| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 101/2020/02650/И |
| Дугаар | 001/ХТ2024/00184 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2024/00184
К-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00942 дугаар магадлалтай,
К-ийн нэхэмжлэлтэй
“З” ХХК, О нарт холбогдох,
К-ыг “З” ХХК-ийн 100 хувийг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
О К нарын хооронд 2015.05.13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч О-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “З” ХХК-ийн төлөөлөгч А, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К, орчуулагч Д.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Буян, Т.Отгонбаатар, хариуцагч “З” ХХК-ийн төлөөлөгч А, Ц.Монгол, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К нь хариуцагч “З” ХХК, О нарт холбогдуулан К-ыг “З” ХХК-ийн 100 хувийг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, О К нарын хооронд 2015.05.13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар хариуцагч О сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К-ийг “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “З” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гарган өгөхийг хариуцагч “З” ХХК /гүйцэтгэх захирал А/, хариуцагч О нарт даалгаж,
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр К-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй үндэсилэлээр хариуцагч Оийн гаргасан “О, К нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 /70200+70200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00942 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч “З” ХХК-ийн төлөөлөгч А, өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс БНСУ-ын иргэн К нь 2012.08.14-ний өдрийн “З” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу 51 хувийн хувьцааг эзэмшиж байсан ба 2014.01.02-ны байгуулсан гэх “Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ”-нд К 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн засвартай, “З" ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ямар учраас 100 хувийг төлөөлж гэрээг хийсэн нь ойлгомжгүй, уг гэрээ нь 2014.08.14-ний өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ”-ний салшгүй хэсэг гэж ирээдүйд хийгдэх гэрээг дурдсан 51 хувийн хувьцаа эзэмшигч Кийг шүүхээс 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн, 2015.05.13-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” болон “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нд “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд хэзээ, хэрхэн бүртгүүлэх талаар тохиролцоогүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй ба Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд оөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” заасны дагуу талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй үеэс шаардах эрх үүсэх байсан атал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К нь нутаг нэгт Мд залилуулсан гэж Монгол улсын хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан ба нэхэмжлэлд дурдагдсан гэрээний төлбөр төлсөн гэх 250,000 ам.долларын тухайд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2017.03.17-ны 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 308 дугаартай магадлалаар хохирол гэж тогтоогдсон мөнгө бөгөөд “З” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж болгоно гэж авсан 250,000 ам.доллараас хохирогч тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэхгүй гэж эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хууль сануулж мэдүүлэг өгч байсныг хариуцагчийн өмгөөлөгч нарын хувьд тухайн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсны хувьд маш тодорхой байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж шүүхэд хангалттайгаар мэтгэлцэж оролцсон ч шат шатны шүүхүүд тухайн үйл баримтад төөрөгдсөн байдлаар үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд К нь Монгол улсын шүүхээр худал, төөрөгдүүлсэн байдлаар тоглож байгаа гэж үзэхээс өөр аргагүй юм.
К болон “З” ХХК-ийн хооронд аливаа байдлаар хувьцаа эзэмших эрхтэй холбоотой харилцаа үүсээгүй, маргаан бүхий 250,000 ам.доллар нь 2012 онд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ байсан гэх боловч нэхэмжлэгчээс О болон “З” ХХК-д аливаа байдлаар шилжүүлсэн баримтгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн үйл байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үнийг төлсөн гэх гол нөхцөлийг хангаагүй атал шүүхүүд 2015.05.13-ны өдрийн байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ ”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу шаардах эрх үүсдэг атал талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны байгуулсан гэх "Хувьцаа буцаан худалдан авах блзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ”-ний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба “З” ХХК-аас БНСУ-ын иргэн Кд өгсөн 2019.11 30-ны өдрийн 19/91 албан бичгийг хүргүүлснээр үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх дээр дурдсан бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үеэс тоологдох учиртай ба хуулийн шаардлагыг зөрчсөн.
Талуудын хооронд байгуулсан 2015.05.13-ны өдөр байгуулсан “З” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж шүүх үзсэн ч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус гэрээг дүр үзүүлэн хийсэн, БНСУ-ын Корейс Солонгосын Ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаад байна гэсний дагуу байгуулж байсан гэрээ бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Аудио ярилцлагын тэмдэглэлийг хуульд заасны дагуу бэхжүүлж өгсөн, тухай аудио бичлэг хийгдсэн эсэх дээр нэхэмжлэгч тал маргаагүй атал өөр баримт гаргаж өгөөгүй. үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад тухайн ярианд оролцсон этгээдүүд хэргийн оролцогч мөн эсэх, хэн болох нь тодорхойгүй гэж буруу дүгнэсэн, нотлох баримтыг үнэлэхдээ дээрх маргаан бүхий гэрээг байгуулсан гэж үзсэн нь эргэлзээтэй бөгөөд гэрээг байгуулсан гэж үзэх тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хүсэлт, хурлын шийдвэр байх ёстой байсан үйл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзсэнгүй.
2015.05.13-ны өдрийн “З” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж үзвэл гэрээний үнэ болох 1,000,000 төгрөг төлөгдөөгүй, нэхэмжлэгч нь 250,000 ам.долларыг Од ямар хэлбэрээр төлсөн баримт хэрэгт авагдаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч дээрх мөнгийг хариуцагчид өгснөө нотлоогүй, 250,000 ам.долларыг 2014.01.02-ны байгуулсан гэх Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах. худалдан авах гэрээнд өгсөн гэж бичсэн учраас хариуцагч нарыг авсан гэж шүүх шууд дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, “З” ХХК-ийн захирал Ат мөнгө өгсөн нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Мыг бусдыг залилсан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлох шаардлагагүй учраас эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу Кд хохирол төлөхөөр шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүхээс 250,000 ам.долларыг хариуцагч “З” ХХК-ийн захирал А хүлээн авсан болох нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан Аын болон Б нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн ч гэрээний оролцогч Од хэрхэн 250,000 ам.долларыг төлсөн талаар огт дүгнэлт хийгээгүй. К нь өөрийн улсын иргэн Мд залилуулсан эрүүгийн хэрэг нь энэхүү иргэний хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэдэг байдлаар хоёр өөр байдлаар дүгнэсэн нь эргэлзээтэй болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж К нь “З” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж итгэсэн үндэслэлээр 2015 оноос хойш хариуцагч “З” ХХК-д өөрийн хамаарал бүхий “Ч” ХХК-аар дамжуулан санхүүжүүлсээр ирсэн, хариуцагч А нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэж тайлбарласан ба “Ч” ХХК нь “З” ХХК-ийн үйл ажиллагааг 2014-2020 оны 11 сар хүртэл санхүүжүүлж байсан ба зээл хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийгдсэн нь нотлогдож байна гэж хариуцагчийг нэхэмжлэгчид өр төлбөртэй болгох байдлаар хууль бус дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд “З” ХХК-ийн захирлаар А улсын бүртгэлд байгаа, тамгыг А эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ямар баримтыг үнэлсэн нь тодорхойгүй, дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч О нас барсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд хариуцагч О анхан шатны шүүхийн шийдвэрээ гардаж аваад шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж чадалгүй нас барсан, эрх зүйн ач холбогдол бүхий үйл байдал болох эрх залгамжлал бусдад шилжээгүй байхад дээд шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1. 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай ба мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа атал зөвхөн анхан шатын шүүх хэрэглэдэг хуулийн заалт мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 172.2.4 “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч “З” ХХК-ийн төлөөлөгч А, өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00887 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлээр буцааж шийдвэрлэлээ.
7. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасныг хяналтын шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах үйл баримт тогтоогдлоо.
8. Нэхэмжлэгч К нь хариуцагч О, “З” ХХК-д холбогдуулан Кыг “З” ХХК-ийн 100 хувийг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2019.11.21-ний өдөр “З” ХХК нь 19/91 тоот албан бичгийг Кд илгээсэн бөгөөд тус албан бичигт “...“З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн дагуу МУ-ын иргэн О улсын бүртгэлд бүртэлтэй байдаг ба аливаа гуравдагч этгээдээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шаардах шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй” гэж мэдэгдсэн болно. К /К/ би “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Отэй 2015.05.13-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулж, “З” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авсан бөгөөд компанийн үйл ажиллагааг О, түүний нөхөр А нар үргэлжлүүлэн хариуцан ажиллаж, би тэдний үйл ажиллагааны тайланг үндэслэж компанид шаардлагатай мөнгийг “Ч” ХХК-аас “З” ХХК-д шилжүүлдэг байсан. ...иймд “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа буюу нийт 1,000 ширхэг хувьцааны эзэмшигч нь К мөн болохыг тогтоож, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...2015.05.13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч тал БНСУ-ын Корейс Солонгосын ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад нь буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг тул гэрээ байгуулах шаардлагатай байна, санхүүжилт авах хэрэгтэй, зөвхөн Солонгос улсад ашиглана гэж хэлж байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...түүнчлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргасан, улмаар дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “З” ХХК тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлага манай компанийн хувьд хамааралгүй байна, компанийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх 2024.02.19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, нэхэмжлэгч К нь “З” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “З” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч “З” ХХК /гүйцэтгэх захирал А/, хариуцагч О нарт даалгаж, хариуцагч Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Анхан шатны шүүх хуралдааны дараа 2024.03.16-ны өдөр хариуцагч О нас барсан байх ба 2014.03.19-ний өдөр хариуцагч “З” ХХК, өмгөөлөгч Н.Мандахын хамт давж заалдах журмаар гомдол гаргажээ.
11. Өмгөөлөгч Н.Мандах анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд түүний давж заалдах журмаар гаргасан гомдол нь шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Оийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн агуулгатай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдснээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, 67 дугаар зүйлийн 67.2.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон бол төлөөлөл дуусгавар болдог.
12. Хариуцагч О нь өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч Н.Мандахыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаснаар өмгөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж эхэлсэн боловч төлөөлүүлэгч буюу О нас барснаар түүнийг төлөөлөх өмгөөлөгчийн бүрэн эрх хуулиар дуусгавар болсон гэж үзнэ.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, ...хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно, 30.2-т эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж, түүнчлэн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 80.3-т зааснаар түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулна гэж тус тус зохицуулжээ.
Давж заалдах шатны шүүх нас барсан хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах этгээдийг /эрх залгамжлагч/ оролцуулах хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэлгүй, Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзнэ.
Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцэхгүй, давж заалдах шатны шүүхийн энэ алдааг хяналтын шатны шүүхээс залруулах, магадлалыг хянаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00942 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “З” ХХК-аас 2024.06.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД