Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1996

 

 

 

 

 

 

 

 

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01698 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК , Н ХХК -д тус тус холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Төгсбаяр

Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Ж.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: Манай компани нь Э ХХК -тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бараа нийлүүлэх гэрээ байгуулан, 2 дугаар зүйлд заасны дагуу 60 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс худалдан авагч буюу хариуцагчийн хүсэлтийн дагуу 2014 онд 28 817 945 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 19 200 000 төгрөг, нийт 48 017 945 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, тус тус тооцоо нийлсэн. “Эн Си Ди групп" ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч тус үнийн дүнг Бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 17-д заасны дагуу Л ХХК-ийн Н ХХК -иас худалдан авсан автомашины төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэж хариу өгсөн. Гэрээний 17-д зааснаар захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нийлүүлэгч болон Н ХХК -ийн хооронд байгуулсан 2014 оны Авто машин худалдах, худалдан авах тухай тоот гэрээний төлбөрт "Номин моторс” ХХК-ийн банкны тоот дансанд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлнэ гэсэн заалтаас харахад нэхэмжпэгч болон Н ХХК  нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, анх Бараа нийлүүлэх гэрээ байгуулах үедээ автомашин худалдан авах гэрээ өмнө нь байсан мэтээр талууд төөрөгдсөн байсан нь тэрхүү автомошин худалдах. худалдан авах гэрээ мөн гэж хариуцагчийн зүгээс хэлдэг. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн огноотой дөрвөлсөн худалдах, худалдан авах гэрээний 1-д Л ХХК нь Сика брэндийн болон бусад барилгын матөриалыг “Номин констракшн” ХХК-д нийлүүлэх, “Номин моторс” салбар нь шэвролэт маркын автомашиныг “Ноббл ложистикс” ХХК-д нийлүүлэх, “Номин констракшн” ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг Н ХХК -нд нийлүүлэхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, энд Л ХХК нь Н ХХК -иас автомашин өөрөө худалдаж авна гэж огт заагаагүй. “Номин констракшн” ХХК нь Э ХХК -иас тусдаа хуулийн этгээд болно. Иймд дөрвөлсөн гэрээнд Э ХХК  нь хуулийн этгээдийн хувьд огт оролцоогүй тул гэрээг үндэслэн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх эрхгүй. Бараа нийлүүлэх гэрээ нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан, дөрвөлсөн худалдах, худалдан авах гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу өмнө нь байгуулагдсан. Хэрэв Бараа нийлүүлэх гэрээгээр үнэхээр дөрвөлсөн гэрээний төлбөрийг барагдуулах тухай зохицуулсан байсан бол өмнө нь байгуулсан дөрвөлсөн гэрээг огноотой нь тусгай нөхцлийн 17-д тусгасан байх ёстой ч тусгаагүй. Бараа нийлүүлэх гэрээний 17-д зааснаар Н ХХК -тай гэрээ байгуулсан байх ёстой Гэтэл дөрвөлсөн худалдах, худалдан авах гэрээнд Н ХХК  гэрээний тал болон оролцсон болохоос Н ХХК  гэж заагаагүй. “Номин констракшн” ХХК нь Э ХХК -иас тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь өмнөх шүүх хуралдаанууд дээр тогтоогдсон. Өмнө нь манай групп нэг гэсэн тайлбар тавьдаг байсан бол хувьцаа эзэмшигч, регистрийн дугаар тусдаа хуулийн этгээдүүд юм. Тэгэхээр энэ дөрвөлсөн гэрээнд Э ХХК  нь огт оролцоогүй, талууд өөрсдийн хийж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн байсан. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог, 58.2.2-т заасны дагуу хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үздэг. Бараа нийлүүлэх гэрээ нь дөрвөлсөн Худалдах, худалдан авах гэрээ-тэй огт холбогдохгүй, нэхэмжлэгч нь ямар ч автомашин худалдаж аваагүй тул талууд Бараа нийлүүлэх гэрээ байгуулах үедээ хэлцлийхээ агуулгыг эндүүрсэн тул 58.2.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул 48 017 945 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК -д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс төлбөл зохих 48 017 945 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн огноотой “Номин Констракшн” ХХК, Н ХХК , “Ноббл Ложистикс” ХХК, Л ХХК нарын дөрвөлсөн Худалдах, худалдан авах гэрээний дагуу Н ХХК -ийн Н ХХК  салбарт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн гэж тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан Н ХХК  нь хариуцагчид хандаж төлбөр авсан тухай баримт хүргүүлсэн байх ба өнгөрсөн хугацаанд Н ХХК  нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Л ХХК болон “Ноббл Ложистикс” ХХК нараас гэрээний үүргийн зөрчилд 19 982 055 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар нийт 68 000 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн ба Н ХХК  нь манай компаниас 48 017 945 төгрөг хүлээн авсан тул зөрүү мөнгө 19 982 055 төгрөг нэхэмжилсэн байсан. Шүүхээс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дөрвөлсөн худалдах, худалдан авах гэрээнээс “Номин Трэйдинг” ХХК-ийг татгалзсан гэж үзэж гэрээний зүйл болох Chevrolet Traiblaser маркийн автомашины биет элэгдлийг 2 755 300 төгрөг, Chevrolet Tahoe маркийн автомашины биет элэгдлийг 4 818 100 төгрөг байхаар шийдвэрлэж “Ноббл Ложистикс” ХХК-иас 7 573 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгчид төлбөл зохих мөнгөн дүнг Н ХХК -ийн “Номин Моторс” салбар авсан, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнээс Н ХХК  нь татгалзсан байх тул 48 017 945 төгрөгийг Н ХХК -иас гаргуулж өгнө үү. Харин хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үүгээр бүхэлд нь татгалзаж байна гэжээ. Хариуцагч Н ХХК  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л ХХК нь Э ХХК  болон Л ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Бараа нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн зүйлээ буцаан авах буюу үнийн дүн болох 48 017 945 төгрөгийг хариуцагч Э ХХК  болон Н ХХК -иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа “Номин Констракшн” ХХК, Н ХХК , “Ноббл Ложистикс” ХХК, Л ХХК нарын хооронд 2014 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 4 талт гэрээнээс Н ХХК  нь татгалзсан байх тул 48 017 945 төгрөгийг Н ХХК -иас гаргуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж, хамтран хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК  шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Бараа нийлүүлэх гэрээний Тусгай нөхцлийн 17-д захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нийлүүлэгч болон Н ХХК -ийн хооронд байгуулсан 2014 оны Автомашин худалдах худалдан авах тухай гэрээний төлбөрт Н ХХК -ийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу бид 50 000 000 төгрөгийг 2015 оны 11 сарын 27-ны өдөр Н ХХК -д шилжүүлсэнээр Л ХХК-д төлөх төлбөр бүрэн төлөгдөж дууссан болно. Дээр дурдсан гэрээний хуулбар, 50 000 000 төгрөгийн төлбөрийг 4 талт гэрээний хүрээнд Э ХХК -иас хүлээн авсан тухай Н ХХК -ийн “Номин Моторс” салбарын тодорхойлолт, Э ХХК  нь үлдэгдэл төлбөргүй болно гэсэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хоорондын тооцооны үлдэгдлээ баталгаажуулж тооцоо нийлсэн актын хуулбар зэрэг гэрээний заалт хэрэгжээд дуусгавар болсоны, төлбөр тооцоо дууссаны нотолгоо болох баримтууд хэрэгт байгаа болно. Харин бид дээр дурдсан 50 000 000 төгрөгийг тухайн үед Н ХХК -д шилжүүлэхдээ 2 талын хооронд байгуулсан Бараа нийлүүлэх гэрээний заалтын дагуу болон “Номин Констракшн” ХХК, Н ХХК , “Ноббл Ложистик” ХХК, Л ХХК-иуд /4 тал/-ын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3,3 /”Номин Констракшн” ХХК нь Л ХХК-иас худалдан авсан барилгын материалын үнийг Н ХХК -д шилжүүлэх үүрэгтэй/ 3.4 “Номин констракшн” ХХК нь Н ХХК -ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Л ХХК болон “Ноббл Ложистик” ХХК-д барилгын материалын үнийг мөнгөн болон бартерийн хэлбэрээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй/ заалтуудыг баримталсан болно. Л ХХК нь дээрх шийдвэрүүдийг гаргаж байх үед ийм 4 талын гэрээ байхгүй, хамааралгүй гэж зүтгэж байсан ч энэхүү 4 талт гэрээний үүрэгтэй холбогдох асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 00607 дугаар шийдвэр гарсан байна. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах /4 талт бартерийн гэрээ гэх/ гэрээний талууд нь “Номин Констракшн” ХХК, Н ХХК , “Ноббл Ложистик” ХХК, “Линксповеркоре” ХХК байна. Дээрх гэрээгээр Л ХХК нь “Номин Констракшн” ХХК-д Сика брендийн болон бусад барилгын материал нийлүүлэх, Н ХХК -ийн “Номин Моторс” салбар нь 2011 онд үйлдвэрлэсэн Chevrolet Таhoe маркийн 52-58 УНХ улсын дугаартай автомашиныг 100 000 000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet Traiblaser маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашиныг 85 000 000 төгрөгөөр “Ноббл Ложистик” ХХК-д нийлүүлэх, “Номин Констракшн” ХХК нь хүлээж авсан барилгын материалын үнийг Н ХХК -ийн “Номин Моторс” салбарт шилжүүлэхээр тохиролцжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх заалтыг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ" гэж ийм бодитой гэрээ байсан, хэрэгжсэн гэдгийг нотолсон байна. 4 талт гэрээ байсан, энэхүү 4 талт гэрээний үүргийн дагуу 2 талт гэрээний төлбөрийн үүрэг 4 талт гэрээний талууд руу шилжсэн болох нь дээрх баримтаас бүрэн тодорхой болж байгаа юм. Л ХХК-ийн өөрсдийнх нь нэхээд байгаа мөнгийг бид өөрсдийнх нь оролцон байгуулсан 2 талт болон 4 талт гэрээнүүдийн үүргийн дагуу Н ХХК -д шилжүүлсэн баримтаар, Н ХХК -ийн “Номин моторс” салбарын өөрийнх нь албан бичгээр өгсөн тодорхойлолтоос нь нэгэнт тодорхой учраас Л ХХК нь гэрээнийхээ дагуу Н ХХК -тай хоорондын тооцооны асуудлаа шийдвэрлэнэ биз ээ. Энэ ч үүднээс нэхэмжлэгч тал Н ХХК -ийн хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байх аа. Энэхүү тайлбарт анхааралтай хандаж 2 талт болон 4 талт гэрээний үүргийн ямар нэгэн зөрчил хариуцагч талд байхгүйг, хүлээн авсан бараа материалын төлбөрийг гэрээнд заасан этгээдэд шилжүүлсэн болохыг тогтоон эдгээртэй холбогдох баримт нотолгоог шүүхэд бүрэн гаргасан, нэмж тайлбарлах зүйл байхгүй гэсэн тайлбарыг харгалзан энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох асуудлыг хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК -иас 48 017 945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК -д холбогдох 48 017 945 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Л ХХК-ийн татгалзлыг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 398 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Линкс Поверкоре" ХХК нь хариуцагч "Эн Си Ди Групп" ХХК-холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ бараа нийлүүлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар "Номин Трейдинг" ХХК-ийг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4 талт худалдах, худалдан авах гэрээнээс "Номин Трейдинг" ХХК нь татгалзсан байх тул нийлүүлсэн барааны үнэ 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах болгон өөрчилж, хариуцагч "Эн Си Ди Групп" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон..." гэсэнтэй нийцэж байх тул "Номин Трейдинг" ХХК-иас 48 017 945 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч "Линкс Поверкоре" ХХК нь "Эн Си Ди Групп" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгч авсан зүйлээ харилцан буцаах тухай шаардлагыг "Номин Трейдинг" ХХК-д холбогдуулан гаргаж байна хэмээн маргаж, харин хариуцагч "Номин Трейдинг" ХХК нь манай компани хэдийгээр "Линкс Поверкоре" ХХК, "Номин Констракшн" ХХК, "Ноббл Ложистикс" ХХК-иудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 4 талт худалдах, худалдан авах гэрээний оролцогч мөн боловч энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч "Линкс Поверкоре" ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, мөн тус компаниас 48 017 945 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн аваагүй, уг үнийн дүн бүхий барааг "Эн Си Ди Групп" ХХК хүлээн авсан тул манай компаниас бусдад өгсөн барааны үнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч "Линкс Поверкоре" ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлагаа "Эн Си Ди Групп" ХХК-д холбогдуулан гаргаж тус компанид хүлээлгэн өгсөн барааны үнэ болох 48 017 945 төгрөгийг буцаан шаардах нь зүйтэй гэж маргасан. Гэтэл шүүх "Номин Трейдинг" ХХК, "Номин Констракшн" ХХК, "Линкс Поверкоре" ХХК, "Ноббл Ложистикс" ХХК-нуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4 талт худалдах, худалдан авах гэрээнээс "Номин Трейдинг" ХХК нь татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор "Ноббл Ложистикс" ХХК-иас гэрээний дагуу хүлээлгэн өгсөн авто машины элэгдэл хорогдлын төлбөр шаардсан үйл явдалтай тус 4 талт гэрээний оролцогч биш "Эн Си Ди Групп" ХХК-ийг шууд хамаатуулан нэхэмжлэгч "Линкс Поверкоре" ХХК-иас "Эн Си Ди Групп" ХХК-д шилжүүлэн өгсөн барааны үнэ болох 48 017 945 төгрөгийг "Номин Трейдинг" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөн шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л ХХК нь хамтран хариуцагчаар Н ХХК -ийг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дөрвөлсөн худалдах, худалдан авах гэрээнээс Н ХХК  нь татгалзсан байх тул нийлүүлсэн барааны үнэ 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах болгон өөрчилж, хариуцагч Э ХХК -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нийлүүлэгч Л ХХК нь захиалагч Э ХХК -тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр N6/14/0748 тоот бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийн уур тусгаарлагч зуурмагийг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хариуцагчид нийлүүлэх, Бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 17-д заасны дагуу бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн захиалагч нь үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нийлүүлэгч болон Н ХХК -ийн хооронд байгуулсан 2014 оны автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Н ХХК -ийн дансанд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэхээр тохиролцжээ./хх 5-8/

Дээрх гэрээ болон гэрээний тусгай нөхцөлийн дагуу Л ХХК нь 2014 оны 12 сард 28 817 945 төгрөгийн, 2015 оны 1 сард 19 200 000 төгрөгийн, нийт 48 017 945 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба уг актад энэ дүнг Н ХХК -ийн машины тооцоонд хаав гэж тэмдэглэсэн байна./хх 9-10/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4 талт худалдах, худалдан авах /4 талт бартерийн гэрээ гэх/ гэрээнээс Н ХХК  нь татгалзсантай холбогдуулан “Ноббл Ложистик” ХХК-д шилжүүлсэн барааны үнэ 48 017 945 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Номин Констракшн” ХХК, Н ХХК , “Ноббл Ложистик” ХХК, Л ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ /4 талт бартерийн гэрээ гэх/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Линксповер коре” ХХК нь “Номин Констракшн” ХХК-д Сика брендийн болон бусад барилгын материал нийлүүлэх, Н ХХК -ийн Номин Моторс салбар нь 2011 онд үйлдвэрлэсэн Chevrolet Таhoe маркийн 52-58 УНХ улсын дугаартай автомашиныг 100 000 000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашиныг 85 000 000 төгрөгөөр “Ноббл Ложистик” ХХК-д нийлүүлэх, “Номин Констракшн” ХХК нь хүлээж авсан барилгын материалын үнийг Н ХХК -ийн Номин Моторс салбарт шилжүүлэхээр тохиролцжээ./хх 42-44/

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 607 дугаар шийдвэр “Линкс поверкоре ХХК-д холбогдох 19 982 055 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Н ХХК -ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ... “Ноббл Ложистикс” ХХК-иас 7 573 400 төгрөг гаргуулан Н ХХК -д олгож, “Chevrolet Traiblaser” маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашины өмчлөх эрх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н ХХК -ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 12 408 655 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 120-123/

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт бус, харин гэрээнээс татгалзсан эрх зүйн үр дагаврыг шаардсан байна. ...харин Н ХХК  нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 4 талт бартерийн гэрээний нэг тал болох Л ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр “Ноббл Ложистикс” ХХК-д худалдсан ...авто машинуудыг буцаан авч гэрээнээс татгалзсан болох нь ... тогтоогдож байна” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймээс дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Анхан шатны шүүх Н ХХК  нь дээрх гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Л ХХК-ийн өмнөөс Э ХХК -иас Н ХХК -д төлсөн 48 017 945 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН