Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

2024     07        09                                           2024/ШЦТ/212                     

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Бодьгэрэлийн Батжаргалд холбогдох эрүүгийн 2421000000174 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр баг Жаргалант гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Хуурай хөндий гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бууч овогт Бодьгэрэлийн Батжаргал. /РД: ОС90070209/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Хуурай хөндий гэх газарт орших өөрийн гэрийн гадна үнс нурмыг ил задгай хаяснаас болж түймэр тавьж түймрийн улмаас Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Хуурай хөндий гэх газарт 2265 га талбай шатаж байгаль орчинд 353,574,866 төгрөгийн хохирол, дээрх түймрийг унтраахад гарсан зардалд 2,920,127 төгрөгийн хохирол нийт 356,494,993 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 11 цагийн үед үнс нурмаа хаяад малдаа яваад 14 цагийн орчимд ирэхэд гэрийн гаднаас утаа гараад түймэр ассан байсан. Нөхрийн хамт галыг унтраах гэсэн боловч их салхитай байсан учир бүрэн унтрааж чадаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна. Одоо шатсан газар маань өвс ногоо ургаад  сайхан болсон байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв. 

 

          Иргэний нэхэмжлэгч Ц.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилладаг. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчимд тус сумын 4 дүгээр баг, сумын төвөөс баруун тийш 20 орчим км зайд байх Хуурай хөндий гэх газарт ой, хээрийн түймэр гарсан. ...Нуман-Алтай ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон 353,574,866 төгрөгийг нэхэмжилж байна. Баяндун сумаас гаргасан шууд бус хохирол буюу шатахуун хоол хүнсний зардал 1,879,437 төгрөг, Баян-Уул сумаас гаргасан шууд бус хохирол буюу шатахуун хоол хүнсний зардал 1,022,690 төгрөгийг Б.Батжаргал бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 38/

 

          Гэрч О.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12-13 цагийн орчимд гэрээсээ хойш хониндоо явж байтал хөрш айлын хойд хэсэгт утаа суунаглаад байхаар нь очиход Мөнхбаатар гэх айлын гэрийнх нь баруун талд байх үнснээс гал гарч зүүн хойшоо асаад түймэрлээд явж байсан. Гэрийн эзэн Мөнхбаатар эхнэртэйгээ түймрийн галыг унтраагаад байж байхад нь хамт унтраалцсан бөгөөд түймэр  бидэнд дийлдээгүй. Мөнхбаатар бид 2 түймрийн зүүн талаас зүүн хойшоо унтраагаад явсан. Харин эхнэр нь малын хашааныхаа хойд талд гал унтраагаад явсан. Удалгүй сумаас хүмүүс ирсэн ба ирсэн хүмүүстэй хамт нийлээд галыг унтраалцсан. ...Тэгээд Мөнхбаатар бид 2 хойшоо баруун захаар нь гал унтраагаад явж байтал Баян-Уул сумаас онцгой байдлын алба хаагч нар ирээд хамт гал унтраалцаад цаашаа явсан. ...Мөнхбаатар надад хэлэхдээ үнс асгадаг газраа цогтой үнс асгаад тэгээд гал гарсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

 

          Гэрч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13-14 цагийн хооронд Баяндун сумын 4-р баг Билүүтийн эх гэх газарт малдаа явж байтал манай хөрш Баярмаа над руу залгаж Хуурай аманд түймэр гарсан байна, салхи нь хойноосоо эргэвэл эвгүй юм байна шүү, малаа татаарай гэж хэлсэн. Тэгээд би  мотоциклтойгоо түймэр гарсан газар руу явсан. Би тухайн үед найз Нямсүрэнтэй хамт явж байсан бөгөөд уг түймрийн зүүн захад очиж түймрээс унтраалцсан. Тухайн түймэр нь зүүн хойшоос салхины чиглэлтэй гарсан байсан ба түймэр гарсан айл болох Мөнхбаатарын гэрт ирсэн. Тухайн айлын гадаа ирэхэд Мөнхбаатарын эхнэр нь шатсан үхрийн бууцанд уугиж байсан гал руу ус цацсан байдалтай байсан бөгөөд түүнийг нь хамт унтраалцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

 

          Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 06 цагийн үед босоод 07 цагийн үед гэрээсээ баруун зүгт адуундаа явж, хөдөө бэлчээрээр ядарч унасан адуунуудаа босгож, ...заримыг нь босгож дийлэхгүй явж байтал манай эхнэр машинтайгаа миний урдаас ирээд бид хоёр ядраад унасан адуунуудаа босгочихоод ...би эхлээд морьтой гэр рүүгээ явсан. Тэгээд явж байтал манай гэрийн гадаа утаа гарсан байдалтай харагдсан. ...би тэр үед эхнэр Батжаргал руу утаа гарч байна гэж орилоход манай эхнэр машинтайгаа гэр рүүгээ ширүүхэн явж очсон. Би араас нь морьтойгоо очсон. Гэрийн гадаа очиход   гал түймэр гараад гэрээс зүүн тийшээ болон зүүн хойшоо чиглэлтэй асаж байсан. Тухайн үед манай эхнэр гэрийнхээ баруун талд асаж байсан галыг унтрааж, би мориноосоо буугаад гэрийнхээ хойд тал болон зүүн талд гарч байсан галыг унтраасан. Гэвч гал дийлдэхгүйгээр зүүн хойшоо чиглэлтэй асаад явсан ба тэр үед нь би эхнэртээ сум руу дуудлага өгье гээд ...би өөрөө гэрийнхээ утсаар сумын төвд байдаг танил Баяраа гэх залуу руу залгаж, манай гадаа түймэр гарлаа гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэрийнхээ ойр орчмын галыг унтраагаад зүүн хойшоо чиглэлтэй явсан галыг өмсөж байсан дээлээрээ цохиж унтраагаад  явж байхад хөрш Баярхүү гэх залуу ирээд түймрээс унтраалцсан. ...түймэр унтраахаар ойр орчмын айлуудын хүмүүс, Баяндун, Баян-Уул сумаас гал унтраах хүмүүс гээд ойролцоогоор 40 гаруй хүн цуглаж түймрийг унтраалцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/

 

          Гэрч Н.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гал түймэр Хуурай хөндий гэх газарт гарсан байсан бөгөөд сумын төвөөс баруун зүгт 30 орчим км зайд байдаг. Тухайн үед сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 5 хүнтэй 1 бүлэг гарсан ба тухайн үед нь би галын жижүүрийн дэвтэр дээрээ бүртгэж авсан. Дараагаар нь аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул сумын гал түймэр унтраах анги руу галын жижүүрийн утсаар залгаж, суманд түймэр гарсан талаарх мэдээллийг өгсөн. ...түймрийг унтраахаар ...нийт 18 хүнтэй 4 тээврийн хэрэгсэлтэй 4 бүлэг явсан.  Баян-Уул сумын гал унтраах ангиас 20 хүнтэй, 3 машинтай, 3 бүлэг гарсан гэж мэдээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

 

          Гэрч Б.Базархандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим ...манай гэрээс баруун урагшаа 6-8 км зайд байх Мөнхбаатар гэх айлын чиглэлээс утаа гарч байсан. Тэгэхлээр нь би утсаа аваад гэрээсээ хойшоо явах замдаа Мөнхбаатар гэх айлын орчимд түймэр гарсан юм шиг байна, та хэд мэдээ юу гэж сумын Засаг дарга Хүрэлчулуунд мэдэгдэхэд мэдсэн, сумаас гал унтраах эхний ээлжийн хүмүүсээ гаргаж байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь хөрш айл болох Мөнхбат гэх залуугийн ээж рүү нь утсаар залгаж түймэр гарсан байна гэж хэлээд морио унаад үхэр рүүгээ явж үхрээ гэр рүүгээ ойртуулж татаж авсан. Дараагаар нь гэртээ ирээд эхнэрийнхээ хамт гэрийн хажууд байх худгаасаа саваар ус авч гэрийнхээ ойр орчмоор цацаж байтал сумаас гал унтраах бүлэг ирсэн ба тэр хүмүүсийг түймрийнхээ эхэнд очиж галаа унтраа гэж хэлээд явуулсан. ...Тэгээд байж байтал уг түймэр манай гэрийн чиглэлтэй баруун урдаас ирсэн ба тухайн үед түймрийг унтраахаар ойр орчмын айлын залуучууд явж байсан ба тэнд явж байсан 4 залуу манай гэрийн хажууд ирсэн түймрийг унтрааж ажилласан. ...2024 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим  түймрийг цурамд оруулахыг нь оруулж, унтраахыг нь унтраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/

 

          Гэрч А.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очиход Мөнхбаатар, Баярхүү гэх хоёр хүн мотоциклтой явж байхад нь хаанаас түймэр гарсан, юу болсон гэж асуухад Мөнхбаатар гэх залуу нь манай гаднаас түймэр гарсан гэж хэлсэн. ...Мөнхбаатар гэх айлын гэрээс хойш 300-400 метр орчим зайд уулын орой дээр түймрийн гал нь ирчихсэн хойшоо чиглэлтэй явж байхад нь хамт явж байсан алба хаагч нарын хамтаар гал унтраах багаж, хэрэгслээ ашиглаж асаж буй галыг унтрааж эхэлсэн. Тэгээд түймрийг баруун хойд талаар нь унтраагаад ...явж байтал Баян-Уул сумаас гал унтраах 53-р ангийн алба хаагч нар ирээд унтраалцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/

 

          Шүүгдэгч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой зуухандаа аргал түлж, ялгарсан үнсийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 06 цагийн үед авч, амбаартаа төмөр саванд хийж байлгаж байгаад 10-11 цагийн үед гэрээс баруун урагш ойролцоогоор 500 орчим метр зайд байрлах үнс асгадаг газартаа тухайн үнсийг асгасан юм. ...Улмаар би нөхөр хүүхдүүдийнхээ араас малдаа явсан бөгөөд 12-13 цагийн үед манай гэрийн ойролцоогоос утаа гарч байгааг манай нөхөр Мөнхбаатар анх хараад бид хамтдаа гэрийнхээ гадаа ирэхэд гэрийн баруун урд талаас буюу үнсний цурамнаас зүүн хойд зүгт чиглэлтэй түймэр гарсан. Нөхөр бид 2 гэрийнхээ ойролцоо гал гарсан хэсгийг унтраах арга хэмжээ авч, би Баяндун сумын иргэн Баяраатай холбогдоод “хээрийн түймэр гарсан” гэж хэлсэн. Мөн Баян-Уул сумын иргэн Ишдоржтой утсаар холбогдоод “манай гадаа түймэр гарлаа, тусламж дуудаарай” гэж хэлсэн. Тухайн түймэр нь Баяндун сумын нутаг дэвсгэрт үргэлжилсэн бөгөөд Баяндун, Баян-Уул сумаас түймэр унтраах зорилгоор ирсэн хүмүүс тухайн орой 20-21 цагийн үед түймрийг унтраасан гэж бодож байна. ...Тухайн үед гадаа цэлмэг байсан хэдий ч ширүүн салхитай байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 115-116/

 

Нуман алтай ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/23 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Уг ой хээрийн түймрийн улмаас 2265 га талбай шатаж байгаль орчинд нийт 353,574,866 төгрөгийн хохирол учирсан байна.

2. Тус түймэр нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг, Хуурай хөндий гэх газарт N490 10, 45.4,,, E1130 06, 17.4,, солбицлоос эхэлж нийт 2265 га талбайг хамарч шатсан байна.

3. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 81/ 

         

Зүүн Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.Лхагважавын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 068/01 тоот дүгнэлтэд:

          1.2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд Б.Мөнхбаатарын гэрийн баруун урд /ертөнцийн зүгээр/ гэрээс 50 орчим метр зайд байх тухайн айлын жорлон буюу 00-ын баруун талд байрлах үнсний цэгээс тус түймэр анх эхэлсэн байх бөгөөд тус түймэр анх эхэлсэн цэгээс үзлэгийг эхлүүлэхэд анх түймэр эхэлж гарсан цэг болох тухайн айлын үнсний цэг.

          Гэрч Б.Мөнхбаатарын мэдүүлэгт тухайн өдөр би адуундаа явсан миний араас манай эхнэр хүүхэдтэйгээ ирж ядарч унасан адуунаас өргөлцөж босгочихоод буцаад гэр рүүгээ явж байх замдаа гэрийнхээ гадаа утаа гарч байгааг харсан тэр үед 12 цаг өнгөрөөд 13 цаг болж байсан. Тэгээд гэртээ ирэхэд гэрийн баруун талаас гал гарч зүүн, зүүн хойшоо чиглэлтэй асаж явсан байдалтай байсан ба уг гал нь манай гэрээс баруун тийш 50 орчим метр зайд байх жорлон буюу 00-ын баруун талдаа манай үнсээ асгадаг, уг үнснээс гал алдаж, гал түймэр гарсан.

          Гэрч Б.Батжаргалын мэдүүлэгт 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1 цагийн орчимд гэрийнхээ баруун талд байдаг модон 00-ын цаад талын шороонд үнсээ асгаад малдаа явсан гэх гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байна.

          Уг ой, хээрийн гал түймрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс авч үзэхэд үнс нурмаа ил задгай асгаснаас болж гал түймэр гарсан байна.

          3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1,2-оос авч үзэхэд ой, хээрийн гал түймэр нь Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хуурай хөндий” гэх газар буюу N490 10, 45.4,,, E1130 06, 17.4 цэгээс ой, хээрийн гал түймэр эхэлсэн байна.

          4. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаас авч үзэхэд нийт 2223.46383 га талбай шатсан байна. Тухайн шатсан талбайд иргэдийн өмч ба өвөлжөө, хаваржааны саравч, мал, ан амьтан шатаж хохирол учраагүй байна.

          5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нараас авсан мэдүүлэг зэргээс авч үзэхэд ил задгай асгасан үнс нурамнаас ой, хээрийн гал түймэр гарсан байх магадлалтай ба хүн санаатайгаар гал тавьсан гэх зүйл илрээгүй байна гэжээ. /хх-ийн 99-100/

 

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-29/

          - Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 41/

          - Нуман Алтай ХХК-ний төлбөрийн нэхэмжлэх, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргасан тайлан /хх-ийн 82, 83-92/

          - Дорнод аймгийн Баяндун сумын Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 104-106/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/

- Шүүгдэгч Б.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа  /хх-ийн 121-124/

- Дорнод аймгийн Баяндун сумын түймрийн анхан шатны материалын тайлан /хх-ийн 127-156/

- Дорнод аймгийн Баяндун сумын түймрийн хохирлын санхүүгийн баримт /хх-ийн 157-181/

- Шүүгдэгч Б.Батжаргалын шууд бус хохиролд 2,920,127 төгрөг төлсөн баримт /хх-ийн 183/

- Түймрийн улмаас шатсан газрын талбай сэргэсэн зураг /хх-ийн 192-198/ болон шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн Нуман Алтай ХХК-ний дүгнэлт гаргасан төлбөрийг төлсөн 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч Б.Батжаргалд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Хуурай хөндий гэх газарт нутаглах өөрийн гэрийн гадна цогтой үнс нурмыг ил задгай хаяснаас түймэр гарч байгаль орчинд 353,574,866 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Баярхүү, М.Энхбаяр, Б.Мөнхбаатар, Н.Батбаяр, Б.Базарханд, А.Батдорж, иргэний нэхэмжлэгч Ц.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нуман алтай ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/23 тоот шинжээчийн дүгнэлт, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргасан тайлан, Дорнод аймгийн Баяндун сумын Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт, Зүүн Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч С.Лхагважавын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 068/01 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль орчинд 353,574,866 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч Б.Батжаргал, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бодьгэрэлийн Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, байгаль орчинд 353,574,866 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд бус хохирлыг  төлсөн, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодьгэрэлийн Батжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 353,574,866 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад зарцуулсан 2,920,127 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа шүүгдэгч Б.Батжаргал нь гэр бүлийн хамт хүний малыг хөлсөөр хардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг хувийн байдал, Нуман Алтай ХХК-ний шинжээчийн “...түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна...” гэх дүгнэлт зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 353,574,866 төгрөгийг багасган 10 хувь болох 35,357,487 төгрөгийг шүүгдэгч Б.Батжаргалаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бууч овогт Бодьгэрэлийн Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж байгаль экологид 353,574,866 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодьгэрэлийн Батжаргалд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Батжаргалд тэнссэн 1 /нэг/  жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Батжаргалд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Батжаргалаас байгаль экологид учирсан гэм хорын хохиролд 35,357,487 /гучин таван сая гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА