Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Я.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Янжмаагийн Баттулгад холбогдох эрүүгийн 201722000110 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Бэсүд Янжмаагийн Баттулга, 1984 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  дугаар багт оршин суух бүртгэлтэй, Мөрөн сумын 13 дугаар багийн 41 дүгээр гудамжны 09 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЭ84011269 дугаартай,

Шүүгдэгч Я.Баттулга нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Чингис” зочид буудалд байхдаа Х.Уранбатын мобайл банкинд холбогдсон Нокиа маркийн гар утсыг хулгайлан авч данснаас нь 270.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Я.Баттулга нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Чингис зочид буудалд байхдаа Х.Уранбатын мобайл банкинд холбогдсон Нокиа маркийн гар утсыг хулгайлан авч данснаас нь 270.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Я.Баттулгын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: …2017 оны 01 сарын 29-ний өдөр би “Чингис” зочид буудалд Х.Уранбат, Алтангэрэл хоёртой байж байгаад өдөр 12 цагийн үед буудлаас ганцаараа гарсан. Гарахдаа би Х.Уранбатын утсыг хэлэлгүй орон дээр байхад нь авч гарсан. Тэр утас нь Нокио маркийн утас байсан. ...Нийтдээ би Х.Уранбатын гар утсыг хэлэлгүй авч гараад дансан дахь мөнгөнөөс нь 270.000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Энэ хэрэг болохоос өмнө бид нар голын захад байдаг буудалд хоносон, тэгэхэд Х.Уранбат мобайл банкаараа гүйлгээ хийж юм авахад нь би нууц дугаарыг нь хараад мэдэж авсан юм. Уранбатын дансны код нь өөрийнх нь утасны дугаартай ижилхэн байсан болохоор би тогтоосон юм. ...гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Уранбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017.01.29-ний өдөр “Чингис” буудалд Баттулга, манай найз Алтангэрэл бид гурав пиво уусан, тэгж байгаад Баттулга явлаа ч гэж хэлээгүй гараад явсан. Гараад явсных нь дараа утас алга болсноо мэдсэн, миний утас ширээн дээр байсан. Миний утас Нокио маркийн хар саарал өнгийн утас байсан. Баттулгыг гараад явснаас хойш нилээн удаж байгаад би утсаа алга болсныг мэдсэн. Тэгээд Баттулгын утас руу залгахад нэг дуудаж байснаа утас нь тэжээлээс салсан. Түүнээс хойш утас нь холбогдоогүй. Би Баттулга гэж хүүхний дугаарыг мэдэхээс хаягийг нь мэдэхгүй болохоор маргааш нь цагдаа дээр ирж тэмдэглүүлсэн юм. Өчигдөр Баттулга өөрөө надруу утсаар яриад чи намайг цагдаад өгсөн байна, тэгээд чамтай уулзмаар байна гэхээр нь уулзсан. Өчигдөр уулзахад Баттулга маргааш нөгөөдөр гэхэд 150.000 төгрөг өгье бусдыг нь хэд хоногоос зохицуулж өгье гэхээр нь би нэг мөсөн бүх мөнгөө авна гэж хэлсэн. Би мөнгөө алдчихаад маргааш нь 2017.01.30-ны өдөр ХААН банкин дээр очиж өөрийнхөө дансны хуулгыг авахад 2017.01.29-ний өдөр хоёр өөр данс руу миний утасны мобайл банкаар нийтдээ 270.000 төгрөг шилжүүлж авсан байсан... Мөн миний утсыг авсан, утас, дугаарынхаа үнийг шинжээчийн дүгнэлтэнд заасны дагуу нэмж нэхэмжилнэ. Энэ хохирлоос одоогийн байдлаар 25.000 төгрөгийн хохирол барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч С.Батдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 01 сарын 29-ний өдөр Мөрөн сумын 4 дүгээр хороо, захын  “Чингис” зоогийн газрын гудамжинд найз Бямба-Очирынд архи уугаад байж байхад цуг байсан манай ангийн хүүхэд Энхбат руу нэг хүн 13 цагийн үед залгаад уулзъя гээд Энхбаттай би “Шонхор” дэлгүүр дээр очиж утсаар ярьсан хүнтэй нь уулзсан. Уулзсан хүн нь эмэгтэй хүн байсан, тэр эмэгтэй карт байвал чиний карт руу мөнгө хийгээд авъя гэхээр нь би картны дугаараа хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй хар саарал өнгийн Нокио маркийн утаснаас миний данс руу мөнгө хийсэн. Тэгээд бид гурав захаас арагшаа байдаг нэг дэлгүүр лүү орж нэг шил архи, нэг пиво аваад таксинд мөнгө өгнө гэж 10.000 төгрөг илүү уншуулж мөнгө авсан. Тэндээс Пирамид дэлгүүрийн АТМ-ээс үлдсэн 150.000 төгрөгөө тэр хүүхэн авсан. Тэгээд бид нар хамт 4 дүгээр хороонд Бямба-Очирынд очсон. Тэр хүүхэн пивоноос 3, 4 балгасан. Тэгж сууж байгаад дахиад мобайл банкаар үлдсэн мөнгөө авна гээд дахин миний дансруу 50.000 төгрөг мобайлдсан Тэр хүүхэн тэнд байж байгаад өөрөө гараад явсан, тэгээд нилээн оройхон ирээд үлдсэн 50.000 төгрөгөө АТМ-ээс авахуулаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 12 дугаар хуудас/,

ХААН банкны Хөвсгөл салбарын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 5890/93 дугаартай, 2 дугаар сарын 02-ны өдрийн 5890/98 дугаартай албан бичгүүд, Х.Уранбат, Я.Баттулга нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх тодорхойлолтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Я.Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Я.Баттулга урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /хх-ийн 30 дугаар хуудас/

Хохирогч Х.Уранбат нь мобайл банкаар шилжүүлэн авсан 270.000 төгрөг, Нокио маркийн гар утас 20.000 төгрөг, дугаарын үнэ 3.000 төгрөг, нийт 293.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Я.Баттулга нь 25.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч Я.Баттулгаас 268.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Уранбатад олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч Я.Баттулгын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг  тус тус дурдсугай. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бэсүд овогт Янжмаагийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Я.Баттулгад 200 /хоёр зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Я.Баттулга нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Я.Баттулгын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Я.Баттулгаас 268.000 /хоёр зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Уранбатад олгосугай.
  6. Эрүүгийн 201722000110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Баттулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ЭРДЭНЭ-ОЧИР