Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1001

 

   2020           8                11                                         2020/ДШМ/1001

 

 

О.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч О.Г,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр О.Гт холбогдох 1805045330328, 1808040661103 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн  О.Г, 1998 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

 

О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын орчим иргэн Д.Оыг гутал зарж байхад нь “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, “Самсунг жи-7” загварын 700.000 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Боржигон овогт Оюунбатын О.Гийг “дээрэмдэх” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд компьютер тоглоомын газар очихыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож, шүүгдэгч О.Г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь 70 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

 

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчимд иргэн Д.Оыг гутал зарж байхад “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч “Самсунг жи-7” загварын 700.000 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх дээрэмдэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч О.Гийг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд компьютер тоглоомын газарт очихыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ эрүүгийн 1805045330328 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 2020/ШЗ/824 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа “...яллагдагч нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн байна. Гэтэл яллагдагч О.Гт Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн энэ нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэснийг хэрэглэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх үүднээс прокурор өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул зохих арга хэмжээг авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан зохицуулалтыг хэрэглэсний дараа энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн” бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахаар заасан хуулийн зохицуулалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн яллагдагч О.Гийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт, хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэж зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон яллагдагч О.Гт холбогдох эрүүгийн 1808040661103 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Г нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын сагсны талбай дээр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй Т.Мөнхбаатарын өмчлөлийн “Huawei” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхт булган” ломбарданд иргэн Э.Батхааны өмчлөлийн “Huawei Р-20” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 582.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд компьютер тоглоомын газарт очихыг хязгаарлах” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын орчим иргэн Д.Оыг гутал зарж байхад нь “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, “Самсунг жи-7” загварын 700.000 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нөхцөл байдал байна.

 

О.Гийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний холбогдсон дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн, эсхүл шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журамд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнийг хэрхэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохыг хуульчлан тодорхойлоогүй байх тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрвэл шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно.” гэж заасан.

 

О.Гийн үйлдсэн гэх хэргүүд нь цаг хугацааны хувьд нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой хэргүүд байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тус тус зохицуулаагүй нөхцөл байдал үүссэн учраас хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой.

 

Түүнчлэн О.Г нь 2018 онд хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилсэн байх бөгөөд уг үйлдлүүд нь “дээрэмдэх” эсхүл “залилах” гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.

           

Иймд прокурор  С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Гт холбогдох 1808040661103 дугаартай эрүүгийн хэргийг 1805045330328 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Яллагдагч О.Г нь 180504530328 дугаартай хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                   Б.АРИУНХИШИГ