, нүүрсгүй болчихсон учраас дундаас нь хэдэн төгрөг унагаах гэсэн юм. Чи манай гэрийн эзэнтэй “монгол гутал хийдэг хүн болоод яриад өгөөч, би чамд гар утас авч өгье” гэсэн. Тэгэхээр нь би Х.Э эгчид “би худлаа ярьж чадахгүй” гэтэл “...өөр яриад өгөх хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь танил Ганчимэг эгчийн гэрт нь очоод “манай танил эгч Х.Э гэдэг хүн байдаг юм, түлээ нүүрсгүй болчихоод гутал хийлгэх гэж байгаа эзнийхээ мөнгөнөөс илүү мөнгө авах гэж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд “та гутал хийдэг гээд хэлээд өгөөч, Х.Э эгч надад утас авч өгнө” гэсэн гэж хэлсэн. Гэтэл Ганчимэг эгч зөвшөөрөөд гутал хийдэг хүн болоод Х.Э эгчийн гэрийн эзэнтэй нь ярьсан. Тухайн үед Х.Э эгч юу ярихийг зааж өгсөн ба тэрийг нь би бичээд Ганчимэг эгчээр хэлүүлсэн. ...”  /хх 27-29/,

Х.Эын яллагдагчаар өгсөн “...9.000.000 төгрөгийг өөрийн 5063058779 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг өрөндөө өгөөд дууссан. 2020 оны 1 дүгээр сард Батзоригийн эхнэр Ариунзаяа 3.500.000 төгрөгөөр гутал авна гэхээр нь би “хүнээр хямдхан оёулаад өгье” гэсэн. Тэгээд Батзоригоос 1.000.000 төгрөгийг Ганчимэг, Нандин-Эрдэнэ хоёрыг гуйж гутал хийдэг хүн байна гэж худлаа хэлүүлээд Ганчимэгийн ээж Нэмэхзаяагийн данс руу шилжүүлүүлээд Нэмэхзаяагаас миний 5063058779 дугаарын данс руу 980.000 төгрөг шилжүүлж авсан. Сүүлд Д.Бт 1.000.000 төгрөгийнх нь оронд монгол гутал өгсөн. Одоо 9.000.000 төлөх дутуу. ...” /хх 76-79/ гэх мэдүүлгүүд,

Х.Эын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 41-54/, Б.Нэмэхзаяагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 64-69/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Эыг   хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Э нь иргэн Д.Бийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа манай хүргэнээс хямдхан мах аваад үнэд орохоор нь зарья гэж 9.000.000 төгрөг, мөн “монгол гутал хямдхан хийлгэж өгнө” гэж 1.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.Э “... миний хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1097 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ