| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/164 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/164
2024 06 11 2024/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0152/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын Одгэрэлд холбогдох эрүүгийн 2339003520167 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ын Одгэрэл, 1985 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь банз авахаар холбогдсон хохирогч *******ад "Зарах банз мод байна, би Улаанбаатар хотод байна, Хэнтий аймаг орохоор банз модоо аваарай, одоо надад хэдэн төгрөгийн хэрэгцээ байна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 1,200,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "ХААН” банкны ******* дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ийг залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339003520167 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын (хх-ийн 18-19-р хуудас), гэрч *******гийн (хх-ийн 32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 68, 70-р хуудас),
*******ийн эзэмшлийн ******* тоот Хаан банкны дансны хуулга (хх-ийн 39-48,76-78-р хуудас),
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******ын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан “...*******ээс хохирол 1,200,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирлгүй болсон тул гомдол саналгүй болно...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339003520167 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Амгалан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...*******ийг үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ******* нь банз авахаар холбогдсон хохирогч *******ад "Зарах банз мод байна, би Улаанбаатар хотод байна, Хэнтий аймаг орохоор банз модоо аваарай, одоо надад хэдэн төгрөгийн хэрэгцээ байна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу” гэх байдлаар хуурч 1,200,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "ХААН” банкны ******* дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Энхбат гэдэг ах надаас мод авна гээд 1,200,000 төгрөг өгсөн. Тэгээд би хашаанд байгаа аваарай гээд Улаанбаатар хот явсан. Тэгээд өөрөө таг алга болоод, дараа нь гэнэт би чамд урьдчилгаа 1,200,000 төгрөг өгсөн хүн байна. Би тэгээд та модоо аваагүй юм уу гэсэн чинь байж байг гэсэн. Би тэрнээс хойш 2-3 удаа модоо авахгүй юм уу гэсэн чинь би ямар мод авахаа мэдэхгүй байна гэсэн. Тэгээд 2023 онд хашааны банз авъя гэж над руу ярьсан. Тэгэхээр нь би "Ахаа миний боломж бололцоо болохгүй байна. Батширээт сумаас модоо авч чадахгүй байна. Модоо авах юм бол өгнө гэсэн....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулсан....” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэрэглээний банз мод худалдаж авах зорилгоор Б.Одгэрэлийн 80120220 дугаарын утсаар нь холбогдож ярихад "Зарах банз мод бол байна, би Улаанбаатар хотод байна, маргааш Хэнтий аймаг орохоор банз модоо аваарай, одоо надад хэдэн төгрөгийн хэрэгцээ байна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу" гэхээр нь би "дансаа явуулаа ирээд найдвартай банз модоо өгөх юм байгаа биз дээ” гэж хэлээд ******* гэх эмэгтэйн ******* гэсэн данс руу 1.200.000 шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 4 сар хүртэл *******ийн гар утас руу залгахад утсаа авдаггүй байсан. Тэгээд Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*******" дэлгүүрийн хашаан дотор үйл ажиллагаа явуулж байсан хөрөө рамын хажууд банз модоо ачиж байхад нь *******тэй очиж уулзаад "хэзээ банз модоо өгөх гэж байна вэ" гэхэд "энэ онцгүй банз мод, удахгүй хойд сумдаас дахин шинэ мод ирэхээр нь зүсвэрт оруулаад өгнө, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл удаа дараа ийм зүйл яриад яваад байгаа. Мөн холбогдох гэхэд гар утсаа ч авахгүй болж, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* буюу Баба нь *******ээс модны авлагатай гэж хальт ярьж байсан шиг санаж байна. Бодвол Бабагаас өөрөөс нь сонссон байх. *******ыг банзаа аваарай гэж хэлснийг ******* мэдэж байсан гэдэг нь худлаа, би тэр талаар огт тэгж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
Хохирогч *******ын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан “...*******ээс хохирол 1,200,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирлгүй болсон тул гомдол саналгүй болно...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******аас банз өгнө гэж 1,200,000 төгрөгийг авсан үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Олгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүнтй өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс хайхрамжгүй, итгэмтгий зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр, хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч *******ын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан “...*******ээс хохирол 1,200,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирлгүй болсон тул гомдол саналгүй болно...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339003520167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын Одгэрэлийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2339003520167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР